Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 202

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Б-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн иргэн Д.С-т өмчлүүлсэн 535.9 м.кв газрын иргэн Т.Б-н өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий хэргийг хэлэлцээд 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Н.З-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “…Т.Б миний бие Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо Н гудамж *** тоот хашаанд 1999 оноос хойш амьдарч байгаа бөгөөд 1999 онд иргэн Д.Т гэдэг хүнээс 300 м.кв газартай хашааг тухай үеийн ханшаар худалдан авсан билээ.

Уг хашаагаа худалдан авсанаас хойш нэг сууцны жижиг байшиг, дэлгүүр, цайны газрын барилгыг барьж ажиллуулж байсан бөгөөд эдгээр хашаа, сууц, дэлгүүр, цайны газрын барилгууд дээрээ 2002 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 0060142 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан. 

2005 онд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 537 дугаар захирамжаар дээрх хашааны газрыг иргэн надад өмчлүүлэх шийдвэр гарсан бөгөөд 2006 онд газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан юм. 

Ингээд 2007 онд цайны газрын барилгаа өргөтгөн барьж эмийн сангийн зориулалтаар өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа болно. 

2014 онд газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гээгдүүлсэн тул 2014 онд шинэчлэн авсан. Иргэн миний бие өнөөдрийг хүртэл хүний эзэмшлийн газар дээр дур зоргоор хашаа, барилга барьсан зүйл байхгүй бөгөөд одоо байгаа эмийн сангийн доорх газрыг иргэн би 1999 оноос хойш эзэмшиж байгаа билээ.

Гэтэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр утасдан нэхэмжлэл гардаж ав гэсэн. Ингээд очиж уулзтал иргэн Н.З-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М гэдэг хүн газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байх бөгөөд иргэн миний өмчлөлийн эмийн сангийн барилгын тал хэсгийн доорх газар нь иргэн Н.З-н өмчлөлийн газар учир газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасантай танилцсан билээ. 

Дээр дурьдсанчлан миний бие 1999 оноос хойш өнөөдрийн амьдарч, ажиллаж байгаа газраа эзэмшиж, өмчилж ирсэн бөгөөд хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Анх миний бие Д.Т гэдэг хүнээс 300 м.кв газартай хашааг худалдан авсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах үед манай хашааны зүүн урд талд цахилгааны трансформатор байдаг байсан учир өмчлөх эрх олгохгүй гэж хэлэн өөрийн амины орон сууцны хэмжээгээр газрыг өмчлүүлж цайны газар болон дэлгүүрийн доорх газрын өмчлөх эрх олгоогүй юм. 

Гэтэл иргэн миний хууль ёсны эрх ашгийг зөрчин өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг бусдад өмчлөх эрх олгосон нь хууль бус байна. Иймээс миний бие 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн цахимаар ирүүлсэн хариугаар шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн учир Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу шүүхэд хандаж байна. 

Нийслэлийн Засаг дарга нь 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар иргэн Д.С-т газар өмчлөх эрх олгохдоо иргэн миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газарт давхацуулан олгосон иргэн миний эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн иргэн Д.С-т өмчлөх эрх олгосон 535,9 м.кв газрын иргэн Т.Б-н өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Н гудамж *** тоотод 1999 онд тухайн хашааг худалдсан авснаас хойш амьдарч, дэлгүүр, цайны газрын барилга барьж 2002 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тухайн үл хөдлөх хөрөнгүүдээ өмчлөх эрхийн улмын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 537 дугаар захирамжаар газраа өмчлөх эрхтэй болсон. 2007 онд цайны газрын барилгыг өргөтгөж, эмийн сангийн зориулалтаар өнөөдрийг хүртэл ажиллуулж байна. 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхээс газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг Н.З-н итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байдаг. Эмийн сангийн барилгын зарим хэсгийн доорх газар нь иргэн Н.З-н газартай давхцалтайг “газар албадан чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад анх нэхэмжлэгч мэдсэн. Үл хөдлөх хөрөнгийн доорх газрын тал газрын өөр хүнд өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна гэж үзэж, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргад энэ талаар гомдол гаргахад 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчаас цахимаар шүүхэд хандана уу гэсэн хариу ирсний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иргэний шүүхэд өгсөн Н.З-н нэхэмжлэлийн дагуу маргаан бүхий газрын давхцалын талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын сарын 7-ны өдрийн 74 дүгээр захирамжаар иргэн Д.С-т газар өмчлөх эрх олгосон шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн доорх газартай давхцуулан олгосон нь хууль бус гэж үзэж байгаа тул шинжээчийн дүгнэлтээр давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол огт хөндөгдөөгүй нь тогтоогдсон. Иргэний шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн анх тухайн газрыг эзэмшиж байсан талбайн хэмжээ огт өөрчлөгдөөгүй гэдгийг сансрын зураг болон бусад гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа. Анхны буюу маргаан бүхий газрын анх эзэмшиж байсан газрын хэмжээ хасагдсан нөхцөл байдал гуравдагч этгээдүүдийн хувьд байхгүй. Нийслэлийн Засаг дарга 535.9 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хуульд заасан газар дээр нь очиж үзэж хэмжилт хийх үүргээ биелүүлэлгүйгээр гуравдагч этгээдийн гаргасан кадастрын зургийг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, захиргааны акт гаргасан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж байна. Шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн эрх ашиг яаж хөндөгдөж байгаад зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай. Хэрэгт цугларсан баримт, гэрчийн мэдүүлгээс үзэхэд анх нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын хэмжээ, гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээ ямар нэгэн давхцалгүй байсан нь, одоо хүртэл давхцалгүй нь тодорхой харагдаж байна. Хэдийгээр нэхэмжлэгч одоо бодитоор эзэмшиж буй газрын хэмжээгээр газраа эзэмшээгүй ч гэсэн энэ газрыг эзэмших боломжтой. Хүсэлтээ шийдүүлэх эрх нь нээлттэй байгаа. Яагаад энэ эрхээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй вэ гэдгээ шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. Өндөр хүчдэлийн шугам байсан тул хашааных нь хэмжээгээр хүсэлт гаргасан хэмжээгээр өмчлүүлээгүй, багасгаж өмчлүүлсэн. 

2002 онд цайны газрын барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өмчилж авсан бөгөөд Үндсэн хуулиар энэ өмчлөх эрх хамгаалагдсан байхад түүний доорх газрыг давхцуулан бусдад өмчлүүлсэн. Гуравдагч этгээд Д.С-т газар өмчлөх эрхийг олгохдоо захиргааны байгууллага газар дээр нь хэмжилт хийж кадастрын зураг мэдээллийн санд оруулах үүргээ биелүүлээгүй. Гуравдагч этгээдээс бид хууль ёсны өмчлөх эрхтэй газар, үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан гэдэг зүйлийг үндэслэж тайлбар гаргаж байна. Гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн яаж зөрчигдөж байгааг анхаарахыг хүсэхгүй байна. Гуравдагч этгээд газар худалдан авахдаа очиж үзээд мэдээд байр байдалтай нь танилцаад хашаа байшин өөрийн хүсэл зоригоор худалдан авсан. Сүүлд кадастрын зургийг шалгах явцдаа хажуу айл руу орсон талаар мэдсэн. Гуравдагч этгээдийн өөрийнх анхны хүсэл зориг, газраа шилжүүлсэн хүний тайлбар, өмнөх эзэмшигч болох гэрчийн мэдүүлгээс харахад эрх ашиг нь огт хөндөгдөөгүй. Харин хувийн компанийн кадастрын зургийг үндэслэн гарсан шийдвэрийг гуравдагч этгээд өөрт ашигтай байдлаар харж, иргэний шүүхэд байшинг буулгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ тохиолдолд иргэний шүүх гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаад нэхэмжлэгчийн байшинг буулгах үр дагавар үүсэхэд бидний эрх ашиг хөндөгдөнө. Энэ байшин нь нэхэмжлэгчийн амьдралын тодорхой цаг хугацааг зарцуулан бүтээсэн хөрөнгө юм.” гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н гудамж *** тоот хаалганд орших иргэн Т.Б нь 18642313202907 дугаар нэгж талбартай 208 м.кв талбай бүхий газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан байна.

Харин иргэн Н.З нь Чингэлтэй дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н дүгээр гудамж *** тоот хаалганд орших 18642313206887 дугаар нэгж талбартай 536 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан бөгөөд иргэн Т.Б-н газартай давхцаагүй нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээллийн санд харагдаж байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Д.С-т газар өмчлүүлсэн бөгөөд үүнийг үндэслэн гуравдагч этгээд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болсон. Д.С нь Н.З-д үл хөдлөх хөрөнгөө худалдсанаар одоо үл хөдлөх хөрөнгө нь Н.З-н нэр дээр байгаа.

Нийслэлийн Засаг даргын шийдвэр гараад улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон ба улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгчээс гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нь 2005 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 74 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах юм.

2005 онд Д.С-т кадастрын зураг болон бичиг баримтын үзээд 535.9 м.кв газар өмчлүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч 208 м.кв газрыг өмчлөх эрхийн гэрчилгээ авсан ба 2007 онд цайны газрын барилгаа өргөтгөөд хүний өмчлөлийн газар дээр эмийн сангийн барилга барьсан. Энэ өргөтгөл барилгаа барих үедээ нэхэмжлэгч нь энэ хэний газар вэ гэдгийн судалж үзэх ёстой болохоос энэ газар дээр маргаан байхгүй гэдэг үндэслэлээр хүний газар дээр өргөтгөж барьж болохгүй. Эмийн сангийн барилга дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ гараагүй зөвхөн мэдээллийн санд кадастрын зураг авагдсан байдаг. Хүний газар дээр судалж үзэлгүйгээр барилга барьчихаад хариуцагчийн буруу гэж тайлбарлаж буй үндэслэлгүй.

Гуравдагч этгээд Н.З-н Чингэлтэй дүүргийн ** дүгээр хорооны H гудамжны *** тоот хаалга нь нэхэмжлэлд дурдсан газрын нэгж талбарын 5888 гэсэн дугаар нь Нийслэлийн Газрын албаны мэдээллийн санд байдаггүй. Харин 6887 гэдэг нэгж талбарын дугаар 2005 онд өмчлөх эрхийн гэрчилгээ гарах үед бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь өөрсдөө байшин барихдаа тухайн газар нь хэний газар вэ гэдгийг анхаарах ёстой байсан. Эмийн сангийн доорх газрыг нэхэмжлэгч эзэмшдэг гэх гэрээ, гэрчилгээ байхгүй бөгөөд зөвхөн 208 м.кв газрыг өмчилсөн. Эмийн сангийн доорх газар нь зөвхөн мэдээллийн санд зураг нь орсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн эрхийг хөндөж байгаа зүйл байхгүй байна. Анх байсан хэмжээгээр өмчлүүлнэ гэсэн хий зүйлээр нэхэмжлэгч тал тайлбар хийж байна. Нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалуулах гэж буй эрх нь хууль ёсных байх ёстой. Нэхэмжлэгч нь дур мэдэн зөвшөөрөлгүй газар байшин барьчихаад бидний эрх хөндөгдөж байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Захиргааны хэргийн шүүх эрхийн акт хууль ёсны эсэхийг анхаарч үзэх ёстой. Нэхэмжлэгч тал хариуцагч үүргээ биелүүлээгүй гэдэг. Гэтэл цагаан гэрчилгээ нь 300 м.кв газар байтал нэхэмжлэгч нь 208 м.кв газар дээрээ өөрсдөө маргадаггүй. Одоо 405 м.кв газар болгоно гэж маргадаггүй. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараад цаашаа бусад этгээдэд худалдагдсан байдаг. Энэ гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан зүйл байхгүй. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага хангагдлаа гэж үзэхэд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдахгүй. Энэ бүгдийг шүүх анхаарч үзээсэй. Нийслэлийн Засаг даргын гаргасан акт нь ямар нэг байдлаар давхцаагүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд Н.З-н итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “...Н.З-н 536 м.кв талбай бүхий газар нь иргэн Т.Б-н 208 м.кв талбай бүхий газартай давхцаагүй. Иргэн Н.З нь 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо н гудамж *** тоотод байрлах 535.9 м.кв газрыг болон үл хөдлөх хөрөнгийг иргэн Д.С, С.М нараас худалдан авсан. Худалдан авсан хойноо өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан талбайн хэмжээнд газрын хэмжээ хүрэхгүй байгааг мэдээд судалж үзэхэд нэхэмжлэгч нь дур мэдэн өөрийн өмчлөлийн газраас хэтрүүлж үл хөдлөх хөрөнгө барьсан нь кадастрын зургаар харагддаг. Үүнтэй холбоотой 2016 онд Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шинжээчийн дүгнэлтээр газрын давхцал нь 68 м.кв гэж гарсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эмийн сангийн доорх давхацсан гээд байгаа үл хөдлөх хөрөнгийн доор байгаа нь газрын хэдэн м.кв газар нь 68 м.кв газарт багтааж байгаа вэ гэдэг нь тодорхойгүй.

Нэхэмжлэгчид 2002 онд 138 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдсон. 2007 онд баригдсан өргөтөл нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд 138 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд хамаарч байгаа эсэх нь тогтоогдохгүй байна. Иймд тухайн өргөтгөл үл хөдлөх хөрөнгө нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй бөгөөд гуравдагч этгээд Н.З-н эрх ашгийг хохироож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хуулиас давсан нийгмийн харилцааг зохицуулсан харилцаа байхгүй. Газар өмчлөх эрх хуулийн дагуу үүсдэг. Шаардлагатай бол цайны газрын тал хэсгийг буулгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдээс гаргана. Зөрчигдсөн эрхийг сэргээлгэх эрх нэхэмжлэгчид байгаа боловч зөрчигдсөн гээд байгаа эрх нь хууль ёсных уу гэдэг нь чухал юм. Хууль ёсны биш эрх зөрчсөн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол түүнийг хэрэгсэхгүй болгох эрх шүүхэд байгаа.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч бусад этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироох, өмчийн газар дээрээ хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөх аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх гэж заасан. Барилга байшин бариад байгаа нь хэний эрхийг зөрчөөд байгаа нь харагдана.

Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Иргэний хуулийн 109, 182, 102 дугаар зүйлтэй холбоотойгоор гуравдагч этгээдийн газар өмчлөх эрх хууль ёсны явсан. Магадгүй эдгээрээс үүдээд улсын бүртгэл буруу байсан зүйл гарч ирнэ. Энэ асуудал цаашаа энэ чигээрээ явбал олон эрх зүйн үр дагавар үүсгэнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Д.С тайлбартаа: “...Д.С миний бие Чингэлтэй дүүргийн **-р хороо, Н гудамж, *** тоотод амьдарч байсан. Тус газрыг анх 1994 онд өөрийн ээж Д-д худалдан авч өгч байсан бөгөөд ээж маань насан эцэс болтлоо амьдарсан юм. Улмаар миний бие өөрийн өмчлөлийн газар байшингаа Н.З-д зарах хүртэл миний амьдарч байсан үеийн газар кадастрын дагуу үнэн зөвөөр байгаа. 

Гэрчээр шүүх хуралд оролцож байгаа З.Ч-с анх худалдаж авч байсан. Надад газар ашиглалтын жижиг цагаан гэрчилгээ өгч байсан, би Газрын албанаас мөн цагаан гэрчилгээ авсан. З.Ч-с худалдаж авсан газрын хашаалсан хил зааг өөрчлөгдөөгүй анх худалдаж авснаараа байгаа. Анхнаасаа  байсан хашаагаар өмчилсөн. Кадастрын хүмүүс ирээд хэмжсэн, танайх дутуу юм байна гэж хэлж байсан. Гэрчийн ярьж байгаа үнэн. Манай байшин, Т.Б-н цайны газар нь дундаа хашаатай, хашаанд аль аль нь тулаагүй байсан, одоо хэвээрээ л байгаа. З.Ч-с авах үед кадастрын зураг байгаагүй, Н.З-д газрыг шилжүүлэхдээ кадастрын зургийн хэмжээгээр шилжүүлсэн. З.Ч-с цагаан гэрчилгээ ирсэн. Ээжид тэр хашааг авсан болохоор гэрчилгээ ээжид байсан. З.Ч-с авсан цагаан гэрчилгээг Н.З-д өгөөгүй байх. Сүүлд би яг тийм жижиг цагаан гэрчилгээ авснаа Н.З-д шилжүүлэхдээ өгсөн. 2002 онд эзэмшихдээ кадастрын зураг хийлгээгүй, өмчлөхдөө кадастрын зураг хийлгэсэн. “З” ХК-ийн байранд байрлаж байсан компаниар хийлгэсэн. Т.Б-тэй хил зааг, газрын бодит байдал дээр маргаан байхгүй. анх манайх авсан газраа хашааны тэр хэмжээгээр л Н.З-д зарсан, одоо ч хашаа тэр хэвээрээ байгаа. зээл авах шаардлага гараад үнэлүүлсэн. Монгол Улсын иргэнд 0.07 га газар өмчлүүлэх хууль гараад кадастрын компаниар зураг хийлгэсэн, яаж хэмжсэнийг мэдэхгүй. Хэмжилт хийж кадастрын зураг хийлгэх үед байсан хашаа одоо байгаа хашаа 2-т өөрчлөлт орсон зүйл байхгүй. Хашаа зааг нь бүр анхныхаараа л байгаа. 

Миний өмчлөлд байсан Чингэлтэй дүүргийн **-р хороо, Н гудамжны *** тоот нэгж талбарын 18642313205884 дугаартай 535.9 м.кв газрыг миний эхнэр байсан Г.О-н төрсөн эгч Г.Б-т 2005 онд гадаад явах болсонтой холбогдуулаад бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлээд 2012 оны 09 дүгээр сард худалдах худалдан авах гэрээгээр Д.С миний болон эхнэр Г.О, охин С.М-н нэр дээр буцаан шилжүүлэн авсан. Г.О-с гэрлэлтээ цуцлуулсны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Өмчлөгч газрын өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид худалдах худалдан авах гэрээ”-ээр эхнэр Г.О өөрт ногдох хэсгийг бусад өмчлөгчид буюу Д.С, охин С.М-н нэр дээр шилжүүлсэн.

Миний бие Д.С, охин С.М бид 2015 оны 10 дугаар сард Н.З-д худалдах худалдан авах гэрээгээр газар өмчлөх эрхээ шилжүүлсэн. Би энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцсон бөгөөд өмнө нь хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж байсан Г.О, Г.Б, С.М нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь эхнэрийн төрсөн эгч Г.Б нь Канад Улсад 2013 оноос хойш амьдарч байгаа. Монгол Улсад хэзээ ирэх нь тодорхойгүй. Миний охин С.М нь ээж Г.О-н хамт Солонгос Улсад амьдардаг.  Одоо энэхүү газрын хэмжээ байршил, өмчлөлийн талаар надад болон өмнө нь хамтран өмчлөгч байсан эхнэр асан Г.О, түүний эгч Г.Б, охин С.М нарын хувьд ямар нэг маргаан байхгүй.” гэжээ. 

Гуравдагч этгээд С.М шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Миний аавын өмчлөлд байсан Чингэлтэй дүүргийн **-р хороо, Н гудамжны *** тоот нэгж талбарын 18642313205884 дугаартай 535.9 м.кв газрыг миний ээж Г.О-н төрсөн эгч Г.Б-т 2005 онд гадаад явах болсонтой холбогдуулаад бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлээд 2012 оны 09 дүгээр сард худалдах худалдан авах гэрээгээр Д.С аав болон ээж Г.О, би өөрөө болох С.М-н нэр дээр буцаан шилжүүлэн авсан. 2015 онд аав Д.С ээж Г.О-с гэрлэлтээ цуцлуулсны дагуу ээж Г.О өөрт ногдох хэсгийг бусад өмчлөгчид буюу аав Д.С, надад буюу С.М-н нэр дээр шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сард Н.З-д худалдах худалдан авах гэрээгээр газар өмчлөх эрхээ шилжүүлсэн. 

Миний зүгээс энэ хэрэгт ямар нэгэн маргаан болон хохирол байхгүй. Одоо энэхүү газрын хэмжээ байршил, өмчлөлийн талаар миний бие С.М хувьд ямар нэг маргаан байхгүй. Би Солонгос улсад суралцдаг тул шүүх хуралдаанд очиж оролцох боломжгүй байна. Иймд намайг шүүх хуралдаанд оролцуулахгүй хэргийг шуурхай шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Гэрч З.Ч 2016 оны 12 дугаар сарын 26, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “анх айл байхгүй тал газар байхад 1983 оны үед  манай аав надад газар авч, хашаа барьж өгсөн. ... Миний эгчийн нэр дээр газрын жижиг цагаан гэрчилгээ байсан. Тэр үед кадастрын зураг гэж байгаагүй. Хашааг албаны хүмүүс ирж хэмжээгүй. Т-ных манайхтай хойд талд залгаа цуг хашаа барьсан. 2000 оны хавьцаа Д.С-т хашаа байшингаа зарсан. Д.С-т хашаа байшингаа зарахдаа газрын цагаан гэрчилгээ өгсөн. Д.С-н ээж нь багш хүн байсан. Одоо миний амьдарч байгаа хашаа Д.С-т зарсан хашааны баруун талд замын яг эсрэг талд Н гудамж ***Б тоот. Хашаагаа зарснаас 4, 5 жилийн дараа орж үзэхэд хашааны байршил хэвээрээ байсан, сая маргаан гарсан гэхээр нь орж үзэхэд анх хатгасан модон хашаа хэвээрээ байсан. Бид өөрсдөө амьдарч байсан шавар байшингийн ард талд Т.Б-н хашааг заагласан хашаа хэвээрээ байсан. Манайх хашаагаа зарсны дараа цайны газар баригдсан, одоо эмийн сан болсон. Т.Б-н цайны газар манай ард талын хашаанаас зайтай, хашаанд тулгаж бариагүй, дундаа зайтай байсан. Эмийн санг цайны газрын суурин дээр барьсан байна лээ. Сая үзэхэд Т.Б-н эмийн сан хашаатай тулаагүй хашааны зааг хэвээрээ байна. Манай хашаа руу ороогүй, аавын минь барьж өгсөн хашааны хойд талын байршил огт өөрчлөгдөөгүй байсан. Н.З-н 2 давхар тоосгон байшин хашаанд мөн тулгаагүй барьсан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн иргэн Д.С-т өмчлүүлсэн 535.9 м.кв газрын иргэн Т.Б-н өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээс дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Н гудамжны *** тоот хашаанд Д.Т амьдарч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн 991178 дугаартай үнэмлэхээр уг хашааны 300 м.кв газрыг эзэмших эрх авч, улмаар хашааг Т.Б-т худалдсанаар Д.Т-д олгогдсон амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн 991178 дугаартай үнэмлэхний арын хуудсанд “газар эдэлбэрт орсон өөрчлөлт” хэсэгт “** дүгээр хороо, Н *** тоот хашааг Т.Б-н нэр дээр шилжүүлэв” гэсэн тэмдэглэгээг дүүргийн газар зохион байгуулагч Б.Ц 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гараар үйлдэж газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна.

Д.Б эзэмшлийн хашаандаа 12м х 8м буюу 96 м.кв хүнсний дэлгүүр, 4м х 6м буюу 24 м.кв орон сууц, 3м х 6м буюу 18 м.кв цайны газрын барилга барьж эдгээр нийт 138 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 2002 онд нөхөр С.Г-н өмчлөлд 2002 оны 8 дугар сарын 23-ны өдөр бүртгүүлж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0060142 дугаар гэрчилгээ авсан байдаг.  

Д.Б хашааны эзэмшил газраа өмчлөхөөр анх Д.Т-д амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн 991178 дугаартай үнэмлэхээр эзэмшүүлсэн хэмжээгээр буюу урт 20 м, өргөн 15 м, нийт 300 м.кв газрыг өмчлөх хүсэлтээ гаргасан ба Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар захирамжаар 208 м.кв газар өмчлүүлсэн, кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18642313202907 дугаартай бүртгэгдсэн ба тухайн үед энэ талаар маргаагүй, тэрээр ийнхүү газрын хэмжээ нь түүний хүсэлт гаргаснаас багасч өмчлөгдсөн талаар “хашааны баруун талд байрлах өндөр хүчдэлийн шонгийн мод бүхий хэсгийг өмчлүүлэх боломжгүй хэмээн хашааны баруун талын хэсэг газрыг өмчлүүлээгүй эзэмшилд үлдээсэн, энэ газар хасагдаж 208 м.кв болж өмчлөгдсөн гэж ойлгосон” хэмээн тайлбарладаг. 

Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Н гудамжны *** тоот энэхүү хашаа нь урд хэсгээрээ, уг гудамжны *** тоот хашааны хойд хэсэгтэй хил залгаа бөгөөд *** тоот хашааг Д.С, З.Ч-с худалдан авч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 275 дугаар захирамжаар уг хашааны 529 м.кв газрыг түүнд эзэмшүүлж, 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 010603434 дугаартай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгожээ. 

Д.С нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 529 м.кв газраа өмчлөхөөр хүсэлт гаргасан ба хувийн кадастрын компаниар хийлгэсэн гэх кадастрын зургаар 535.9 м.кв газар нэгж талбарын 18642313205884 дугаартайгаар мэдээллийн санд бүртгэгдэж, энэ хэмжээгээр Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Д.С-т өмчлүүлжээ. 

Улмаар өмчилж авсан Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Н гудамжны *** тоот хашааны нэгж талбарын 18642313205884 дугаартайгаар мэдээллийн санд бүртгэгдсэн 535.9 м.кв газраа 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн болон эхнэр Г.О, охин С.М нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2202002099 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000022303 дугаар гэрчилгээ авчээ. Д.С нар нь 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхээ эхнэр Г.О-н эгч Г.Б-т, Г.Б нь 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг Д.С, Г.О, С.М нарт, Г.О нь 128 дугаартай нотариатчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэрчилсэн өмчлөгч газрын өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг Д.С, С.М нарт, иргэн Д.С, С.М нар нь 04 дугаартай нотариатчийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Н.З-д өмчлөх эрхээ тус тус шилжүүлсэн нь эрхийн улсын бүртгэлийн Г-2202002099 дугаарт бүртгэгджээ. 

Кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18642313205884 дугаартайгаар Д.С-н өмчилж байгаа 10 эргэлтийн цэг бүхий 535.9 м.кв газар 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдөр бүртгэгдсэн ба энэ нэгж талбарын дугаараар өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хэвээр байгаа, харин кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18642313206887 дугаартайгаар 12 эргэлтийн цэгээр 536 м.кв хэмжээтэйгээр Н.З-н нэр дээр бүртгэгдсэн байна. 

Нэхэмжлэгч Д.Б, гуравдагч этгээд Д.С нарын тайлбар болон гэрч З.Ч-н мэдүүлэг, 2004, 2004, 2006, 2007, 2009, 2010 оны сансрын зураг, шинжээчийн дүгнэлтийн 5 дугаар хавсралтад авагдсан 2010 оны агаарын зургаас үзэхэд  маргаан бүхий газрын буюу Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Н гудамжны *** тоот хашааны анхны эзэмшигч Д.Т, *** тоот хашааны анхны эзэмшигч З.Ч нарын анх барьсан хашааны хоорондын хил зааг, тэдгээрээс худалдан авсан Д.Б, Д.С нарын эзэмшиж байгаад тус бүрдээ өмчилж авсан ***, *** тоот хашааны хоорондын хил зааг байршлын хувьд бодитоор өөрчлөлт ороогүй, З.Ч-н болон Д.С-н барьсан байшин сууриараа хэвээр байгаа, Д.Б-н үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн цайны газрын суурин дээр Д.С-н газартай давхцалгүйгээр хойд болон зүүн тал руугаа буюу өөрийн өмчлөлийн газар руу сунган өргөтгөж эмийн сангийн барилга барьсан нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч болон Н.З-д газар өмчлөх эрхээ шилжүүлсэн гуравдагч этгээд Д.С- нар энэ талаар маргаагүй байна. 

Өөрөөр хэлбэл анх хашаа барьсан Д.Т, З.Ч нараас худалдан авсан Д.Б, Д.С нарын өмчлөх хүсэлт гаргасан эзэмшиж байсан газрын хил зааг одоог хүртэл өөрчлөгдөөгүй нь тогтоогдож байх тул тэдгээр иргэдийн эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг шийдвэрлэхдээ Газрын алба газар дээр нь хэмжилт хийж, өмчлөх газрын хил зааг, байршлыг эргэлтийн цэгээр нь тогтоож хүлээлгэж өгөөгүйгээс, мэдээллийн санд бодит зургийг оруулаагүйгээс Д.Б-н өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын зарим хэсгээр давхцуулан Д.С-т өмчлүүлснээс энэхүү маргаан үүсчээ.  

Харин *** тоот хашааны газрыг өмчлөх эрхийг Д.С-с шилжүүлэн авсан гуравдагч этгээд Н.З нь газрын кадастрын зургаар Д.Б-н эмийн сангийн барилгын доорх газар зарим хэсгээрээ түүний газартай давхцаж байна гэдэг үндэслэлээр газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргаж, нэгэнт өмчлүүлсэн газрын кадастрын зургаар давхцалтай байгаа гэсэн үндэслэлээр маргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласнаас үзэхэд 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу эхлээд иргэдэд эзэмшиж байгаа хашааны газрыг нь өмчлүүлэх ажлыг хэрэгжүүлэхдээ гэрчилгээтэй иргэдийн хашааных нь хэмжээгээр газрын кадастрын зургийг хийж мэдээллийн санг бүрдүүлсэн гэх ба ийнхүү кадастрын зургийг мэдээллийн санд оруулахдаа Д.С-н хувийн кадастрын компаниар хийлгүүлсэн гэх Д.Б-н өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн цайны газрын доорх газрын зарим хэсгээр давхцуулсан кадастрын зургийг мэдээллийн санд оруулсан, Д.Б-н хашаалсан болон үл хөдлөх хөрөнгө бүхий газрыг бодитой хэмжээгүйгээс түүний өмчлөхийг хүссэн газраас “өндөр хүчдэлийн шугам байгаа, өмчлүүлэх боломжгүй” гэж хашааны баруун талаас хассанаас гадна өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн доорх газрын зарим хэсгээс багасган 208 м.кв хэмжээгээр кадастрын зургийг мэдээллийн санд оруулснаас давхцлын маргаан үүсч нэхэмжлэгчийн  өмчлөх эрх нь зөрчигдөхөд хүрчээ. 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д  “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна.”, 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг ... дүүргийн газрын алба ... хариуцан гүйцэтгэнэ.” гэж заасан байхад Нийслэлийн Засаг дарга, Газрын алба энэ үүргээ биелүүлээгүй, газрын хэмжээ, хил заагийг газар дээр нь хэмжилт хийж зөв тогтоогоогүй, бодитоор эзэмшиж ашиглаж байсан газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй, хувийн компаниар хийлгүүлсэн гэх кадастрын зургаар өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотлоогүй газрыг давхцуулан өмчлүүлсэн буруутай байна.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 182/ШЗ2016/03084 дугаартай захирамжийн дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны А/225 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/225 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18642313202907 дугаартай бүртгэгдсэн *** тоот газар, 18642313206887 дугаартай бүртгэгдсэн *** тоот газрын давхцаж буй эсэх, тэдгээрийн хашаалсан газрын болон байшингийн эргэлтийн цэг бүрээр хэмжилт хийж мэдээллийн сан дахь кадастрын зураг болон хэмжилтийн дүнтэй давхцуулан “мэдээллийн сан дахь дээрх нэгж талбарын дугаар бүхий газруудын кадастрын зургаар давхцалгүй, хэмжилтийн дүнгээр Д.Б-н хашаалсан газар 405 м.кв, Н.З-н хашаалсан газар 502 м.кв хэмжээтэй ба Д.Б-н хашаалсан газартай Н.З-н нэгж талбарын 18642313206887 дугаартай 536 м.кв газар 68 м.кв талбайгаар давхцалтай”...”  болохыг тогтоосон байна. 

Сансрын зургаар байшингийн шувуун нурууны сүүдэрлэлтээр давхцалтай харагдах хэдий ч эмийн сангийн барилга, Н.З-н байшингууд хоорондоо зайтай болох нь шүүхээс хийсэн газрын үзлэгээр тогтоогдсон.      

Харин шинжээчийн дүгнэлтээр болон газрын үзлэгээр эмийн сангийн барилгын доорх газар ямар хэмжээгээр давхцсан, Д.Т, З.Ч нарын анх барьсан гэх модон хашааны үлдсэн хэсгээр хашааны хил зааг ямар байгаа нь тодорхойгүй байх тул Газрын алба хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлж газар дээр нь хэмжилт хийж, Д.Б, Д.С нарын анх бусдаас худалдан авч эзэмшиж байсан, өмчлөх хүсэлт гаргасан газрын хил заагийг тогтоон мэдээллийн санд кадастрын зургийг зөвтгөж, тэр хэмжээгээр тэдгээрт газар өмчлүүлсэн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой байна. 

Иймд Д.С-н эзэмшиж байсан, өмчлөх хүсэлт гаргасан газрын хойд талын хил зааг, байршлыг газар дээр нь хэмжилт хийж эргэлтийн цэгийг тогтоосны эцэст Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн иргэн Д.С-т 535.9 м.кв газрыг өмчлүүлсэн хэсэгт болон мэдээллийн сан дахь Д.С-т өмчлүүлсэн /одоо Н.З-н өмчлөлд шилжсэн/ газрын кадастрын зурагт зохих өөрчлөлт оруулахыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга /түүний хэрэгжүүлэгч агентлаг Газрын албанд/-д даалгаж, ийнхүү өөрчлөлт оруулсан шинэ актыг дахин гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн иргэн Д.С-т өмчлүүлсэн 535.9 м.кв газрын иргэн Т.Б-н өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газартай давхцаж буй хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно.”, 36.2-т “Иргэний газар өмчлөх эрхийг сэргээн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр нь уг газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэх, эрх нь сэргээгдсэн иргэнд улсын бүртгэлийн гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэл болно.” гэж зааснаар газар өмчлүүлсэн шийдвэрт орсон өөрчлөлтийг үндэслэн бүртгэлийн байгууллагад хандан эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлтийг оруулах боломжтой.

Д.Б, Д.С нар эзэмшил газраа тус бүртээ өмчилснөөс хойш буюу 2005 оноос хойш газрын давхцлын талаар хэн аль нь маргаагүй, Д.Б-н эмийн сангийн барилгын доорх газар зарим хэсгээрээ өмчлөлийн газартай давхцаж байна гэдэг үндэслэлээр газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Н.З иргэний хэргийн шүүхэд 2016 оны 06 дугаар сард гаргаснаар Д.Б эрх нь зөрчигдөж буй талаар мэдэж, Нийслэлийн Засаг даргад гомдол гарган, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хариу авч, шүүхэд 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй байна. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1,  23 дугаар зүйлийн 23.2, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн иргэн Д.С-т 535.9 м.кв газар өмчлүүлсэн хэсэгт зохих өөрчлөлт оруулсан шинэ акт дахин гаргах хүртэл уг газрын иргэн Т.Б-н өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газартай давхцаж буй хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Н гудамжны ***, *** тоот хашааны газрын хоорондын хил зааг, байршлыг газар дээр нь хэмжилт хийж эргэлтийн цэгийг тогтоосны эцэст Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн иргэн Д.С-т 535.9 м.кв газрыг өмчлүүлсэн хэсэгт зохих өөрчлөлт оруулж, мэдээллийн сан дахь Д.С-т өмчлүүлсэн /одоо Н.З-н өмчлөлд шилжсэн/ газрын кадастрын зурагт мөн зохих өөрчлөлт оруулахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн иргэн Д.С-т 535.9 м.кв өмчлүүлсэн газрын Т.Б-н өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газартай давхцаж буй хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА