Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/00305

 

Ө.Г*******, П.А******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/03402 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.Г*******, П.А******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХК-д холбогдох

Зээлийн шимтгэлд суутгасан 684,900 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Г******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Ө.Г*******, П.А******* нар 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, олимпын-1 гудамж, 106/1 байр, 71 тоотод оршин байрлах, 80 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 132,800,000 төгрөгөөр худалдаж авах зориулалтаар ******* ХК-аас орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 68,490,000 төгрөгийг 15 жилийн хугацаатай зээлсэн.

1.2. Дээрх гэрээний 2.2.7-д зээл олгосны шимтгэл гэж зээлийн үнийн дүнгээс 1 хувийг суутгахаар оруулж, зээлд олгосон 68,490,000 төгрөгөөс 684,900 төгрөгийг суутгаж авсан. Энэ зээл олгосон суутгал нь ямар хуулийн зохицуулалтаар суутгасан нь тодорхойгүй, юунд ямар задаргаатайгаар бодитой зарцуулагдсан нь тодорхойгүй, хууль бусаар суутгасан байх тул хариуцагч ******* ХК-аас хууль бусаар суутгасан 684,900 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХК болон Ө.Г*******, П.А******* нар 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №3035-2021/04 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ө.Г******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, олимпын-1 гудамж, 106/1 байр, 71 тоотод орших 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003023182 дугаартай орон сууцыг худалдан авах зорилгоор 68,490,000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлсэн, хамтран үүрэг гүйцэтгэгчээр П.А******* оролцсон.

2.2. Дээрх зээлийг олгосонтой холбоотой Ө.Г******* нь зээл олгосны шимтгэл болох зээлийн үнийн дүнгээс 1 хувь буюу 684,900 төгрөгийг банканд өгснийг банк хүлээн авсан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр тохиролцсон нөхцөлийг шаардах эрхийн үндэслэл болно. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар банк зээлийн хүүг тогтооно.

2.3. Зээлдэгчтэй гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт банк зээл олгох өөрийн болзол, нөхцөлөө буюу шимтгэл, хураамжаа тодорхойлох бүрэн эрхийг олгосон тусгайлсан зохицуулалт бөгөөд тус банкнаас өөрийн үйлчилгээний шимтгэл, хураамж тогтоож, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/203 тоот тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 3.1, 3.3-т заасны дагуу цахим сайтад мэдээлсэн, энэ нь хуульд нийцсэн.

Дээрх журмын 4.1, 4.2 болон зээлийн гэрээний 2.2.7-д зээл олгосны шимтгэл 1 хувь хэмээн тусгасан нь хуульд нийцсэн.

Мөн Төв банкны тухай хуулийн 5.1.4, 19.1, 24.1 дэх хэсгийн дагуу Монгол банк арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаартай тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.17-д шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ гэж заасан. Зээл олгосны шимтгэл нь зээлийн үнийн дүнгийн 1 хувь хэмээн тогтоосон аргачлалтай нийцэж байна.

2.4. Нэхэмжлэгчийн авсан зээл нь төрөөс санхүүжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл бөгөөд Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 2.1, 3.1, 9.1-д шимтгэлийг зээлдэгчээр төлүүлэхээр зохицуулсан. Зээл олгосны шимтгэл нь нэг талаас банкнаас санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх боловч нөгөөтэйгүүр банканд мөнгөө хадгалуулсан харилцагчийн эрх ашиг, мөнгийг эрсдэлээс хамгаалж, мэргэжлийн үйлчилгээний зардал гэж ойлгох нь зүйтэй.

2.5. Банк болон зээлдэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд зээлийг бүтнээр нь олгосон. Мөн 3.2, 3.2.1-д заасны дагуу гэрээний талууд тохиролцсон тул банкнаас харилцагчийн төлөөгүй төлбөр болох зээл олгосны шимтгэлийг түүний данснаас суутган авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХК-аас 684,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Г*******, П.А******* нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 21,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Г*******, П.А******* нарт олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Ө.Г******* нь хууль бусаар бусаар шимтгэл суутгаж байгаа учир үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн. Хуульд заагаагүй байхад тэр журмаар шимтгэл авч байгаа нь буруу гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон маргааны зүйлийг алдаатай тодорхойлсон.

Нэхэмжлэгч нарын тус шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд зааснаас өөрөөр үзэж байгааг хариуцагч талд мэдэгдээгүй, хариуцагчид тус үндэслэлийг няцаах, түүнд холбогдох татгалзал, нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжоор хангаагүйгээр хариуцагчийн эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгч нарын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд маргаан бүхий зээл олгосны шимтгэлийн зориулалт болох бодит зардлын талаар дурдаагүй ба тухайн суутгал нь ямар хуулийн зохицуулалтаар суутгагдаж байгаа нь тодорхойгүй, хууль бусаар суутгасан байх тул хариуцагч ******* ХК-аас хууль бусаар суутгасан 684,900 төгрөгийг гаргуулж..." гэж нэхэмжлэлийн үндэслэлээ торхойлсон байхад шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх хуралдааны явцад өөрчлөгдсөнд тооцож хэргийг хянан шийдвэрлэсэн нь тус хэрэг дэх маргааны зүйлийг буруу тодорхойлсон, улмаар талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарлаж, хэргийн оролцогч нарын тэгш байдлыг алдагдуулсан, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэгчийн шүүхэд бичмэл хэлбэрээр гаргаж өгсөн нэхэмжлэлд дурдагдсан үндэслэлээр буюу нэхэмжлэгч нь зээл олгосны шимтгэлийг суутгах эрх арилжааны банканд хуулиар олгогдоогүй гэсэн агуулгын хүрээнд ойлгож, тус үндэслэлд татгалзал, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Гэтэл анхан шатны шүүх тус үндэслэлийг шүүх хуралдааны шатанд өөрөөр тайлбарлаж, хариуцагч нэмэлт нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд энэ талаар хүсэлт гаргах боломж олгоогүй нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн, мөн талуудын тэгш эрхийн зарчимд нийцээгүй.

Анхан шатны шүүх тодорхой үйл баримтыг буюу хариуцагчийн зээл олгосны шимтгэлд холбогдох зардлыг нотлох боломжгүй гэх үйл баримтыг үнэн гэж дүгнэхдээ аливаа нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагч нэхэмжлэлийн шинэ үндэслэлийг няцаах нотлох баримт бүрдүүлэх бодит боломжгүй болсон байдалд үндэслэж, тухайн үйл баримтыг урьдаас хөдөлбөргүй үнэн буюу хариуцагчид нотлох баримт гаргаж өгөх боломж олголгүйгээр хариуцагчид тухайн үйл баримтыг буюу маргаан бүхий зээл олгосны шимтгэлд ногдох зардлыг нотлох баримтыг гаргах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа ******* ХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлсон, шүүх өөрөө шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, зээл олгосны шимтгэлийг тогтоосон гэрээний зохицуулалт нь хуульд нийцээгүй буюу зээлийн гэрээгээр нэхэмжлэгчид үүссэн шимтгэл төлөх үүрэг анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан буюу үүрэггүй гэж дүгнэсэн. Шийдвэрийн үндэслэл болгосон хуулийн заалт нь үндэслэлгүй хөрөнгөжихтэй огт хамааралгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Учир нь хариуцагч 684,900 төгрөг юунд зарцуулагдсан талаар бодитой тайлбарлаж, нотолж чаддаггүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ө.Г*******, П.А******* нар нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан 684,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээлийн мөнгөн хөрөнгө болох 68,490,000 төгрөгөөс 1 хувийн шимтгэлд 684,900 төгрөг суутган авсан нь ямар хуулиар суутгаж байгаа нь тодорхойгүй, хууль бусаар суутгасан гэж, хариуцагч тайлбар, татгалзлаа ...банк нь хууль болон журамд нийцүүлэн зээл олгосны шимтгэлийг авах эрхтэй, талууд гэрээгээр тохиролцсон 1 хувийн шимтгэлийг харилцагчийн данснаас суутган авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.

2.1. Ө.Г*******, П.А******* нар нь ******* ХК-тай 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч нар Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 1/60 айл байр, 46 тоотод байрлах 80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авах зориулалтаар 68,490,000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлэхээр тохиролцжээ./1-хх-23-26, 29-32 дугаар тал/

Дээрх тохиролцоогоор талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

2.2. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2.7-д зээл олгосны шимтгэлийг зээлийн үнийн дүнгээс 1% гэж тогтоож, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч банк зээлийн мөнгөн хөрөнгө 68,490,000 төгрөгийг олгож, үүний 1% болох 684,900 төгрөгийг нэхэмжлэгч нар шимтгэлд төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

2.3. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ыг баталсан, тус журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д зээлийн шимтгэлд зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл гэсэн зардлыг шингээж, шимтгэл нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ.

Дээрх журмаар ипотекийн зээлийн шимтгэлийн харилцаа зохицуулагдаж, шимтгэлийн дээд хязгаарыг тогтоож өгсөн байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2.7-д зээл олгосны шимтгэл зээлийн үнийн дүнгээс 1 хувь гэж тусгасан нь хуульд үндэслэсэн гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

2.4. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар батлагдсан журмын 1.3.17-д шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ гэж тодорхойлж, мөн журмын 3.1-д банк ...зээлийн бодит өртөг, ...шимтгэл, хураамжийн мэдээллийг бүтээгдэхүүн бүрээр үнэн зөв гарган олон нийтэд мэдээлнэ, 4.1-д харилцагчаас авах шимтгэл хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно, 4.2-т банк харилцагчаас авах шимтгэл, хураамжийг гэрээнд заавал тусгана гэжээ.

Ийнхүү зээлийн шимтгэлийн төрөл, хэмжээг тогтоох эрхийг банкинд олгож буй нь зээлийн бүтээгдэхүүний төрлөөс хамааран гарах зардал харилцан адилгүй байх нөхцөлийг зөвшөөрч, гагцхүү тухайн зардлын хэмжээг бодитой, үндэслэл бүхий тогтоосон байх учиртайг журамлажээ. Харин хариуцагч банк нь Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9.1-д заасан 8 төрлийн зардлыг юуг үндэслэн хэрхэн тооцож шимтгэлийн хэмжээг 1 хувиар тогтоох болсон үндэслэлээ нотлоогүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах гомдлыг хангахгүй орхино.

3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ зээл олгосон суутгал нь ямар хуулийн зохицуулалтаар суутгагдаж байгаа нь тодорхойгүй, хууль бусаар суутгасан гэж тодорхойлсон. Хууль бус үйлдэл /эс үйлдэл/ гэдгийг хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн байхаас гадна хууль зөрчөөгүй боловч тухайн үйлдэл эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно.

Зээлийн шимтгэл авах банкны эрхийг дээрх журмаар тогтоосон, энэ журмаар зээлийн шимтгэлийг гэрээнд тусгасан нь үндэслэлтэй боловч тухайн журамд шимтгэлийн хэмжээг тогтоох эрхийг банкинд олгосон тул хэрхэн, ямар үндэслэлээр хэмжээг тогтоосон байдал нь эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэх юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хариуцагчид ногдуулсан.

Иймд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдсөн гэж үзэхгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг буруу тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлийг бичгээр гаргасан нэхэмжлэлд дурдсанаас өөрөөр үзэж байгааг хариуцагчид мэдэгдээгүй, хариуцагчид нэхэмжлэлийн үндэслэлийг няцаах, холбогдох нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй, мэтгэлцэх эрхийг хязгаарлаж, тэгш байдлыг алдагдуулж хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

3.2. Талуудын хооронд үүссэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцааны явцад үүссэн шимтгэлийн маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүх буруу хууль хэрэглэсэн гэх гомдол хангагдахгүй.

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/03402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА