| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0173/э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч С.Оюунжаргал,
Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овгийн Т.Э-д холбогдох 1811034020038 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Т.Э, 1975 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн ТҮК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 10 дугаар гудамж 411/Б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Т.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10 цаг 35 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэнгис кинотеатрын урд явган хүний гарцан дээр Тоёота Приус маркийн 67-54 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчин 1.98 хувийн согтолттой үедээ “Тайгын булаг” ХХК-ний эзэмшлийн Тоёота Приус маркийн 67-54 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гарцаар гарч явсан явган зорчигч Г.Батзоригийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Т.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Г.Батзориг нь мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 22-ны 10 цаг 35 минутын үед ажлаасаа гэрч Тэнгис кино театрын Төрийн банк орохоор явган хүний гарцаар 4, 5 хүний хамт ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй гарч явтал ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй баруун гар тийш эргэж байсан тоёота приус 20 маркийн автомашины жолооч явган хүний гарцан дээр 1 дүгээр эгнээнд миний баруун хөлийг мөргөөд зогссон. Би тэр үед урагш үсэрч унасан, жолооч бууж ирээд яаж байна гэж асуугаад автомашиндаа суулгасан. Цагдаагийн албан хаагч намайг мөргөсөн жолоочийг драйгер багаж үлээлгэж шалгаж үзэхэд жолооч согтуу байсан. Ослын улмаас баруун хөлийн чагтан шөрмөс урагдаж сэмэрсэн , хойд талын чагтан шөрмөс тахиралдаж хуниралдсан байсан. Би эмчилгээндээ өөрөөсөө 700.000 төгрөг зарцуулсан. Жолооч ГССҮТ-д үзүүлэх үед чиг баригч, 30.000 төгрөгийн эм, тос авч өгсөн. Мөн дансаар 390.000 төгрөг шилжүүлсэн...” гэжээ /хх-22-23/.
Иргэний хариуцагч Ө.Золбаяр нь мэдүүлэхдээ: “...Тоёота приус маркийн 67-54 УНЧ улсын дугаартай автомашин миний эзэмшлийнх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай аав Т.Э унаж яваад осол гаргасан байсан. Надад хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэжээ /хх-31/.
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 5 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-49-55/.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа /хх-58/.
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-8-13/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-14/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-85/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн
хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №14102 дугаартай дүгнэлт:
1. Г.Батзоригийн биед баруун өвдөгний урд чагтан холбоосын урагдал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хх-41/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Т.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10 цаг 35 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэнгис кинотеатрын урд явган хүний гарцан дээр Тоёота Приус маркийн 67-54 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчин 1.98 хувийн согтолттой үедээ “Тайгын булаг” ХХК-ний эзэмшлийн Тоёота Приус маркийн 67-54 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гарцаар гарч явсан явган зорчигч Г.Батзоригийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Боржигон овгийн Тогоонтөмөрийн Энх-Амгаланг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д, мөн дүрмийн 16.1-д заасныг зөрчин явган зорчигч Г.Батзоригийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасав.
Шүүгдэгч Т.Э нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй боловч хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Эд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ буюу жолооны эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Хохирогч Г.Батзориг нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН