Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2016/0144

 


Ө.Өнөрөөгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ө.Өнөрөө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзийбаасан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 755 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаар магадлалтай, Ө.Өнөрөөгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад /хуучин нэрээр/ холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ө.Өнөрөө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ө.Өнөрөө би 2013 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Мөрөн сумын улсын бүртгэгч”-ийн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад оролцон, хамгийн өндөр оноог авч тэнцэн, 2014 оны 01 дүгээр сараас тус хэлтэст “улсын бүртгэгч”-ээр ажиллах болсон. Улмаар би 2014 оны 06 дугаар сард жирэмсний амралтаа авсан бөгөөд амаржсаны 60 хоногоо дуусгаад 10 сард ажилдаа орохоор байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 1054 дүгээр тушаал гаргаж, намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Энэ тухайгаа хариуцагч надад мэдэгдээгүй бөгөөд би ажилд орох өргөдлөө өгөх үеэр олж мэдлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 1054 дүгээр тушаалыг үзэхэд “Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгч Д.Ганцэцэг нь хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгон үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тул түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ө.Өнөрөөг үүрэгт ажлаас чөлөөлж байна” гэжээ. Д.Ганцэцэг нь төрийн албанд ажиллаж байх хугацаандаа төрийн албаны шалгалт өгөөд тэнцээгүй, харин сүүлд өөр ажил, албан тушаалын сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтанд тэнцсэн байдаг юм. Ийм хүнийг Мөрөн сумын улсын бүртгэгчээр ажиллуулахын тулд тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүнийг чөлөөлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.  Иймд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 1054 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Мөрөн сумын улсын бүртгэгч”-ийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /хуучин нэрээр/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгч Д.Ганцэцэг нь 2013 оны 07 дугаар сард Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авах хүсэлт гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 851 дүгээр тушаалаар “Д.Ганцэцэгийн жирэмний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг Э.Нэргүйгээр орлон гүйцэтгүүлэх”-ээр шийдвэрлэсэн юм. Э.Нэргүй нь өөр ажилд шилжин ажиллах болсон тул 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар тушаалаар “Д.Ганцэцэгийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд” Ө.Өнөрөөг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Д.Ганцэцэг нь 2014 оны 08 дугаар сард хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож, үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1054 дүгээр тушаалаар шийдвэрлэж “Ө.Өнөрөөг үүрэгт ажлаас чөлөөлөн”, 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1091 дүгээр тушаалаар “Д.Ганцэцэгийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч Ө.Өнөрөө нь чөлөөтэй байгаа хүний оронд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан ба түүний төрийн албаны шалгаруулалтад орж тэнцсэн гэх Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгчийн сонгон шалгаруулалтыг эрх бүхий этгээдээс захиалан зарлуулаагүй, сонгон шалгаруулалт зохих журмын дагуу явагдаагүй тул түүний мэргэшлийн шалгалтанд орж тэнцсэн нь хууль бус гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Ганцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Д.Ганцэцэг би Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байгаад 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан. Ө.Өнөрөө нь миний эрхэлж байсан ажил албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан ба би зохих хугацаа өнгөрөөд ажилдаа эргэн ороход Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу үргэлжлүүлэн ажиллах эрхтэй юм. Мөн би 2014 оны 07 дугаар сард төрийн албаны шалгалт өгч тэнцсэн төрийн албан хаагч мөн бөгөөд энэхүү маргаанаас үүдэн тангараг өргүүлэхгүй байгаа болно” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 755 дугаар шийдвэрээр, 1. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.Өнөрөөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 1054 дүгээр тушаалыг хүчингүй болгосон байна.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Ө.Өнөрөөгийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1054 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч Ө.Өнөрөө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ө.Өнөрөө би 2013 оны 10 дугаар сард Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn сайт болон Хэнтий аймгийн ФМ, сониноос “Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан талаар мэдээлэл авч, бүртгүүлж, оролцсон. Ингээд сонгон шалгаруулалтад тэнцэн, төрийн албанд томилогдон ажиллаад тодорхой хугацаа өнгөрч байхад намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Миний оролцсон сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон талаар Төрийн албаны зөвлөлийн болоод бусад эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй тул сонгон шалгаруулалтыг хүчингүй эсхүл хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Хариуцагч зохих журмын дагуу төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцсэн иргэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа атлаа төрийн албанд 3 жил ажиллахдаа төрийн албаны шалгалт өгөлгүй ажиллаж, шалгаруулалтад тэнцээгүй, өөр орон тоонд сонгон шалгаруулалтад орсон Д.Ганцэцэгийг Мөрөн сумын улсын бүртгэгчийн ажилд томилж байгаа нь хууль бус, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон. Уг захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах гээд  Хэнтий аймгийн Мөрөн сумаас 9 удаа ирж байгаа бөгөөд нэг талын зардалд 13,000 төгрөг зарцуулдаг. Жирэмсэн болон амаржсаны амралттай байгаа албан хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч хариуцдаг. Гэтэл миний төрсний дараах 2 сарын шимтгэлийг төлөөд дахин төлөөгүй бөгөөд би сайн дураар гэрээ байгуулан сар бүр 24,000 төгрөг төлж байна. Би 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш сар бүр ажил хөдөлмөрөө эрхэлж байгаа ТЗ-6-аар цалинжиж өрхийн орлогыг нэмэгдүүлэх байсан. Гэтэл хариуцагчийн хууль бус шийдвэрээс болж энэхүү орлого хасагдаж, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг, замын зардалд 234,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 432,000 төгрөг, цалин хөлс 8,573,616 төгрөг, нийт 9,309,816 төгрөгийн хохирол учраад байна. Хариуцагч өөрөө жирэмсэн болон амаржсаны хүүхэд асрах чөлөөтэй хүний ажил албан тушаалын орон тоог хадгалж үлдэх ёстой атал сул орон тоо хэмээн сонгон шалгаруулалт зарласны улмаас би өнөөдөр хохирч үлдээд байна. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 128 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                                     ХЯНАВАЛ

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх  журам”-ыг баталсан ба журмын 4.8-д төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай,... болсон тохиолдолд төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс сонгон авч хугацаа заан түр орлон гүйцэтгүүлж болохоор,  4.1-д  албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргаж, шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг тодорхой зааж байхаар зохицуулсан байна.

Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгч Д.Ганцэцэгийн “хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд” албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Ө.Өнөрөөг тухайн албан тушаалд томилсон байх ба нэхэмжлэгч үүнийг зөвшөөрч Мөрөн сумын улсын бүртгэгчээр ажиллажээ.

Тус албан тушаалд ажиллаж байсан Д.Ганцэцэг /үндсэн ажилтан/ хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгон ажилдаа орох хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагч 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1054 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын дагуу “Д.Ганцэцэгийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд” түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ө.Өнөрөөг ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар  зохицуулна”; Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална: 35.1.4 жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэж заасны дагуу ажил олгогч нь ажилтны жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй юм.

Тухайн тохиолдолд, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгчээр томилогдож ажиллаж байсан  Д.Ганцэцэгийн  жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажил, албан тушаалыг хадгалах үүргийг ажил олгогч буюу төрийн захиргааны байгууллагад хуулиар хүлээлгэсэн байх тул нэхэмжлэгчийн “Д.Ганцэцэг төрийн албаны шалгалт өгөлгүй ажиллаж байгаад өөр орон тоонд шалгалт өгч тэнцсэн учир энэ албан тушаалд ажиллах ёсгүй” гэсэн гомдол үндэслэлгүй байна

Нэхэмжлэгчийн тухайд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх журмаар бус харин төрийн албан  хаагчийн жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэхээр тухайн албан тушаалд томилогдсон түр орлон гүйцэтгэгч тул түүний хүүхэд асрах чөлөөтэй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг хариуцагч хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй юм. 

Давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 1054 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Мөрөн сумын улсын бүртгэгч”-ийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Ө.Өнөрөө нь Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөл Салбар зөвлөлөөс 2013 оны 12 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд зохион байгуулсан төрийн албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцож, “Мөрөн сумын улсын бүртгэгч”-ийн орон тоонд шалгалт өгч тэнцэн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд тухайн сонгон шалгаруулалтыг томилох эрх бүхий этгээдээс захиалсан эсэхийг шалгаруулалтанд оролцогч мэдэх боломжгүйн зэрэгцээ төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн “сонгон шалгаруулалт хууль бусаар явуулсан тул Ө.Өнөрөөгийн төрийн албаны шалгалтанд тэнцсэнийг хууль ёсны гэж үзэхгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН