Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00287

 

Г.Г*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/03610 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Г*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 80,736,498 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т*******, Х.Ш*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2012 оны 3 дугаар сараас хойш "******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд хэд хэдэн удаа хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн. Сүүлд 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр "Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, нууцын ажилтан албан тушаалд 02 зэрэглэл, 1-3 шатлал бүхий үндсэн цалинтай томилогдож, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан.

1.2. ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/93 тоот Б.Г*******ийг ажилд шилжүүлэн томилох тухай тушаалаар намайг үндсэн эрхэлж байсан албан тушаалаас өөр ажилд шилжүүлсэн.

1.3. Дээрх тушаалаа компани бүтцийн өөрчлөлт хийж, захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр хасагдсан, байхгүй болсон учир "Сургалт, хөгжил хариуцсан мэргэжилтэн-ээр томилсон гэж үндэслэлээ тайлбарладаг.

Компанийн шинэ бүтцээр Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажил хэвээр хадгалагдаж байсан. Өөрөөр хэлбэл өмнө эрхэлж байсан албан тушаал шинэ бүтцийн өөрчлөлтөөр хэвээр хадгалагдаж байхад ахлах мэргэжилтнээс мэргэжилтэн болгож албан тушаалын зэрэглэл, чиг үүрэг, цалинг бууруулсан нь үндэслэлгүй.

1.4. "******* ХХК нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн оршин суугаа Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч тус дүүрэгт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй гэж хариу өгсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүхэд хандаж байна.

1.5. Үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлэх талаар огт мэдэгдээгүй бөгөөд ахлах мэргэжилтний ямар нэгэн сонгон шалгаруулалт мөн адил хийгдээгүй. Иймд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 80,736,498 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. "******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 21 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар тушаалаар компанийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Захиргаа, хүний нөөцийн газар нь Захиргааны хэлтэс, Хүний нөөцийн хэлтэс гэж хуваагдаж Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн гэх ажлын байр байхгүй болсон.

2.2. Тухайн ажлын байр компанийн бүтэц, орон тоонд байхгүй болсон тул нэхэмжлэгчид Хүний нөөцийн хэлтсийн Сургалт, хөгжил хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байранд шилжүүлэх болсон тухайгаа 2022 оны 6 дугаар сарын 08-ны үед мэдэгдсэн боловч Г.Г*******ийн зүгээс орон тооны цомхотголд оруулж 10 сарын тэтгэмж өгөхийг хүссэн. Компанийн зүгээс Г.Г*******ийн хүссэн 10 сарын тэтгэмжийг өгөх боломжгүй тухай мэдэгдэж, Хүний нөөцийн хэлтэст сургалт, хөгжил хариуцсан мэргэжилтний орон тоо байгаа, тухайн ажлын байранд ажиллахыг санал болгосон.

2.3. Дээрх саналд Г.Г******* хариу өгөлгүй байсаар 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлэх болсон. Ингээд 7 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ирэхдээ ажлаас халах тушаалаа өг гэж нэхсэн бөгөөд ажил олгогчийн зүгээс Хүний нөөцийн хэлтэст орон тоо байгаа тул дээрх орон тоонд ажиллах талаар хэлж ажилд шилжүүлэн томилсон. Энэ тушаалыг авмагц ажиллахгүй гэж ажлаа 2022 оны 7 дугаар сараас эхлэн өнөөг хүртэл орхин явсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт ажил үүрэг гүйцэтгэхээс татгалзах шалтгаануудыг дурдсан бөгөөд Г.Г*******ийн үйлдэл нь энэ үндэслэлд орохгүй.

2.4. Г.Г******* өмнө ажиллаж байсан чиг үүрэгтэй холбоотой ажлын мэдээ, мэдээлэл, бичиг баримтыг гарган өгөх талаар хэд хэдэн удаа шаардсан ч гаргаж өгөөгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа билээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г*******ийг урьд эрхэлж байсан Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний буюу одоогийн бүтэц, орон тооны Хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буурсан цалин хөлсний зөрүү 36,112,976 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,623,522 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г*******ийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 338,514 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс "... нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн заалтыг барьсан байх боловч шилжүүлж томилох тухай нэхэмжлэгчтэй ярьж тохиролцсон талаар баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч ярилцаж тохиролцоогүй гэх тайлбарыг өгдөг, хариуцагч үүнд маргаагүй тул уг тушаалын баримталсан заалт, хэргийн үйл баримттай таарахгүй байгаа нь тогтоогдож байна....түүнийг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн үйл баримт болжээ" гэж зөв дүгнэсэн атлаа ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцохдоо "нэхэмжлэгч Г.Г******* нь тус ажлын байранд ажиллахгүй гэж шийдээд, албан үүргээ гүйцэтгээгүй нь түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, ажилгүй байсантай адилаар тооцож, нийт ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг бүтэн олгох үндэслэл болохгүй" гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь заалтыг буруу тайлбарлан, урьд эрхэлж байсан ажлын цалин олговроос шилжүүлэн томилсон ажлын цалин олговрыг хасаж, зөрүүг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэг нь өмнөх 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.11 дэх хэсэгт заасан зохицуулалттай ижил агуулгатай. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтныг өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлж, улмаар ажилтны цалин хөлс буурсан байвал түүнийг буруу шилжүүлээгүй байсан тохиолдолд авах байсан цалинг нь нөхөж, урьд эрхэлж байсан ажлын цалинтай тэнцүүлэх зорилгоор цалингийн зөрүү олгох тухай заалт юм.

4.2. Нэхэмжлэгч Г.Г******* нь үндэслэлгүйгээр шилжүүлж буй ажлын байранд ажил олгогчтой тохиролцож ажиллаагүй, мөн цалин хөлс аваагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Иймд шилжүүлсэн албан тушаалд ажиллаагүй, шилжүүлсэн албан тушаалаас ямар нэгэн цалин хөлс аваагүй учир цалин хөлсний зөрүүг 0 төгрөг гэж үзэж урьд эрхэлж байсан албан тушаалын дундаж цалин хөлсийг гаргуулах үндэслэлтэй.

4.3. Шүүхээс нэхэмжлэгч Г.Г*******ийг "тус ажлын байранд ажиллахгүй гэж шийдээд, албан үүргээ гүйцэтгээгүй нь түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, ажилгүй байсантай адилаар тооцож, нийт ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг бүтэн олгох үндэслэл болохгүй" гэж дүгнэсэн нь хөдөлмөрийн харилцааны "албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох" суурь зарчим, Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэхийг хориглоно" гэж заасантай нийцэхгүй.

Учир нь, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан, ажил олгогч нарын хоорондын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгох байтал хариуцагч "*******" ХХК нь нэхэмжлэгч Г.Г*******той харилцан тохиролцолгүй, энэ тухай бичгээр мэдэгдэлгүйгээр тушаал гаргаж өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, тухайн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс тохиролцоогүй.

Шүүхээс ийнхүү дүгнэж буй нь хариуцагч "*******" ХХК-ийн буюу нэг талын санаачилгаар, нэхэмжлэгчийн хүсэл зоригийн эсрэг ажил эрхлүүлэх тушаал гаргасныг хүлээн зөвшөөрч, түүний дагуу нэхэмжлэгч нь ажиллаж, цалин авах ёстой байсан гэж дүгнэж буй хэрэг юм.

4.4. Анхан шатны шүүхээс ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн гэж зөв дүгнэн, ажилд нь эгүүлэн тогтоосон атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т заасныг буруу тайлбарлан ажиллаагүй албан тушаалын цалин хөлсний зөрүүг ажилласан мэтээр тооцож олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ажилд буруу шилжүүлсэнтэй холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэж нэхэмжлэл гаргасан. Буруу ажилд шилжүүлсэн тохиолдолд цалин хөлсний зөрүүг гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2 дахь хэсэгт зохицуулалтуудыг хариуцагч талаас тайлбарласан.

5.2. Мөн нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт заасныг баримталсан. Уг хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн гэж үзсэн тохиолдолд цалингийн зөрүү гаргуулах зохицуулалттай.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэлийн дагуу үнэлээгүй тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т ...Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн+нууцын ажилтны орон тоо хасагдаж, байхгүй болсон мэтээр харагдаж байх боловч хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор хийж гүйцэтгэж байгаа ажил нь нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил албатай ижил болох нь "*******" ХХК-ийн 2020 оны А/110 тоот тушаалаар баталсан бүтцийн нэгжүүдийн ажил үүргийн хуваариар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ажил, албан тушаал нэршлийн хувьд өөрчлөгдсөн боловч агуулга, орон тоо бүр мөсөн хасагдаж, алга болоогүй болох нь тогтоогдож байна..." гэжээ.

Хэрэгт авагдсан "Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн" гэх ажлын байрны тодорхойлолт, Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн" гэх ажлын байрны тодорхойлолтууд нь зарим нэг төсөөтэй чиг үүрэг байгаа ч бүхэлдээ тухайн ажлын байр шилжээгүй байгааг дүгнээгүй нотлох баримтыг бүрэн, бодитойгоор харьцуулан судалсны үндсэн дээр үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлээгүй.

6.2. ******* ХХК болон "*******" ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний 5.2-т заасан үндэслэлийг буруу тайлбарласан.

Хамтын гэрээний 5.2-т "Компанийн хэмжээнд сул байгаа орон тооны хүний нөөцийн хангалтыг хийхдээ мэргэжил, ур чадвар, ажлын байрны шаардлагыг хангасан, компанитай хөдөлмөрийн гэрээтэй ажилтан байгаа тохиолдолд тэргүүн ээлжид түүнийг авахыг урьтал болгоно" гэх заалтын агуулга болон томьёоллын зорилго нь сул байгаа орон тоонд хөдөлмөрийн гэрээтэй ажилтанд давуу байдал олгох боломжтой заалт байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүхээс тогтоосон үйл баримт нь нэхэмжлэгч Г.Г*******ийг "Сургалт хөгжил хариуцсан мэргэжилтэн" орон тоонд шилжүүлснээр дээрх хамтын гэрээний 5.2 дахь заалтад заагдсан хөдөлмөрийн гэрээтэй ажилтанд давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлтэй. Мөн энэхүү заалтаар ажил олгогчид үүрэг бий болоогүй буюу тухайн сул орон тоонд заавал хөдөлмөрийн гэрээтэй ажилтныг авах тухай дурдаагүй байхад шүүхээс өөр байдлаар тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2023/03610 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг тухайн ажлыг үргэлжлүүлэн хийх боломжтой байсан гэж тайлбарладаг боловч Хөдөлмөрийн тухай хуульд ажилтныг албадан хөдөлмөрлүүлэхийг хориглоно гэж зохицуулсан.

7.2. Г.Г*******ийн ажлыг шилжүүлэн томилсон тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны үндсэн дээр гэх зохицуулалтыг баримталж, ажилтныг өөр албан тушаалд шилжүүлсэн. Талууд хоорондоо харилцан тохиролцсон зүйл байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу шүүхэд хандсан.

7.3. Мөн хамтын гэрээний 5.2-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээтэй ажилтнуудыг тухайн сул орон тоон дээр томилохыг урьтал болгоно гэж заасан нь үүрэг хүлээсэн зүйл биш гэж үзэж байна. Г.Г*******ийг сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжүүлж, түүний өмнөх зэрэглэл, цалин хөлснөөс доогуур албан тушаалд томилсон нь хууль зүйн үндэслэлгүй. Шинэ бүтцээр ажлын байр хэвээр байгаа бөгөөд байгууллагад ажиллаж байсан албан тушаалтнуудаас тэргүүн ээлжинд томилох үүргээ биелүүлээгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.Г******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 80,736,498 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэний орон тоо хасагдсан тул Г.Г*******ийг сул орон тоонд шилжүүлэн томилсон гэж маргажээ.

 3. Г.Г******* нь ******* ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тус компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтэст захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн /+нууцын ажилтан/-ээр ажиллаж байсан. /хх-6-7 дугаар тал/

 4. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, ******* ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.7.3, 7.7.8, 7.7.11, Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоол, Гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар тушаал, хөдөлмөрийн дотоод журмын 5.1 дэх хэсгийн заалтыг баримтлан Г.Г*******ийн захиргаа, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаал шинэ бүтцээр байхгүй болсон үндэслэлээр Хүний нөөцийн хэлтэст Сургалт, хөгжил хариуцсан мэргэжилтнээр томилжээ. /хх-ийн 5 дугаар тал/

 5. ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан байна. Уг тушаалаар захиргааны хэлтэс, хүний нөөцийн хэлтэс гэж хоёр тусдаа нэгж байгуулж, Хүний нөөцийн хэлтэст: хэлтсийн дарга-1, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн-1, сургалт, хөгжил хариуцсан мэргэжилтэн-1, хүний нөөцийн мэргэжилтэн-1 нийт 4 орон тоотой, Захиргааны хэлтэст: хэлтсийн дарга-1, захиргаа хариуцсан мэргэжилтэн-2, нарийн бичгийн дарга-1, архив, бичиг хэргийн мэргэжилтэн-1 нийт 5 орон тоотой байхаар тус тус тогтоожээ. /хх-ийн 39-46 дугаар тал/

 6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

Хуулийн дээрх зохицуулалтын ажлын байр хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно. 

Хэрэгт авагдсан ажлын байрнуудын тодорхойлолт, ажлын байрны зэрэглэл, цалингийн шатлал тогтоосон баримтуудыг харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажлын зарим чиг үүрэг нь хариуцагч байгууллагын шинэ бүтцээр Хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажлын чиг үүрэгт хадгалагдаж байх ба уг ажлын байр нь өмнөх ажлын байр, албан тушаалтай цалингийн шатлал, ажлын байранд тавигдах шаардлага, чиг үүргийн хувьд ижил түвшинд хамаарч байна. Иймд нэхэмжлэгчийн ажлын байрыг байгууллагын зохион байгуулалтын бүтцээс бодитоор хасагдсан гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

Дээрх үндэслэлээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэлийн дагуу үнэлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хариуцагч байгууллага зөрчсөн талаар зөв дүгнэсэн боловч үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн гэж алдаатай дүгнэлт хийсэн, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2 дахь хэсгийг давхар баримталсан нь оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

7.1. ******* ХХК нь нэхэмжлэгчийн ажлын байрыг байхгүй болсон үндэслэлээр түүнийг өөр ажилд томилж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан өөр ажилд шилжүүлэх үндэслэлд хамаарахгүй, харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажлын байр байхгүй болсон гэж үндэслэлгүй цуцласан.

Иймд ажил олгогчийн дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэх бөгөөд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар ажилд нь эгүүлэн тогтоох үр дагавар үүсэх бөгөөд шүүх нэхэмжлэгчийг шинэ бүтцээр Хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7.2. Нэгэнт нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан учраас ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан үеийн олговрыг зохицуулсан. Хуулийн энэ зохицуулалтад зааснаар олговрыг тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдана.

7.3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 242,149 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажлын 331 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 80,151,319 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 585,179 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

8. Нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан эсэхээс үл хамааран хариуцагч байгууллагад нэхэмжлэгчид санал болгох сул ажлын байр байгаа бол талууд тохиролцон шийдвэрлэх эрхтэй. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар талууд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тэдний хооронд хөдөлмөр эрхлэлтийн шинэ харилцаа үүсэх үндэслэл болно. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хамтын гэрээг буруу тайлбарласан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж буйтай холбогдуулан шийдвэрийн тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/03610 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г*******ийг ******* ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн буюу одоогийн бүтцээр Хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 80,151,319 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Г.Г*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 585,179 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 558,707 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, улсын орлогоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Г*******т буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,068 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,514 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Т.ГАНДИЙМАА