Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 185

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Э.Бадрал,

  шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б.Ж-д холбогдох эрүүгийн 1811033530022 дугаартай хэргийг 2019 оны 01 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Б.Ж, 1995 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилга засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 2 дугаар баг, Эмт 7 дугаар гудамжны 79 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЙЮ95101213.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Ард кино театрын орчим хохирогч Д.Отгонсүхийн 4729 УНН улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинд гээсэн 1.700.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 8 плас загварын гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Дахин хэрэг үйлдэхгүй, маш их харамсаж, гэм буруугаа ойлгож байна. Эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Отгонсүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хамгийн эхэнд санаж байгаа зүйл бол хорооллын Винсвэйгийн караоке дотор архи уугаад сууж байсан. Тэгээд нэг мэдэхэд таксин дотор ганцаараа явж байснаа бүүр түүрхэн санаж байгаа. Бас мөнгөө төл гэхээр нь дүүгийнхээ картыг өгөөд пин кодыг нь хэлээд энэ картыг АТМ-д уншуулаад авчих гэж хэлснээ санаж байна. Бас тэр үед жолоочийн хажууд нэг хүн сууж байсныг ямар ч байсан санаж байна. Тэгээд нэг сэрэхэд Ард кино театрын орчим халаасандаа гараа хийчихсэн гудамжинд зогсож байсан. Ийм л үйл явдлыг санаж байна. Хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн асуудал байхгүй ээ...” гэжээ /хх 35-36/.

           Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/, эд зүйлийн үнэлгээ /хх-20/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Ард кино театрын орчим хохирогч Д.Отгонсүхийн 4729 УНН улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинд гээсэн 1.700.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 8 плас загварын гар утсыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Отгонсүхийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Жгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Б.Жг бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Ингэхдээ шүүгдэгч Б.Жгийн цалин, орлого олох боломж болон хувийн байдлыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Б.Жгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.700.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Отгонсүхэд олгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг завшиж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд 450 /дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Жгээс нийт 1.700.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Отгонсүхэд олгосугай.

6. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН