| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0425/Э |
| Дугаар | 468 |
| Огноо | 2019-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Анармаа,
улсын яллагч А.Сайнбаяр,
хохирогч Н.Үербаатар,
шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э-д холбогдох эрүүгийн 1806 0926 00340 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х.Э, 1979 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Усан спорт холбооны нарийн бичгийн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 74а байрны 99 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхоны бассейны орчим иргэн Н.Үербаатарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Х.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр багш нарын баяр болж байсан. Үербаатар өөрөө ширээнээс унасан. Бидэнд хувийн таарамжгүй харилцаа гэсэн зүйл байхгүй, багш шавийн харилцаатай байсан. Би багшдаа цохиулсан гээд мөрдөн байцаагчид хэлээгүй байсан. Одоогоор миний шүд хугарсан гомдолтой байна. Тухайн үед хамар нь ургадсан байдалтай байсан. Би цохисон зүйл байхгүй яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Хохирогч Н.Үербаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 10 сард багш нарын баяр болсон. Ширээн дээр дарааллаар сууж байгаад Сүхбат, Э нар хоорондоо маргалдаж байсан. Сүхбат руу дайраад байхаар нь “чи яаж байгаа бэ” гэхэд над руу дайрч давшилсан. Сүхбаттай маргалдаад цохиж унагаасан хамрын гэмтэл болсон. Түүнээс гараад эргүүлийн цагдаатай тааралдаад хэлсэн байдаг. Үүнээс хойш хамрандаа оёдол тавиулсан. Гэмтлийн эмчид үзүүлж зураг авхуулсаны дараагаар хувийн эмнэлэгт мэдрэлийн эмчилгээгээр хэвтэж эмчлүүлсэн. Зураг дээр хамар хугаралтай байна гэсэн. Манай шавь байсан болохоор нилээн хүлээж уучлалт гуйх байх гэж нилээн хүлээлттэй байсан. Гэвч надаас уучлалт гуйгаагүй. Нэхэмжлэх зүйл дээр биеийн байдал хамар хугаралтай, цаашдаа хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа учраас толгойнд нөлөөлөх гаж нөлөө өндөр гэсэн. Эмчилгээний зардал 1.070.000 төгрөгийн зардал нэхэмжилж байна. Цаашид гарах хагалгааны эмчилгээний зардал болон сорви арилгах лазер эмчилгээний зардал нэхэмжилж байна. Хурлын завсарлага авсны дараа миний дансанд 950.000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 21.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэв.
Хохирогч Н.Үербаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энэ үед би Э хандаж одоо тайвшир сууж ярилц гэж хэлэхэд намайг бас хараагаад зайл гээд байсан. Сүхбат босоод Э-ыг тайвшруулаад суулгах гэтэл хоорондоо барьцалдаж авсан. Энэ үед нь би босоод салгах гэтэл Э миний нүүрэн тус газар хамар орчим гараараа 1 удаа цохисон. Би доошоо тонгойж суухад толгойн тус газар өшиглөж, мөр, ташаа, хавирга орчим өшиглөсөн...” гэх мэдүүлэг. /хх 11/,
Гэрч Х.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Золзаяагийн хамт ширээн дээр сууж байсан. Үүдэнд юу болсныг мэдэхгүй байна. Энхмандах буцаж орж ирсэн. Багш нарын өрөөнд үлдсэн архиа уух ээж сууж байхад цагдаа орж ирсэн. Золзаяа явсан байсан. Э Үербаатар нар үүдэнд зодолдсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх 58/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13604 дугаартай дүгнэлт:
1. Н.Үербаатарын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, хамар сорви /шарх/ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-дзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн дүгнэлт /хх 17/, Өвчний түүх /хх-20-38/, фото зураг /хх-39-42, 66-67/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 63/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-63/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 65/, хохирлын баримтууд /хх-68-78/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхоны бассейны орчим иргэн Н.Үербаатарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Х.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Н.Үербаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1.070.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн ба хавтаст хэргийн 68-78 дугаар талд авагдсан нотлох баримтаар шүүх 971.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Х.Э нь шүүх хуралдаанд хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хуульд заасан завсарлага авсан ба эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр хохирогчид 971.000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Иймд шүүгдэгчийг хавтаст хэрэгт авагдсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.Үербаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгч Х.Э ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Э-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Э нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Үербаатарт 971.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч Н.Үербаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР