Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0144

 

 

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0857 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.О-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0857 дугаар шийдвэрээр:

1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.О-ийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.О-ийн ажилгүй байсан болон бага цалинтай ажил эрхэлсэн 2018 оны 05 дугаар сарын 29-өөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 2,050,937.00 /хоёр сая тавин нэгэн мянга есөн зуун гучин долоо/ төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Д.О нь тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст Хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, байгууллагын дотоод дүрэм, журмыг сахих, байгууллагын төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах үүрэгтэй.

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.1 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын дунд ажил олгогчдын зөвлөгөөн зохион байгуулах ажлыг нэхэмжлэгч тухай албан тушаал эрхэлж байсан хугацаандаа зохион байгуулах үүрэг хүлээсэн. Ажил олгогчдын зөвлөгөөн зохион байгуулахыг удирдлагын зүгээс удаа дараалан шаардсан боловч нэхэмжлэгч биелүүлээгүй.

Иймд Засаг даргын Тамгын газрын дарга өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчид 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/152 дугаар тушаалаар төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүй сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ нь нэхэмжлэгчийг төрийн албанд ажиллах эрхгүй болгосон асуудал биш, сахилгын шийтгэлийн нэг төрөл юм.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0857 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.О нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/152 дугаар тушаалаар тус газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.О-ийг “дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, байгууллагын Дотоод журмыг удаа дараа зөрчсөн” гэж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, байгууллагын Дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.6, 3.3.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсныг нэхэмжлэгч Д.О эс зөвшөөрч маргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.9-д “сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2-т “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох”-оор заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-д “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна” гэснийг зөрчиж дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, байгууллагын дотоод журмыг удаа дараа зөрчсөнийг шалган тогтоолгүйгээр албан тушаалаас халсан болох нь тогтоогджээ.

Тиймээс маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Д.О-ийг ажлаас халах тухай” Б/152 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасантай нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Мөн энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэл бүхий байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0857 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР