Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00327

 

Ө.Ш*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/04364 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ө.Ш*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Б*******д холбогдох

Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол ******* ын гудамж, байр хаягт байрлах, 41 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, хариуцагч Ж.Б******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Г.М******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга

1.1. Ж.Б******* нь хүүгээ Япон улс руу явуулахад мөнгөний хэрэг гарсан тул зээл авах зорилгоор миний өмчлөлийн Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол ******* ын гудамж, байр, хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 1 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг 27,000,000 төгрөгөөр худалдсан гэх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хуурамч гэрээ байгуулан шилжүүлж авсан.

1.2. Хариуцагч Ж.Б******* нь дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ж.Болор-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай миний сөрөг нэхэмжлэлийг хангаж, орон сууцыг Ө.Ш*******ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг Ж.Б*******д даалгаж шийдвэрлэсэн.

1.3. Дээрх хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ө.Ш*******а нь орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн боловч энэ талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн агуулгаар шийдвэрлэж, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

1.4. Иймд Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол ******* ын гудамж, байр, хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 1 өрөө, улсын бүртгэлийн Ү- дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ө.Ш*******ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг Ж.Б*******д даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний хүү Б. нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Япон улс руу явахаар болж, хүргэн ах В.Лгийн Ү- улсын бүртгэлийн дугаартай үл хөлдөх хөрөнгийг итгэмжлэлийн дагуу барьцаалсан. Ө.Ш*******атай орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхээс өмнө хүүгийн Япон улс руу явах санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн байсан.

2.2. Анхан шатны шүүх миний гаргасан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ч, давж заалдах шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хариуцагч гаргаагүй гэж дүгнэж, Ө.Ш*******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаагүй бөгөөд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж тогтоогоогүй. Уг маргааныг хяналтын журмаар хэлэлцүүлэхээс татгалзаж давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.3. Ө.Ш*******ын гаргасан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нь аль ч шатны шүүх хангаж шийдвэрлээгүй байхад хууль ёсны өмчлөгч мөн боловч энэ талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн агуулгаар шийдвэрлэсэн гэж шаардах эрхээ алдсанаа зөвтгөхийн тулд шүүхийн шийдвэрийг гуйвуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол ******* ын гудамж, байр, хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 1 өрөө, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ө.Ш*******ад шилжүүлэхийг Ж.Б*******д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлипйн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б*******эс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Ш*******ад олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдсан өмнөх хэрэгт Ж.Б******* нь албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Ө.Ш*******а нь талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Тус хэрэгт аль ч шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоогоогүй учир хэлцэл нь хүчин төгөлдөр юм. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

4.2. Ж.Б******* нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан шалтгаан нь нэхэмжлэгчийн яриад байгаа үйл баримттай холбоогүй гэдгийг нотлохын тулд Б.ийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Шүүх нотлох баримтыг урьдаас үнэлж гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 6.4, 25 дугаар зүйлийн, 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Болор-Эрдэнийн татгалзлаа нотолж, мэтгэлцэх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

4.3. Тус орон сууц нь Голомт банкны зээлийн барьцаанд байгаа тул банкыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь Голомт банкны барьцааны эрхийг хязгаарласан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/132023/19831 дугаартай захирамжаар 3. Ипотек эзэмшигч Голомт банк ХК болон нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээдээр оролцож байжээ. Энэ тохиолдолд, талууд маргаан бүхий орон сууцны өмчлөлчийн талаар, мөн хөрөнгөд бүртгэсэн бусад эрхийн талаар мэдэж байсан гэж үзнэ. Ипотек нь өмчлөгч өөрчлөгдөхөд шууд дуусгавар болдог эрх биш, эд хөрөнгөд хамаарах эрх бөгөөд гагцхүү ипотекийг шударгаар эзэмшсэн эсэх нь түүнийг хүчингүй болгох эсэхэд нөлөөлдөг.

Голомт банк ХК ипотекийг шударгаар олж авсан эсэх үйл баримтыг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэхгүй тул Голомт банк ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол энэ шийдвэрээр хөндөгдөхгүй юм гэж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар Голомт банкны барьцааны эрхийг хязгаарлах нөхцөл байдал бий болсон байхад Голомт банк ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол энэ шийдвэрээр хөндөгдөхгүй гэж шүүх хурал эхлэхээс өмнө урьдаас хөдөлбөргүйгээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 40 дүгээр зүйлийн 40.3, 116 дугаар зрүйлийн 116.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн.

4.4. Хариуцагч Ж.Болор-Эрдэнийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох эрхийг хязгаарласан. Хуралдаан эхлэхийн өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаагүй гэж үзэж болно гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээс татгалзсан. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 2******* зүйлийн 23.1, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан эрхийг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

4.5 Хэргийн харъяалал зөрчсөн, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй. Маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ө.Ш*******ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг Ж.Б*******д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу тус нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахаар хэргийн онцгой харьяалалтай тул хэргийн харьалал зөрчсөн.

4.6. Ө.Ш*******а нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* зүйл болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлөх зохицуулалтай. Тус үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр 27,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон гэрээ байгуулсан, тус гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид 292,950 төлөх ёстой. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрээр талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон үйл баримт тогтоогдсон. Харин давж заалдах шатны шүүхээс орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

5.2. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоосон тул түүний үр дагаврыг арилгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

5.3. Хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 252,950 төгрөг төлсөн. Эдийн бус нэхэмжлэлийн шаардлага гэж авч үзэж холбогдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ө.Ш*******а нь хариуцагч Ж.Б*******д холбогдуулан Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол ******* ын гудамж, байр, хаягт байрлах, 41 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтуудыг үнэлж, дараах үйл баримтуудыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол ******* ын гудамж, байр, хаягт байрлах 41 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ө.Ш*******ыг 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-ийн 16 дугаар тал/

3.2. Талууд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу дээрх орон сууцны өмчлөх эрхийг Ж.Б*******д шилжүүлж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлсэн, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Голомт банк ХК-ийн зээлийн барьцааны эрхэд бүртгэгджээ. /хх-ийн 46, 52, 5******* тал/

3.3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/00372 дугаар шийдвэрээр Ж.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй Ө.Ш*******а, Х.Э, Ш.З, Ш.З нарын хууль бус эзэмшлээс дээрх орон сууцыг чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Ө.Ш*******ын нэхэмжлэлтэй Ж.Б*******д холбогдох 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол ******* ын гудамж, байр хаягт байршилтай 41 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Ө.Ш*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлөх тухай Ж.Болор-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх орон сууцны өмчлөх эрхийг Ө.Ш*******ад буцаан шилжүүлэхийг Ж.Б*******д даалгаж,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2023/00748 дугаар магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан орон сууцны өмчлөх эрхийг Ө.Ш*******ад буцаан шилжүүлэхийг Ж.Б*******д даалгаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ. /хх-ийн 5-8, 9-1******* тал/

Анхан болон давж заалдах шатны шүүх Ж.Болор-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо түүний өмчлөлд орон сууц шилжих үндэслэл болсон 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Ж.Болор-Эрдэнийг маргаж буй орон сууцны өмчлөгч гэж үзэхгүй гэж шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 14 дүгээр тал/

4. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр олж авсан, өмчлөх эрхгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх шийдвэрлээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцнэ.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны үр дагавар юм.

Иймд аль ч шатны шүүх талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоогоогүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь байгуулагдсан цагаасаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул хүчин төгөлдөр бус үүргийн хэлцлийн дагуу хийгдсэн өмчийн хэлцэл хүчин төгөлдөр бус, уг хэлцлээр шилжүүлэн авсан зүйлээ буцаан өгөх үр дагавар үүснэ гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцжээ.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хариуцагчийн гаргасан дараах гомдлыг хангахгүй орхино. Үүнд:

6.1. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан гэрчээс мэдүүлэг авах хүсэлтийг нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэж хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхийн нотлох баримт бүрдүүлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

6.2. Талуудын хооронд үүссэн маргаан нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоогүй тул маргаан бүхий орон сууцны барьцаалагч гэх Голомт банк ХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг зөрчихгүй. Иймд Голомт банк ХК-ийн барьцааны эрхийг хязгаарласан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан, энэхүү эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэрэгжүүлэх боломжтой. Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, түүнээс татгалзсанаа илэрхийлсэн, энэ асуудлаар шүүхээс тодруулж буй ажиллагаа нь талуудыг тэгш эрхтэйгээр мэтгэлцэх боломжоор хангаж байгаа явдал. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тохиолдолд түүнийг хариуцагчид гардуулах ажиллагаа хийгдэх учиртай. Иймд дээрх ажиллагаа нь хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох, мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

6.4. Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд буюу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Иймд шүүхийн харъяалал зөрчсөн гэх хариуцагчийн гомдол хангагдахгүй.

6.5. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг хэрхэн тодорхойлсон болохоо шийдвэртээ тусгаж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг буруу тодорхойлж төлсөн, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/04364 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА