Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 229

 

Ш.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Ардын Шүүх таслах газрын 1944 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийн 60 дугаар тогтоолтой, Ш.Б-д холбогдох 8178 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1944 оны байдлаар: Ш.Б.

Ш.Б  нь 1392 оны бослогын жанжин Шажинбадрахын шарын цэрэгт элсэн орж, цэрэг ба цагдаагийн ажлыг хийж явсан, Баянзүрх, Жаргалант, Эрдэнэмандал сумын захиргааг цохилцсон ба ард Б, А, Н нарыг баривчлан хүлж явсан, хувьсгалч ажилчин Лхүндэвийг алалцсанаас гадна ардын төр нь ардын эд мал, ноос үс, бэлтгэл гэх нэрээр юм бүрийг шавхан барж байна, цэрэгт явсан хүмүүс эргэж ирнэ хэмээн санасны хэрэггүй, эсэргүү бослого гарвал манай талд 50-60 хүн байна, СССР-ын хувьсгал мөхөх цаг ойртсон, Орос нь Германыг дийлнэ хэмээн бодсоны хэрэггүй хэмээн ардын хувьсгалт засаг төрд хорсон занаж, хувьсгалын эсэргүү цуурхлыг 10 шахам хүмүүнд тараасан Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1, 60 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн Ардын Шүүх таслах газрын 1944 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийн 60 дугаар тогтоолоор “Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 9 жил, мөн хуулийн 60 дугаар зүйлд заасан ёсоор буудан алсугай. Ерөнхий ангийн 47 дугаар зүйлд заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, тусгай ангийн 60 дугаар зүйлээр оногдуулсан ялаар биечлэн гүйцэтгэсүгэй, энэ этгээдийн хөрөнгийг хууль ёсоор хурааж, улсад шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд Шүүх таслах газрын Эрүүгийн коллегийн 1944 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар Ш.Б-н гаргасан өргөдлийн дагуу хэргийг хянан хэлэлцээд аймгийн шүүхээс оногдуулсан буудан алах ялыг хэлтрүүлж, 10 жил болгон хорьсугай, хураах хөрөнгөгүй тул хураах явдалгүй гэж шийдвэрлэсэн байна.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Ш.Б-н үйлдсэн Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэрч Д, Э, З, З, Ө нарын мэдүүлэг болон өөрийнх нь мэдүүлгээр нотлогдсон бөгөөд үгүйсгэх, няцаах баримт тогтоогдоогүй. Харин Ш.Б нь Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлд заасан эсэргүү цуурхал тараасан гэх хэрэгт тэрээр: “... энэ ардын төр болвоос 1392 оны адил нугалаа гарган явуулж байна, одоо дахин эсэргүү бослого гарвал тэр бослогын талд хэний ч хавчлагагүй зогсох хүмүүс 50, 60-аад байна гэх мэтээр ярьж байснаас өөр юм огт ярьсангүй ...”, “... эрхээ хасагдсан хүмүүсийг болвоос цэвэр ардуудтай адил этгээдүүд бус хэрхэн учраас эрхийг хассан хэрэг байх хэмээн санаж бодсоноо ярьсан юм, түүнээс биш одоо Жаргалант сумнаа 1932 оны адил бослого гаргах болно, түүнд тийм, ийм албан газар буюу юм саад болно, түүнийг ингэж тэгж устгах хэрэгтэй хэмээсэн ярианууд байгаагүй болохыг батална ...” гэх зэргээр мэдүүлсэн байхад түүний гэм буруугийн санаа зорилго, учирсан хор хохирлыг тогтоолгүй, гэрчүүдийг байцаалгүйгээр эсэргүү цуурхал тараасан гэх улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Ш.Б-д 9 жил хорих ял оногдуулсан Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлд заасан цуурхал тараасан гэмт хэргийн санаа зорилго, гэм буруугийн байдлыг хэргийн баримтуудаар тогтоогоогүй байна.

2. Цуурхал тараасан гэмт хэргийн улмаас улс, нийгэм, ард иргэдэд учирсан хор хохирлын хэр хэмжээг тогтоосон баримт хэрэгт байхгүй, баримтжуулаагүй ба үүнийг одоо шалгаж тогтоох боломжгүй бөгөөд ач холбогдолгүй.

3. Ш.Б-н тараасан цуурхал гэгч нь ард олны дотор нийтлэг яригдаж байсан, бодит зүйлийн талаар ярьсан яриа байх ба ард олны амгалан тайван байдлыг алдагдуулан, төр засгийг үймүүлэхийг уриалсан бус, өөрийн хувийн үзэл бодлоо илэрхийлсэн, нийгэмд болоод байгаа бодит амьдрал, байдлыг бусдад ярьсан гэх өөрийнх нь мэдүүлэгт тулгуурлан шийтгэсэн ба цуурхал тараасан гэх баримтууд хэрэгт байхгүй байна.

Иймд Ш.Б-н эсэргүү цуурхал тараасан гэх хэрэг нь нотлогдож тогтоогдоогүй байхад тухайн нийгмийн улс төрийн бодлогын золиос болгож зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдал болж байна.

Иймд Архангай аймгийн Ардын Шүүх таслах газрын 1944 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийн 60 дугаар тогтоолд: “Архангай аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн харьяат Ш.Б-г тус улсын Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 9 жил хорих ялаар улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг шийтгэх тогтоолоос зөвхөн “Ш.Б Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 9 жил хорих ял шийтгэсэн” заалтыг хүчингүй болгож, улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах нь шүүхийн эцсийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат бөгөөд шүүн таслах ажиллагаагаар шударга ёсыг цаг хугацаанаас үл хамааран хэзээд хэлбэрэлтгүй тогтоож байх чухал баталгаа болж өгдөг.

Энэ ажиллагааны зорилго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч болон оролцогч нарын хууль бус ажиллагаа, шүүхэд урьд мэдэгдээгүй байсан бусад нөхцөл байдлын улмаас алдаатай гарсан шүүхийн шийдвэрийг засаж залруулах байдлаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах явдал юм.

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай дүгнэлтээ бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Архангай аймгийн Ардын Шүүх таслах газрын 1944 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 60 дугаар тогтоолоор Ш.Б-г Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар эсэргүү, цуурхал тараасан гэх хэрэгт 9 жил хорих ял шийтгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэргийн баримтаас үзэхэд Ш.Б-г гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, цуурхлыг тараасан гэх үйлдлийн улмаас нийгэмд ямар нэгэн хохирол учирсан нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл түүнийг яллах нотлох баримт авагдаагүй байхад хүчээр хэрэг хүлээлгэж, гэм бурууг тогтоосон ямар ч нотлох баримтгүйгээр ял шийтгэсэн нь улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Тодруулбал, гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго байгаагүй талаарх Ш.Б-н өөрийнх нь мэдүүлэг байхад үүнээс улбаалан тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх гэм буруугийн хэлбэр, гэмт санаа, зорилгыг тодорхойлоогүй, Ш.Б-г буруутгасан үйлдлийн улмаас нийгэмд ямар хор хохирол учирсан талаар болон түүнийг тогтоосон баримт байхгүй, улмаар түүний тараасан гэх цуурхал ямар агуулгатай болохыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй зэрэг нөхцөл байдал тогтоогджээ.

Энэхүү нөхцөл байдал нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан “улс төрийн хилс хэрэг”, “улс төрийн хэлмэгдүүлэлт”, мөн дээрх хилс хэрэгт гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г-д заасан /1942 оны Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлд зааснаар ял шийтгүүлсэн/ үндэслэлд тус тус хамаарч байна.

Иймд прокурорын “... шийтгэх тогтоолоос зөвхөн Ш.Б Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 9 жил хорих ял шийтгэсэн заалтыг хүчингүй болгох ...” тухай дүгнэлтийг хангаж, 1942 оны Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт нэгтгэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн ...” гэх үндэслэлээр Архангай аймгийн Ардын Шүүх таслах газрын 1944 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар тогтоолын Ш.Б-н холбогдсон Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг мөн зүйл хэсгээр ял шийтгэснийг цагаатгаж, 1942 оны Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлтэй холбоотой хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Ардын Шүүх таслах газрын 1944 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийн 60 дугаар тогтоолд “...Ш.Б-г холбогдуулан Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 9 жил ...”, мөн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлд заасныг журамлан Ш.Б-д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, тусгай ангийн 60 дугаар зүйлээр оногдуулсан ялаар биечлэн гүйцэтгэсүгэй” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, Дотоод явдлын яамны Улсыг аюулаас сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газрын Архангай аймаг дахь хэлтсийн төлөөлөгчийн 1944 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ялын төлөвлөгөөнд Ш.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар ял төлөвлөж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Б.ЦОГТ