Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00272

 

Э.О*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/03502 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.О*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02188 тоот шийдвэрээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төлбөр төлөх үүрэг хүлээсэн.

1.2. Дээрх төлбөрийн үүргийн дагуу Э.О******* миний өмчлөлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлалтай, 146.68 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 434,975,000 төгрөгөөр үнэлсэн.

1.3. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дээрх үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй хэт багаар үнэлсэн, түүнчлэн үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус, хэт их нуршсан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй, ойр хавийн дотор засалгүй саарал орон сууцнууд өндөр үнэтэй байхад манайхыг багаар үнэлсэн, одоо тэр барилгууд 850,000,000 төгрөгийн үнэтэй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2188 дугаар шийдвэрээр ******* ХХК, Э.О******* нараас 116,942,169 төгрөгийг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудсыг 2022 оны ******* сарын 19-ний өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаар мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй.

2.3. Иймд төлбөр төлөгч ******* ХХК, Э.О******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Э.О*******гийн өмчлөлийн эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлах, 146.68 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 434,975,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаа тул төлбөр төлөгч талаас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

2.4. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожих зорилгоор шүүхэд хандан төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Э.О*******гийн гаргасан хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Үнэлгээний тайланд үнэлж буй хөрөнгийн танилцуулга хүснэгт 4-т дотор засал хийгдээгүй гэж, харин үнэлгээний тайлангийн 14 хуудсанд дотор засал, тохижилтод үнэлгээ өгөхдөө маш сайн хийгдсэн гэж зөрүүтэй дүгнэсэн. Мөн харьцуулж буй хөрөнгө нэг нь тайлангийн 23 дугаар хуудсан дээр бүтэн тавилгатай дотор засал бүрэн хийгдэж дууссан байрны зураг оруулсан хэрнээ тайлангийн 14 дугаар хуудсан дээр дотор засал тохижилт хийгдээгүй гэж зөрүүтэй дүгнэж үнэлгээ хийсэн байна. Үүнээс гадна үнэлж буй хөрөнгө болон харьцуулсан хөрөнгүүдийн дотор засал, тохижилтын харьцуулалтын түвшин, зохицуулалт, зохицуулсан нэгж үнэ хөрөнгийн үнэлгээний төвийн баримтлах ёстой байсан зохицуулалтын хэмжээнээс тэр чигтээ зөрүүтэй хийгдсэн байна. Дээрх байдал нь хөрөнгийн үнэлгээ шударга, бодитой байх зарчимд нийцээгүй.

4.2. Үнэлгээний тайлангийн 10 хуудас дээр тус барилга нь дутуу баригдсан бөгөөд үнэлж буй барилгад нэр дурдаж тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна гэж жагсаан бичсэн боловч үнэлгээний тайлангийн 16 хуудасны 4.1.2-т тухайн ажлууд хийгдээгүй байна гэж бичсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэр дээрх ажлууд нь үнэлж буй хөрөнгийн хувьд хийж гүйцэтгээгүй ажил уу, эсвэл хийж гүйцэтгэсэн ажил уу гэдэг нь ойлгомжгүй байгаа тул уг тайланг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.3. Үнэлгээний тайлангийн 23 дугаар хуудасны Хавсралт №1 буюу Мэдээллийн эх үүсвэрийг дурдаж оруулахдаа харьцуулсан хоёр, гуравдугаар хөрөнгийн бодит зургийг хавсралтаар оруулаагүй байх бөгөөд энэ нь тухайн хоёр хөрөнгө манай хөрөнгөтэй яг ижил хөрөнгө зарж борлуулж байсан гэдэг нь нотлогдохгүй байх бөгөөд агентлагийн зарын мэдээлэлд итгэж шууд үнэлгээ хийсэн нь харьцуулсан хөрөнгүүд байршил, хийц, зориулалт, дотоод засал, тохижилтыг ижил хөрөнгө байсан, манайхаас сайн болон муу хөрөнгө байсан гэдгийг үнэлж дүгнэх боломжгүй байна. Мөн үнэлгээчин тухайн хоёр харьцуулсан хөрөнгөө очиж үзсэн гэсэн тэмдэглэл тайланд байхгүй байх тул манай хөрөнгөтэй ижил гэж харьцуулсан нь үнэлгээчин шударга, бодитой, тодорхой, үндэслэлтэй тайлан гаргана гэсэн хуульд заасан үндсэн зарчимтай зөрчилдөж байна.

4.4. Хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн харьцуулан жиших аргыг ашиглан, үнэлгээгээ хийж, үнэлж буй хөрөнгөтэй байршил, барилгын хийц, зориулалт, ашиглалтад орсон он зэргийг нь ижил төсөөтэй, зах зээлд зарагдаж буй болон зарагдсан хөрөнгөтэй харьцуулан үнийн тохируулга хийж хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох ажиллагааг хийсэн талаар дүгнэлтдээ тусгасан байх тул нэхэмжлэгчийн үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй, хэт багаар үнэлсэн, үнэлгээ хийсэн аргачлал тодорхой бус, нуршсан дүгнэлт нь ойлгомжгүй болсон гэх тайлбар үндэслэлгүй гэж шүүгч дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг зөрчсөн.

4.5. Дээр дурдсанчлан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй хөрөнгийн үнэлгээний тайлан нь дотор засал, тохижилтын үнэлгээ хуульд нийцэхгүй зөрүүтэй, хийгдээгүй ажлын тооцоолол тайлан дотор зөрүүтэй, ойлгомжгүй, харьцуулсан хөрөнгө тодорхой бус байхад шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан дүгнэж шийдвэр гаргаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэгч, үнэлгээг зах зээлийн ханшаас хэт бага үнэлсэн, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэхгүй, тодорхой бус тухай тайлбараа баримтаар нотлоогүй. Энэ нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожих зорилготой, өнөөдрийг хүртэл төлбөрийн үүргээ биелүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э.О******* нь *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2019/02188 дугаар шийдвэрээр ******* ХХК, Э.О******* нараас 116,942,169 төгрөг гаргуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000532001 дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байршилтай, 146.68 м.кв талбай бүхий, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******т даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 52-54, 55-57 дугаар тал/

3.2. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны ******* сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 22280414/06 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22280414/07 тоот тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 5******* зүйлд заасан зохицуулалтад нийцжээ. /хх-ийн 52-57, 58 дугаар тал/

 3.3. Улмаар битүүмжлэгдсэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг талууд тохиролцоогүй үндэслэлээр зах зээлийн үнэлгээг тогтоох үнэлгээчнээр Г.Баярбаатарыг томилж, үнэлгээчин дээрх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 434,975,000 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 72-73,74, 5-31 дүгээр тал/

3.4. Хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4-180/20095, 4-180/20096 дугаартай мэдэгдлүүдээр төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, төлбөр төлөгч мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан байна. /хх-ийн 80, 81 дүгээр тал/

4. Үнэлгээчин нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, барилгын хийц, бүтээц, талбай, дотор засал, инженерийн дэд бүтцийн талаарх мэдээллийг бүрэн тусгаж Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргажээ.

5. Ийнхүү үнэлгээг хийхдээ уг үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийг 100 хувиар тооцож, жишиг хөрөнгийг харьцуулахдаа мөн 100 хувийн гүйцэтгэл бүхий барилгын бүтээц, хийц, инженерийн дэд бүтэц, байршил ижил үл хөдлөх эд хөрөнгийг сонгосон байх ба дотоод засал, тохижилтыг үнэлэгдэж буй хөрөнгө байршиж буй хотхоны дотоод засал хийгдсэн төлөвлөлтийн ерөнхий зургийг ашиглан сайн хийгдсэн гэж, жишиг хөрөнгүүдийн дотоод заслыг хийгдээгүй, сайн, энгийн гэж тодорхойлон харьцуулалтын түвшинг тогтоосон талаараа үнэлгээний тайландаа тусгасан байна.

Мөн үнэлгээний тайланд тухайн хотхоны дотоод засал хийсэн төлөвлөлтийн ерөнхий зургийг үндэслэн дутуу хийгдсэн ажлын тоо хэмжээ, шинж чанарыг хэмжилт хийн тодорхойлсон болохоо дурдаж, уг ажлыг бүрэн дуусгахад шаардлагатай ажлын тооцоог нэг бүрчлэн тодорхой тусгажээ.

Иймд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалын дагуу үнэлгээг хийж, дуусаагүй барилгыг гүйцэтгэлээр нь үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

6. Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй, дотоод засалгүй саарал ойр хавийн барилгууд өндөр үнэтэй байхад манайхыг багаар үнэлсэн, одоо тэр барилгууд 850,000,000 төгрөгийн үнэтэй байна гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй байна.

7. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй

8. Дээрх үндэслэлээр дотор засал, тохижилтын харьцуулалтын түвшин, зохицуулалт, зохицуулсан нэгж үнэ нь баримтлах ёстой зохицуулалтын хэмжээнээс зөрүүтэй, хийгдээгүй ажлын тооцоолол тайлан дотор зөрүүтэй, ойлгомжгүй, харьцуулсан хөрөнгө тодорхой бус байхад нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан дүгнээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

9. Иймд дээр дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/03502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА