Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0145

 

 

 

 

“Кжкэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Кжкэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0019 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Кжкэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Кжкэ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...” гэж заасныг, 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг тус тус үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгч 368 734 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байдаг ба түүнчлэн 2015 оны газрын төлбөрийг огт төлөөгүй юм. Мөн тухайн газраа одоог болтол зориулалтын дагуу ашиглаагүй зөвхөн 2015 оны 12 дугаар сард “Х х” ХХК-тай барилгын эскиз зургийн ажил гүйцэтгэх гэрээл хийжээ. Гэтэл шүүх газрын төлбөрөө төлсөн, газартаа үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нотлох зарчим, 11 дүгээр зүйлд заасан хууль хэрэглэх зарчим, 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх зохицуулалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 9.2-т “...Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно...” гэж заасныг болон Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Мөн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар тогтоолыг Улсын дээд шүүх 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шийдвэрлэхдээ газрын төлбөр, түүний хэмжээ, газрын төлбөрийг төлөх эсэх дээр дүгнэлт хийж шийдвэрлээгүй бөгөөд харин Хууль зүйн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгасан байдаг. Харин анхан шатны шүүх үүнийг газрын төлбөртэй холбож шууд дүгнэлт хийж байгаа нь шүүх зөвхөн хууль хэрэглэнэ гэх хууль зүйн зарчмыг зөрчсөн байна.

Иймд хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, хуулийн зарчмуудыг зөрчсөн, нотлох баримтыг дутуу, хэт нэг талыг баримталж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааныг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Кжкэ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Кжкэ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нь улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2014/70 дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газарт байршилтай “Т а” нэртэй газарт 10.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон бөгөөд мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Кжкэ” ХХК, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гурван талт 2014/03 дугаар гэрээг байгуулжээ.

Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, мөн газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Кжкэ” ХХК-ийн дээрх улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газар ашиглах гурвалсан гэрээг цуцалсан нь холбогдох хуулийн заалттай нийцээгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх, үүргийг тодорхойлж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д эрх бүхий албан тушаалтан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гурван талт гэрээнд заасан аялал жуулчлалын зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, мөн газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч “Кжкэ” ХХК нь “Энжой ресорт” аялал жуулчлалын цогцолбор бааз барихаар “Х х” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх” 15/12 дугаар гэрээг байгуулсан, барилгын эскиз зургийг хийлгэсэн баримтууд хэрэгт авагдсан, мөн газрын төлбөрөө төлж байсан болох нь Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Дээрх байдлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2 жил дараалан газраа ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...” гэх гомдол нь үгүйсгэгдэж байна.

Иймд эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул “хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, хуулийн зарчмуудыг зөрчсөн, нотлох баримтыг дутуу, хэт нэг талыг баримталж дүгнэсэн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР