| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2023/02680/И |
| Дугаар | 210/МА2024/00302 |
| Огноо | 2024-02-07 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2024/00302
Б.Б*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/04228 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Б.Б*******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Т*******т холбогдох
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 3,820,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагч Б.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Б.Т*******тай түрээсийн гэрээ байгуулж, ******* УБМ улсын дугаартай Ниссан тийда /Nissan Tiida/ маркийн автомашиныг хоногийн 60,000 төгрөгөөр 5 хоногийн хугацаатай түрээслүүлсэн. Б.Т*******тай автомашин ашиглалтын явцад гарах явах эд ангийн гэмтлүүдийг тухай бүрд нь засварлаж байх тохироотойгоор 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс хоногийн 40,000 төгрөг болгохоор амаар тохирсон.
1.2. Б.Т******* нь түрээсийн мөнгөө төлөхгүй, автомашин өгөхгүй алга болохоор нь цагдаад гомдол гаргана гэж хэлснээр 2023 оны 5 дугаар сарын 09-ний шөнө гэрийн гадаа авчирч тавьсан байсан. Автомашины урд талын буфер бяцарсан, хойд талын буферын сэвийг овойлгож замаск тавьж өнгө зөрсөн будгаар будсан, урд 2 хаалга болон крыло хонхойж эвдэрсэн, будаг халцарсан, 2 толь салсан боолтоор тогтоосон, бензиний таг эвдэрсэн, дотор тень хуурсан, шалавч урагдсан гэх мэт зүйл эвдэрсэн байсан.
1.3. Дээрх эвдрэл, гэмтлийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд 1,290,000 төгрөгийн засварын үнэлгээ гарсан. Мөн түрээсийн хугацаанд 120,000 төгрөгийн торгууль гарсан байсныг өөрөөс нь 100,000 төгрөг авч төлсөн, үлдэгдэл нь 20,000 төгрөг байгаа.
1.4. Б.Т*******тай тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрийг бууруулсан боловч тохирсондоо хүрээгүй, автомашиныг удаа дараа гэмтээж эвдэрхий хэвээр гэрийн гадаа үлдээсэнд гомдолтой байна. Иймд автомашины дугаар явахгүй өдрийг хасаж 83 хоногийг гэрээнд зааснаар 60,000 төгрөгөөр тооцож, түрээсийн төлбөрийг төлүүлнэ.
1.5. Иймд 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 4,980,000 төгрөгөөс төлсөн 2,570,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 2,410,000 төгрөг, автомашины засварын зардал 1,290,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл 20,000 төгрөг, шалавч, тень, бензиний тагны 100,000 төгрөг нийт 3,820,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Б.Б******* нь автомашиныг эвдрэл, гэмтэлгүй гэсэн боловч автомашины доод тал тачигнаж дуугардаг, тормоз гишгэхэд хатуу, пидал нь хөл рүү түлхдэг, шатахуун их зарцуулдаг, паар нь муу ажилладаг, урд буфер сэвтэй, будаг замаск ихтэй, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуулбарлаж түрээсэлсэн.
2.2. Автомашиныг унаад явж байтал жолоочийн эсрэг талын 5 бул шарик нураад 160,000 төгрөгөөр ачуулсан, 100,000 төгрөгөөр шинэ 5 бул авч тавьсан. Мөн 40,000 төгрөгөөр 2 удаа 2 өөр хүн дээр оношлуулахад урд жолоочийн эсрэг талын хужаа гаран дээр түлк гагнасан байсан учраас 120,000 төгрөгөөр засуулсан. Энэ талаар Б.Б*******ад хэлж өдрийн 40,000 төгрөгөөр түрээслэхээр болж, эвдрэл гэмтэл гарвал түрээсээс хасах, засвар, үйлчилгээг хамтарч хийхээр тохирсон. Мөн автомашины тормоз ажиллагаагүй болж 60,000 төгрөгөөр оношлуулсан, 80,000 төгрөгөөр ачуулж, 185,000 төгрөгөөр засуулсан. Эдгээр мөнгийг хасуулах гэсэн боловч хасаагүй.
2.3. Хороололд явж байхад хажуу талаас машин мөргөж толь, буфер гэмтээсэн, цагдаад хандсан боловч шийдвэрлээгүй. Хүүхдийн 100-д явж байтал автобус толь мөргөж хугалсан. Анх барьцаа гэж 100,000 төгрөг авсан, дахин 100,000 төгрөг авсан. Бичиг баримтгүй гээд цагдаа торгосон, энэ мөнгийг Б.Б******* надаас нэхэж байгаад авсан. Байнга дарамтлаад цагдаад өгнө гээд байхаар нь автомашиныг гэрийн гадаа нь үлдээсэн. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Т*******аас 3,415,000 төгрөг гаргуулж Б.Б*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 405,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 76,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т*******аас 69,590 төгрөг гаргуулж Б.Б*******ад олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгчийн туслах хурлын товыг буруу мэдээлж, шүүх хуралд оролцож чадаагүй. Автомашины номер явдаггүй өдрийг хасаж бодсон байхад бүх өдрүүдийг нэмж бодож нэхэмжилсэн байна. Машин муу байсан болохоор бид 2 уулзаад даваа гараг бүр 200,000 төгрөгөөр тохиролцоод, үргэлжлүүлээд түрээслэж байсан. Гэтэл өдрийн 50,000 төгрөгөөр бодож нэхэмжлээд, ийм шийдвэр гаргах байсан бол эвдрэлтэй автомашиныг түрээсэлж, ажил төрөл, цаг зав мөнгө төгрөгөөрөө хохирохгүй байх байсан.
4.2. Автомашины хучлагыг өгөх гээд хадгалж байгаа, тень нь анх намайг авахад багахан урагдсан байсан, бензиний таг нь дутуу хаагдаад заримдаа онгорхой явж байдаг байсан би тагийг эвдээгүй.
4.3. 100 хувь даатгалтай гэж байсан, гэтэл намайг ашиглаж байхад автомашин хажуунаас ирээд мөргөж толь хугалсан, даатгал нөлөөлөхгүй, чи засвар үйлчилгээг хий гэж хэлсэн, автомашиныхаа засвар үйлчилгээг өөрөө хийхгүйгээр бусдад түрээсэлж, бусдаар засвар үйлчилгээг нь хийлгүүлж давхар түрээс төлүүлж, үндэслэлгүй мөнгө нэхэж байгаа энэ хүнд гомдож байна.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Түрээсийн төлбөрөөс хасаж тооцох шаардлагатай зүйлүүдийг хасаж тооцсон. Анх тохиролцооны дагуу эвдрэл гэмтлээ засахгүй, түрээсийн төлбөр өгөхгүй байсан учир нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Б.Т*******т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3,820,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй алдааг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж үзлээ.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
4.1. Б.Б*******, Б.Т******* нар 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр автомашин түрээслэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Б******* нь ******* УБМ улсын дугаартай суудлын зориулалттай, Ниссан тийда /Nissan Tiida/ маркийн автомашиныг хоногийн 60,000 төгрөгөөр, 5 хоногийн хугацаатай Б.Т*******ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Б.Т******* нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 9 дүгээр тал/
4.2. Дээрх автомашин 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Б.Т*******ын эзэмшил, ашиглалтад байсан, энэ хугацааны төлбөрт 2,570,000 төгрөг төлсөн үйл баримтыг талууд тайлбарласан, хариуцагч нь ашиглалтын хугацаанд бий болсон эвдрэл, гэмтлийг засварласан байхад үндэслэлгүйгээр түрээсийн төлбөр нэхэмжилсэн агуулгаар маргасан.
4.3. 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Кости эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр автомашиныг засварлах зардал 1,290,000 төгрөг гэж тогтоосон, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэлээр 120,000 төгрөгийн торгууль ногдуулсан, автомашин засварлуулсан гэх 185,000 төгрөгийн Авто тормос ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн зарлагын баримтууд хэрэгт авагджээ. /хх-ийн 11-12, 14 дүгээр тал/
5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Энэхүү гэрээгээр эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, түүний үр шимийг хүртэх нь гэрээний гол нөхцөл болно.
Талуудын байгуулсан гэрээний шинж, нөхцөл, хүлээсэн үүрэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь автомашиныг зориулалтын дагуу ашиглуулахаар эзэмшлийг шилжүүлэх, хариуцагч гэрээгээр тохирсон хөлс төлөхөөр тохирсон нь агуулгын хувьд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтад нийцнэ.
6. Зохигчид гэрээг тодорхойгүй хугацаагаар сунгасан, уг хугацаа 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч автомашиныг буцаан өгснөөр дуусгавар болсон үйл баримтыг талууд тайлбарласан тул дээрх хугацааны хөлсийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч төлөх үүрэгтэй.
Талууд гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлон сайн дурын үндсэн дээр байгуулсан бичгийн хэлбэрийн гэрээгээр автомашин ашигласан нэг хоногийн хөлсийг 60,000 төгрөгөөр, гэрээг сунгасан хугацааны хөлсийг 40,000 төгрөг байхаар амаар тохирсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцжээ.
Дээрх аман хэлцлээр хөлс төлөх хугацааг 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс тооцохоор тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Иймд анхан шатны шүүх гэрээний дагуу төлөх хөлсний хэмжээг зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн автомашиныг ашигласан бүх хоногийг 60,000 төгрөгөөр тодорхойлж, шийдвэрлэсэн нь буруу байна.
Талуудын тохиролцсоны дагуу автомашины дугаарын хязгаарлалтай хоногийг хасаж тооцон 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны 10 хоногийн 600,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны 73 хоногийг 40,000 төгрөгөөр тооцож 2,920,000 төгрөг нийт 3,520,000 төгрөг төлөхөөс төлсөн 2,570,000 төгрөгийг хасаж 950,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
7. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4 дэх хэсэгт зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй. Хариуцагч нь автомашиныг ашиглаж байх хугацаандаа 2 удаа зам тээврийн осолд өртөж толь, буферийг гэмтээсэн талаар тайлбартаа дурдсан байх тул уг эвдрэл, гэмтэлтэй холбоотой зардлыг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан Кости-Эстимэйт ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр *******УБМ улсын дугаартай Ниссан тийда /Nissan Tiida/ маркийн автомашины баруун болон зүүн толь, хойд, урд буфер, баруун урд, зүүн урд крыло болон хаалгыг засварлах зардлыг 1,290,000 төгрөгөөр тогтоосон, хариуцагч нь дээрх эвдрэл, гэмтлийг автомашиныг хүлээн авахад байсан болохыг нотлоогүй, автомашиныг ашиглаж байх хугацаанд үнэлгээний тайланд нэрлэн заасан зарим төрлийн эд ангид гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрсөн тул түүний төлвөл зохих хохирлын хэмжээг үнэлгээний дүнгээр тодорхойлох үндэслэлтэй. Дээрх хохиролтой холбоотой асуудлаар хариуцагч тайлбар гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.
8. Түүнчлэн, автомашин хариуцагчийн эзэмшилд байх хугацаанд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрүүдэд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 120,000 төгрөгийн торгууль ногдуулсан, үүнээс 20,000 төгрөг төлөгдөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, үлдэгдэл 20,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
9. Нэхэмжлэгчийн зүгээс бусад эвдрэл, гэмтлийн төлбөр гэх 100,000 төгрөгийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй байх ба уг шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
10. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1 дэх хэсэгт зааснаар хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасан. Хариуцагч нь автомашиныг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ашигласан тул хөлс төлөхөөс татгалзах эрхгүй байна.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар автомашиныг засан сайжруулахад гарсан зардлыг шаардах эрхтэй ба харин зөвшөөрөлгүйгээр хийсэн засан сайжруулалтын зардлыг шаардах эрхгүй. Хэрэгт авагдсан Авто тормос ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 185,000 төгрөгийн зарлагын баримт нь тухайн хуулийн этгээдийн санхүүгийн анхан шатны баримт бөгөөд хариуцагчаас зардал гарсныг нотлохгүй.
Иймд автомашинд засвар, үйлчилгээ хийсэн байхад түрээсийн төлбөр төлүүлж, үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн гэх агуулга бүхий хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй.
11. Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг нэгтгэн, хариуцагчаас гэрээний үүрэг болон хохиролд 2,260,000 төгрөгийг хариуцагч Б.Т*******аас гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,560,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
12. Хэргийн 57 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон ба уг баримтад хариуцагч Б.Т******* 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдсэн гэж гарын үсэг зуржээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч өөрөө шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул шүүх хурлын товыг буруу мэдээлж, шүүх хуралд оролцож чадаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол хангагдахгүй.
13. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/04228 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т*******аас 2,260,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******ад олгож, нэхэмжлэлээс 1,560,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын ... 69,590 төгрөг ... гэснийг 51,110 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА