Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/00304

 

Б.Т*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/04198 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Т*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 41,175,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн Лексус-470 маркийн *******-УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг гэр рүүгээ явж байтал Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 61-ийн гарамын Хайрханы салдаг зам дээр tоyоtа hiace маркийн *******-УАО улсын дугаартай автомашин миний машиныг мөргөж, осол гаргасан.

1.2. Тухайн ослыг шалгаж tоyоtа hiace маркийн *******-УАО улсын дугаартай машины жолооч буруутай гэдэг магадалгаа гарч, жолоочийг Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авсан.

1.3. Дээрх ослын улмаас машинд 41,175,650 төгрөгийн хохирол учирснаас автомашины хохирлын үнэлгээг 38,585,650 төгрөг гэж Мастер үнэлгээ ХХК тогтоосон. Энэ үнэлгээг хийлгэхийн тулд 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр авто центрт эвдрэл гэмтлийн оношилгоог 195,000 төгрөгөөр, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ослын газраас журмын хашаа руу ачуулж, 10 хоног байсны төлбөр 250,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Юү Би авто центр оношилгооны газар руу ачуулсаны хөлс 100,000 төгрөг, оношилгооны газраас гэр рүүгээ ачуулсан хөлс 100,000 төгрөг, Мастер үнэлгээ ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 1,930,000 төгрөг болсон.

Мөн ******* ХХК-ийн хүсэлтээр шүүхийн шатанд машинд дахин үнэлгээ хийлгэхэд 36,788,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Дахиж хийлгэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 1,797,000 төгрөгийн зөрүү үүсгэснийг ойлгохгүй байна. Иймд Мастер үнэлгээ ХХК-ийн гаргасан 38,585, 650 төгрөгийг гаргуулна.

1.4. Осол болдог өдрийн өмнөх өдрийн орой цас орсон. Зам тодорхой хэмжээний халтиргаа гулгаатай байсан тул миний зүгээс зөөлөн явсан. Осол болсны дараа би машинаасаа бууж ирээд баталгаажуулах зорилгоор хэд хэдэн дүрс бичлэг хийсэн. Тус бичлэгт жолоочоос уучлаарай миний буруу, толиндоо харсангүй, зам чөлөөлж зогсоод мөргөлөө гэж өөрийн бурууг ухамсарласан дүрс бичлэг тухайн үеийн үзэгдэх орчин орсон гэрэл зургууд байна. Иймээс хариуцагч шүүхэд буруу ташаа мэдээлэл өгч байна.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Цагдаагийн ахмад Д.З*******гийн дүгнэлтийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Хэрэг шийдэгдээгүй байхад нэхэмжлэгч машинаа 10 хоногт журмын хашаанаас авсан, манайх хэрэг шийдэгдээгүй гээд нэг сарын дараа машинаа авсан.

2.2. Хурд хэтрүүлж хэн хэнийх нь буруутай үйлдэл байсан тул цагдаагийн дүгнэлтэд дахин шинжээч томилуулах хүсэлтэй. Тухайн үед зам маш их халтиргаа гулгаатай, машин гулгаад зогсоогүй учраас замын хажуу талын шороо руу орж зогсоод, толиндоо хараад машин байхгүй болохоор эргэтэл араас ирж мөргөсөн.

2.2 .Нэхэмжлэгч хурд хэтрүүлээгүй удаан явсан гэх тайлбарыг хэлж байгаа боловч тухайн үеийн нөхцөл байдлыг харахад машины эвдрэл гэмтэл, хэдэн километр цагийн хурдтай явж байгааг шинжээч, цагдаа тодорхойлох ёстой боловч тодорхойлоогүй. Гулгаатай манантай, халтиргаатай, зам дээр их мөс үүссэн байсныг хүн болгон хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийг хэдэн километр цагийн хурдтай явж байсан, 60 километр цагийн хурдтай явж байсныг машины эвдрэл, гэмтлээс тогтоох боломжтой байсан.

3. Гуравдагч этгээд Н.Б*******ын тайлбарын агуулга:

3.1. Дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна. Осол гардаг өдөр өглөөний цаг агаарын байдал муу, халтиргаа гулгаатай, цасаар шуурч байсан. Ингээд би 61-ийн гарам өнгөрөөд үйлдвэр рүүгээ замаасаа салаад, эргэх гээд толиндоо харахад ард машин байгаагүй. Гэтэл нэхэмжлэгч Б.Т******* маш их хурдтай ирээд, хажуу талаас мөргөсөн.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас гэм хорын хохиролд 34,378,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т*******д олгож, үлдсэн 1,797,650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363.828 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 329,840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, шинжээчийн үнэлгээний хөлс 300,000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон иш татсан зөрчлийн хэрэг нь анхнаасаа хэргийн газрын үзлэгийг бүрэн бус явуулсан, замын нөхцөл цаг агаарын хүнд нөхцөлд зайлшгүй зогсоох арга хэмжээ авч байгаа болон үйлдэл хийж байгаа жолооч Н.Б*******ын үйлдэлд дүгнэлт хийгээгүй.

Өмнө нь яваа тээврийн хэрэгсэл ослын зогсолт хийх зүүн гар тийш эргэх үйлдэл хийгээд үйлдлээ төгсгөж байсан тээврийн хэрэгсэлийг хурдтай ирж мөргөсөн нэхэмжлэгч буюу ******* УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Б.Т*******гийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй, байдаг. Нөгөөтэйгүүр дээрх зөрчлийн хэрэгт зам тээврийн ослын дүгнэлт гаргасан эрх бүхий албан тушаалтан Д.З*******гийн магадлагаа нь хууль зөрчсөн.

Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлд Шинжилгээ хийлгэх агууллага бүхий хуулийн зохицуулалт байдаг бөгөөд 4.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан шинжилгээ хийж, магадалгаа гаргаж болно" гэж заасан. Энэ нь хэрэв тухайн эрх бүхий албан тушаалтан хэрвээ тусгай мэдлэгтэй мөн талууд маргахгүй бол магадлагаа гаргаж болох агууллага бүхий зохицуулалт.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан Д.З******* нь зөвхөн эрх зүйн дээд боловсролтой гэх, /хуульч биш/ хамгийн чухал нь тээврийн хэрэгсэлүүдийн хурд, үйлчлэх хүч, замын хөдөлгөөний дүрэмд заасан зохицуулалт зэрэг тусгай мэдлэгийн хүрээнд хийгддэг байгалийн шинжлэх ухаан физикийн талын мэдлэг огтоосоо байхгүй, энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй.

5.2. Дээрх магадлагаанд тухайн үедээ холбогдогч болон түүний өмгөөлөгч нар удаа дараа гомдол гаргасан боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсээгүй. Тухайн тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн чигээсээ 20 орчим м газар шидэгдсэн нь араас ирж мөргөсөн ******* УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Б.Т******* ямар хэмжээний хурдтай явсан болох нь харагддаг. Энэ талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй.

5.3. Шүүх шийдвэрийнхээ үндэслэлд зам тээврийн ослын гэмт хэрэг, зөрчлийн гэм бурууг Иргэний шүүх шийдвэрлэдэггүй, эрх бүхий албан тушаалтан нь шийднэ гэх агуулга бүхий зүйл дурьджээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт "Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно" гэж заасан. Дээрх зарчим нь салбар хуулиудад тусгалаа олсон байдаг. Гэтэл Баянгол дүүргийн шүүх нь гэм бурууг эрх бүхий албан тушаалтан л шийднэ, тэрний тусгай мэдлэгтэй эсэх хамаагүй гэх мэтээр эрх бүхий албан тушаалтыг тахин шүтэх байдлаар үндэслэж мөн иргэний шүүх гэм буруутайг шийдэхгүй гэх мэт ойлгомжгүй, Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн агууллагга бүхий дүгнэлт хийж байгаа нь харамсалтай байна. Мөн тус шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар шинжээч томилох тогтоол гаргасан боловч 2 хоногийн дараа дээрх тогтоолоо өөрсдөө хүчингүй болгосон шийдвэр гаргаж байгаа нь шүүхэд итгэх итгэлийг хөсөрдүүлсэн юм.

5.4. Дээрх иргэний хэрэгт хөрөнгийн үнэлгээ байдаг бөгөөд хоорондоо зөрүүтэй, дахин үнэлгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагатай зөрүүтэй байдаг. Мөн шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгчийн зүгээс тээврийн хэрэгсэлд яг хэдэн төгрөгөөр ямар засвар үйлчилгээ хийлгэж байгаа, хийлгэсэн эсэх зэрэгт тайлбар хариулт өгч огт чаддаггүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тээврийн хэрэгсэлийн засвар үйлчилгээ, шинээр авсан эд анги бусад зүйлсийн талаар ямар ч баримт гаргаж өгдөггүй зөвхөн "таньдаг ах янзалж байгаа" гэх ойлгомжгүй тайлбар гаргадаг нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.

Үүнээс үзэхэд зөвхөн зөрүүтэй хөрөнгийн үнэлгээг үндэслэж хохирол гаргуулж байгаа нь хохирлын хэмжээ түүнийг арилгах талаар гарсан зардал зэргийг анхан шатны шүүх бодитойгоор үнэлж дүгнэж чадаагүй хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Д.З******* нь Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.51-т зааснаар холбогдогч Н.Б*******т 100,000 төгрөгийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Тухайн үед уг шийдвэрт холбогдуулан гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болсон.

6.2. Б.Т******* нь ослын улмаас зөвхөн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 41,175,650 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч талын хүсэлтээр анхан шатны шүүх нь тээврийн хэрэгсэлд дахин үнэлгээ хийлгэсэн. Дахин гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Эд анги авсан, засвар хийлгэсэн үнийн дүнг нэхэмжлээгүй. Тухайн үед албан ёсны байгууллагаар гаргуулсан үнэлгээг үндэслэж, гэм хорын хохирлыг нэхэмжилсэн.

6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шинжээч томилсон тогтоолд өөрчлөлт оруулсан нь хууль зөрчөөгүй.

6.4. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхээс тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд бичгээр тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 41,175,650 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч, гуравдагч этгээд нар эс зөвшөөрч эрх бүхий албан тушаалтны магадлагааг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч маш хурдтай ирж мөргөсөн, техникийн шинжээч томилуулах шаардлагатай гэж маргажээ.

3.  Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн байна.

3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллагын борлуулагч Н.Б*******ын буруутай үйлдлийн улмаас Лексус 470 маркийн автомашинд 36,175,650 төгрөгийн хохирол учирсан гэж, хариуцагч байгууллага болон гуравдагч этгээд Н.Б******* нар ...тухайн үед цас орсон халтиргаа ихтэй байсан, нэхэмжлэгч гэнэт хурдтай гарч ирж мөргөсөн, эрх бүхий этгээдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, техникийн шинжээч томилуулж, нэхэмжлэгч буруутай эсэхийг тогтооолгох хүсэлтэй гэх агуулга бүхий тайлбарыг тус тус гаргажээ.

 3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй х*******той баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй бөгөөд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай х*******той, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр хуульчилсан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШТ2023/00358 дугаар тогтоолоор гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан шинжээч томилж, техникийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Улмаар тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШТ2023/00359 дугаар тогтоолоор өмнөх шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тогтоолд өөрчлөлт оруулж, шинжээч томилж, техникийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангасан хэсгийг хүчингүй болгосон байна.

Хариуцагч, гуравдагч этгээд нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлдээ шинжээч томилуулах талаар дурдсан, энэ талаарх хүсэлтийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед гаргаж байсан, үүний улмаас гэм буруугийн талаар маргаж байгааг анхан шатны шүүх анхааралгүйгээр нөхцөл байдлыг тодруулах зорилгоор техникийн шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь буруу болжээ.

4. Дээрх алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үндэслэлд хамаарах тул хариуцагч талын гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/04198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА