Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00314/И |
Дугаар | 314 |
Огноо | 2016-07-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 314
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, Эмт хороолол 15-165 тоотод оршин суух, 1958 онд төрсөн, 58 настай, Тайж овгийн Самдангийн Чулуунтогтохын хүсэлттэй
“1977 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Чулуунтогтох, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Чулуунтогтох шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1976 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Арвайхээр сумын ахуй үйлчилгээний комбинатад 1980 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл төмөрчинөөр ажиллаж байсан. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож, группийн мөнгө тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн нэр зөрчилтэй гэж групп тогтоолгож чадахгүй байна. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг засварлаж бичснээс болж нийгмийн даатгалын сангаас олгогддог хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэрээ авч чадахгүйд хүрч байгаа тул холбогдох нотлох баримтыг үндэслэн надад 1977 онд олгосон улаан өнгийн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Чулуунтогтох нь “1977 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Дээрх хөдөлмөрийн дэвтэрт эзэмшигчийн нэрийг “Чулуунтогтох” гэж засаж бичсэн хэдий ч хүсэлт гаргагч Самдангийн Чулуунтогтох болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Б.Өндөрбаатар, С.Энэнаа нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1976 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 142 тоот болон 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 49 тоот ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалууд, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 38 тоот ажилчин авч ажиллуулах тухай тушаалуудын хуулбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 363 тоот архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Тайж овгийн Самдангийн Чулуунтогтохыг 1977 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА