Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1125

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/02239 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХт холбогдох,

 

ХХХХын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” 263 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Яармаг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ” хэсгийн 2 дахь жагсаалтын “Шинэ Яармаг хорооллыг дулаанаар хангах “Х”-гаас баруун тийш 2ф500-2ф300 мм-ийн голчтой дулааны шугам 2,5 км” гэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Х” ХХК нь ХХХХХХХХ дүүргийн Яармагийн гүүрний баруун талд баригдах орон сууцны хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 110-ын габриттай 10 квт-ын агаарын цахилгаан дамжуулах шугам, хувиарлах байгууламжийн барилгын хамт Туул гол дээгүүр гүүрэн байгууламж, бохир усны 2,3 км шугам хоолой, дулааны эрчим хүчний 4,2 км урт 2ф500 мм магистраль шугамын ажлыг 2008 онд эхэлж, 2012 онд улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулснаар шинэ суурьшлын бүс бий болсон. Энэ ажлын дараа Яармаг-Нисэх чиглэлийн авто замын урдуур гадна дулааны 2ф530 мм-ын голчтой 1,32 км урт шугамын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Уг ажлын зураг төслийг 2012 онд “ХХХХХ” ХХК-иар гүйцэтгүүлж, эрх бүхий байгууллага Улаанбаатар дулааны шугам сүлжээ ХК, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэд бүтцийн хэлтэс зөвшөөрөл олгон баталгаажуулсан бөгөөд төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ тайланг “ХХХХ” ХХК боловсруулж, Байгаль орчин аялал, жуулчлалын яамны ерөнхий шинжээч баталсан. Зураг төсөлд нь Барилгын хөгжлийн төв 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 511/2014 тоот магадлалын дүгнэлт хийсэн ба Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх №153/2014 дугаар зөвшөөрөл, гүүрний орчим хийгдэх авто замын ажилтай уялдуулан Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэд бүтцийн хэлтсээс олгосон зөвшөөрлийн дагуу ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд шугамын ажилд шаардлагатай сильфонан компемсаторууд, бөмбөлгөн хаалт зэрэг өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж, материал худалдан авч, зураг төсөл, ажлын хөлс зэрэгт нийт 2 тэрбум гаруй төгрөг зарцуулж, газар шорооны ажил 70 хувийн гүйцэтгэлтэй, шугам угсралтын ажлыг эхлүүлээд байсан.

Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 118 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Яармаг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ” хэсгийн 2-т Шинэ Яармаг хороолол хүртэл ф500-гийн 5,1 км дулааны гол шугамыг хонгилд барихаар зураг төслийн хамт 31.970 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Засгийн газрын 2014 оны ”Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” 263 тогтоолоор дээрх 118 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахдаа Төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн хүчин чадал, байршлийг бүхэлд нь өөрчлөөд 2,5 км дулааны шугамыг тус компанийн барьж буй шугамтай зэрэгцүүлэн авто замын хойд талаар ижил сувагчлалаар барихаар шийдвэрлэсэн ба ажил бүхэлдээ өөрчлөгдсөн байхад төсөв, зургийг шинэчлэн батлалгүйгээр үнийн дүнг огт өөрчлөөгүй батлагдсан.

Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолын холбогдох хэсгийг өөрчилснөөр “Х” ХХК-ийн хуулиар олгогдсон эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Учир нь “Х” ХХК холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч, цэвэр өөрийн компанийн зардлаар шугам хоолойн ажлыг гүйцэтгээд явж байтал Засгийн газрын 2014 оны 263 дугаар тогтоол батлагдан гарснаар тус компанийн хийсэн ажлыг зогсоож, санхүүгийн хувьд их хэмжээний хохирол учруулахад хүрээд байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолоор шинэ Яармаг хороолол хүртэл 5,1 км-ийн дулааны шугамын барилгын ажлыг 263 дугаар тогтоолоор хоёр хувааснаар манай компанийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг бүхэлд нь зогсоогоод байна. Мөн Засгийн газрын 2014 оны 263 дугаар тогтоолоор Шинэ яармаг хороолол дулааны эрчим хүчинд холбогдох боломжгүй болсон. Тус компанийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх 2ф530-ийн дулааны шугамын төгсгөлөөс үргэлжлүүлэн Яармагийн эмнэлэг, Нүхтийн уулзвар, Шинэ Яармаг хороолол хүртэлх хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах боломжтой тооцоо дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргасан бөгөөд нэгэнт манай барьж буй шугамтай ижил хэмжээ, хүчин чадалтай шугам хоолойг замын хойд урд талаар зэрэгцүүлэн параллель татах нь эх үүсвэрээс ирж байгаа холболт авах шугам нь хоёр шугамыг хангах техникийн боломжгүй. “Х” ХХК-ийн гүйцэтгэж буй шугамын төгсгөлөөс үргэлжлүүлэн хийснээр бондын хөрөнгөнөөс даруй 4-5 тэрбум төгрөг хэмнэх, шууд зардлыг энэ хэмжээгээр бууруулах бололцоотой, шинээр тавьсан Яармаг-нисэхийн чиглэлийн авто зам нь хэд хэдэн газраар инженерийн шугам доогуур нь хөндлөн гарах хонгил, байгууламж баригдсан, яармагийн гүүр замын баруун хойд талын хэрэглэгчдийг одоо байгаа нэгэнт хийгдсэн дулааны шугамаар хангах бүрэн бололцоотой талаар Эрчим хүчний яамны болон Засгийн газрын холбогдох албан тушаалтан, эрх бүхий этгээдүүдэд тайлбарлаж, шийдвэрлүүлэх санал тавьсан боловч хүлээж аваагүй болно.

Засгийн Газрын тогтоолыг хэрэгжүүлэх нэрийдлээр 2015 оны 7 дугаар сарын 22-нд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Эрчим хүчний яамны “Дэд бүтэц-Эрчим хүч төслийн нэгжийн захирлын хүсэлт”-ээр тус компанийн барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн Эрчим Хүчний Яамны стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, дулааны техникийн нөхцөл олгох комиссын дарга тус компанийн дулааны техникийн нөхцөл сунгуулах хүсэлтийг түдгэлзүүлээд байна. Өнөөдрийн байдлаар, Засгийн газрын 2014 оны 263 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Уул уурхай-Эрчим хүчний Яамны “Дэд бүтэц-Эрчим хүч төслийн нэгж, ХХХХХХХ ХХК болон ХХХХХХ ХХК-ийн түншлэлээр Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.5, 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг тус тус зөрчиж, зураг төсөл, төсөв бүрэн баглагдаагүй, ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй, магдлалын ерөнхий дүгнэлтгүйгээр ажил эхлүүлээд байгаа хууль тогтоомж зөрчсөн үйлдэл юм.

“Х” ХХК нь 2007 онд дуудлага худалдааны аргаар Яармагт 20 га газар эзэмших эрх олж авсан бөгөөд тухайн газарт одоогийн Хүннү молл, Вива сити гэх мэт орон сууц, нийтийн үйлчилгээний барилга байгууламж баригдсан бөгөөд тус компани эдгээр барилга байгууламжийг эрчим хүчээр хангах дэд бүтэцийг өөрийн хөрөнгөөр үүсгэсэн юм. Засгийн Газрын 118 дугаар тогтоолоор бол Шинэ Яармаг хороолол хүртэл тавигдах дулааны шугам сүлжээний транс нь автозамын урд талаар явагдах байсан бөгөөд “Х” ХХК тухайн чиглэлийн газар эзэмших эрх болон тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл зэргийг эрх бүхий байгууллагаас авч, ажлаа эхэлж, үргэлжлүүлж байсан.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч бөгөөд уг эрхийнхээ хүрээнд эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй. Иймд ХХХХын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” 263 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Яармаг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ хэсгийн 2 дахь хэсгийн Шинэ яармаг хорооллыг дулаанаар хангах “Х”гаас баруун тийш 2ф500-2ф300 мм-ийн голчтой дулааны шугам 2.5 км гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Х” ХХК нь Яармаг-Нисэх чиглэлийн авто замын урдуур гадна дулааны 2хф530 мм голчтой 1.32 км урт шугамын ажлыг барихажлыг гүйцэтгэж эхлэхийн Эрчим хүчний сайдын 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 3 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журмын 2.1-д заасны дагуу дулааны техникийн нөхцөлийг Эрчим хүчний яамнаас аваагүй байна. Энэ нөхцөл болон хууль, тогтоомжид заасан бусад бичиг баримтыг бүрдүүлэн Эрчим хүчний сайдын 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар тушаалаар батлагдсан Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга угсралтын ажпыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсны дараа хийж гүйцэтгэх хууль зүйн зохицуулалттай болно.

“Х” ХХК-д тухайн үеийн Эрчим хүчний газрын дулааны техникийн нөхцөл олгох комиссын 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр 5 Гкал/ц чадалтай, 2 жилийн хугацаатай техникийн нөхцөл олгогдсон хэдий ч энэ нь ХХХХын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 263 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Яармаг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний 2 дахь хэсгийн Шинэ яармаг хорооллыг дулаанаар хангах, “Х”-гаас баруун тийш 2ф500-2ф300 мм-ийн голчтой дулааны шугам барих үндэслэл болохгүй.

Шинэ Яармаг хорооллыг дулаанаар хангах, “Х”-гаас баруун тийш 2ф500-2ф300 мм-ийн голчтой дулааны шугам 2.5 км гэсэн бүтээн байгуулалтын ажил нь Ф500 мм-ийн голчтой төв магистрал шугамын барилга угсралтын ажил түүнчлэн “Х” ХХК-д олгосон 5 Гкал/ц чадалтай дулааны техиникийн нөхцөлийн хугацаа 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөр дуусгавар болсон. “Х” ХХК-д 5Гкал/ц чадалтай, салбар шугамын техникийн нөхцөл олгосон ооловч ф500 мм-ийн голчтой магистраль шугам барьж байгаа нь мөн л хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болно. “Х” ХХК нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр №153/2014 дугаар бүхий барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон гэжээ.

Эрчим хүчний сайдын 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар тушаалаар батлагдсан Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга угсралтын ажпыг эхлүүлэх, үргэлжпүүлэх журмын 1.1, 1.2-д заасны дагуу “Х” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр баригдсан улсын болон олон улсын шинж чанартай шинээр барих болон өргөтгөл шинэчлэлт, их засвар хийх эрчим хүчний бүх төрлийн барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг холбогдох техникийн нөхцөл, барилга байгууламжийн зураг төсөл, экспертизийн дүгнэлт зэргийг үндэслэн Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас авах ёстой байсан.

“Х” ХХК 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хугацаа нь дууссан техникийн нөхцөлийг үндэслэн мөн дээрх журмыг зөрчин Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газраас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч эрчим хүчний барилга байгууламжийн угсралтын ажлыг эхлүүлсэн нь хууль бус болсон юм. “Х” ХХК-д олгосон зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газар өөрөө 2014 оны 7 дугаар сард хүчингүй болгосон. Засгийн газрын дээрх тогтоолын дагуу эхлүүлсэн ажил хууль бус. Засгийн газрын 118 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах урилгыг Дэд бүтэц-эрчим хүч төслөөс 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний мэдээ сонинд нийтэлж, уг ажпыг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авсан. “Х” ХХК нь дээрх бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцохоор материал ирүүлсэн боловч зээлийн үлдэгдэлтэй, санхүүгийн тайландаа аудитын дүгнэлтгүй, Эрчим хүчний яамны Эрчим хүчний барилга, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй гэсэн үндэслэл, хөндлөнгийн байгууллагуудын ирүүлсэн дүгнэлтээр сонгон шалгаруултад тэнцээгүй болно.

Засгийн газрын 118 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтын дагуу Яармаг хороолол хүртэл хийгдэх ажил нь ДЦС-3 ТӨХК-ийн суурин дээр Улаанбаатарын Дулааны V станц-ийг шинээр барих төлөвлөгөөнд үндэслэсэн бөгөөд Засгийн газрын 2012 оны 191 дүгээр тогтоолоор энэхүү станцын байршлыг өөрчлөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хөлийн голын хөндийд 43 га газрыг чөлөөлж хотын зүүн захад барихаар шийдвэрлэсэн тул Шинэ Яармаг хороолол хүртэл Ф500-ийн 5.1 км дулааны гол шугамыг хонгилд барих, 7 ширхэг ус, дулаан дамжуулах төвийн зураг төсөл барилга, угсралтын ажлыг эхлүүлэх техникийн боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл Шинэ Яармаг хорооллын дулааны хэрэглээг бүхэлд нь 10А магистралаас татсан 500 мм голчтой дулааны шугамаас бүрэн хангах техникийн боломжгүй тул Яармагийн нэгдүгээр буудал хүртэлх хэсгийг 2Ф500-300 мм-ийн 2.5 км дулааны шугам барьж Яармаг хорооллын төлөвлөлтийн I, II хэсгийг дулаанаар хангах, ДЦС-4 ТӨХК-аас гарсан 600 мм голчтой хос шугамаар Шинэ Яармаг хорооллын төлөвлөлтийн III, IV бүсийг дулааны эрчим хүчээр хангах боломжтой гэж Эрчим хүчний яам, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, ДЦС-4 ТӨХК, Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газруудаас санал гаргасан болно.

Иймд Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан. Нэхэмжлэгч нь Улаанбаатарын Дулааны V станц-ийг барих газар өөрчлөгдсөнтэй холбоотой дэд бүтцийн төлөвлөлтөд өөрчлөлт орж байгааг ойлгоогүй бололтой. Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад өөрчлөлт оруулах талаар 2014 оны 4 дүгээр сараас эхлэн Төслийн удирдах хороо болон ажпын хэсгийн түвшинд яригдаж байсан бөгөөд “Х” ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтанууд дээрх хуралд оролцож байсан. ХХХХын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт ХХХХ, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уг ажлыг нэгтгэн удирдана, мөн зүйлийн 7.2-т Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана гэж хуульчилсан.

Засгийн газар өөрт нь хуулиар олгосон дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тогтоол, шийдвэртээ хэдийд ч өөрчлөлт оруулж, төрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэнээс ч хараат бусаар явуулах бүрэн эрхтэй субъект. “Х” ХХК нь Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу улсын чанартай бүтээн байгуулалтын Шинэ Яармаг хорооллыг дулаанаар хангах дулааны шугам баригдах төлөвлөгөөг мэдэж байсан атлаа тухайн ажлыг хийх техникийн нөхцөлгүй, техникийн нөхцөлийн хугацаа дууссан, эрчим хүчний барилга байгууламж эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр Засгийн газраас эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцүүлэн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хууль бусаар дур мэдэн эхлүүлсэн ажлынхаа үр дагавар, зарцуулсан хөрөнгө, учрах эрсдэлээ бие даан хариуцах ёстой.

Иймд Засгийн газрын дээрх тогтоолын хавсралтыг өөрчлөх эсэх тухай асуудал нь Засгийн газрын хуулиар олгосон бүрэн эрх бөгөөд “Х” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй. “Х” ХХК нь тухайн үед Төслийн удирдах хороо болон холбогдох байгууллага албан тушаалтанд хуульд заасан хугацаанд дээрх үйл ажиллагаа хууль бус болсон талаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Засгийн газар өөрийн гаргасан тогтоолын хүрээнд хийж гүйцэтгэж байгаа ажлынхаа хууль ёсны эзэмшигч болохыг холбогдох тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрх олгосон тухай Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/1004 захирамж зэргээр нотлоод байна.

“Х” ХХК нь Иргэний хуулийн 89, 90, 92 дугаар зүйлд зааснаар юуг хэрхэн, яаж эзэмшиж байсан эсэх нь тодорхойгүй, “Х” ХХК-ийн 2008-2012 оны хооронд хийж гүйцэтгэсэн дулааны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугамын төлбөрийг Засгийн газар төлж худалдан авснаар төрийн өмч болсон бөгөөд энэхүү шугамын төгсгөлөөс дулааны шугам татах эсэх нь Засгийн газар, Эрчим хүчний яамны бүрэн эрхийн асуудал. “Х” ХХК нь 2008-2012 онд хийж гүйцэтгэсэн дулааны шугамыг ямар ч тендергүйгээр өөрийн хөрөнгөөр барьж байгуулаад, дараа нь Засгийн газарт 21 тэрбум төгрөгөөр худалдах замаар шилжүүлсэн.

Ийнхүү дур мэдэн тендерийн болон холбогдох хууль тогтоомжоос гадуур ямар нэг барилга байгууламж барьчихаад Засгийн газарт худалддаг аргаа энэ удаад ч хэрэглэхийг зорьж байхыг үгүйсгэхгүй бөгөөд бизнесийн буруу жишиг үүсгэх нөхцлийг бүрдүүлж байгааг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх хэрэгтэй. Цаашлаад Засгийн газрын 2014 оны 263 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдсан Яармаг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ хэсгийн 2 дахь ажил Шинэ яармаг хорооллыг дулаанаар хангах “Х”-гаас баруун тийш 2ф500-2ф300 мм-ийн голчтой дулааны шугам 2.5 км гэх ажлыг сонгон шалгаруулалтын ялагчаар тодорсон ХХХХ ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын төлөвлөгөө ёсоор энэхүү дулааны шугам 2014 оны 11 дүгээр сарын 15-нд ашиглалтад орж, уг шугамаас “Х” ХХК-ийн барьж буй орон сууцны хорооллын эхний ээлжийн барилгууд, Яармагийн I, II хэсэг орчимд гэр хорооллын дахин төлөвлөлт хийж буй компаниуд дулаан авах ёстой байсан. Гэтэл “Х” ХХК өөрийн эзэмшил болох Хүннү молл худалдааны төвийн авто зогсоол доогуур хийгдэх 250 метр дулааны шугамын барилга угсралтын ажлыг хийлгэлгүй, саад болж байсан тул энэхүү хууль бус үйлдлээ зогсоон газар чөлөөлж өгөхийг “Х” ХХК-д Дэд бүтэц-Эрчим хүч төслийн нэгж, төслийг гүйцэтгэгч компанийн зүгээс удаа дараа мэдэгдэж, Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн зөрчил арилгуулах тухай 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06/110/249 албан шаардлагыг хүргүүлж байсан.

Засгийн газрын 263 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ямар нэг байдлаар хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд аливаа хохирол учруулсан зүйл байхгүй. Мөн “Х” ХХК-ийн Хүннү молл зэрэг нийт 6 обьект Яармаг-нисэх чиглэлийн авто замын хойд хэсэгт байдаг бөгөөд тэдгээр обьектууд цахилгаан, дулааны эрчим хүчинд холбогдоход ямар нэгэн хязгаарлалт байхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:

ХХХХын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, ХХХХын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” 263 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Яармаг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ” хэсгийн 2 дахь жагсаалтын “Шинэ Яармаг хорооллыг дулаанаар хангах Хгаас баруун тийш 2ф5500-2ф300 мм-ийн голчтой дулааны шугам 2,5 км” гэснийг хүчингүй болгуулахыг хүссэн “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлээгүй, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж чадаагүй, хууль буруу хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болж чадсангүй.

1. Шийдвэрийн тогтоох хэсэгт ХХХХын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг үндэслэсэн. Гэтэл энэ хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн ХХХХын үйл ажиллагааны зарчим, чиг үүрэг, бүрэн эрх, бүтэц, бүрэлдэхүүн, ажлын зохион байгуулалт, түүнчлэн Засгийн газраас бусад байгууллагатай харилцан ажиллах журмыг тогтоож, зохицуулахад оршино” гэж хуулийн зорилго, зохицуулах харилцааг тодорхойлсон байна. Засгийн газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоон хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасан нь тухайн эмхлэн байгуулагдсан ээлжит “Засгийн газар” улсын аль салбар нь чухал хөгжүүлэх шаардлагатайг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэх бодлогыг боловсруулах бүрэн эрхийг гүйцэтгэх засаглалд олгосон хуулийн заалт юм.

Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд захиргааны шийдвэр хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу Иргэний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах, тухайлан хэлбэл зөрчигдсөн эрхээ сэргээхээр шаардлага нэхэмжлэл гаргасан. Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Яармаг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ” хэсгийн 2-т шинэ Яармаг хороолол хүртэл ф500-гийн 5.1 км дулааны гол шугамыг хонгилд барихаар зураг төслийн хамт 31.970 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Бид 118 дугаар тогтоолын ажлын төсөл сонгон шалгаруулалтад оролцсон боловч өөр хуулийн этгээд хийж гүйцэтгэхээр шалгарсан. Энэхүү 5.1 км шугамын ажил тус компанийн Яармаг-нисэх чиглэлийн авто замын урдуур гадна дулааны 2хф530 мм-ын голчтой 1.32 км урт шугамын ажилтай ямар ч давхардалгүй, Яармагын дэнжийн зүүн баруун талаар хоёр өөр чиглэлд, хоёр өөр зорилгоор буюу манай эрх ашигт нөлөөлж хөндөхгүй байдлаар хийгдэхээр байсан.

Гэвч Засгийн газрын 2014 оны “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” 263 дугаар тогтоолоор дээрх 118 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахдаа Төсөл арга, хэмжээ байгууламжийн хүчин чадал, байршлыг бүхэлд нь өөрчлөөд 2.5 км дулааны шугамыг тус компанийн барьж буй шугамтай зэрэгцүүлэн авто замын хойд талаар ижил сувагчлал, адил хүчин чадалтай, нэг эх үүсвэрээр барихаар шийдвэрлэсэн. Ингэж ажил бүхэлдээ өөрчлөгдсөн байхад төсөв, зургийг шинэчлэн батлалгүйгээр экспертиз дүгнэлт гаргалгүйгээр үнийн дүнг нь огт өөрчлөлгүй батлагдсан байдаг. Бид маргаан бүхий Засгийн газрын 263 дугаар тогтоол нь хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндсөн учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас бус Засгийн газрын эдийн засгийн тэргүүлэх салбараа тодорхойлж, бодлого боловсруулах бүрэн эрхийг үгүйсгэж шаардлага гаргасан мэт үзэж шүүх шийдвэрлэсэн.

2. Мөн шүүх “Х” ХХК тухайн ажлын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн, зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргуулсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ боловсруулж батлуулсан, ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан эсэх ач холбогдол үзүүлэхгүй юм” гэж үзээд Учир нь Х ХХК урьд өмнө гүйцэтгэсэн байгууламжаа Засгийн газарт 21 тэрбум төгрөгийн үнээр өгсний дараа тухайн ажлыг гүйцэтгэж эхэлсэн ба ажлын үр дүн, үр дагаварын талаар Засгийн газар болон түүнээс эрх олгосон салбарын байгууллагатай хэлэлцэн тохиролцоогүйн зэрэгцээ энэ талаар зохигчид маргаагүй гэж дүгнэжээ.

“Х” ХХК 2008-2012 онд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн дэд бүтцийн цогц байгууламжийг ашиглалтад, улсад хүлээлгэж өгсний дараа талууд төлбөр үнийг тохиролцон харилцан шилжүүлсэн. Харилцаа үүгээр дуусгавар болж “Х” ХХК дараагийн ажлыг Засгийн газар болон түүнээс эрх олгосон салбарын буюу Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Байгаль орчны яам, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК зэрэг байгууллагуудаас холбогдох техникийн нөхцөл, зөвшөөрөл, дүгнэлт, баталгаажуулалтыг авч 1.3 км дулааны шугамын ажлыг эхлүүлсэн. Шүүх ямар баримтыг үндэслэн цаг хугацаа, агуулга зорилгоороо хоёр тусдаа өөр ажлыг нэгтгэн ойлгож үр дүн, үр дагаврын талаар эрх олгосон салбар байгууллагатай нэхэмжлэгчийг хэлэлцэн тохиролцоогүй гэж үзэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй буруу дүгнэлт болсон байна.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий тогтоолын хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан. Энэ нь тогтоолыг гаргах явцад Засгийн газраас эрх олгосон салбарын болон мэргэжлийн байгууллагын санал дүгнэлт байр суурийг тодорхой болгох ач холбогдолтой байсан. Учир нь дээр дурдсан төрийн болон мэргэжлийн эрх бүхий байгууллагууд өөрийн эрх мэдлийн хүрээнд “Х” ХХК-ийн хийж гүйцэтгэж буй 1.3 км дулааны шугамын ажилд гарган өгсөн зөвшөөрөл, техникийн нөхцөл, дүгнэлт хүчингүй болоход хуулийн этгээдийн эрх ашиг хөндсөн тохиолдолд авах шийдвэрлэх арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагын хувьд санал дүгнэлт тусгагдсан байх байсан. Гэтэл шүүх маргаан бүхий тогтоолтой шууд хамааралтай нотолгооны ач холбогдол бүхий хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодиттой үнэн зөв хуульд үндэслэсэн байх зарчимд нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэсэн боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч ХХХХт холбогдуулан 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” 263 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Яармаг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ”, хэсгийн 2 дахь жагсаалтын “Шинэ Яармаг хорооллыг дулаанаар хангах “Х”-аас баруун тийш 2ф500-2ф300 мм-ийн голчтой дулааны шугам 2.5 км” гэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тус компани холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч, өөрийн зардлаар шугам хоолойн ажлыг гүйцэтгэж байтал уг тогтоол гарснаас компанийн хийсэн ажлыг зогсоож, санхүүгийн хувьд их хэмжээний хохирол учирсан гэж тодорхойлсон байна.

 

Хариуцагч ХХХХ дээрх шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ уг тогтоолын хавсралтыг өөрчлөх эсэх нь Засгийн газрын хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн зүйлгүй гэж тайлбарлан маргажээ.

 

ХХХХаас 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоолыг баталж, уг тогтоолын 1 дүгээр хавсралтын “Яармаг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ” хэсгийн 2 дахь жагсаалтад “Шинэ яармаг хороолол хүртэл ф500-ын 5.1 км дулааны гол шугамыг хонгилд барих, 7 ш ус, дулаан дамжуулах төвийн зураг төсөл, барилга угсралтын ажил”-ыг тусгасан байна.

/хэргийн 1 дүгээр хавтас 42-46 дугаар тал/

 

ХХХХ 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” 263 дугаар тогтоолоор дээрх 118 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Яармаг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ” хэсгийн 2 дахь жагсаалтад “Шинэ Яармаг хорооллыг дулаанаар хангах “Х”-аас баруун тийш 2ф500-2ф300 мм-ийн голчтой дулааны шугам 2,5 км...” гэсэн өөрчлөлтийг оруулсан, энэ нь “Улаанбаатарын дулааны V станц”-ыг барих газрын байршил өөрчлөгдсөнтэй холбоотой байсан үйл баримтын талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

/хэргийн 1 дүгээр хавтас 36-41 дүгээр тал/

 

Харин энэхүү өөрчлөлт нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэж байсан Яармаг-нисэх чиглэлийн авто замын урдуур гадна дулааны 2хф530 мм-ын голчтой 1.32 км урт шугамын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болгосон гэх үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, Засгийн Газрын 2014 оны 263 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын холбогдох хэсгийн өөрчлөлт нь тус компанийн гүйцэтгэж байсан ажил зогсоход нөлөөлсөн буюу шалтгаант холбоотой гэж үзэхээргүй байна.

 

Хариуцагч ХХХХ тухайн цаг хугацаанд, дэд бүтцийн өөрчлөлтөд үүссэн тодорхой нөхцөл байдлын улмаас өөрийн гаргасан тогтоолд өөрчлөлт оруулсан нь ХХХХын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалттай нийцсэн бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эрхийг зөрчсөн, үүнээс шалтгаалж санхүүгийн хувьд хохирол учруулсан гэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр зөв гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгчийн хувьд дээрх тогтоол нь хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэлээр зөрчигдсөн эрхээ сэргээх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалт буюу Засгийн газраас бодлого боловсруулж хэрэгжүүлэх эрхийг зохицуулсан заалтыг хэрэглэсэн нь буруу байна.

 

Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/02239 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ХХХХын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...” гэснийг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА