Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1126

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/02739 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

 

Тэтгэмжид 7 сарын хугацааны 5 628 910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х-ын 2009 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 04 тоот тушаалаар мөнгө тоологчийн ажилд орсон. ХХХХ-ын захирлын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/1183 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл 6 жил 7 сар ажилласан. Автобус нэг ОНӨААТҮГ-н газрын захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулагдсан хамтын гэрээнд 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад 6-10 жил ажилласан ажилтанд 9 сарын тэтгэмжийг олгох байтал 2 сарын тэтгэмж 1 608 260 төгрөг олгосон. Иймд 7 сарын тэтгэмж 5 628 910 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Х нь 2009 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 04 тоот тушаалаар мөнгө тоологчоор ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/1183 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/1507 тоот тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 2 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 1 608 260 төгрөгийг Хд олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Автобуснэг ОНӨААТҮГ болон Автобус 1 дүгээр баазын ҮЭХ-ны хооронд байгуулагдан, 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгэгдсэн, 1 жилийн хугацаатай гэрээ юм. Энэ гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 3156 тоотоор 1 дүгээр баазын ҮЭХ-нд мэдэгдсэн.

Автобуснэг ОНӨААТҮГ нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ХХХХ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасныг манай байгууллага мөрдөж ажиллаж байна. ХХХХ нь Нэгтгэлийн ҮЭХороо, Автобус 1 дүгээр баазын ҮЭХ, Автобус 2 дугаар баазын ҮЭХ, Автобус 3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг дагаж мөрдөх боломжгүй.

Нэхэмжлэлийн шаардлага болсон хамтын гэрээг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжид үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус 1, Автобус 3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар ХХХХ болон өөрчлөн байгуулагдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгтэй нийцэж байгаа.

Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдье, нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн хэлэлцээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинээр байгуулах талаар комисс байгуулагдсан. 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 1/677 тоот албан бичгээр ҮЭХ-нд хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй, энэ асуудлыг гацаанд оруулж байгаа. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.9-д заасныг баримтлан Нийслэлийн ХХХХ-аас 5 628 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 105 012 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй.

1. Шүүх хамтын гэрээг хуульд нийцүүлж дүгнээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу Хамтын гэрээг НИТХ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар Аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч, өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээр хийж шийдвэрлэнэ гэсний дагуу 2013 онд мөрдөж байсан Хамтын гэрээг хэрхэх талаар хэлэлцээр хийгдээгүйг тайлбарласан. Мөн шинээр хамтын гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийгдэж талууд төлөөллөө томилон гэрээний төсөл солилцсон баримтыг шүүхэд өгснийг анхаарахгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнп гомдолтой байна.

Цаашлаад НИХТ-ийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус 1, Автобус 3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалт буюу хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дахь хэсэгтэй нийцсэн.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагчаас хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хөндсөн бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/1183 тоот тушаалаар 2 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгож, дансанд нь 2015 оны 10 дугаар сарын 22-нд мөнгө орсон байдаг. Ажилтан ажлаас чөлөөлөгдөөд тэтгэмж авах авахаар шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан эрх зөрчигдсөнөө мэдэх буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах ёстой. Нэхэмжлэгч ҮЭХ-нд 2016 оны 1 дүгээр сарын 16-нд өргөдөл гаргасан байдаг. Уг өргөдлийг хариуцагчийн төлөөлөгчөөс хүсэлт гарган ҮЭХ-ны өргөдөл гомдлыг албан ёсоор хүлээн авсан, бүртгэсэн талаарх бүртгэлийн дэвтэрийн холбогдох хэсгийг гаргуулъя гэхэд ҮЭХ ийм дэвтэр байхгүй гэдэг. ҮЭ байгууллага бол хөөн хэлэлцэх хугацааг сэргээдэг газар биш. Хуульд ийм зохицуулалт байхгүй. Үүнийг хариуцагч тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХХХ-т холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох тэтгэмжийг дутуу олгосон учир 7 сарын тэтгэмж 5 328 910 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Хыг ХХХХ-ын захирлын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/1183 дугаар тушаалаар “өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр мөнгө тоологчийн ажлаас чөлөөлж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/1507 тушаалаар Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хоёр сарын дундаж цалинтай тэнцэх буюу 1 608 260 төгрөгийн тэтгэмжийг түүнд олгохоор шийдвэрлэж, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын банкны харилцах дансаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

/хх-ийн 4-6 дугаар тал/

 

Хариуцагч байгууллага нь ажил олгогчийн хувьд ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үүрэг бүхий Үйлдвэрчний эвлэлийн хороотой тодорхой нөхцлөөр тохиролцож Хамтын гэрээ байгуулсан болон түүний хүчин төгөлдөр байдал, үйлчлэх хугацаа, уг гэрээнд өөрчлөлт оруулсан, эрх бүхий байгууллагаас зорчигч тээврийн байгууллагуудыг нэгтгэснээр үйл ажиллагааг эрхэлж буй байгууллага нь эрх залгамжлах зэргийг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлийн холбогдох заалттай нийцүүлэн дүгнэж, уг гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч Х нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв байна.

/хх-ийн 8-16 дугаар тал/

 

Хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтөөр өмнөх гэрээний 8.5-д өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй 6-10 жил ажилласан бол 9 сарын тэтгэмж олгохоор зохицуулжээ. Иймд шүүх нэхэмжлэгчид 7 сарын тэтгэмжийг олгож шийдвэрлэсэн нь хамтын гэрээний дээрх зохицуулалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Хыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг зөрчиж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тэтгэмж олгох тушаал гарсан байтал 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж гомдолд дурдсан байна.

 

Нэхэмжлэгчийн хувьд дээрх тушаал гарсан болон дансанд гүйлгээ хийгдсэн өдрөөс хойш энэ талаарх гомдлыг Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргасныг тус хороо хүлээн авч хариуцагч байгууллагын удирдлагад “Зөвлөмж” хүргүүлж байсан нь хэрэгт авагджээ.

/хх-ийн 19 дүгээр тал/

 

Үүнээс үзвэл эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхийг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг нэхэмжлэгч тал хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 102/ШШ2016/02739 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 015 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА