Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/00297

 

 

 

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/00297

 

 

 

Ж.Н ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/05138 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Н ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Н д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Г.Б ,

бараа хадгалах агуулах, контейнерийг нүүлгэхийг даалгах, хадгалалтын хөлс, тээврийн зардалд 11,250,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ж.Н нь Г.М , Г.Д нартай 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14 дүгээр гудамж, 430 тоот хаягт байрлах 462 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газар, тус хаягт байрлах 128 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Үүнийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Анх газар худалдан авах үед газар дээр бараа хадгалах агуулах болон хөх өнгийн 20 тонн контейнер байсан бөгөөд худалдагч тал эзэн нь удахгүй авна гэж хэлсэн бөгөөд иргэн Г.Н гийн өмч болох тухай мэдэгдсэн. Улмаар өмчийн эзэнтэй удаа дараа холбоо барьж газар дээр барилга барих тухайгаа мэдэгдэхэд хөрөнгөө авахаас илтэд татгалзсан.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газартаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг барих барилгын газар шорооны ажлыг явуулах гэтэл бараа хадгалах агуулах, контейнерийг хариуцагч нь өнөөдрийг хүртэл 3 жил гаруй хугацаанд аваагүй бөгөөд тус газарт барилгын ажил эхлүүлэх буюу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар байна.

Иймд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа үйлдлээ зогсоохыг эрх зөрчигчид даалгаж, бараа хадгалах агуулах, контейнерийг нүүлгэхийг даалгаж, хадгалалтын хөлс 5,400,000 төгрөг, бараа хадгалах агуулах, контейнерийг нураах, ачих, тээвэрлэх зардал 5,850,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Тус газарт байрлах бараа хадгалах агуулах, контейнер нь Г.Н гийн өмчлөлийн хөрөнгө гэдэгт маргахгүй.

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14 дүгээр гудамж, 430 тоот хаягт байрлах 462 м.кв талбай бүхий газар нь нөхөр Г.Б бид хоёр 1988 онд худалдан авч, үр хүүхдийн хамт амьдарч байсан. Хожим 1992 онд манайх орон сууцтай болоход нөхөр Г.Б хөдөө орон нутгаас өөрийн аав С.Г ыг нүүлгэн шилжүүлж ирж тухайн хашаандаа амьдруулах болсон. Улмаар нөхрийн хамт 2005 онд уг хашаандаа бараа хадгалах агуулахыг банкны зээл оролцуулан барьж ашиглалтад оруулж, өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байна.

Гэтэл 2019 онд нөхөр Г.Б ы зээ дүү болох Г.М нь бидэнд мэдэгдэхгүйгээр уг хашаа байшин өмч хөрөнгийг Ж.Н гэх хүнд зах зээлийн үнээс хэт доогуур үнээр худалдсан болж зугтаан алга болсон.

Болсон асуудлыг судлаад үзтэл манай нөхөр Г.Б ы төрсөн дүү Г.Б, зээ дүү болох Г.М нар нь нотариатч Т.Оюунбаярт хандан хууль бусаар 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай агуулах, хувийн сууцанд өвлөх эрхийн гэрчилгээ авсан байсан. Иймд миний бие нь нотариатын үйлдэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд нөхөр Г.Б болон түүний эгч, ах нар нь мөн энэ талаар бие даасан шаардлага гаргасан ба 3 шатны шүүхийн шийдвэрээр өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2.2. Нэхэмжлэгч нь хадгалалтын хөлс, нураах, ачих, тээвэрлэх зардалд 11,252,000 төгрөг шаардсан боловч худалдах, худалдан авах гэрээ хийгдэж байх үед худалдан авч байгаа зүйл нь эрхийн доголдолтой байна гэдгээ мэдсэн тохиолдолд энийгээ тухайн хөрөнгийн эзэн Г.М тэй тохиролцоод гэрээгээ хийсэн бол шаардах эрхтэй. Гэтэл ингэж тохироогүй, хэлээгүй байж хөрөнгийг хүлээж авсан. Түүнээс гадна эдгээр хөрөнгийг Г.Н гийн өмчлөлийнх болохыг гэрээ байгуулж байх үедээ, мөн газраас салгаж үл болох хөрөнгө гэдгийг мэдсэн.

Хэрэв эдгээр хөрөнгийн эзэн өөр хүн гэдгийг хэлсээр байтал эзэнтэй нь тохиролцсон бол харин хадгалалтын хөлс шаардах эрх нь нээгдэх боломжтой, гэтэл үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй.

Иймд Ж.Н ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.3. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг, 106 дугаар зүйл, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2 дах хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Алтайн 14 дүгээр гудамжны 430 тоот хаягт байрлах 100 м.кв талбай бүхий агуулах эд хөрөнгө нь Г.Н гийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоож өгнө үү.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагчийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна. Иймд Ж.Н ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Г.Н гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 422 дугаар зүйлийн 422.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Н ы өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г-220300**** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн ** дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах, нэгж талбарын 1864331204**** дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий, 462 м.кв газарт байрлаж буй тоосгон гарааж, контейнерийг нүүлгэхийг хариуцагч Г.Н д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг тус тус баримтлан Ж.Н д холбогдох, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 14 дүгээр гудамжны 430 тоот хаягт байрлах 100 м.кв талбай бүхий агуулах эд хөрөнгө Г.Н гийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Н гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372,725 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Ж.Н ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан.

Учир нь нэхэмжлэгч Ж.Н нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэх үндэслэлээр Г.Н д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/02562 дугаар захирамжаар хариуцагч Г.Н , Г.М , Г.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.2. Г.Н гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага-ыг шүүх хуралдаанаар бүрэн хэлэлцүүлж, нэгдсэн дүгнэлтэд хүрч шийдвэрлэхгүйгээр тусад нь авч үзэж 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/Ш32023/27376 дугаар захирамжийг гомдол гаргах эрхгүйгээр гаргаж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь эцэстээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчихөд хүргэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Н гийн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болох тоосгон гарааш болох үл хөдлөх хөрөнгийн хувь заяаг өмчлөгчийг нь байлцуулахгүйгээр худалдагч худалдан авагч нар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэлд хамаарч байгаа.

Дээрх нөхцөл байдлууд нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсгийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах үндэслэл болохоос гадна мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийн өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхээ хэтрүүлж, 101.2 дахь хэсгийн өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглоно гэсэн хязгаарыг зөрчиж байгааг түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээс нь илт харагдаж байхад анхан шатны шүүх энэ бүхийг харгалзан үзээгүй нь энэхүү гомдлыг гаргах шаардлагыг бий болгож байна.

4.3. Түүнчлэн хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн Ж.Н ы нэхэмжлэлтэй Г.Н д холбогдох шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг Г.М ийн нэхэмжлэлтэй Г.Б д холбогдох Г.Б ыг өвлөх эрхээсээ татгалзсан болохыг тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгөнөөс 49,999,999 төгрөгийн үнэ бүхий өөрт ногдох хэсгийг биет байдлаар тогтоолгох тухай иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан боловч үүнийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй.

4.4. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар Ж.Н маргаагүй гэж дүгнэсэн атлаа газраас салгаж үл болох, салгамагц зориулалт, үнэлэмж нь эрс өөрчлөгдөх хөрөнгийг нүүлгэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэл байсаар байхад сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг ойлгохгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Ж.Н ы өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн ба хожим гуравдагч этгээд Г.Б болон түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүстэй холбоотой өвлөх эрхийн маргаантай асуудал үүссэн нь дээрх өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

Бараа хадгалах агуулах нь хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө мөн гэдгийг нэхэмжлэгч зөвшөөрсөн. Тус маргаан бүхий газар болон газар дээрх амины орон сууц нь гуравдагч этгээдийн өв хөрөнгө мөн гэдгийг тодорхойлсноор гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байна.

Нэхэмжлэгч Ж.Н ы шаардах эрх худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр үүссэн. Гэтэл худалдах, худалдан авах гэрээ нь 3 шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон. Үүнтэй холбоотой маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр явж байгаа. Гэтэл үүнийг харгалзаж үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Мөн хуульд заасан үндэслэл тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Г.Н д холбогдуулан бараа хадгалах агуулах, контейнерийг нүүлгэхийг даалгах, хадгалалтын хөлс, тээврийн зардалд 11,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч, хариуцагч нь бараа хадгалах агуулахын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Ж.Н нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14 гудамж, 430 тоот хаягт байршилтай, 462 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 128 м.кв талбай бүхий хувийн сууцыг Г.Д , Г.М нараас 280,000,000 төгрөгөөр худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болсон, уг газарт Г.Н гийн эзэмшлийн 100 м.кв талбай бүхий бараа хадгалах агуулах, 20 тоннын контейнер байршиж буй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ /1хх 196-202, 238-244/.

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/02643 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 00406 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14-430 тоотод байрлах, 128 м.кв талбай бүхий хувийн сууц, 462 м.кв бүхий газрыг Г.Б, Г.М нар өвлөн авсан болохыг гэрчилсэн 01, 01-01 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ /1хх 33-43/.

Ийнхүү худалдагч тал болох Г.Д , Г.М нарын маргааны зүйл болж буй хувийн сууц, газрыг өмчлөх үндэслэл болсон өвлөх эрхийн гэрчилгээ хожим хүчингүй болсон байх боловч энэ нь нэхэмжлэгчийн дээрх хувийн сууц, газрыг өмчлөх эрхийг хөндөхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Учир нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч нь улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцон байгуулахдаа өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой маргаан бүхий харилцааг мэдэж байсан гэх үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгчийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэнэ.

3.2. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр хариуцагчийн эзэмшлийн бараа хадгалах агуулах, контейнер байршиж буйг хууль ёсны гэж дүгнэх үндэслэлгүй тул эдгээр эд хөрөнгөө нүүлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болж буй дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйг залруулж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Мөн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт хариуцагчийн эзэмшлийн бараа хадгалах агуулахыг өөр өөрөөр нэрлэж заасныг залруулж өөрчлөн найруулах нь зүйтэй.

3.3. Хариуцагчийн гаргасан газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх эд хөрөнгийг нүүлгэхээр шаардахдаа нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хэтрүүлж байна гэх гомдлыг хангахгүй.

Иргэний хуулийн 109, 110, 182 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд үндэслэгдэх бөгөөд хариуцагчийн эзэмшлийн бараа хадгалах агуулах нь дээрх шаардлагыг хангаагүй тул газраас салгаж үл болох үл хөдлөх эд хөрөнгө гэж тооцохгүй.

Мөн хуульд зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардаж буй нэхэмжлэгчийн шаардлагыг өмчлөх эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэхгүй болно.

3.4. Нэхэмжлэгчийн гаргасан бараа хадгалах агуулах, контейнерийн хадгалалтын хөлс, тээврийн зардалд 11,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

3.5. Хэрэв хариуцагч болон гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэрийн дагуу бараа хадгалах агуулах, контейнерийг нүүлгэснээр тэдгээрт эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл гэм буруутай этгээдээс уг хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдвал зохино.

4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардсан, ийнхүү шаардсан нь хариуцагчийн бараа хадгалах агуулахтай холбоотой өмчлөх, эзэмших эрхийг хязгаарлаагүй тул анхан шатны шүүх бараа хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх маргааны зүйлд хамааралгүй Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасан зохицуулалтыг баримталсныг шийдвэрийн тогтоох хэсгээс хасч өөрчлөлт оруулна.

5. Дараах үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

5.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/02562 дугаар захирамжаар Г.Н , Г.М , Г.Д нарт холбогдуулан гаргасан контейнер, тоосгон гараашаа чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлээсээ Ж.Н татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ захирамжид үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/Ш32023/17451 дүгээр захирамжаар уг иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Тухайн шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШТ2023/00421 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдсөн гэж дүгнэж, дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг хүчингүй болгосон, уг тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт зааснаар эцсийн шийдвэр болно.

Иймд анхан шатны шүүх хүчин төгөлдөр тогтоолын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан гомдлыг хангахгүй.

5.2. Мөн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2023/17449 дугаар захирамжаар хэргийг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан Г.М нь гуравдагч этгээд Г.Б д холбогдуулан гаргасан өвлөх эрхээсээ татгалзсан болохыг тогтоолгох, өвлөгдөх хөрөнгөөс 49,999,999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй.

Учир нь өмнө дурдсанчлан Ж.Н нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хууль ёсны өмчлөгч тул Г.М , Г.Д , Г.Б , Г.Н нарын өвлөх болон өмчлөх эрхийн талаарх хоорондын маргаан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг дуусгавар болгох, хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэл болохгүй.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/05138 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 422 дугаар зүйлийн 422.1-т тус тус гэснийг 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт гэж, тоосгон гарааж гэснийг бараа хадгалах агуулах гэж тус тус өөрчилж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Н д холбогдох, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 14 дүгээр гудамжны 430 тоот хаягт байрлах 100 м.кв талбай бүхий бараа хадгалах агуулахын өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Г.Н гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Т.БАДРАХ