Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдоржийн Нармандах |
Хэргийн индекс | 104/2016/0445/И |
Дугаар | 420 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, Эцэг тогтоосон, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 11-504 тоотод түр оршин суух, Гад овгийн Даваахүүгийн Уянга /РД: УД91011703/-ын талийгаач М.Алтансүхтэй хамтын амьдралтай байсныг, эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Уянга шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр М.Алтансүхтэй 2006 онд танилцаж 2008 оны 01 сараас хамтран амьдарч эхэлсэн. Биднийг хамт амьдрах хугацаанд 2008 оны 02 сарын 05-ны өдөр хүү У.Мөнгөнбаатар, 2010 оны 06 сарын 05-ны өдөр хүү У.Мөнгөндөл нар төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хүүхдүүдээ миний нэрээр овоглосон. 2016 оны 06 сарын 07-ны өдөр нөхөр М.Алтансүх маань нүүрсний уурхайд ажиллаж байгаад нурангид дарагдаж нас барсан билээ. Хоёр хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл шүүхэд хандаж хүүхдүүдийн эцгийг болон хамтын амьдралтай байснаа тогтоолгож ир гэсэн. Иймд намайг М.Алтансүхтэй 2008 оны 01 сараас 2016 оны 06 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд хамтран амьдарч байсныг, мөн хүү У.Мөнгөнбаатар, У.Мөнгөндөл нарын төрсөн эцэг нь М.Алтансүх мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Уянга нь талийгаач М.Алтансүхтэй хамтын амьдралтай байсныг, хүү У.Мөнгөнбаатар, У.Мөнгөндөл нарын төрсөн эцэг талийгаач М.Алтансүх мөн болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Д.Уянга нь талийгаач М.Алтансүхтэй 2008 оны 01 сараас 2016 оны 06 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд хамтран амьдарч, тэдний дундаас 2008 оны 02 сарын 05-ны өдөр хүү У.Мөнгөнбаатар, 2010 оны 06 сарын 05-ны өдөр хүү У.Мөнгөндөл нар төрсөн, талийгаач М.Алтансүх нь хүү У.Мөнгөнбаатар, У.Мөнгөндөл нарын төрсөн эцэг мөн болох нь зохигчийн тайлбар, талийгаач М.Алтансүхийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, хүү У.Мөнгөндөл, У.Мөнгөнбаатар нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/, “Нарны эрч” ӨЭМТ-ийн тодорхойлолт /хх-8/, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-9-11/, 2011 онд авахуулсан гэрэл зураг /хх-24/, гэрч Н.Гэрэлцэцэг, Б.Гэрэлсүрэн, Б.Нарангэрэл нарын мэдүүлэг /хх-26,28,30/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Д.Уянга нь хүү У.Мөнгөнбаатар, У.Мөнгөндөл нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохын тулд талийгаач М.Алтансүхтэй хамтын амьдралтай байсныг, хүү У.Мөнгөнбаатар, У.Мөнгөндөл нарын төрсөн эцэг талийгаач М.Алтансүх мөн болохыг тогтоолгох шаардлагатай болсон байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагчийн өөрийн хүсэлтээ нотолж ирүүлсэн дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримтууд байх ба шүүх тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд түүний хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Уянгыг шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлөхөөс чөлөөлснийг дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Гад овгийн Даваахүүгийн Уянгыг талийгаач Мандахбаярын Алтансүх /РД: НС88041072/-тэй 2008 оны 01 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Уянгын Мөнгөнбаатар, 2010 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Уянгын Мөнгөндөл нарын төрсөн эцэг нь талийгаач Мандахбаярын Алтансүх мөн болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Уянгыг улсын тэмдэгтийн хураамж 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ