| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 1826004830063 |
| Дугаар | 13 |
| Огноо | 2020-12-25 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 13
Д.Дт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаар магадлалтай, Д.Дт холбогдох 1826004830063 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, С овогт Д.
Д.Д нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 29-ний хооронд Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 1478669 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Дыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Дын өмчлөлийн ашигт малтмал угаах зориулалт бүхий 40 скрубер усан буу, Robex 2900lс маркийн эксковатор зэргийг улсын төсөвт шилжүүлж, П.Бямбасүрэнгийн өмчлөлийн 45-61 УНР улсын дугаартай North benz маркийн тээврийн хэрэгсэл, 16-71 УН улсын дугаартай Word маркийн ковш зэргийг П.Бямбасүрэнд буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт хэсэгт зааснаар П.Бямбасүрэнгийн өмчлөлийн 45-61 УНР улсын дугаартай North benz маркийн тээврийн хэрэгслийн үнэ 19.800.000 төгрөг, 16-71 УН улсын дугаартай Word маркийн ковшийн үнэ 19.600.000 төгрөг буюу нийт 39.400.000 төгрөгийг шүүгдэгч Д.Даас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Даваажавын өмчлөлийн” гэсний дараа “6.400.000 төгрөгийн үнэ бүхий” гэж, “40 скрубер усан буу 1 ширхэг” гэсний дараа “22.600.000 төгрөгийн үнэ бүхий” гэсэн нэмэлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан. Шүүхийн шийтгэх тогтоолд хураахаар шийдвэрлэсэн хуучин төмрөөр хийгдсэн ашигт малтмал угаах зориулалт бүхий 40 скрубер усан буу 1 ширхэг, Robex 2900lc маркийн эксковаторыг уг гэмт хэрэгт ашигласан, завдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад Улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэхээр байна. Мөн шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дугаар заалтанд Эрүүгийн хуулийн 1, 2, 3 дахь заалтыг үндэслэл болгосон бөгөөд уг үндэслэл болсон заалтанд тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулах зохицуулалт байхгүй юм. Харин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ.” гэж заасан бөгөөд уг зохицуулалт нь гэмт хэрэг үйлдэх үед өөрийн өмчлөлд байсан хөрөнгийг гэмт хэрэг үйлдсэнээс хойш хууль ёсны дагуу хэлцэл хийж хэн нэгэн этгээдэд шилжүүлсэн бол тухайн эд хөрөнгийн үнийг шүүгдэгчээс төлүүлэх зохицуулалт юм. Гэтэл П.Бямбасүрэнгийн өмчлөлийн 45-61 УН дугаартай шар өнгийн North benz маркийн тээврийн хэрэгсэл, шар өнгийн 16-71 УН улсын дугаартай Word маркийн ковш нь гэмт хэрэг үйлдэх үед ч П.Бямбасүрэнгийн өмчлөлд байсан бөгөөд шүүх дээрх тээврийн хэрэгслийн үнэ болох 39.400.000 төгрөгийг шүүгдэгч Д.Даас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу 5, 6 дугаар заалт, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Д нь ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүй атлаа 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хүнд даацын техник хэрэгсэл ашиглан ашигт малтмал олборлох хууль бус үйл ажиллагаа 0.61 га газарт явуулж байгаль орчинд 1.478.669 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг шүүгдэгчид оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөрдөн шалгах болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил хэргийн бүх ажиллагааг хянахад тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бол ял, албадлагын арга хэмжээний нэгдэл болох эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой болно.
Энэхүү зорилго, зорилтын хүрээнд хууль тогтоогч хөрөнгө, орлогыг албадан хураах тусгайлсан журмыг хуульчлан тогтоож, гэмт хэрэг үйлдэж олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогоос гадна гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай хүн, хуулийн этгээдээс албадан гаргуулах замаар хохирлыг нөхөн төлүүлж, илүү гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлэхээр заажээ.
Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдвол хураан авах, бусдын өмчлөлийнх бол үнийг нь гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар журамласан байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нэг төрөл болох хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг тусгай зориулалтын хүнд даацын техник, хэрэгсэл ашиглан үйлдэх нь түгээмэл бөгөөд шүүх гэмт этгээдийг цээрлүүлэх, дахин гэмт үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 болон 4 дэх хэсгийг журамлан хурааж, бусдынх болох нь тогтоогдсон хүнд даацын тээврийн хэрэгслийн үнийг мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан “... усан буу, эксковаторыг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан нь тогтоогдоогүй байхад улсын төсөвт шилжүүлсэн нь буруу. Тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу 5, 6 дугаар заалт, магадлалыг хүчингүй болгуулах” тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.ЦОГТ
Б.АМАРБАЯСГАЛАН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН