Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Оч |
Хэргийн индекс | 105/2016/0246/Э |
Дугаар | 141 |
Огноо | 2017-02-23 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 141
Б.Дөлгөөнтамирт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Гэрэлмаа,
ялтан Б.Дөлгөөнтамир, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр, Б.Энх-Амгалан,
хохирогч М.Бат-Оргилын өмгөөлөгч Д.Очирваань,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Дөлгөөнтамир, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Дөлгөөнтамирт холбогдох 201625012775 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Батмөнхийн Дөлгөөнтамир, 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эмэг эх, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1233 тоотод оршин суух, /регистрийн дугаар: УП94121571/,
- 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 306 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 74 тоот захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 29 хоногийн хорих ялыг өршөөн хассан.
Б.Дөлгөөнтамир нь ялтай байдал дуусаагүй байх хугацаандаа 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандей” худалдааны төвийн орчим М.Бат-Оргилтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хохирогч газарт унасны улмаас биед нь зүүн зулай ясанд шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсны дээр цус хуралт, тархи доргилт, зүүн дух, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Дөлгөөнтамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигон овогт Батмөнхийн Дөлгөөнтамирыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Дөлгөөнтамирыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Дөлгөөнтамирт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Дөлгөөнтамирын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс цагдан хоригдсон 24 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирүүлсэн эд хөрөнгөгүй, Б.Дөлгөөнтамир нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Бат-Оргил цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Б.Дөлгөөнтамирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Ялтан Б.Дөлгөөнтамир гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ах Өнөрбилэгийг хүлээн автомашин дотор сууж байхад хохирогч М.Бат-Оргил хөл алдан, автомашины ар талд хөлөө цохиж унасан. Тэгээд “П... минь машинаа хол тавихад яадаг юм бэ” гэж над руу орилсон. Би М.Бат-Оргилыг зам гарах гэж байна гэж ойлгоод “Явган хүний гарцаараа гарчих” гэж хэлтэл “Чи миний хаагуур гарахыг заах юм уу” гээд автомашины цонхоор “Алнаа чамайг” гэж хэлсэн. Энэ үед би автомашинаас буух үед хохирогч М.Бат-Оргил нь намайг хоёр гараараа цамцнаас барьж боосон. Тэр үед миний нүд харанхуйлж толгой эргээд, М.Бат-Оргилыг өөрөөсөө холдуулах зорилгоор хоёр гараас нь барьж түлхтэл М.Бат-Оргил хойшоо хоёр гурав алхаад газар унасан. Энэ үед М.Бат-Оргилын ээж нь ирж “Чи хүүхэд аллаа” гэж орилоод миний толгой руу цохьсон. Эгч нь ирж намайг “Хүүхэд яаж байгаа юм” гээд цохьсон. Ах нь намайг сүрдүүлж байх үед цагдаа ирж намайг авч явсан. Мөрдөн байцаагч хэрэг гарах үед харж байсан гэрчийг дуудаж мэдүүлэг аваагүйд харамсаж байна. Миний бие хохирогч М.Бат-Оргилыг түлхэн унагаж хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. М.Бат-Оргилд учирсан эмчилгээний зардал болох 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний бие өөрийн болчимгүй үйлдлээс болж ар гэрийнхэнийхээ итгэлийг алдаж гэмт хэрэгт орсондоо харамсаж байна. Ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Ялтан Б.Дөлгөөнтамирын өмгөөлөгч Б.Энх-Амгалан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Дөлгөөнтамирт холбогдох эрүүгийн хэрэгт зайлшгүй асуугдвал зохих гэрчийг асуулгахаар нэмэлт ажиллагаанд буцаах санал гаргасныг шүүх хүлээн аваагүй нь үндэслэлгүй. Б.Дөлгөөнтамирын хэлсний дагуу гэрчийг олж асуух талаар хангалттай ажиллагаа хийсэн боловч олдоогүй байсан. Гэтэл гэрч Б.Буянцэцэгээс мэдүүлэг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мөрдөн байцаалт хэт нэг талыг барьж шийдвэрлэгдэх үндэслэл болжээ. Түүний мэдүүлэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлж болохуйц мэдүүлэг байтал түүнийг нэг удаа эрэн сурвалжилсан ажиллагаагаар мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгавар болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1 дүгээр зүйл заалт зөрчигдөх нөхцөл байдлыг бий болгожээ. Иймд хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.2.1 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.
Ялтан Б.Дөлгөөнтамирын өмгөөлөгч П.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.
Хохирогч М.Бат-Оргилын өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэдгээ бичгээр гаргасан. Цаашид гаргах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй учраас шүүхийг шийтгэх тогтоолд гаргах санал байхгүй.” гэв.
Прокурор Э.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан баримтаар цугларсан материалаас хохирогчтой хамт байсан гэр бүлийн гишүүд болон хөндлөнгийн гэрч нарын мэдүүлгүүдээр хэргийн үйл баримт тогтоогддог. Хөндлөнгийн 2 гэрч байсны нэг нь мэдүүлэг өгсөн. Өмгөөлөгч Б.Энх-Амгалан гэрчийг худал мэдүүлэг өгсөн, олдохгүй байгаа гэрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх байсан гэж үзэж байна. Олдохгүй байгаа гэрчийг олох гэж ажиллагаа хийсэн. Хохирогч нар хэргийн талаар утасны бичлэгийг шилжүүлэн авсан байсан. Тэр бичлэгт үзлэг хийхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар цохиолцож, түлхэлцдэг. Эдгээр үйлдлийн улмаас замын боржур дээр унаж гэмтэл авсан талаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад бүрэн нийцсэн байна.
Б.Дөлгөөнтамир нь ялтай байдал дуусаагүй байх хугацаандаа 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 20.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандей” худалдааны төвийн орчим зам хөндлөн гарч явсан иргэн М.Бат-Оргилтой “Автомашинаар ухрах хөдөлгөөн хийгээд мөргөлөө, чи өөрөөр зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарсангүй” гэж хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан автомашинаас бууж ирэн улмаар М.Бат-Оргил түүнийг заамдах үед нь нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж газарт унагаасны улмаас хохирогчийн биед нь зүүн зулай ясанд шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсны дээр цус хуралт, тархи доргилт, зүүн дух, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч М.Бат-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...20 цагийн үед Сандей худалдааны төв орчихоод ээж Энхцэцэгийн хамт гараад Улаанбаатар их сургуулийн урд талаар зам дагуу хойшоо явж байгаад цэнхэр өнгийн “Кроун” загварын автомашины хойгуур нь тойроод гарах гэсэн чинь 1 дүгээр эгнээнд зогсож байсан “Кроун” загварын автомашин хойшоо ухраад намайг мөргөчихсөн. Тэгэхээр нь би уурлаад тэр автомашины жолоочид “хүн дайрлаа, замаа хараач” гэж хэлсэн чинь нөгөө автомашины жолооч “хөөе п... минь явган хүний замаараа яв” гэж хэлэхээр нь би “юу гэнээ” гэж хэлээд автомашиных нь урд талд нь очсон чинь автомашинаасаа бууж ирээд надтай барьцалдсан. Барьцалдаад зогсож байхад тэр залуу намайг эхлээд баруун гараараа цээж рүү цохих гэхээр нь би гараараа хаагаад, дахиад цохихдоо баруун шанаа руу 1 удаа цохисон. Тэгээд би ухаан алдаад уначихсан. Тэгээд би сэрсэн чинь баахан хүмүүс тойрчихсон. Ээж хажууд ирчихсэн байсан. Тэр хавиар байсан хүмүүс цагдаа дуудсан байсан.” гэх мэдүүлэг /хх1, х25/,
“...хар өнгийн автомашин зогсож байхаар нь хойгуур нь тойрох гэсэн чинь ухарч ирээд миний баруун гуя руу мөргөхөөр нь би “яаая” гээд орилсон. Тэгээд автомашиных нь баруун талаар буюу жолоочийн эсрэг талаар нь явган хүний зам руу чиглээд явах гэж байхдаа “хөөе чи хүн дайрлаа” гэсэн чинь намайг “хөөе п... минь чи явган хүнийхээ замаар гар” гэж орилсон. Тэгэхээр нь би “айн” гэсэн чинь автомашинаасаа бууж ирээд намайг баруун гараараа толгой хэсэг рүү цохихоор нь би баруун гараараа хаагаад хойшоо автомашиных нь бөгсөн хэсэг рүү зайлж бултсан чинь ахиад толгой руу буюу зүүн чамархай хэсэг рүү цохисон бөгөөд би манараад доошоо унасан байхад толгой дээр дэвсээд байсан. Намайг манарсан байхад ойр хавиар хүмүүс “энэ хүн ухаан алдчихлаа түргэн дуудаач” гэж хашигараж байсан. Миний дээрээс тэр залуу өшиглөж байхад миний ээж цаанаас ирээд “миний хүүг аллаа, болиоч” гээд цээжин хэсгээс нь татах шиг болсон. Тэгсэн тэр залуу миний хажууд намайг “ганц цохиулчихаад үхлээ шүү дээ” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х65/,
гэрч А.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хашааны үзүүрт “Кроун” загварын автомашиныг зам дагуулаад тавьчихсан байсан. Тэгсэн Сандей худалдааны төвөөс ээж, хүү хоёр зам гарч байсан. Ээж нь түрүүлээд замын нөгөө талд гарчихсан. Миний харсанаар “Кроун” загварын автомашины хажуугаар явж байсан залуу автомашины жолооч руу “замаа хараач” гээд хэрэлдэж байсан. Тэгээд явган явж байсан залуу нөгөө “Кроун” загварын автомашины жолооч дээр цонхны хажууд нь очоод маргалдаад байсан. Тэгсэн “Кроун” загварын автомашины жолооч автомашинаасаа бууж ирээд хоорондоо заамдалцсан. Тэгээд хоорондоо толгой руугаа цохилцох шиг болсон чинь явган явж байсан залуу цохиулаад газар уначихаар нь жолооч толгой руу нь 1 удаа өшиглөж байх шиг харагдсан. Ингээд зодуулсан залуугийн ээж замын эсрэг талаас гүйж гарч ирээд нөгөө жолооч залууг “хүүхэд яаж байгаа юм” гээд толгой руу нь цохиод байсан” гэх мэдүүлэг /хх1, х30-31/,
гэрч М.Өнөрбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Сандей худалдааны төвийн хойд талд завсарын зам дээр автомашинаа үлдээчихээд дотор нь Б.Дөлгөөнтамирыг суулгаж үлдээсэн. Тэгээд би буцаад гараад ирсэн чинь жоохон урагшаа хөдлөөд зогсчихсон байсан. Тэгээд би очиход Б.Дөлгөөнтамир автомашины гадна зогсож байхаар нь Б.Дөлгөөнтамирын хажууд очоод юу болсон талаар асуухад Б.Дөлгөөнтамир “жоохон түлхсэн чинь боржуур мөргөөд уначих шиг боллоо. Та түрүүлээд явж бай” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх1, х32/,
гэрч М.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай ээж Энхцэцэг над руу залгаад “дүү чинь хүнд зодуулчихлаа, хүрээд ир” гэхээр нь Сандей худалдааны төвийн урд талд Улаанбаатар их сургуулийн үүдэнд очсон чинь ээж салгалчихсан, манай М.Бат-Оргил газар явган толгойгоо бариад суучихсан байсан. Би “яасан” гэж асуусан чинь “толгой өвдөөд дотор муухайраад байна” гэж хэлсэн. Тэгээд “хэн зодсон юм” гэж асуусан чинь ээж хажуудаа зогсож байсан дээгүүрээ цагаан өнгийн нимгэн цамцтай саравчтай малгайтай жинсэн өмдтэй залууг зааж байсан. Төд удалгүй цагдаа ирээд нөгөө зодсон залууг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх1, х34/,
гэрч Ч.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...уулзвар дээр зогсож байсан хар өнгийн автомашин дээр очоод араар нь тойроод зам гарах гэж байхад нөгөө автомашин хойшоо ухраад М.Бат-Оргилыг мөргөх шиг болсон. Тэгээд М.Бат-Оргил “яаая” гээд чанга орилсон. Тэгээд автомашины баруун талаар тойроод гарц руу алхсан. Ингээд М.Бат-Оргил автомашины урдуур гарч байх үед жолооч автомашинаасаа бууж ирээд М.Бат-Оргилыг шууд цохисон. Тэгсэн чинь М.Бат-Оргил цохиулчихаад урагшаагаа зайлах шиг болохоор нь би зам гараад гүйгээд очсон чинь М.Бат-Оргил газар уначихсан. Нөгөө жолооч бөгс рүү нь хэд хэдэн удаа өшиглөж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх1, х60-61/,
шинжээч эмч Г.Номинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дээрх гэмтэл нь унах болон цохих үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх мэдүүлэг /хх1, х35/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...М.Бат-Оргилын биед зүүн зулай ясанд шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсны дээр цус хуралт, тархи доргилт, зүүн дух, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэх 9762 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х44/,
камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х23/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Дөлгөөнтамирын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Ялтан Б.Дөлгөөнтамир, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан “...хэрэг гарах үед харж байсан замын хажууд наймаа хийдэг гэрчийг дуудаж гэрчийн мэдүүлэг аваагүй, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь Б.Дөлгөөнтамирын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр ямар нэгэн эргэлзээгүйгээр хангалттай нотлогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтуудад үндэслэн зөв дүгнэлт хийсэн байна.
Мөн хэрэг гарах үед харж байсан замын хажууд наймаа хийдэг гэх Б.Буянцэцэгээс гэрчийн мэдүүлэг авах талаар тодорхой ажиллагаа хийсэн байх бөгөөд мөрдөн байцаагчийн бичсэн “…хохирогч М.Бат-Оргилын тайлбарт дурдагдсан 88973030 дугаарын утас руу залгаж мэдүүлэг өгөхийг хүсэхэд “би харсан зүйлээ бичлэг болгоод хохирогчид өгсөн. Надад өөр хэлээд байх зүйл байхгүй. Би очиж байцаалт өгч чадахгүй” гэх бөгөөд овог нэрийг асуухад Болдбаатарын Буянцэцэг гэв… Дахин залгахад утас нь холбогдохгүй байв” гэсэн тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан байна.
Мөн анхан шатны шүүхээс “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт заасан ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах болон хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжгүй” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгч Б.Дөлгөөнтамирын гомдолд дурдснаар түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр ялтан Б.Дөлгөөнтамир, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Дөлгөөнтамир, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Ц.ОЧ