Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 29

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,                        

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,

Шүүгдэгч: Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох 1935000150011 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 05-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, боловсролгүй, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ...тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 1998 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-ийн 4-т зааснаар 3 жиийн хорих ялаар шийтгэгдэж, 2000 оны 06 дугаар сарын 16 ны өдрийн 73 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө /7 сар 22 хоног/ тэнссэн, 2004 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 10 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б. РД:.

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Г нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Б 1 тооны 4 настай, сувай эм үхэр хулгайлж, нийт 550.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б 1 тооны 4 настай, сувай эм үхэр алдагдсан байна.

Хохирогч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр миний 1 тооны улаан цоохор зүсмийн зөв чих нь урдаасаа цөгрөг /төгрөг/ имтэй үхрийг алга болсон талаар манай ахын үхэр хариулдаг залуу Ш надад утсаар хэлсэн. Тухайн үед би ажилтай явсан тул хайж чадаагүй. Манай үхрийг хариулж байсан Ш гэх хүн хажуудаа 2 залуутай Улаангом сумын нутаг дэвсгэрээр хайж яваад олоогүй. Уг үхрийг миний төрсөн ах А.Г ах надад 2017 онд бяруу байхад нь бэлгэнд өгсөн. Уг үхэр нь 4 настай, улаан цоохор зүсмийн, зөв чих нь урдаасаа цөгрөг /төгрөг/ имтэй үхэр байгаа юм. Уг үхрийн   сүүлэн хэсэг нь цагаан шаргал өнгөтэй юм. Миний үхрийг Г бэлчээрээс хулгайлж авсан гэж бодохгүй байна. Гэрийнх нь ойролцоо явж байхад нь авч нядалж авсан байх. Миний малыг хулгайлсан Г гэгч нь учирсан хохирлыг төлж барагдуулж өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26, 27, 28-р тал/,

Гэрч М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаангом сумын 1-р багийн нутаг Улаантолгой гэх газарт мал маллаж амьдардаг юм. А.Г нь миний танил найз бөгөөд 3 жилийн өмнө надад халзан зүсмийн сээр дээрээ цагаантай, мөн сүүлэндээ цагаантай, зөв чих нь цөгрөг /төгрөг/ имтэй 1 тооны бярууг надад авч ирж малуулж байсан юм. Г тэр үхрээ дүү Б-нд бэлэглэсэн. Уг үхэр манайд 3 жил болж байсан бөгөөд би 2018 оны 12-р сарын 15-ны өдөр уг үхрийг өөрийн малтайгаа хамт бэлчээрт О-ын мод руу тууж гаргасан юм. Тэгээд орой ирэхэд манай малууд бүгдээрээ ирсэн бөгөөд А.Г-ын тавьсан 4 настай эх үхэр ирээгүй юм. Тэгээд би А.Г-ын эхнэр Ц.А руу гар утсаар залгаад “Танай үхэр ирсэнгүй. Худалдаж авсан Х-йнд очсон эсэхийг асуугаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ц.А надруу залгаад “Үхэр ирээгүй гэнэ” гэж хэлсэн юм. Тэгээд би 4-5 хоног хайгаад олоогүй юм. Уг үхэр нь манай малаас тасарч өөр айлын малд нийлж байгаагүй юм. Харин уг үхэр нь манай малтай хамт бэлчээрт гараад бэлчээрээсээ хуучин байсан айл болох Х-ийн малд 2-3 удаа нийлж явж байсан юм. Уг үхрийг Г нь Х-ийн аав Б гэх хүнээс худалдаж авч байсан бөгөөд уг үхэр нь Х-ийн малтай хамт байдаг байсан учраас Х-ийн гэр лүү гүйчихээд байдаг байсан юм. Х-н гэр нь Улаангом сумын 6-р багийн нутаг модтой гудамны ар талаар байдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өглөө би үхрээ Улаангом сумын 6 дугаар багийн нутаг Модтой гудамжаар хайж байгаад Х-ийн гэрт очиход Х,  эхнэр О-ын хамт хоёр байсан. Би тэр хоёроос Б-ийн үхэр хайж явна. Энд ирсэн үү? гэж асуухад О 12 дугаар сарын 14-ний орой би гэрээс гарахад хашааны гадна А.Б-ийн үхэр ганцаараа явж байсан гэж хэлсэн. Х болохоор би Б-ийн үхэр ирсэн эсэхийг мэдээгүй байсан болохоор Ц.А-д үхэр ирээгүй гэж хэлсэн гэж хэлж байсан. О Х-т манай хашааны гадна Б-ийн үхэр ирчихсэн байна гэдгийг хэлээгүй байсан юм билээ. Тэгээд би Улаангом сумын 6 дугаар багийн нутаг Н хороо, т-ийн хороогоор морьтой явж хайсан боловч олоогүй. Би Х-ийн гэрийн хажууд ойрхон байдаг Б.Г гэх хүнээс үхэр хайж явна. Танай энэ хавиар үхэр ирсэн үү гэж асуухад тэр ах нь нүдний эмчилгээнд өглөө яваад орой 16 цагийн цагийн үед гэртээ ирж байна. Хүний үхэр байтугай урдах замаа муухан  харж байна гэж хэлэн. Би тухайн үед Г-ыг хардаж байсан болохоор асуусан юм. Би Г-ын гэрийн тэр хавиар үхрээ 4-5 хоног хайсан боловч олоогүй юм. Г-ын гэрийн ойролцоо олон хоног байгаагүй. Би үхэр хайж яваа хүн тэр хавийн айлуудын хашааг гаднаас нь маш сайн харж явсан боловч олоогүй юм. Б.Г хэлэхдээ “Олон хоног манай гэрийн ойролцоо байж байсан” гэж хэлж байна гэсэн. Тэр бол худлаа хэлж байна. Б-ийн үхэр хааяа бэлчээрээс айлуудын үхэр дагаад Х-ийн гэр рүү оччихдог байсан. Гэхдээ бид нар маргааш нь очоод авчихдаг байсан. Олон хоногоор байлгадаггүй байсан. Бэлчээрээс үхэр хулгайлагдаагүй. Бэлчээрээс манай тэнд бэлчээрлэж байсан Улаангом сумын 6 дугаар багийн айлуудын үхрийг дагаж Х-д очоод байж байхад нь Б.Г хулгайлсан байх. Би Б.Г-ын хашаа руу орж хараагүй. Би Б.Г-дын хашааны гаднаас хашаа руу харж байхад Б.Гд ирсэн юм. Хашаа руу орж сайн хараагүй болохоор мал нядалсан эсэхийг сайн харж чадаагүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 31-32, 33-34, 35-р тал/,

Гэрч Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2018 оны 12 дугаар сарын 27 ны өдөр Завхан аймгаас Улаангом сум руу явж байгаад замдаа сүлжээтэй газар зогсоод Ш рүү залгаад ярьхад Ш надад хандаж “Нэг тооны улаан цоохор зүсмийн 4 настай зөв чих нь урдаасаа цөгрөг /төгрөг/ имтэй үхэр алга болоод хайгаад олдохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би Улаангом суманд үхрээ хайгаад олоогүй. Уг үхрийг 2 жилийн өмнө Ш гэх залуугийн үхэртэй цуг байлгах гээд Ш-ийн малд тавьсан. Уг хулгайд алдсан гэх 1 тооны үхрийг би төрсөн дүү Б-д 2017 онд мал хийж ав гээд өгсөн юм. Уг 4 настай үхрийг би өөрийнхөө малын тоон дээр тоолуулдаг бөгөөд манай дүү Б-ийн нэр дээр мал тооллого хийлгээгүй юм. Тухайн үхэр нь урьд өмнө нь буюу М-ын малд байхдаа 2-3 удаа бэлчээрээс гараад Х-н малд ирж нийлдэг байсан юм. Өөр айлын малд нийлж байгаагүй юм. Би Б.Г-ыг танина. Б.Г нь манай гэрийн ойролцоо байдаг бөгөөд нэг гудамжных гэдгээр нь танина. Б.Г-н гэр нь Улаангом сумын 6-р багийн нутаг модтой гудамны арын сэтэрхийд байдаг юм. Х-ийн гэр Б.Г-ын гэрүүд хоорондоо хоёр хашааны зайтай байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38, 39-40-р тал/,

Гэрч А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Улаангом сумын 6 дугаар багийн нутагт өөрийн нөхөр Г болон 3 хүүхдүүдийнхээ хамтаар амьдардаг юм. Манайх цөөхөн хэдэн тооны бог, бод малтай юм. Манай нөхөр Г нь 2017 онд өөрийн 1 тооны сээр хэсгээрээ цагаантай сүүл хэсгээрээ цагаантай халзан зүсмийн 2 настай үхрийг өөрийн төрсөн дүү А.Б-нд өөртөө мал хийж ав гэж хэлээд өгсөн юм. Манай нөхөр Г нь уг үхрийг анх Б гэх айлаас 300.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн найз М /Ш/-ын малд өгч маллуулж хадгалуулж байсан юм. 2018 оны 12 сарын 15-ны орой 20:00 цагийн үед над руу М залгаад танай хадгалуулсан үхэр алга болчихлоо, Х-нд очсон болов уу" гэж асуусан юм. Х гэгч нь хулгайлагдсан үхрийг анх худалдаж авсан гэх Б ахын хүү нь юм. Тэгээд би тухайн үхэр нь Х-ийн малд байдаг байсан учраас тэдний мал руу, хашаа руу гүйсэн эсэхийг нь асуухаар өөрийн гэрээсээ гараад хойш 3 гудамны цаана байх Х-ийн гэрт очиж үхрийг асуухад үхэр гүйж ирээгүй гэж хэлсэн. Тэгээд би М-д утсаар  "үхэр гүйж ирээгүй гэнэ" гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/,

Гэрч Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын эхээр юм. Би өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан хүмүүс хүнсээ гаргаж байсан үе юм. Би хувийн машинтайгаа таксинд явдаг болохоор үйлчилгээнд явж байгаад 15 цагийн үед гэртээ ирж цайгаа уучихаад 16 цагийн үед гэрээсээ гараад явж байхад Б.Г нь ганцаараа гэрийнхээ баруун талд байх бургас модны хажууд нэг үхэр нядалж арьсыг нь өвчиж байсан. Тухайн үед би ганцаараа автомашиндаа явж байсан Б.Г-ыг идшээ гаргаж байна гэж бодсон. Улаан цоохор зүсмийн цагаан гэмээр толгойтой үхэр нядалж байхыг хараад зөрөөд явсан. Би гурван хүнд үйлчилчихээд буцаад 17 цагийн үед гэр рүү ирэхэд Б.Г ганцаараа үхрээ нядлаж дуусаад махаа жижиг гэр рүүгээ зөөж байгаа нь харагдсан. Өөр надад үзэж харсан зүйл байхгүй. Тухайн үед Г-ыг өөрийн үхрээ нядалж байна гэж бодсон боловч дараа харахад өөрийнхөн гурван үхэр нь байсан. Г өөрийнхөө үхрийг нядлаагүй байсан. Би хоёр удаа харахад Г ганцаараа байсан. Эхнэр нь 2018 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот руу явчихсан гэртээ байгаагүй. Сүүлд Г айлын үхэр хулгайлж нядалсан талаар сонсогдсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/,

Гэрч О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын хэдний өдрийг санахгүй байна. Ямар ч байсан 2018 оны 12 дугаар сарын 10-ны үед байх. Нэг орой 17 цагийн үед би гэрээсээ гараад  жорлонд бие засаад гарахад хашааны гадна малын хөлийн чимээ сонсогдохоор нь гараад харахад хашааны гадны эвэртэй, улаан цоохор зүсмийн үхэр байсан. Би тэр үхрийг сайн харахад манай хадам аав Б, Г-д зарсан үхэр мөн байсан. Тэгээд би тэр үхрийг харчихаад хашааныхаа хаалгыг хаахад үхэр цааш нь эргээд явж байсан. Түүнээс хойш тэр үхэр манай хашаагаар дахиж ирээгүй. Би тухайн үед Г-ын үхэр мөн байна. Ганцаараа яагаад явж байдаг юм болоо. Байсан газраа бараадаж ирж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд хоёр хоногийн дараа М буюу Ш гэх хүн үхэр хайсан орж ирсэн. М өчигдөр орой Г-ын хадгалуулсан үхэр ирсэнгүй гэж хэлэхээр нь би түүнд хоёр хоногийн өмнө манай хашааны хажууд байсан талаар хэлсэн. Тэд нар хоёр өдрийн өмнө үхэр алга болсныг мэдээгүй байсан бололтой байсан. Тэр үхэр манай хашаагаар 2018 оны намар байнга ирдэг байсан. Б.Г-ын гэр манай хашаанаас урд талын гудамжинд байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 50-43-р тал/,

Шүүгдэгч Г-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Улаангом сумын 6 дугаар багт байрлах хашаандаа хоёр тооны үхэр, нэг тугал, 11 хонь, 7 ямаа гэр дээрээ маллаж амьдарч байна. 2018 оны 12 дугаар сарын 14-ний орой манай хоёр үхэртэй хамт хашаанд нэг улаан халзан, цагаан сүүлтэй. эвэртэй, нуруу хэсгээрээ цагаан цоохор улаан зүсмийн 3-4 насны эм үхэр 17 цагийн үед орж ирсэн. Би өөрийн хоёр үхрээ битүү хашаанд оруулахад үхэр дагаж орж ирээд малын хашааны гадна үлдсэн. Маргааш өглөө нь босоход нөгөө үхэр хашаан дотор хоносон байсан ба би өөрийн хоёр үхрээ малын хашаанаас гаргаж саагаад бэлчээрт гаргаж явуулсан. Нөгөө эм үхрийг хашаанаас гаргаж явуулаагүй. Манай бог малтай хамт хашаан дотор байлгасан. Энэ үхэр нь урд өмнө нь манай хашаагаар ганцаараа орж гараад явдаг байсан үхэр юм. Гэхдээ хэний үхэр гэдгийг би мэддэггүй байсан. Тухайн үед манайд хүнсэнд идэх үхэр байхгүй байсан тул уг үхрийг нядалж хэрэглэе гэж бодоод өдрийн 16 цагт үхрийг нядалж 17 цагт дууссан. Нядалсан үхрийн махыг мужаан хийдэг жижиг гэрт оруулж хийсэн. Үхрийн махнаас хоёр гуяыг би хоол унд хийгээд идэж хэрэглэсэн. Бусад мах, шир, толгой зэргийг цагдаа хурааж аваад буцааж өгсөн. Үхрийг өөрийн гэрт байсан олсоор хөлийг нь уяж байгаад гэрт байсан хутгаар нядалсан. Миний нядалсан үхэр бол энэ намар манай хороололд ганцаараа яваад байдаг үхэр байсан.. Манай 3 хүүхэд Улаанбаатар хотод суралцдаг. Эхнэр С 2018 оны 11 дүгээр сарын 02-нд хүүхдүүд рүү Улаанбаатар хот руу явчихсан байсан. 2018 оны 12 дугаар сарын 15-ны үед би гэртээ ганцаараа амьдарч байсан. Одоо эхнэр маань одоо гэртээ ирээгүй байна. Би хохирогч Б.Б-ийн хохирлыг барагдуулж өгсөн. Надад нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мал нядалсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9-р тал/,

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5/03 дугаартай “Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагаа /мах, толгой, шир, сүүл хураан авсан/-г хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 11-12-р тал /,

Эд мөрийн баримт /үхрийн шир/-аар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16-р тал /

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Эд мөрийн баримт /олс, хутга/ хураан авсан прокурорын зөвшөөрөл   /хх-ийн 18-р тал /

Эд мөрийн баримт /олс, хутга/-аар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20-р тал/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч .Г нь хохирогч Б.Б-ийн нэг тооны 4 настай, сувай эм үхрийг хулгайлсан болох нь тогтоогдож байна.

Хохирогч Б-ийн нэг тооны 4 настай, сувай эм үхэр нь 550.000 төгрөгийн үнэтэй болох нь Увс финанс-Аудит ХХК-ний 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-р тал/-ээр тогтоогдсон.

            Шүүгдэгч Г нь хохирогч .Б 550.000 төгрөгийн үнэлгээтэй, 1 тооны, 4 настай сувай эм үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчиж явах замдаа хашаанд нь орж ирэхэд нь барьж авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч Г-ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Г нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Г нь 4 настай сувай, эм үхэрний үнэ 550.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан хохирол гомдолгүй талаарх хохирогчийн тодорхойлолтоор нотлогдож байна.

            Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах зорилгоор 500 /таван зуу/ цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, олс 1 ширхэг, улаан халзан зүсмийн үхрийн арьс 1 ширхэг, үхрийн толгой 1 ширхэг, үхрийн сүүл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил ял шийтгэсүгэй.

 3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, олс 1 ширхэг, үхрийн арьс 1 ширхэг, үхрийн толгой 1 ширхэг, үхрийн сүүл 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г. өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ