Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 462

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Ц.Отгонням,                            

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч П.Б /өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 1806 05663 0462 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн П.Б 1978 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 5 дугаар баг, Цагаанчулуутын 5 дугаар гудамж, 11 тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 10-35 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон үндэстний хоолны газар”-т үйлчлүүлж байсан иргэн С.Ганболдын эзэмшлийн Хаан банкны виза картыг текин дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч П.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа болон яллах дүнгэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлсөн” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Олон үндэстний хоолны газар орж 0.5 литрийн Соёрхол архинаас нэг шилийг аваад уусан. 00:00 цагийн үед тус баарны эмэгтэйд Хаан банкны 5720510948 дансны дугаартай виза картаа өгч явуулаад тооцоо 5000 төгрөгийн зарлага хийгдсэн мессеж миний гар утсанд 00:05 минутанд ирсэн. Дараа 02:01 минутанд 3.500.000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж миний гар утсанд ирсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-18/,

Гэрч Ч.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай пабд өмнө нь нэг удаа үйлчлүүлж байсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд 1 шил архи аваад 20.000 төгрөг л байна гээд крантны усаар архиа даруулж ууна гээд эмэгтэй нь 15.000 төгрөг байна, эрэгтэй нь 5000 төгрөг байгаа гээд хоёулаа карт өгөөд би хүүтэйгээ 2 картыг нь авч гараад Амгалан амаржихын үүдэнд байдаг Хаан банкны АТМ-ээс эрэгтэйгийнх нь картнаас 5000 төгрөг аваад орж ирээд 5.000 төгрөгийг чинь авчихлаа, энэ хүүхний картнаас мөнгө гарахгүй байна гэж хэлээд эрэгтэйд нь картыг нь гарт нь өгөөд эмэгтэйгийнх нь карт нь болохгүй болохоор нь буцаж очоод эмэгтэйтэй хамт очоод 15.000 төгрөг АТМ-ээс авч ирсэн. Нэг эрэгтэй хажуу ширээн дээр тэр хоёр хүнтэй зэрэг шахуу орж ирээд 1 шил Сэнгүр пиво аваад 20.000 төгрөг өгөөд задлахгүй гэхэд 5.000 төгрөг өгөөд 2500 хариулж авсан. Тэгээд намайг хоол хийчихээд гараад ирэхэд нөгөө эрэгтэй түлхүүр өгнө гээд гарсан ба удалгүй тэр танихгүй залуу араас нь гараад явчихсан. Б руу утсаар ярьж асуухад “Би картыг нь авчихсан юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,

Яллагдагч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэнд салсан эхнэрээсээ архи авч уугаад байж байтал нэг залуу нэлээн халамцуу тооцоогоо хийх гээд текин дээр картаа тавьчихаад нууц кодоо хэлчихээд буцаад сууж байсан ширээн дээрээ суусан юм. Тэр үед текний ард хүн байхгүй, намайг карт авахыг хэн ч мэдээгүй учраас шууд яваад Сансрын тунелын тэнд байх Хаан банкны АТМ-ээс 3.500.000 төгрөг авчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Хаан банкны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 45/7124 дугаартай албан бичиг, гэрэл зураг /хх-ийн 33-34/, иргэн Сүхбаатарын Ганболдын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36/ шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон үндэстний хоолны газар”-т үйлчлүүлж байсан иргэн С.Ганболдын эзэмшлийн Хаан банкны виза картыг текин дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Б нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. П.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 жилийн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, П.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. . Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР