Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00342

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/04245 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 137,698,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 70,702,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК нь махны цехийн тоног төхөөрөмж, 2 ширхэг тээврийн хэрэгслийг 190,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

1.2. Дээрх гэрээгээр 27 нэр төрлийн 38 ширхэг махны тоног төхөөрөмж болон 2 ширхэг тээврийн хэрэгслийг худалдан авагч ******* ХХК-д хүлээлгэн өгч, худалдан авагчаас урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг төлсөн.

1.3. Мөн хариуцагчаас авсан 22,302,000 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүний үнийг хасаж, гэрээний үлдэгдэл төлбөр 137,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр жижиг хэрэглээний мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй зоорьтой объектыг худалдаж авсан гэж ойлгосон.

2.2. Энэ зоорь гэх объект нь ******* ХХК-ийн өмч биш, ******* ТББ-ын эзэмшлийн агуулах болон хөргүүрээр ашиглах зориулалт бүхий тасалгаа байсан бөгөөд үүнийг ******* ХХК нь өөрийн эзэмшлийн зоорь мэтээр ойлгуулж, гэрээ байгуулсан. Иймд гэрээний үүрэгт шаардаж буй үнийн дүнг төлөх боломжгүй.

3. Гуравдагч этгээд ******* ТББ-ын тайлбарын агуулга:

3.1. Шүүх хуралдаанд оролцож буй хоёр талын хооронд үүссэн маргааны объект Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн өмч бөгөөд ******* ХХК-д түрээслүүлж байсан.

3.2. Зоорь гээд байгаа нь мах хөлдөөх зориулалттай зоорь биш, зоогийн газрын өрөөний хажууд байрлах 3 хоосон өрөөг ******* ХХК түрээсээр ашиглаж, засаж тохижуулан тоног төхөөрөмжийг байрлуулан мах хөлдөөх зориулалтаар ашиглаж байсан. 2021 оны 1 дүгээр сарыг дуустал эзэмшиж, ашиглаж байгаад тооцоогоо дуусгавар болгож, гэрээгээ цуцалсан.

3.3. ******* ХХК нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж, тухайн агуулахын зориулалттай 88м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж байгаа.

4. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

4.1. ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, тухайн гэрээнд тусгагдсанаар ******* ХХК нь 27 нэр төрлийн 38 ширхэг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шилжүүлэх, ******* ХХК нь 70,000,000 төгрөг төлж, 120,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн өглөг бүхий 5 хүнд төлөхөөр тохиролцсон.

4.2. Тухайн гэрээнд тусгагдсанаар 27 нэр төрлийн 38 ширхэг махны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд гэрээний хавсралтын тоног төхөөрөмжийн жагсаалтанд мах хөлдөөх зоорь-70, мах сэрвээлэг зоорь-6, мах сэрвээлэг зоорь-6 нийт 3 зоорийг дурдсан бөгөөд уг зоорь гэх тасалгаа нь ******* ХХК-ийн өмч биш, ******* ТББ-ын эзэмшлийн агуулах болон хөргүүрээр ашиглах зориулалттай тасалгаа байсан.

4.3. Энэ зоорь гэх тасалгааг ******* ХХК нь өөрийн эзэмшилд байх зоорь мэтээр ойлгуулж, гэрээний тоног төхөөрөмжийн жагсаалтанд оруулан гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн хууль бус эрхийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.4. Мөн зээлийн гэрээнд ******* ХХК-иас 70,000,000 төгрөгийг авч, 120,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн өглөг бүхий 5 хүнд хариуцагч төлөхөөр тохиролцсон. Энэ харилцаа Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан нөхцөл гэрээнд тусгагдсан бол ******* ХХК нь өр бүхий 5 этгээдтэй гэрээ байгуулж, зөвшөөрлийн дагуу өрийг ******* ХХК-д шилжүүлэн өгч болно. Өөрөөр хэлбэл өр шилжих гэрээ нь хэлбэрийн хувьд энэхүү үүрэг бий болсон гэрээний хэлбэртэй адил байх ёстой. Иймээс ******* ХХК нь өрийг шилжүүлэхдээ гэрээ байгуулах бус зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх нөхцөл хэсэгт дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөл юм.

4.5. Дээрх нөхцөл байдлуудыг авч үзвэл ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.6. Иймд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, урьдчилгаа төлбөрт төлсөн 30,000,000 төгрөг, мах махан бүтээгдэхүүний үнэ 22,302,000 төгрөг, зээлээр худалдах, худалдан авах гэрээнд тусгагдсан мах хөлдөөх зоорь 70 гэх тасалгаанд суурилуулсан хөлдөөгч төхөөрөмжийн үнэ болон суурилуулсан ажлын хөлс 16,000,000 төгрөг, тухайн зоорины ашиглах боломжгүй хаалгыг шинээр худалдан авч суурилуулсан 500,000 төгрөг, хөргүүрийн системыг засварласан 1,900,000 төгрөг нийт 70,702,0000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, махны чиглэлээр явуулж байсан үйл ажиллагааг үргэлжлүүлэн гэрээ байгуулсан хэлбэр бөгөөд энэ нь ******* ХХК-д ашигтай байсан тул гэрээ байгуулсан.

5.2. Тухайн гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан, хариуцагч төөрөлдсөний улмаас энэ гэрээ байгуулсан гэж байгаагаа нотлох баримт гаргаж өгөх ёстой. Энэ гэрээг байгуулахдаа талууд нотариат дээр очсон, нотариатчийн зүгээс тодорхой хэмжээний зөвлөгөө өгч хоёр талын хүсэл зоригийн дагуу гэрээг баталсан.

5.3. Хэлцлийн гол нөхцөл нь талууд юу худалдаж байгаа, түүнийгээ хэдээр үнэлж байгааг тохирох ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийн төөрөгдсөн үндэслэл нь тодорхой бус, үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

6. Сөрөг нэхэмжлэлд гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 40,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 150,000,000 төгрөг, хариуцагчийн зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 846,440 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,107,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 357,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Талуудын хооронд 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг махны цехийн тоног төхөөрөмж, тухайн зоорины хэсэгт хийсэн засвар, тээврийн хэрэгсэл, хөргүүрийг нийт 190,000,000 төгрөгөөр тооцож, 120,000,000 төгрөгийг ******* ХХК-иас авлагатай хүмүүст төлбөрийг шууд өгөхөөр харилцан тохиролцсон юм. Харин уг 190,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг бэлнээр, 22,302,000 төгрөгийн үнэ бүхий махыг авсан, өгсөн талаар талууд маргадаггүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд үлдэгдэл төлбөр болох 137,698,000 төгрөгийг нэхэмжилсэн билээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 120,000,000 төгрөгийг нэр бүхий таван иргэнд өгөх талаар байгуулсан хэсэг нь хүчин төгөлдөр бус байж болох боловч үүнтэй холбоотойгоор тухайн 120,000,000 төгрөгийг шаардах эрх гагцхүү ******* ХХК-д үүсэх юм. Талуудын хооронд 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр ямар ч үл хөдлөх эд хөрөнгө зарах, худалдах тохиролцоо хийгдээгүй болох нь гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн үнийн дүнгээс 40,000,000 төгрөгийг хангаж, үлдэгдэл төлбөр болох 97,698,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн хууль зүйн дүгнэлт нь ойлгомжгүй байна.

8.2. Гэрээний 3.2 дахь заалтад "...******* ХХК нь бусдад өртэй байгаа бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөр болох 120,000,000 төгрөгийг авлага бүхий 5 хүнд худалдан авагч төлнө..." гэх тохиролцоо хийсэн нь өр шилжүүлэх тухай Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул уг заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож, улмаар үлдсэн хэсэг нь хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн.

Талуудын тохиролцоо ёсоор гэрээний нийт дүн 190,000,000 төгрөг болохыг зохигч нарын аль нь ч маргаагүй. Энэ заалтыг ч шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзээгүй. Бидний зүгээс шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг ийнхүү үндэслэл бүхий дүгнэсэн хэр нь ямар нэгэн тайлбаргүйгээр гэрээний нийт дүн болох 190,000,000 төгрөгөөс 120,000,000 төгрөгийг хассаныг үндэслэлгүй гэж үзэж байна.

8.3. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой бөгөөд шүүхийн шийдвэр нь хэргийн бодит нөхцөл байдалтайгаа ч нийцэх ёстой.

8.4. Дээрх үндэслэлээр хэргийн бодит байдалтай зөрчилдсөн, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэл 137,698,000 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү.

9. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар бусдад төлөх ёстой 120,000,000 төгрөг зохигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлж авсан нь гэрээний гол нөхцөл болсон тохиолдолд хэлцэл хүчин төгөлдөр бус. Иймд 120,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

10. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд бичгээр тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 137,698,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 70,702,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. Зохигчид 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр худалдагч ******* ХХК нь махны тоног төхөөрөмж, хөргөлт, зоорь 27 нэр төрлийн 38 ширхэг эд хөрөнгө, 2 ширхэг автомашиныг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч ******* ХХК нь гэрээний үнэ 190,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр, 40,000,000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл төлбөр 120,000,000 төгрөгийг ******* ХХК-иас авлагатай 5 хүнд төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1-хх-ийн 7-8 дугаар тал/

3.2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас 30,000,000 төгрөг болон 22,302,000 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүн хүлээн авсан, зоориноос бусад эд хөрөнгийг хариуцагч хүлээн авсан асуудлаар зохигч маргаангүй. Харин гэрээний үнэ болон худалдах эд хөрөнгөд зоорь багтсан эсэх асуудлаар маргаантай байна.

3.3. ******* ХХК нь ******* ТББ-тай 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээ-гээр тухайн байгууллагын Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэр-3, ажилчдын гудамж 46 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206003685 дугаарт бүртгэлтэй 8085.2 м.кв талбай бүхий авто сургуулийн цогцолбор барилгын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөд байршиж буй зоорь гэх тасалгаанд хүнсний мухлаг, махны цехийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, уг тасалгаанд ******* ХХК үйл ажиллагаа явуулахаар 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ******* ТББ-тай Түрээсийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд, ******* ТББ-ын 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг, талуудын тайлбараар тогтоогдсон. /1-хх-ийн 61-84, 221, 2-хх-ийн 74-250, 3-хх-ийн 40-43, 47-48, 49 дүгээр тал/

3.4. Хариуцагч байгууллагаас Хөрөнгө эстимэйт ХХК, Хос итгэл төгс ХХК-д хандаж, 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр нэхэмжлэгчээс хүлээн авсан эд хөрөнгөд зах зээлийн хандлагын аргаар хөрөнгийн үнэлгээ хийлгэж, 2023 оны 2 дугаар сарын байдлаарх үнэ 70,018,000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх үнэ 66,829,000 төгрөг гэж тогтоосон үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж өгчээ. /1-хх-ийн 136-167 дугаар тал/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйгээс гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж буруу дүгнэж үүргийг буруу хуваарилсан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсэгт дутуу бичсэн алдааг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж үзлээ.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний зүйлд зоорь хамаарахгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон.

4.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Энэ гэрээний дагуу үнэ төлөх, эд хөрөнгө шилжүүлэх нь талуудын үндсэн үүрэг болох бөгөөд уг үүргээ биелүүлэхийг шаардах эрх нь гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд үүснэ.

4.3. Дээрх гэрээний 3.1-д гэрээний үнэ: хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 190,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов, 3.2-т урьдчилгаа 30,000,000 төгрөгийг 2021.02.02-ны өдөр төлнө. 40,000,000 төгрөгийг 2021 оны 5 сараас 2021 оны 12.31-ний дотор төлнө. ...******* ХХК нь бусдад өртэй байгаа бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөр болох 120,000,000 төгрөгийг авлага бүхий 5 хүнд худалдан авагч тал төлнө. Ийнхүү төлснөөр талуудын хооронд энэ гэрээний төлбөр дууссанд тооцно гэжээ.

Энэхүү тохиролцоогоор талууд гэрээний үнийг 190,000,000 төгрөгөөр тогтоож, үүнээс ******* ХХК нь 70,000,000 төгрөгийг худалдагч ******* ХХК-д, үлдсэн 120,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн өглөг бүхий 5 хүнд өгөхөөр тохирсон нь гэрээний төлбөр төлөх журмыг тодорхойлсон гэж тооцогдох ба уг тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлгүй.

Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй болохын хувьд гэрээний төлбөр төлөх арга, хэлбэрийг тохиролцон тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ.

Харин уг тохиролцоо хэрэгжээгүй учир нэхэмжлэгч нь дээрх 120,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

4.4. Талууд гэрээндээ шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтад зоорийг оруулсан хэдий ч уг зоорь нь агуулах болон хөргүүрийн зориулалтаар нэхэмжлэгч ашиглаж байсан өрөө бөгөөд гуравдагч этгээдийн өмч гэдгийг хариуцагчийг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Энэ нөхцөл байдал нь зоорийг зориулалтын дагуу ашиглах зорилгоор ******* ТББ-тай түрээсийн гэрээ байгуулж, эзэмшиж, ашиглаж байсан бодит үйл баримтаар тогтоогдсон, үүнээс гадна тус зоорийг худалдаж авсан гэж ойлгосон гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нотлоогүй байна.

Ийнхүү гуравдагч этгээдийн өмч болохыг мэдэж байсан явдал нь хариуцагчийг хэлцлийн зүйлийн талаар төөрөгдөөгүйг нотолж байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2 дахь хэсэгт зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд хамаарахгүй.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1 дэх хэсэгт заасан хэлцэлд хэлцэл хийгч талын хувийн шинж байдлын талаар төөрөгдсөн нөхцөл хамаарна, хариуцагчийн тайлбар, татгалзал нь дээрх хэлцлийн агуулгад хамааралгүй байх тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл хэлцэл хийгч талын хувийн шинж байдал нь гэрээ байгуулах үндэслэл болсон гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргаагүй байна.

Мөн талуудын байгуулсан гэрээний зүйлд зоорь хамааралгүй нь тогтоогдсон тул зохих этгээдийн зөвшөөрлөөр хийгдэх гэрээний төрөлд хамаарахгүй.

5. Дээрх үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний 3.2-т заасан тохиролцоог хүчин төгөлдөр бус гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үнэ 190,000,000 төгрөгөөс урьдчилгаанд төлсөн 30,000,000 төгрөг, мах, махан бүтээгдэхүүнээр тооцсон 22,302,000 төгрөг нийт 52,302,000 төгрөгийг хасаж, хариуцагч нь гэрээний үүрэгт 137,698,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/04245 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 137,698,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 70,702,000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... 357,950 төгрөг ... гэснийг 846,440 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА