Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 142

 

Г.Баянжаргалд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Г.Баянжаргалын өмгөөлөгч Ц.Гансүх,

хохирогч Л.Отгонбаяр,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Баянжаргалын өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Баянжаргалд холбогдох 201625031780 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Жүрхэн овгийн Ганболдын Баянжаргал, 1982 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40Д байрны 59 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЧО82012303/,

Г.Баянжаргал нь 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр иргэн Л.Отгонбаяраас “Сонгуулийн сурталчилгааны иж бүрэн тоноглогдсон портер автомашиныг оруулж ирж өгнө” гэж 7.000.000 төгрөгийг хуурч мэхлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Г.Баянжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Жүрхэн овогт Ганболдын Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргар залилан мэхэлж авсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Прокуророос шүүгдэгч Г.Баянжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баянжаргалаас 7.000.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Отгонбаярт олгож,

шүүгдэгч Г.Баянжаргал цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Баянжаргалын өмгөөлөгч Г.Батболд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Г.Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэхь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч Л.Отгонбаярт 7.000.000 төгрөг олгож шийдвэрлэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас Г.Баянжаргал нь бусдыг хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлээгүй гэдгийг нотлох хэд хэдэн зүйлийг анхан шатны шүүх огт үнэлээгүй. Үүнд: Сонгуулийн сурталчилгаандаа иж бүрэн тоноглогдсон портер машин ашиглах саналыг Г.Баянжаргал бус намын нарийн бичгийн дарга Чимэдсүрэн гэх хүн санаачилсан, МАХНам тус саналыг ашиглах эсэх асуудлыг нэгдсэн хуралдаанаар сонгуулийн сурталчилгаанд явуулахыг зөвшөөрсөний үндсэн дээр холбогдох хүмүүстэй гэрээ байгуулан ажиллахаар болсон, Мөн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаандаа тоноглогдсон портер автомашин ашиглах эсэхээ өөрсдөө мэдэх байсан (ашиглахгүй байж ч болох байсан гэсэн үг), Г.Баянжаргал Хамтран ажиллах гэрээгээр тохирсон хөлсөө авч, үлдэх 4.500.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ бус сонгуулийн сурталчилгаа хийсэн веб сайтын төлбөрт төлсөн, Сонгуулийн сурталчилгааны үеэр МАХНамд нягтлан хийж байсан Лхамноргин гэх хүн мэдэж байгаа (баримт нь байгаа), МАХН-ын зүгээс портер машин оруулж ирэх, лед телевизор, микрофон зэрэг шаардлагатай зүйлсийг оруулж ирэх хүнтэй яриад тохирчихсон байсан боловч нэр дэвшигчид дийлэнх нь зохих төлбөрөө хийгээгүйн улмаас гэрээ нь цуцлагдсан, өөрөөр хэлбэл Г.Баянжаргалын буруутай үйл ажиллагаа байхгүй. Дээр дурьдсан гэрчийн мэдүүлэг, баримт зэргийг хангалттай үнэлж дүгнээгүй, мөн хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

 “Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрхи баримтуудыг дүгнэн үзвэл шүүгдэгч Г.Баянжаргал нь 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр иргэн Л.Отгонбаяраас сонгуулийн сурталчилгааны иж бүрэн тоноглогдсон портер автомашиныг оруулж ирж өгнө гэж 7.000.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан болох нь .... баримтуудаар тогтоогдож байна” гэжээ. Г.Баянжаргалын үйлдсэн гэх үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнд заавал байх ёстой дөрвөн үндсэн шинжийн нэг болох обьектив тал нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 тоот тогтоолоор “Хуурч мэхлэх арга гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл Г.Баянжаргал нь бусдыг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, бодит байдлыг гуйвуулсан үйлдэл хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогддоггүй. Эдгээрийг харгалзан үзэж 21 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон Г.Баянжаргалыг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Баянжаргалын өмгөөлөгч Ц.Гансүх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан буюу хохирогч Л.Отгонбаярын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсны улмаас бага бус хэмжээний хохирол үчруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Онолын хувьд авч үзвэл залилан мэхлэх гэмт хэрэг нь эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээр илэрдэг. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас Г.Баянжаргалыг гэмт хэрэг үйлдээгүй гэх хэд хэдэн үндэслэл харагддаг.

1. 2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр буюу 5 дугаар сарын 17-ны өдөр МАХН-ын сонгуулийн төв штаб хуралдаж дуу дүрсний техникээр тоноглосон портер автомашиныг нэгдсэн зохион байгуулалттайгаар сурталчилгаандаа ашиглах шийдвэр гаргасан байдаг. Энэхүү саналыг Чимэдсүрэн гэдэг хүн гаргаж, намын дарга Намбарын Энхбаяр зөвшөөрч баталсан бегөөд уг хуралд өөрийн биеэр оролцсон хохирогч гэх Л.Отгонбаяр анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар мэдүүлж, хүлээн зөвшөөрсөн болно. Харин шүүгдэгч Г.Баянжаргал хэрэг бүртгэлтийн шат болон шүүх хуралдаан дээр болж өнгөрсөн нөхцөл байдлын талаар “2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАХН-аас бүх нэр дэвшигчдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар дуу дүрсний техникээр тоноглогдсон портер машиныг сурталчилгаандаа ашиглахыг санал болгосон. Үүний дагуу бид нар үнийн санал гаргаад нэг компанитай хамтарч ажиллахаар болсон ба нэг нэр дэвшигчээс 7.000.000 төгрөг цуглуулахаар болсон” гэж тогтвортой мэдүүлснийг анхан шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Тухайн үед намын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан Г.Баянжаргал нь сонгуулийн сурталчилгаанд ашиглах портер автомашины зардалд нэр дэвшигчдээс тус бүр 7.000.000 төгрөг цуглуулах ажлыг хариуцсан байдаг. Өөрөөр хэлбэл иж бүрэн тоноглогдсон портер автомашин ашиглах санаачилга гаргаагүй, нэгдсэн зохион байгуулалттай ашиглахаар шийдвэрлээгүй, уг ажлыг гардан гүйцэтгээгүй, мөнгийг нь захиран зарцуулаагүй байхад үндэслэлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэсэн үг.

2. Л.Отгонбаяр нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “Би 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас СХД-ийн 71 дүгээр тойрогт нэр дэвшсэн. Иргэн Г.Баянжаргалтай сонгуулийн сурталчилгаанд хэрэглэх зорилгоор иж бүрэн тоноглосон лед телевизор лед хегжим апартур портерыг хувиргаад тоноглочихсон портерыг олж өгнө, хүмүүс нь бэлэн байгаа тоног төхөөрөмжийг нь яаралтай урагшаа захих хэрэгтэй байна мөнгөө өг гээд 9.5 сая төгрөгийг Г.Баянжаргалын найз Чинбатын “Хаан” банкны данс руу шилжүүлсэн” гэжээ. Бодит байдал дээрээ МАХН-ын сонгуулийн төв штабаас дуу дүрсний техникээр тоноглосон портер машиныг бэлэн болгох ажлыг хохирогч гэх Л.Отгонбаярыг 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр мөнгөө өгөхөөс өмнө эхлүүлсэн байсан. Шүүгдэгч талын шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 40 ширхэг портер автомашины кабинийг улаан өнгөөр будах, кузовыг 100 хувь улаан өнгөтэй хуулгаар бүрэх 30.000.000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ, “МХМ” ХХК-ийн тодорхойлолт, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэх, будганд орсон портер машины фото зураг үүнийг нотолно. Тухайн автомашинуудыг тодорхой шалтгааны улмаас сурталчилгаанд ашиглаагүй бөгөөд хэрэг бүртгэлтийн шатанд энэ талаар тодруулах ажиллагаа хийгдээгүй. Мөн гэрч Б.Чинбат мэдүүлэгтээ “сонгуулийн үеэр портер автомашиныг тоноглон ашиглах санааг анх нарийн бичгийн дарга Чимэдсүрэн гаргасан” гэж хэлсэн боловч, Чимэдсүрэнгээс мэдүүлэг аваагүй болно.

3. МАХН, хохирогч Л.Отгонбаяр, шүүгдэгч Г.Баянжаргал, гэрч Б.Чинбат нарын дунд мөнгөний маргаан байгаа, үүнийг үгүйсгэхгүй. Харин энэ нь эрүүгийн гэмт хэрэг биш, иргэний хэрэг маргаан гэж үзэх үндэслэл харагддаг. Хохирогч Л.Отгонбаяр нь сонгуулийн сурталчилгаа, сонин хэвлэлийн эх бэлтгэх агуулгатай 5.000.000 төгрөгийн үнэ бүхий хамтран ажиллах гэрээг Б.Чинбат, Г.Баянжаргал нартай байгуулаагүй, амаар тохиролцсон гэж худал мэдүүлэг өгсөн. Гэрээ гарч ирмэгц “би гэрээ байгаа гэдгийг мэдээгүйгээр 9,5 сая төгрөг шилжүүлсэн” гэж бас худал мэдүүлдэг. Шүүх хуралдаан дээр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “гэрээ байгуулахад Л.Отгонбаяр өөрийн биеэр байгаагүй, утсаар зөвшөөрөл олгосон, гэрээ байгуулагдсан гэдгийг Отгонбаяр мэдэж байгаа” гэсэн нь үүнийг нотолно. Гэрч Б.Чинбат гэрээнийхээ дагуу ажлаа дуусгаад 5.000.000 төгрөгөө авсан гэдэг бол, хохирогч Л.Отгонбаяр “хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй байсан, тиймээс үлдэгдэл 2.500.000 төгрөгийг нь өгөхгүй” гэж мэдүүлдэг. Хэрэг бүртгэлтийн шатанд хамтран ажиллах гэрээний гүйцэтгэлтэй холбоотой ажиллагаа хийгдээгүй, маргаантай хэвээр үлдсэн. Шүүгдэгч Г.Баянжаргал яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “4.500.000 төгрөгийг нь МАХН-ын сонгуулийн сурталчилгааны төлбөрт өгсөн, нягтлан бодогч Лхамноргин гэдэг хүн мэдэж байгаа” гэж хэлсэн боловч Лхамноргиныг гэрчээр асуугаагүй байдаг. 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Нэг тал нь МАХН-ын төв штаб, нөгөө тал нь зөв сонголт.мн сайт бөгөөд сурталчилгааны материалыг нийтлэх, мэдээллийн хуудсаар түгээх 15.000.000 төгрөгий үнийн дүнтэй гэрээ хийгдсэн болох нь харагддаг. Тухайн үед хохирогч гэх Л.Отгонбаярын мөнгийг оролцуулан уг гэрээний төлбөрийг хийсэн, гэхдээ шүүгдэгч Г.Баянжаргалын оролцоо байхгүй. МАХН-ын санхүүгийн алба, нягтлан бодогч нарын хийсэн зүйл болно. Хохирогч Л.Отгонбаяр хамтран ажиллах гэрээ байгаа юм бол гэрээ дүгнэсэн акт, гарын үсэг зуруулсан баримт байхгүй. Би 7.000.000 төгрөгийн бараа үйлчилгээ аваагүй учраас гомдол гаргасан, хоёр өөр асуудлыг холих шаардлагагүй, тэр 5.000.000 төгрөгийн гэрээн дээрээ гомдол гаргаад өөр шугамаар явах хэрэгтэй гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл 9.500.000 төгрөг өгчихөөд 7.000.000 төгрөгийг залилсан, 2.500.000 төгрөгийг нь залилаагүй гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. 5.000.000 төгрөгийн үнэ бүхий хамтран ажиллах гэрээний гүйцэтгэл болон төлбөрийн талаар маргаантай гэдгээ хүлээн зөвшөөрсөн зэргээс харахад эдгээр нь иргэний хэрэг маргаан гэж харагддаг. Мөн нэг удаагийн үйлдлээр шилжүүлсэн 9.500.000 төгрөгийг хоёр хуваагаад эрүү, иргэний маргаан болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Г.Баянжаргалд холбогдох эрүүгийн 201625031780 тоот хэргийн хэрэг бүртгэлтийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, уг гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг бүрэн тогтоогоогүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Г.Баянжаргалаас улсын яллагч, шүүх хуралдаан даргалагчийн зүгээс дараахь асуултыг асуусан. Үүнд: “Улсын яллагч: Л.Отгонбаярын өгсөн 7.000.000 төгрөгийг өөрөө хэрэглээгүй гэдгээ юугаар нотлох гэж байгаа юм, хавтаст хэрэгт баримтууд чинь байгаа юу”, “Шүүх хуралдаан даргалагч: Л.Отгонбаярын өгсөн 7.000.000 төгрөгийг намын санхүүд тушаасан баримт чинь хаана байна” гэх мэт. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж зааснаас харахад миний үйлчлүүлэгчид дээр дурьдсан асуултыг тавих эрх улсын яллагч, шүүх хуралдаан даргалагчид байхгүй гэж үзэж байна. Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Г.Баянжаргал болж өнгөрсөн нөхцөл байдлын талаар өөрийн мэдэх зүйлээ бүгдийг нь тогтвортой хэлж мэдүүлсэн, өмгөөлөгч авсныхаа дараа шүүх хуралдаан дээр өөрийн чадах хэмжээнд цуглуулсан 13 хуудас нотлох баримт гарган өгсөн. Харин хэрэг бүртгэгч, прокурорын зүгээс яллах ба цагаатгах нөхцөл байдлыг тогтоох үүргээ тун хангалтгүй биелүүлсэн байдаг. Шүүгдэгч Г.Баянжаргал “2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАХН-аас бүх нэр дэвшигчдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар дуу дүрсний техникээр тоноглогдсон портер машиныг сурталчилгаандаа ашиглахыг санал болгосон. Үүний дагуу бид нар үнийн санал гаргаад нэг компанитай хамтарч ажиллахаар болсон ба нэг нэр дэвшигчээс 7.000.000 төгрөг цуглуулахаар болсон” гэж мэдүүлсээр байхад энэ талаар шалгаж тогтоогоогүй. Мөн “уг мөнгийг МАХН-аас сонгуулийн сурталчилгааны гэрээ хийсэн веб сайтын төлбөрт өгсөн. Манай нягтлан Лхамноргин гээд хүн мэдэж байгаа” гэж мэдүүлсэн боловч Лхамноргиноос мэдүүлэг аваагүй. Гэрч Б.Чинбат “сонгуулийн үеэр портер автомашиныг хэрхэн тоноглох талаар саналыг анх Чимэдсүрэн гээд манай нарийн бичиг гаргаад нэр дэвшигч нар өөрсдөө сонголтоо хийх байсан” гэж мэдүүлсэн ч үнэн эсэхийг нь шалгаагүй. Г.Баянжаргалыг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байна. Эдгээрийг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүи болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон Г.Баянжаргалыг цагаатгаж өгнө үү” гэв.

Хохирогч Л.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.Чинбат, Г.Баянжаргал нартай амаар тохиролцож 9.500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Түүнээс 2.500.000 төгрөг нь хийж гүйцэтгэх ажлын урдчилгаа болгож өгсөн. Үлдсэн 7.000.000 төгрөг нь иж бүрэн тоноглогдсон портер автомашины үнэ байсан. Уг портер автомашин нь ирэхгүй болохоор Г.Баянжаргал руу залгаж, хүн явуулж асуулгаж байсан. Г.Баянжаргал авсан мөнгөө буцааж өгнө гэж удаа дараа хэлдэг ч өгөхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад 7.000.000 төгрөгөө буцааж авах талаар өргөгдөл гаргасан. Хуулийн байгууллага шалгаж үзээд 7.000.000 төгрөгөөс Г.Баянжаргал 2.500.000 төгрөгийг авсан. 4.500.000 төгрөгийг намын вэб сайтын төлбөрт төлсөн гэсэн боловч санхүүгийн баримт байхгүй учир тогтоогдоохгүй байна гэж үзэж байна. Мөн гэрээ байгуулахад төлсөн 2.500.000 төгрөгийн гүйцэтгэлийн актыг дүгнээгүйд маш гомдолтой байна. Б.Чинбат, Г.Баянжаргал нарыг 2.500.000 төгрөгийг аваарай гэж хэлсэн зүйл байхгүй. Миний зүгээс өгсөн мөнгө буцааж авах гэсэн боловч Г.Баянжаргал автобусны мөнгө байхгүй гэж уйлах гэж байсан. Гэтэд одоо 2 өмгөөлөгч авч 2.000.000  төгрөгийн гэрээ хийсэн гэдэгт их гайхаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд 3 гэрч оролцож хэргийн бодит байдлыг тогтоосон гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Г.Баянжаргал бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргар залилан мэхэлж авсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсныг үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байгаа. Г.Баянжаргал нь бусад 7 хүний мөнгийг өгсөн хэрнээ яагаад миний мөнгийг өгөхгүй байгаа гэдэг үйлдлээрээ залилан мэхлэх эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж Г.Баянжаргалаас 7.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Баянжаргалд холбогдох 201625031780 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн атлаа хэргийн зарим оролцогч нарт шийтгэх тогтоол бус “Ерөнхий шүүгчийн захирамж” гардуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан “Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ”, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой дээрх алдаа, зөрчил нь шүүгчийн хайнга хариуцлагагүй байдалтай шууд холбоотой бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Баянжаргалд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Г.Баянжаргалын өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг болон шүүгдэгч Г.Баянжаргалын үйлдэл, гэм буруугийн талаар давж заалдах шатны шүүх энэ удаа дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Баянжаргалд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Г.Баянжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Ц.ОЧ