Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 437

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Анармаа,    

улсын яллагч Д.Ариунжаргал,

хохирогч Х.Баасандорж, түүний өмгөөлөгч Ц.Туяа

шүүгдэгч Э.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г-д холбогдох эрүүгийн 1806 0927 80317 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.Г, 1987 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч нарийн боовны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овооны 32-36 тоотод оршин суух, урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Баасандоржтой маргалдан зодолдож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Г нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Би тухайн өдөр Оюунцэцэгтэй эвлэрэх зорилгоор очтол Х.Баасандорж гэх хүн хамт байсан. Би хардалтаас болж ийм явдал болсон. Гэхдээ Баасандорж өөрөө залуу хүмүүсийн амьдралд оролцсон үйлдэл хийсэн буруутай гэж бодож байна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу” гэв.

Хохирогч Х.Баасандорж нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Тухайн хэрэг гарсан өдөр Г-ын эхнэр Оюунцэцэг ирж гэрт очоод хамт байгаад өгөөч гэж гуйсан. Оюунцэцэгийн ээж Г-оос салсан гэж хэлсэн. Тухайн үед эхнэрээ зугтаалгасан гэж намайг зодоод, одоо болохоор эхнэртэйгээ хардсан маягаар ярьж байна. Эмчилгээний зардал 1.650.000 төгрөгийг нэхэмжилж байна. Маш ихээр гомдолтой байна” гэв.

Хохирогч Х.Баасандорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би шөнө 04:00 цагийн үед камер хараад хүүхдүүд унтаад байж байтал хашаан дээгүүр хүн даваад орж ирсэн. Би ямар хүн ороод ирэв гээд гарахад өөдөөс Э.Г орж ирээд гичий минь чи албаар явуулаа биз дээ чи намайг яаж дээрэлхээд байна би тэртээ тэргүй шоронд орох гэж байгаа гэж хэлээд байхаар нь би архи уусан байхаар нь чимээгүй сууж байтал тэр миний хажууд сууж байгаад зүүн талын шанаа руу гараараа цохиод намайг тонгойход миний подволкноос бариад боож аваад би амьсгалж чадахгүй болоод нэг мэдсэн хүүхдүүд уйлаад байсан. Э.Г намайг байшин дотор байсан прүс модыг барьж аваад бие рүү уохиод нүүр рүү цохиж байсан мөн чих рүү цохиод байхаар нь би гараараа нүүрээ хаахад гар олон удаа цохисон. Э.Г-той ноцолдоод би түүнтэй ярилцъя гэхэд гэхэд тэр намайг ална гээд гартаа барьж байсан пүрүсээр цохиод дайрч байгаад элэг рүү өшиглөөд бие рүү өшиглөөд байсан гал тогоо руу хутга хайгаад би тэртээ тэргүй шоронд орно гарч ирээд би нарыг бүгдийг нь ална гэж хэлээд 1 цаг гаран хугацаанд намайг цохиж байгаад би муужраад унахад тэр болид намайг хараад сууж байгаад би гарчихаад ирье гэж хэлээд байшингаас 05:00 цагийн орчим гарч яваад буцаж ирээгүй би утас дуугараад байхаар нь утсаар ярихад миний дуудсан цагдаа ирсэн байсан. Г нь эхнэртэй унтаж хэвтлээ гэж хардаад эхлээд гараараа зүүн шанаа руу 1 удаа цохьсон тэгээд ардаас гараараа боогоод би тавиулах санаатай ноцолдож байсан. Сэргэсэн чинь чих рүү 2-3 прүс мод давхарлаад барьчихсан тархи толгойгүй нүдэж байсан тэр нь чихэн дээр таараад чих сэтрэхэд ухаан ороод гараараа хааж эхлэхэд тэр залуу чамайг алчихаад шорондоо явна нэг мөсөн ална гээд хутга хайгаад гал тогооны өрөө рүү орсон. Тэр хооронд би босч чадаагүй хутга олоогүй эргэж ирсэн  ...” гэх мэдүүлэг. /хх-26-27, 31-32/,

Гэрч А.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г орж ирээд намайг Бааска ахтай хардаад над руу дайраад миний нүүрэн тус газар 2 удаа алгадсан, ор руу түлхэж унагаасан. Тэгээд Бааска ах Г бид хоёрыг маргалдаад байсан болохоор Г-ыг аваад гарсан. Тэр хойгуур би тэр газраас гараад явсан. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Бааска ах маргааш нь зодуулчихлаа гээд цагдаад хандсан байсан...” /хх-44-45/,

Гэрч Д.Алтансувд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд гэртээ амарч байхад 01 цагийн үед миний утас дуугараад Баасандорж залгаад Оюунцэцэгийн нөхөр нь ирээд охиныг чинь боож унагаагаад зодоод болдоггүй ээ гэхээр нь би яадаг хог вэ яагаад мэдээд оччихвоо гэж сандраад чи явж болохгүй шүү хажууд нь байж байгаарай гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Баасандорж Оюунцэцэг гараад явчихлаа гэж хэлэхээр нь би санаа амраад унтчихсан. Тэгтэл Г нь Баасандоржийг зодсон байсан...” /хх-46-47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13808 дугаартай дүгнэлт:

1. Х.Баасандожийн биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн хацар, зүүн зулай, зүүн чихэнд шарх, хоёр нүдний зовхи, дух, зүүн чих, зүүн зулай, чамархай, хүзүү, баруун бугалга, цээж, хоёр шуу, баруун сарвуу, баруун алга, бүсэлхий, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн дийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-дзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-29/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-17-21,48-50/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-40/ шийтгэх тогтоолын хуулбар /хх-52-54/, Хохирлын баримтууд /хх-57-58/зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Баасандоржтой маргалдан зодолдож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Х.Баасандоржын: ”...Г-ын эхнэр Оюунцэцэг ирж гэрт очоод хамт байгаад өгөөч гэж гуйсан. Оюунцэцэгийн ээж Г-оос салсан гэж хэлсэн. Тухайн үед эхнэрээ зугтаалгасан гэж намайг зодоод, одоо болохоор эхнэртэйгээ хардсан маягаар ярьж байна” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Х.Баасандорж нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болон гэм хорын хохиролд нийт 1.605.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж гэм буруутай этгээдээс нийт 1.605.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Г-од хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г-д 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Г-оос нийт 1.605.000 /нэг сая зургаан зуун таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Баасандоржид олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР