Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  “А” танхимд  нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн төвд оршин суух Гомбосүрэнгийн Энхтуяа 

 

 ”Ажилласан байдал тогтоолгох”  тухай хүсэлт ирүүлснийг  2016.07.05-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Энхтуяа, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг  оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Г.Энхтуяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 1982-1992 он хүртэл Сүхбаатар аймгийн Онгон  сумын Хөгжилт нэгдэлд, 1992-1996 он хүртэл Хөгжилт ХК-д ня-богоор ажилласан юм. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч анх ажилд орсон, ажлаас чөлөөлөгдөн хоёр бичилт хийгдсэн байна. Аж ахуйн нэгжийн өөрчлөлтөөр нэгдэл 1992 онд тарж, нэгдлийн суурин дээр Хөгжилт ХК байгууллаглаж би ня-богоор очиж ажилласан, гэтэл энэ ажилд орсон, нэгдлээс чөлөөлөгдсөн 2 бичигдээгүй байгаагаас болоод ажиллаж байсан тухайгаа тогтоолгох шаардлагатай болсон тул намайг 1982-1996 он хүртэл Онгон сумын Хөгжилт нэгдэл болон Хөгжилт ХК-д  ня-богоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

  

               ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Загдхорлоо овогт Гомбосүрэнгийн Энхтуяа нь 1982.04.01-нээс 1992  он  хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд ня-бо, 1992-1995 он хүртэл Онгон сумын Хөгжилт ХК-д ня-богоор тус тус  ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2015.04.22-ны өдрийн 53/15, 2014.12.26-ны өдрийн 404/15 тоот лавлагаанууд болон  тухайн үед хамт ажиллаж байсан гэрч Д.Шарын шүүхэд өгсөн “. . . Би 1974-1996 он хүртэл  Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд автомашины жолоочоор ажиллаж байсан. Г.Энхтуяа нь 1982 онд Наран сумаас шилжиж ирээд Хөгжилт нэгдэлд ня-богоор ажилд орсон. Тэгээд нэгдэл тартал ажиллаад, нэгдэл тараад Хөгжилт ХК болж шинэчлэгдэхэд Г.Энхтуяа ня-богоор нь орж ажилласан. 1996 онд уг компани тарахад бид бүгд ажилгүй болсон юм.” гэх, гэрч Д.Хүрэлбаатарын “. . . Би 1981-1996 он хүртэл Онгон сумын Хөгжилт нэгдэлд механикчаар ажилласан. Г.Энхтуяа 1982 онд нэгдэлд ня-богоор орж ажилласан. Тэгээд Хөгжилт нэгдэл тараад Хөгжилт ХК болоход Г.Энхтуяа ня-бо нь болсон. Би 1996 онд уг компаниас гарахад Энхтуяа ажиллаж л байсан “ гэх  мэдүүлгүүдээр Г.Энхтуяагийн Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд болон Хөгжилт ХК-д ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул 1982-1995 он хүртүл ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.. 

 

Нэхэмжлэгч Г.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орологод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Загдхорлоо овогт Гомбосүрэнгийн Энхтуяаг 1982.04.01-нээс 1992 он хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд ня-бо, 1992-1995 он хүртэл Хөгжилт ХК-д ня-богоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

 2. 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгч Г.Энхтуяагийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан  сонсгомогц хуулийн   хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  хүсэлт гаргагч Г.Энхтуяа шийдвэрийг   эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба уг гомдлыг хэрэг шийдсэн шүүхээр дамжуулан гаргаж болохыг дурдсугай.                        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Ш.ОЮУНГЭРЭЛ