Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00343

 

Д.Б*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2023/04125 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Б*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э.Т*******т холбогдох

Гэрээний үүрэг, алданги болон хүүд 23,553,303 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Э.Т*******тай 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулан ажил эхэлсэн ба Э.Т******* нь ажиллах хугацаандаа байнга орлогын мөнгө дутааж, улмаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлыг зогсоосон.

1.2. Бид 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дутаасан төлбөрөө төлж дуусгахаар тохирсон боловч Э.Т******* нь удаа дараа худал ярьж өнөөдрийг хүрсэн. 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК-ийн барьцаанд байсан газрын гэрчилгээгээ зарж, мөнгөө шилжүүлнэ хэмээн худал хэлж, барьцаагаа чөлөөлж гэрчилгээгээ аваад алга болсон.

1.3. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Э.Т*******тай тооцоо нийлсэн баримт байгаа. Иймд үндсэн өр 14,606,700 төгрөг, алданги 7,412,900 төгрөг, хүү 1,533,703 төгрөг нийт 23,553,303 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Д.Б*******ын ажиллуулдаг байсан хүнсний агуулахад нь Э.Т******* нь 2022 оны 4 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бараа борлуулагчаар ажилласан бөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг 6 болон 8 нэрийн 90 орчим дэлгүүрүүдээр агуулахаас захиалгын дагуу бараа хүргэдэг байсан.

2.2. Э.Т******* нь ажиллахдаа нэг ч удаа дур мэдэж хувьдаа орлого авсан, хэрэглэсэн, завшсан удаа байхгүй. Өдөр бүр Д.Б*******ын агуулахаас заавар, зөвшөөрлөөр түгээх бараагаа падаан дээр бичээд, Д.Б*******ын төрсөн дүү нярав Д.А*******гаар тулгуулж, тоолуулж авч гардаг. Бараа авах, агуулахаас гаргах, түгээх зэрэг бүх үйлдэл Д.Б*******, Д.А******* нарын хяналтад байдаг бөгөөд Меркури гэж санхүүгийн тооцооллын программыг бүгд ашигладаг байсан. Програмд шивж бараа авч гардаг байсан тул дураараа бараа авч гарах боломжгүй.

2.3. Амарч байх 2 өдөрт Д.Б*******ын дүү Д.А******* нь борлуулалтын машинд цоожлоод явдаг байсан барааг дураараа авч зардаг байсан бөгөөд энэ талаар Д.Б*******т хэлэхэд чиний авсан бараанаас дутсан учир чи төл гээд надад хүчээр 14,000,000 төгрөгийн бараа дутагдлын өр гаргаж, гарын үсэг зуруулсан. Ингэхдээ Д.Б******* нь ******* ХХК намайг шүүхэд өгөх гээд байна, чи гарын үсэг зурчихвал дараа нь хоёулаа учраа олъё, чи ажиллах явцдаа багаар төлчих гэж гуйж зуруулсан. Э.Т******* бараа борлуулалтын орлогыг өөртөө авч үлдсэн удаагүй, дансаар Д.Б*******т нийт 346,822,150 төгрөг, дүү Д.А*******гийн дансанд 29,458,500 төгрөг нийт 376,280,650 төгрөгийг барааны борлуулалтын төлбөрт шилжүүлсэн бөгөөд одоо ямарч өр төлбөргүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Т*******аас 13,106,700 гаргуулан, нэхэмжлэгч Д.Б*******т олгож, үлдэх 10,446,603 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,781 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 223,483 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Д.Б*******ын гаргасан нотлох баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй. Хаанаас юунаас хэвлэж гаргасан ойлгомжгүй, тодорхойгүй, эх хувь гэж үзэх боломжгүй, тамга эх бичвэргүй, санхүүгийн анхан шатны шаардлага хангаагүй, ямар байгууллагын юуны баримт гэдэг нь тодорхойгүй олон 100 хуудас баримтуудыг ямар шаардлага хангасан баримтаар нотлогдож байна гэж үзсэн нь ойлгомжгүй. Ингэж олон зуун хуудас санхүүгийн хэвлэсэн баримт гаргаж өгсөн нь бодит нөхцөл байдлыг төөрөгдүүлж үймүүлж, ойлгомжгүй замбараагүй байдлыг удаа дараагийн хуралдаанд гаргаж өгсөн. Хамгийн сүүлийн хуралдаан дээр богино хугацаанд унших судлах боломжгүй олон зуун хуудас баримт гаргаж өгч, хуралдааныг шууд үргэлжлүүлсэн нь хариуцагчийн тэгш эрхийн зарчмаар мэтгэлцэх татгалзлаа нотлох боломжийг үгүй хийсэн.

4.2. Шүүгч нь нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох талаар удаа дараагийн хуралдаанд сануулж, нэг талд давуу байдал бий болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр хурлыг хойшлуулж, нэхэмжлэгч талд өөрийгөө нотлох боломжит хугацаа нөхцөлийг бүрдүүлж өгсөнд гомдолтой.

4.3. Шүүх шийдвэрийн гол үндэслэлээ болгож нотолгоогоор үнэлсэн дэвтрийн цаасан дээр тооцоо нийлсэн тухай гэж гарын үсэг зурсан баримт нь юуны тооцоог ямар баримтууд үндэслэж, хаана хэзээ хэн хэн үйлдсэн нь ойлгомжгүй баримтаар Э.Т******* өртэйгөө зөвшөөрсөн гэж үзсэн нь хууль зүйн хувьд хангалттай үнэлэх хэмжээний баримт байгаагүй зэрэг асуудлуудад гомдол гаргаж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04125 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч бичгээр тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч Э.Т*******т холбогдуулан гэрээний үүрэг, алданги болон хохиролд 23,553,303 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...Д.Б******* нь 14 саяын бараа дутагдлын өр гаргаж, гарын үсэг зуруулсан, ...******* намайг шүүхэд өгөх гээд байна, чи гарын үсэг зурчихвал дараа нь хоёулаа учраа олъё, ажиллах явцдаа багаар төлчих гээд гуйгаад зуруулсан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Зохигчид 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Зээлээр бараа нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Э.Т******* нь Д.Б*******т ирсэн захиалгын дагуу түүний агуулахаас бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг 6 болон 8 нэрийн 90 орчим дэлгүүрт хүргэх, төлбөр тооцоог хийж Д.Б*******т шилжүүлэх, Д.Б******* нь борлуулалтын орлогоос урамшуулал өгөх үүргийг тус тус хүлээжээ. /1-хх-ийн 6-7 дугаар тал/

3.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйл баримтад маргаагүй.

3.3. Хэрэгт талуудын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн гэх баримт авагдсан байна. /1-хх-ийн 4 дүгээр тал/

4. Анхан шатны шүүх Э.Т******* нь Д.Б*******т ирсэн захиалгын дагуу түүнээс бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авч, хүргэх, түүний нэрийн өмнөөс төлбөр тооцоо хийх үүрэг хүлээсэн талуудын тохиролцоо-г Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

4.1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ.

Дээрх гэрээний дагуу хариуцагчийн хүлээлгэн өгвөл зохих үүргийн хэмжээг талуудын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн баримтыг үндэслэн тодорхойлсон, уг баримтад хариуцагч гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрдөг ба ийнхүү гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл тооцоо нийлсэн баримтад тусгасан үлдэгдэл төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Түүнчлэн, хариуцагч тооцоо нийлсэн баримтад нэхэмжлэгчийн гуйлтаар гарын үсэг зурсан, уг төлбөрийг төлөх үндэслэлгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд дэвтрийн цаасан дээр тооцоо нийлсэн тухай гэж гарын үсэг зурсан баримт нь юуны тооцоог ямар баримтууд үндэслэж, хаана, хэзээ, хэн үйлдсэн нь ойлгомжгүй баримтаар өртэй гэж үзсэн нь үндэслэлгүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хариуцагчийг мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн болохыг зөв тогтоосон боловч тухайн баримтад тусгасан утасны төлбөр гэх 232,000 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй, энэ хэсэгт хариуцагчийн гарын үсэггүй байх тул 14,606,700 төгрөгөөс хасаж, үлдэгдлийг 14,374,700 төгрөг гэж тооцох үндэслэлтэй. Энэ хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зарим гомдол хангагдсан гэж үзнэ.

6. Нэхэмжлэгч тал алданги, хүүгийн төлбөрт шаардсан 8,946,603 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй.

7. Дээрхийг нэгтгэн, тооцоо нийлсэн баримтад заасан үлдэгдэл төлбөр 14,374,700 төгрөгөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн 500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг хасаж, хариуцагчаас 12,874,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,678,603 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт орно.

8. Хариуцагч үүрэг хүлээсний хувьд тооцооны үлдэгдлийн баталгаа гаргахдаа санхүүгийн баримтуудаа тулгах, нягтлах, шалгах нь өөрийнх нь эрх, үүрэгт хамаарна. Үүнээс гадна шүүхээс нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргаж өгсөн санхүүгийн гэх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байна. Иймд хаанаас, юунаас хэвлэж өгсөн нь тодорхойгүй, тамга, бичвэргүй, санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангаагүй, ямар байгууллагын, юуны баримт гэдэг нь тодорхойгүй баримтуудыг ямар шаардлага хангасан баримтаар нотлогдож байна гэж үзсэн нь ойлгомжгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

9. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд ...даргалагчаас: ...нэхэмжлэгч талаас шинээр гаргаж өгсөн 9 хуудас баримтыг хариуцагч талд танилцуулаад уг баримттай холбоотой тайлбар байгаа эсэх, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжтой эсэхийг асуухад, ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Тайлбар байхгүй. Шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Дээрх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн хариуцагч тал нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

10. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг тодорхойлох зорилгоор ******* ХХК-иас Д.Б*******тай байгуулсан гэрээг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан журмыг зөрчихгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2023/04125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтын ...13,106,700 гэснийг ...12,874,700 төгрөг гэж, 10,446,603 гэснийг ...10,678,603 гэж

2 дахь заалтын ...223,483 гэснийг ...220,945 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,490 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА