Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00288

 

Б.О*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/03471 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.О*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 32,188,774 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ш*******, Ө.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б.О******* нь ******* ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, өгөгдлийн шинжээч ажлын байранд ажиллаж байсан.

1.2. 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Б/06 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1, 80.1.1, 82.1.2 дахь заалтыг үндэслэн компанийн зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан өгөгдлийн шинжээч ажлын байр хасагдсан гэж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон.

1.3. ******* ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй нөгөө талаар компанийн үйл ажиллагаа мэдээллийн технологи дээр суурилж явагддаг тул ажлын байрны чиг үүрэг бүхэлдээ хасагдах боломжгүй. Иймд Б.О*******гийн ажиллаж байсан өгөгдлийн шинжээчийн ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, зөвхөн ажлын байрны нэршил өөрчлөгдсөн. Хариуцагчийн ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтоос харвал системийн инженер гэсэн нэршилтэй болсон, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажлын байрны чиг үүрэг тэр чигтээ орсон байна.

1.4. Ажил олгогчийн зүгээс ажлын байр хэрхэн хасагдсан талаарх үндэслэл бүхий тайлбар, тушаал шийдвэрийг танилцуулж, тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл миний ажиллаж байсан чиг үүрэг бүхэлдээ хасагдсан уу, өөр ажлын байртай нэгтгэгдсэн үү зэрэг нөхцөл байдлуудыг тодорхойлох боломжийг олгохгүйгээр шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

1.5. Хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл хуульд нийцээгүй, сонгон шалгаруулалтад оролцоогүй эсхүл тэнцээгүй тохиолдолд гэрээг дуусгавар болгох гэж тусгасан.

1.6. Тус байгууллага 70 орон тоотой байсныг 91 болгож нэмэгдүүлсэн хэрнээ ажилтнуудыг бөөнөөр халах үйл явц болсон. Хөдөлмөрийн тухай хуулиар бөөнөөр халах тохиолдолд хэд хэдэн зүйлээр хэлцэл хийх, санал болгох үүргийг заасан. Шинээр ажлын байр бий болгосон атлаа өөр ажил санал болгох, бусад асуудлаар харилцан зөвшилцсөн, санал болгосон зүйлгүй. Мөн Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтэс нийтдээ 5 орон тоотой байсныг сүүлийн бүтцээр олон нийттэй харилцах хэлтсийг бүхэлд нь тусдаа гаргаад үлдэх 4 орон тоо нь хэвээр байгаа.

1.7. Иймд хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгосон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгон, шинэ нэршлээр системийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 32,188,774 төгрөг гаргуулж, холбогдох шимтгэл, татварыг нөхөн төлүүлж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор ******* ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан. Дээрх тогтоолуудад үндэслэн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт-ыг шинэчлэн баталсан ба Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтсийн чиг үүрэг өөрчлөгдөж, улмаар өгөгдлийн шинжээчийн ажлын байрны орон тоо хасагдсан.

2.2. Ажил олгогч Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, тодорхой шалтгааны улмаас зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

2.3. Орон тоо хасагдсан тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Б.О*******д 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/938 тоот албан бичгээр 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Тус мэдэгдэлд Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлттэй, ил тод болгох ажлын хүрээнд ******* ХХК-ийн нийт 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болсон тул нээлттэй зарласан ажлын байрнуудаас тавигдах шаардлагыг хангаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжийн талаар дурдсан байдаг.

2.4. Ажлын байр хасагдсан ч Б.О******* тус компаниас нээлттэй зарлагдсан өөр ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан боловч оролцоогүй. Мөн тэрээр хүлээн зөвшөөрч 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авахаар ажил олгогчтой харилцан тохиролцож түүнд гурван сарын тэтгэмжийг олгосон. Нэхэмжлэгч тус байгууллагад 6 сарын хугацаагаар ажилласан тул хуулийн дагуу нэг сарын тэтгэмж авах байсан. Гэвч өөрөө харилцан тохиролцсон тул гурван сараар тэтгэмжийг нэмэгдүүлж олгохоор тусгаж, гэрээг хийсэн. Энэ гэрээ талууд хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хүчин төгөлдөр хэлцэл.

2.5. ******* төслийн хүрээнд ******* ХХК дээр бүх өгөгдлийн санг үүсгэж, дата боловсруулах ажлыг Б.О******* хийж байсан бөгөөд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр эдгээр ажлыг охин болон хараат компаниуд өөрсдөө хийхээр болж, хариуцагч байгууллагад энэ ажлын байр шаардлагагүй болсон. Системийн инженер нь байгууллагын программ хангамж, компьютер, техникийн ажлыг хариуцдаг бөгөөд нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан өгөгдлийн шинжээч-ийн чиг үүргээс өөр ажил. Иймд өгөгдлийн шинжээчийн чиг үүрэг бүхий орон тоо манай компанид байхгүй.

2.6. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, тэтгэмжийг хуульд заасны дагуу олгосон тул Б.О*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ******* ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 32,188,774 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.О*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн тул төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Б/06 тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1. 80.1.1, 82.1.2 дахь заалтыг үндэслэл болгон компанийн бүтэц зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан өгөгдлийн шинжээч Б.О*******гийн ажлын байр хасагдсан гэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Энэхүү харилцааг дуусгавар болгох тухай мэдэгдлээ Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хүргүүлээгүй.

4.2. Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үйл явц Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан бөөнөөр халах үеийн зохицуулалт боловч тухайн журмын дагуу чиг үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй.

4.3. Ажлын байрны нэршил өөрчлөгдсөнөөс чиг үүрэг нь хэвээр байгаа, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал нь хуулийн шаардлагыг хангаагүй гэж маргасан. Гэтэл шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан болох нь гарын үсэг болон түүнийг хүлээн авсан тухай нэхэмжлэгч маргаагүй. Мэдэгдэх гэдэг нь Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах тухайгаа ажил олгогч ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулна гэж тайлбарласан,.... мэдэгдэл агуулгын хувьд нийцээгүй ч нэгэнт захиргаа өөрийн санаачлагаар гэрээ цуцлах гэж байгаагаа хуульд заасан хугацааны өмнө хэлбэрийн хувьд бичгээр мэдэгдсэн байхад хангалттай гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан аль үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тухай мэдэгдлээ 30 хоногийн өмнө ажилтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн үйл баримт юм.

4.4. Нэхэмжлэгчид 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн 01/938 тоот мэдэгдэлд ажлын байр хасагдсан гэж дурдаагүй, чиг үүрэг өөрчлөгдсөн гэж дурдсан нь 80.1.1-т заасан үндэслэл бий болоогүйг тодорхой харуулж байна. Нөгөөтэйгүүр 80.1.2-т заасан үндэслэлээр дуусгавар болгох гэж байгаа бол тухайн тодорхой ажлын байран дээр мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсоны дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл бий болно. Тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тухай баримт байдаггүй, мөн ажилтанд мэргэжил ур чадвараа дээшлүүлэхийг шаардсаар атал түүнийг биелүүлээгүй талаар ч баримт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэл бий болоогүй байхад шууд сонгон шалгаруулалтанд орохыг шаардсан мэдэгдэл нь хууль зөрчсөн, ажилтны эрх ашгийг шууд хөндсөн.

4.5. Ажил олгогч ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн, тухайн ажилтан мэргэжил, ур чадвар, гүйцэтгэлийн хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэдэг үндэслэлүүдийн аль үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох гэж байгаа нь тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтыг хангаагүй гэж үзэх нөхцөл байдал бий болсон байтал шүүхээс зөвхөн хэлбэрийн шаардлагаар хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж дүгнэж хуулийг буруу тайлбарласан, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж гаргасан мэдэгдлийг хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

4.6. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халсаныг Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан бөөнөөр халах үйл явц мөн болохыг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл ажил олгогч нь Хөдөлмөрийн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3-т заасан үүргээ биелүүлсэн болохоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлоогүй, хэлэлцээр хийсэн талаар баримт байхгүй. Нэхэмжлэгчид хүргүүлсэн ажил олгогчийн мэдэгдэлд зөвхөн сонгон шалгаруулалтанд оролцох тухай дурдсан. Гэтэл үүнийг нэхэмжлэгч нээлттэй сонгон шалгаруулалтад оролцоогүй үйл баримтад маргаагүй тул шинээр бий болсон өөр ажлын байр санал болгоогүй тухай тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж хуулийг илт буруу хэрэглэсэн. Учир нь хэлэлцээр хийх үүргээ ажил олгогч гүйцэтгээгүй болохыг шүүх дүгнээгүй, мөн ажлаас халах мэдэгдэл хүргүүлэх үедээ сонгон шалгаруулалтанд ороорой гэсэн мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-т заасан Ажил олгогч бөөнөөр халснаас хойш нэг жилийн дотор шинээр бий болсон, эсхүл нэмэгдсэн ажлын байранд энэ хуулийн 81.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь цуцлагдсан хүн тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд түүний хүсэлтээр эхний ээлжид авч ажиллуулна" гэсэн үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Шүүх тус хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.7. Нотлох баримтыг дутуу буруу үнэлсэн тухайд: Ажил олгогч нь бөөнөөр халах үеийн зохицуулалтын дахин нэг журмыг зөрчсөн. Хариуцагч 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01/13 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс болон Монголын үйлдвэрчний эвлэлд "жагсаалтанд дурдсан 47 ажилтныг хөдөлмөрийг гэрээг цуцлах" мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6-т бөөнөөр халах шийдвэр гаргасан өдрөөсөө хойш 30 хоногийн дотор харьяа байгууллагад бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж зохицуулсан. Б.О*******г 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд үүнээс хойш ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6-т заасан үүргээ биелүүлж мэдэгдэл хүргүүлсэн нотлох баримт байдаггүй. Гэтэл шүүхээс тус мэдэгдлийг бөөнөөр халах үеийн зохицуулалт хамаарч байдаг гэх байдлаар нотлох баримтыг буруу үнэлсэн.

4.8. Ажлын байр хасагдсан гэдэг үндэслэлээр 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаал гаргасан. Гэтэл өгөгдлийн шинжээч-ийн ажлын байрны чиг үүрэг нь нэршлийн хувьд системийн инженер болж өөрчлөгдөн тухайн ажлын байрны тодорхой чиг үүргүүд тусгагдсан талаар ажлын байрны зорилго тус бүрээр шүүх хуралдааны явцад тайлбарлан өгч харьцуулалт хийсэн атал шүүгч ажлын байрны чиг үүргүүд яаж өөрчлөгдсөн талаар үнэлэлт дүгнэлт өгөлгүй шууд нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан болох нь тогтоогдож байна гэж нотлох баримтыг дутуу үнэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Тухайн компанийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын Засгийн газраас ******* ХХК нь төрийн өмчит компаниудын толгой компани буюу уг байгууллагуудад менежментийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргээр ажиллах ёстой гэж үзэж чиглэл өгсний дагуу тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 56 дугаар тогтоолыг гаргасан. Уг тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар компанийн бүтэц, чиг үүрэг, орон тоог баталсан.

5.2. Тухайн тушаалаар Б.О*******гийн ажлын байр болох өгөгдлийн шинжээчийн орон тоог хассан. Энэ ажлын байрны чиг үүрэг нь ******* ХХК-ийн охин компаниуд болох Гашуун сухайт авто зам ХХК, Эрдэнэс таван толгой ХХК гэх мэт нүүрс зөөвөрлөдөг машинуудын дата мэдээллийг гаргаж, сайжруулах, өгөгдлүүд дээр ажиллах, сард хэдэн машин зөөвөрлөх боломжтой эсэхийг тогтоох гэх мэт мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх байсан. Тухайн өгөгдлийн шинжээчийн хийж гүйцэтгэж буй ажлууд нь Б.О*******гийн ажлын байрны тодорхойлолтод тусгасанаар ******* төслийн хүрээнд их хэмжээний дата мэдээллийг задлах, дүгнэх чиг үүрэгтэй байсан. ******* ХХК нь бүтцийн өөрчлөлтийн дагуу менежментийн үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүргийн ажлаа хийх, харин охин болон хараат компаниуд өөрсдийн ажлын хүрээнд дата мэдээлэл боловсруулах ажлыг хийх шаардлагатай гэж үзэн шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгч нар өгөгдлийн шинжээч гэх ажлын байр нь системийн инженерийн чиг үүрэгт шилжүүлсэн гэж тайлбарладаг. Системийн инженерийн ажлын байр нь ******* ХХК-д хийгдэж буй мэдээллийн системийн явцад үүссэн техник, технологийг засварлах, янзлах чиг үүрэгтэй. Б.О******* нь өгөгдлийн шинжээчийн ажилтай, дата анализын мэргэжилтэй тул компьютер засварын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй. Азийн хөгжлийн санхүүжилтийн ******* төсөл нь тухайн үед ******* ХХК-ийн охин болон хараат компанийн ажлуудыг татаж хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд тухайн төсөл нь дата анализ хийх ажил байсан. Анхан шатны шүүхээс тухайн ажлын байрны чиг үүрэг ******* ХХК-д байхгүй гэж дүгнэж, ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан судалж, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Иймд ******* ХХК-д өгөгдлийн шинжээчийн чиг үүрэг бүхий ажлын байр байхгүй болсон.

5.3. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/938 тоот албан бичгээр Б.О*******гийн ажлын чиг үүрэг байхгүй болсон гэдгийг мэдэгдэж, мөн өдрөө хүлээн авсан.

5.4. Б.О*******тай Хөдөлмөрийн тухай хуульд заасан чиг үүргийн дагуу ажилтан, ажил олгогчийн төлөөлөгч нар хамтарсан 3 удаагийн хурал болсон. Уг нөхцөл байдлын дараа Б.О******* нь ******* ХХК-тай хэлцэл хийж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор тохиролцсоныг Б.О******* хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх хуралдааны явцад талууд ажил олгогч, ажилтны хэлцлийн асуудлаар маргаагүй тул анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй.

5.5. Б.О******* нь ******* ХХК-д 1 жил гаруй хугацаанд ажилласан тул 1 сарын тэтгэмж авахаар байсан. ******* ХХК-иас Б.О*******д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, нэмж тэтгэмж өгье гэх санал тавьсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч 3 сарын тэтгэмж өгсөн тохиолдолд харилцааг дуусгавар болгоно гэж гарын үсэг зурж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.О******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 32,188,774 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлын байр хасагдсан, хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг өгч, хэлэлцээр хийж тэтгэмжийг олгож, хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн гэсэн агуулгаар маргажээ.

Талууд нэхэмжлэгчийн ажлын байр бодитоор хасагдсан эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн эсэх, бөөнөөр халах үеийн зохицуулалтаар хэлэлцээ хийж, шинээр бий болгосон ажлын байрыг санал болгох үүргээ биелүүлсэн эсэх асуудлаар маргасан байна.

3. Б.О******* нь ******* ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тус компанийн Мэдээлэл технологийн хэлтэст өгөгдлийн шинжээчээр ажиллаж байсан. /1-хх-6-12 дугаар тал/

4. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, ******* ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.7.10, 7.7.12 дахь заалт, Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 56 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт батлах тухай 144 дүгээр тушаал, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2.7 дахь заалт, ажилтанд гардуулан өгсөн мэдэгдэл, талуудын харилцан тохиролцсон хэлцлийг үндэслэн Б.О*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөр цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /1-хх-ийн 14 дүгээр тал/

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталжээ. Уг тушаалаар Мэдээлэл технологийн хэлтсийг мэдээлэл технологийн хэлтсийн менежер-1, системийн инженер-1, техник хангамжийн инженер-1, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн-1 байхаар орон тоог тус тус тогтоосон байна. Тушаалд өгөгдлийн шинжээч гэх ажлын байрны нэр тусгагдаагүй байх ба тухайн ажлын байр хасагдсан гэж хариуцагч маргасан. /1-хх-ийн 59-63 дугаар тал/

Хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын захирлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар тушаалаар баталсан өгөгдлийн шинжээч-ийн ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар баталсан системийн инженер-ийн ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзэхэд өгөгдлийн шинжээч нь мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийх, дүгнэлт хийх замаар компанийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, туслах зорилготой, харин системийн инженер нь байгууллагын мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, нэвтрүүлэх, хөгжүүлэх, тухайн системийн аюулгүй ажиллагааг хангах зорилготой байна. Дээрх 2 албан тушаал нь ажлын байрны зорилгоороо ялгаатай байхаас гадна ажлын байранд тавигдах мэргэжил, ур чадварын хувьд ялгаатай шаардлага тавигджээ.

Иймд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар өгөгдлийн шинжээчийн ажил албан тушаал бодитоор хасагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр гэрээ цуцлах тухайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь ажлын байрыг хасах эрхтэй, үүнтэй холбоотой ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болох боловч ийнхүү цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан журмыг мөрдөх үүрэгтэй.

Ажил олгогч ******* ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/938 дугаартай мэдэгдлээр компанийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцож болохыг мэдэгдэж, сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцээгүй, оролцоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, хөдөлмөрийн гэрээний 9.2.2.7, 9.2.2.8-д зааснаар ажилтан Б.О*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болохыг мэдэгджээ.

Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ гэж заасан. Энэ хэлцлийн гол нөхцөл болох тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал нь хэлцэл хийгч талын хүсэл зоригоос хамаарахгүй бий болохыг шаардах ба ийм тохиолдолд болзол тавьсан хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Иймд мэдэгдэлд заасан үйл явдал бий болсон нөхцөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэхгүй.

******* ХХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалт, орон тоог батласнаар нэхэмжлэгчийн ажлын байр хасагдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хуульд заасан болон гэрээгээр тохирсон үндэслэл бий болсон тул уг харилцааг дуусгавар болгох тухай ажил олгогчийн мэдэгдэл агуулга, хэлбэрийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт нийцнэ.

Иймд хариуцагчийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар хуульд заасан хугацаа, журмын дагуу мэдэгдсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

7. ******* ХХК нь компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтэй холбогдуулан 47 ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн талаараа Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01/13 дугаартай албан бичгээр мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6 дахь хэсэгт нийцнэ.

Дээрх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэхээр заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт ажилтны төлөөлөгч гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөгч, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон ажилтныг ойлгох болохыг тодорхойлсон.

Ажилтнууд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдох хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор ажил олгогчоос хамааралгүй, өөрсдийн сайн дурын үндсэн дээр үйлдвэрчний эвлэлд нэгдэх, эсвэл нийт ажилтны хурлаас өөрсдийгөө төлөөлөх ажилтныг сонгох эрхтэй. Ийм ажилтны төлөөлөгч хариуцагч байгууллагад байхгүй тохиолдолд бөөнөөр халах үеийн асуудлаар хэлэлцээ хийгээгүйд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан асуудлыг хэлэлцээгүй нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхэд хамаарахгүй.

Иймд дээрх асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

8. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлж талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа, гэрээг цуцалсан үндэслэл, журам зэрэг эрх зүйн асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсэгт зааснаар шинээр бий болсон эсхүл нэмэгдсэн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан гэж ажилтан үзвэл тухайн ажлын байранд ажиллах хүсэлтийг гаргах ба энэ нөхцөлийг ажилтны хүсэл зоригоос хамаарахаар заасан тул ажил олгогчийг үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

10. Хариуцагч байгууллагын зүгээс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар 47 ажлын байрыг хасах шийдвэр гаргаж, 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр харьяа хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байна. Иймд нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

11. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/03471 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Т.ГАНДИЙМАА