Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/00491

 

 

 

 

 

     

 

 

Т ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 184/ШШ2024/00010 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.М-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 18,695,888 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчинй итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, Н.Б, хариуцагч Т.М /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Т ХК нь хариуцагч Т.М-тай 2013 оны 09 сарын 16-ны өдөр цалингийн барьцаат зээлийн гэрээг 24 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй байгуулан 8,000,000 төгрөгийн зээл өгсөн. 2013 оны 09 сарын 16-ны өдөр зээлдэгч Т.М-ын эзэмшлийн Т дахь 10970001478 тоот харилцах дансанд 8,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийг бодитойгоор олгосон. Төлбөрийг сар бүр төлж байсан. Банкны зүгээс зээлийн төлбөрийг төлөх мэдэгдэл хүргүүлсэн, тэмдэглэл хөтөлсөн, зээлдэгчтэй утсаар холбогдох болон биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгах шаардлага тавьж байсан. Зээлдэгч нь барьцаат зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 1,431,610 төгрөг, хүүнд 654,795 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 25,664 төгрөг, нийт 2,112,070 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь 2016 оны 06 сарын 06-ны өдөр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/01215 дугаар шийдвэр гарсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсээс Т.М-ын оршин суудаг хаягийг тогтоосны дагуу нэхэмжлэл гаргасан.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 6,568,389 төгрөг, зээлийн хүү 10,364,542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,762,957 төгрөг, нийт 18,695,888 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

2.   Харуцагч хариу тайлбартаа: Миний бие цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Би 2015 оны 05 сард Хадгаламж банкны байгууллагын банкны газарт гэрээний мэргэжилтнээр ажилд орсон. 2013 оны 07 сард Хадгаламж банк нь дампуураад Ттай нэгдсэн. Тны дотоод журмаараа 30 хоногийн дотор ажил хүлээлцэхээр заасан байдаг боловч өргөдлөө өгсөн өдөр нь Сангийн яамнаас миний ажлыг авна гээд хүн ирсэн. Би ингэж дарамтлуулж байхаар ажлаа өгсөн дээр юм байна гээд ажлаас гарах хүсэлтээ өгсөн. Би 8,000,000 төгрөгийн зээл авсан дээр маргаан байхгүй. Энэ зээл нь цалингаас шууд суутгаж авах ёстой зээл байсан. 2014 оны 01 сараас төлбөрийн зөрчил үүссэн гэж хэлж байна. Тухайн үед надтай холбоо барих гэж оролдсон, уулзалт хийсэн гэх тэмдэглэл үйлдсэн гэдэг. 2020 онд надтай уулзсан гэдэг нь худлаа. Тны тусгай активын хэлтэст миний бичсэн өргөдөл хэрэгт байдаг. Энэ нь 2014 оны 12 сард 100,000 төгрөг төлөхдөө бичиж өгсөн өргөдөл. Энэ өргөдөлдөө 2015 оны 02 сарын 10-ны өдрийн дотор 1,500,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн байдаг. Эдгээр хүмүүс ярихдаа зээлийн төлбөрөө хүлээн зөвшөөрөөд төлж байсан тул одоо ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа гэсэн агуулгаар яриад байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байдаг. Нэхэмжлэгч тал нь тайлбартаа 2014 оноос хойш зээлээ төлөхгүй байж байгаад 2022 оны 05 сард үндсэн зээл 500,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна. Ямар нэгэн зээлийн нэмэгдүүлсэн хүү болон хүү нь тухайн байгууллагыг хөрөнгөжүүлэх хэрэгсэл биш. Зээлийн гэрээний үүрэг шаардах эрх нь би төлж чадахгүй боллоо гэдгээ бичсэн өдрөөс буюу 2015 оны 02 сарын 10-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч тал нь шаардах эрхээ хэрэгжүүлэх байсан. 2018 оны 02 сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах байсан. Намайг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулаад олсон юм шиг зүйл ярьж байна. 2013 оны 09 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээн дээр энэ хаяг бичээстэй, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд намайг эрэн сурвалжлуулахаар өгсөн гэж байна. Гэхдээ надтай тус шүүхээс холбоо бариагүй. Би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр дуудагдаж ирээд хэргийн материалтай танилцсан. Би зээлийн мөнгөн хөрөнгийг авсан, миний цалингаас суутгаад явж байсан. Тухайн зээлийн гэрээг надтай бичгээр байгуулаагүй. 2014 оны 12 сард гаргасан өргөдөл нь зээлийн гэрээн дээр зурагдсан гарын үсгээс өөр байгаа. Нэхэмжлэгч талд төлсөн 2,112,070 төгрөгийг үндсэн зээл 8,000,000 төгрөгөөс хасаж, төлөөгүй байгаа 5,889,514 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.  

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.М-аас зээлийн гэрээний үүрэгт 6,568,389 төгрөг гаргуулж Т ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,127,499 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 120,044 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч тал хариуцагчийн ажлаас чөлөөлөгдсөн хугацааны талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй, хариуцагч энэ талаар нотлох баримт болохоор үйл баримт нэрлээгүй, зохигчид маргаагүй, мэтгэлцээгүй, энэ талаарх бичгийн нотлох баримт байхгүй байхад шүүх өөрийн үзэмжээр огноо тогтоож хууль зүйн фактыг дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 116 дугаар зүйлийн 116.3-т заасантай нийцээгүй.

4.2. Анхан шатны шүүх Т ХК-ийг гэрээний үүргийн дагуу гэрээг шууд цуцлах ёстой байсан гэж үзэж 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс зээлдэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь зөв гэж дүгнэсэн, зохигчид энэ талаар маргаагүй, хариуцагч энэ үндэслэлээр татгалзлаа гаргаагүй, мөн гэрээний талууд болох зээлдэгч, зээлдүүлэгчийн гэрээний эрхийн асуудал тэр дундаа зээлдэгчийн эрхийг дордуулаагүй байхад заавал тийм үүрэгтэй мэтээр банкыг буруутгаж шийдвэрлэсэн.

4.3. Зээлийн гэрээний хугацааны талаарх Улсын Дээд Шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 01 дугаартай Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах зарим асуудал зөвлөмжийн 3-т заасныг баримтлаагүй. Цалингийн зээлийн хугацаа 2013 оны 09 сарын 16-ны өдроөс 2015 оны 09 сарын 16-ны өдөр хүртэл хугацаатай бөгөөд дээрх зөвлөмжийн хүрээнд шаардах эрхээ 2018 оны 09 сарын 16-ны өдрөөс алдахаар байна. Банкны зүгээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 12 сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан, мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжуулах хүсэлт гаргаж 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/01215 дугаар шийдвэр гарсан.

4.4. Нэхэмжлэгчээс гаргасан өгсөн Зээл хүүний тооцооны хуудас баримтаар хариуцагч Т.М нь 2022 оны 05 сарын 16-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 500,000 төгрөг төлсөн. Шаардах эрхтэй холбоотойгоор зохигчид мэтгэлцэж тайлбар, татгалзлаа хийсэн үйл баримт нь хөөн хэлэлцэх хугацаанд хамааралтай байхад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн 12,127,499 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчлөн нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантулга нь 2023 онд надтай уулзан би чамайг зээлийн хороогоор оруулж өгье гэхэд нь би 10,000,000 төгрөг төлөх боломжтой тэрнээс илүүг төлж чадахгүй талаар хэлсэн бөгөөд түүнээсээ 500,000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан гэж үзэж байгаа бөгөөд шүүх хуралдааны үед бичигдсэн тэмдэглэлд хөөн хэлэлцэх хугацааны талаар талууд маргадаггүй нь нотлогдоно. Хэрэв Т ХК нь намайг ажлаас халагдаагүй байсан гэж үзэж байгаа тохиолдолд ажлаас халагдаагүй талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Т.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,568,390 төгрөг, зээлийн хүү 10,364,542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,762,957 төгрөг, нийт 18,695,889 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2/ 

3.   Хариуцагч Т.М нь дээрх шаардлагаас 5,889,514 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 12,806,375 төгрөгийг ...зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, ажлаас гарсантай холбоотой зээлийн эргэн төлөлтийг хийж чадаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 96-98/

4.   Талууд 2013 оны 09 сарын 16-ны өдөр 296 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Т ХК нь 8,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгох, Т.М нь тохирсон хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 6-7/

5.   Шүүхээс томилогдсон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 3455 дугаар дүгнэлтээр 2013 оны 09 сарын 16-ны өдрийн 296 тоот Барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралтад зээлдэгч буюу барьцаалуулагч гэсний доор зурагдсан гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Т.М-ын гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай хоорондоо тохирч байгаа болохыг тогтоожээ. /хх 104-106, 140-149/

Дээрх шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Т.М-ын гаргасан ...зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй... гэх тайлбар, татгалзал няцаагдаж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.  

6.   Зээлдүүлэгч Т ХК нь гэрээний үүргээ биелүүлж, 2013 оны 09 сарын 16-ны өдөр зээлдэгч Т.М-ын эзэмшлийн дансанд 8,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Хариуцагч дээрх үйл баримтын тухайд болон нэхэмжлэгч талын гаргаж өгсөн зээл, хүүний тооцоололтой маргаагүй. /хх 12, 48-51/

Иймд нэхэмжлэгч Т ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Т.М-аас шаардах эрхтэй.

Зээлдэгч Т.М-ыг ...Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон... гэх нөхцөл байдал нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

7.   Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар ...2017 оны 01 сарын 01-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэсэн буруу дүгнэлтийг хийж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

7.1.  Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 09 сарын 16-ны өдөр дуусгавар болж байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх 2015 оны 09 сарын 16-ны өдөр үүснэ.

7.2.  Дээрх хугацаанаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 09 сарын 16-ны өдөр дуусахаар байна.

7.3.  Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Т.М-д холбогдуулан 2017 оны 12 сарын 07-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 184/ШЗ2018/00418 дугаар захирамжаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... бол... гэсэн үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. /хх 81/

7.4.  Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/01215 дугаар шийдвэрээр Т ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Мыг эрэн сурвалжилахаар шийдвэрлэсэн байна. /хх 52/

8.   Иймд хариуцагч Т.М-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 18,695,889 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтад нийцнэ.  

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 184/ШШ2024/00010 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Т.М-аас 18,695,889 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.2... гэснийг ...56.1... гэж, ...120,044 төгрөг... гэснийг ...251,430 төгрөг... гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Т ХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 208,990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

Д.НЯМБАЗАР