Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, 

            улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911001220072 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Дунуу овогт Б.Б, 1994 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Гялс ХХК-ний Клиник үйлчилгээний албанд ерөнхий мэргэжлийн эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх 6 дугаар гудамж 1771 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .......................................

          Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мандухай зочид буудалд маргалдсаны улмаас иргэн Б.Наранцогтыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Наранцогт мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнө ...маргасны улмаас Бямбаа ах намайг зүүн талын шанаа буюу хацар хэсэгт 5 удаа гараа атгаж байгаад цохисон. Дараа нь дээрээс дарж орон дээр хэвтүүлж байгаад миний толгой хэсэгт 4-5 удаа цохисон. Дараа нь дээрээс дарж орон дээр дээр хэвтүүлж байгаад миний толгой хэсэгт 4-5 удаа цохисон ...Миний нүүрний зүүн тал хавдаж хөхөрсөн байгаа. Одоо толгой өвдөж байна ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-7-10х/,

Гэрч Б.Ширчин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 25-ны үүрээр 05:30 цагийн үед манай найз Б.Наранцогт өөрийн 80860204 дугаарын утаснаас залгаад гэрийн урд талын Мандухай нэртэй зочид буудалд зодуулж байна гэж залгасан. Ингээд би гэрээсээ гараад такси бариад Мандухай зочид буудлын гадаа очоод дотогш орохоор явж байтал Б.Б гээд манай найзын нийлдэг ах зогсож байсан. Тэгээд ах нь дүүгээ 2 цохичихлоо, чи зөвөөр ойлгоорой гэж байсан ...Наранцогтын нүүрний зүүн тал нилээн том болоод хавдчихсан байдалтай байсан ...” гэх мэдүүлэг /хх-11-12х/,

Яллагдагч Б.Б мэдүүлэхдээ: “...Наранцогт надад хандаж “та үеэ өнгөрөөсөн, би бол том болсон” гээд ярианы өнгө нь чангараад томрох тийшээ хандаад байхаар нь би түүнд хандаж “ахын дүү арай болоогүй байх шүү” гэтэл Наранцогт намайг сууж байхад заамдаад орон дээр дарж хэвтүүлсэн. Тэгэхээр нь би түүний доороос нүүрэн тус газарт нь зүүн шанаа хэсэгт нь гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. Тэгтэл Наранцогт намайг заамдахаа болиод суусан. Би түүнийг сууж байхад нь нүүрэн тус газарт нь дахиж нэг шанаадсан ...Би архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар Наранцогтыг цохиж зодсондоо их гэмшиж зардлыг нь гаргасан ...” гэх мэдүүлэг /хх-24-25х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн №855 тоот дүгнэлтэд:

“1.Б.Наранцогтын биед зүүн зовхи, хацар, завж, уруулд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-17х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мандухай зочид буудалд маргалдсаны улмаас иргэн Б.Наранцогтыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.