Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00315

 

 

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00315

 

 

Ж.М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03813 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.М ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ж.А , Ц.М ,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ж.М ын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр М ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээгээр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо /хуучнаар 4-р хороо/ А-2 хотхоны 1431 дүгээр байрны 7 дугаар блок, 2 дугаар орцны 3 давхарт байрлах 78,31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2,500,000 төгрөгөөр бодож нийт 195,775,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон.

Ж.М нь бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлдэг Э ХХК-д борлуулалтын менежерээр ажилладаг. Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд М ХХК-ийн хэрэгжүүлж байгаа А-2 төсөлд бетон зуурмаг нийлүүлж байсан бөгөөд тухайн бетон зуурмагийн үнэнд дээрх орон сууцыг манай компани бартерын гэрээгээр 2021 онд авсан байсан. Миний бие өөрийн компанийн удирдлагад дээрх орон сууцыг худалдаж авах санал тавьсан бөгөөд саналыг хүлээн авч орон сууцны үнэ 195,775,000 төгрөгийг өөрийн ажилладаг Э ХХК-д 100 хувь төлж тухайн орон сууцыг худалдах авах гэрээг М ХХК-тай 2022 оны 08 дугаар сард байгуулсан. Учир нь тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан учир тухайн орон сууцыг анх барьсан компанитай гэрээ байгуулсан. Орон сууцыг 2022 оны 06 сард миний бие хүлээн авч одоо тухайн орон сууцандаа амьдарч байгаа.

Худалдагч нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан худалдан авагч надад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр тохирсон боловч энэ үүргээ биелүүлээгүй. Энэ талаар тодруулахад бетон зуурмаг нийлүүлсэн Э ХХК болон М ХХК-ны хооронд төлбөрийн тооцоо дуусаагүй гэж надад хамааралгүй шаардлага тавьж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөс хууль бусаар татгалзсан.

Гэрээний 3.1-д төлбөр тооцоо бүрэн дууссан гэж тусгасан бөгөөд дуусгаагүй үүрэг байхгүй. Иймд дээрх 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

1.2. Ж.А , Ц.М нарыг шүүхээр маргалдаад явж байхад миний бие гэр бүлийн хамт дээрх байранд амьдарч байсан. Гэтэл бидэнд мэдэгдэлгүй шүүхийн ажиллагаа болж манай байрыг өөр хүмүүсийн өмчлөгч болгоод тогтоосон явдлыг ойлгохгүй байна. Энэ асуудалд миний бие ямар ч буруу үйлдэл хийгээгүй учир гуравдагч этгээд нарын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Хариуцагч татгалзал, тайлбар гаргаагүй.

3. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/02129 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2022/01707 дугаар магадлалаар маргаан бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ж.А болон Ц.М нарыг тогтоож шийдвэрлэсэн ба шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харин хариуцагч нь орон сууцыг хууль ёсны өмчлөгч болох Ж.А , Ц.М нарт шилжүүлэхгүйгээр Ж.М т хууль бусаар эзэмшүүлсэн. Иймд Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо /хуучнаар 4-р хороо/ А-2 хотхоны 1431 дүгээр байрны 7 дугаар блок, 2 дугаар орцны 3 давхарт байрлах 78,31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Ж.М ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.А , Ц.М нарын шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж.М ын эзэмшлээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23-р хороо /хуучнаар 4-р хороо/ А-2 хотхоны 1431-р байрны 7-р блок, 2-р орцны 3 давхарт байрлах 78,31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч Ж.М ын гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,136,825 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.А , Ц.М нарын төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.М аас 70,200 төгрөг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж. Анхбаяр, Ц.М нарт олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд нь хариуцагчаас олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан бөгөөд М ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Т.Б нь шүүх хуралдааны явцад надад олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцохоор болж, миний бие хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцох болсон. Гэтэл шүүхийн шийдвэрт хариуцагчийн төлөөлөгч Т.Б-ыг Б.Б гэж, намайг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон мэтээр зөрүүтэй тусгажээ.

Мөн хариуцагчийн төлөөлөгч Т.Б нь Ховд аймгийн Жаргалант суманд оршин суудаг бөгөөд шүүх хуралдаан болох үед эрүүл мэндийн байдал нь муудаж, энэ тухай эмнэлгийн магадлагааг хавсаргасан хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, мөн миний бие цагдан хорионы шүүх хуралтай байгаа талаар утсаар мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй гэж үзэх шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

Б.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаад 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн байр сууриа өөрчилж, хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон. Энэ талаарх шүүх техникийн алдаа гаргасан нь засагдах боломжтой.

Шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгчид мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

Хэрэгт хавсаргасан Т.Б-ны эмнэлгийн магадалгаа нь 1999 оны Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан эмнэлгийн магадалгааг гаргах нийтлэг журамд нийцээгүй буюу эмнэлгийн байгууллагын тамга байгаагүй.

Анхан шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэслэлтэй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас оролцоогүй, гомдолд тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч М ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг гуравдагч этгээд Ж.А , Ц.М нар эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ж.М т холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагыг гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь М ХХК-аас Хан-Уул дүүргийн ** дугаар хороо /хуучнаар 4-р хороо/ А-2 хотхоны 1431 дүгээр байрны 7 дугаар блок, 2 дугаар орцны 3 давхарт байрлах 78,31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 195,775,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ-22/55 тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/02129 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2022/01707 дугаар магадлалаар маргааны зүйл болж буй Хан-Уул дүүргийн ** дугаар хороо /хуучнаар 4-р хороо/ А-2 хотхоны 1431 дүгээр байрны 7 дугаар блок, 2 дугаар орцны 3 давхарт байрлах 78,31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр гуравдагч этгээд Ж.А , Ц.М нарыг тогтоож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар уг үйл баримтыг дахин нотлохгүй.

3.2. Иймд анхан шатны шүүх маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгч нь Ж.А , Ц.М нар болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд нарын гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд үүнд давж заалдах шатны шүүхээс дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

4.1. Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Мянган нь хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт болон хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй, хариуцагчийн төлөөлөгч Т.Б нь биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт шүүхэд бичгээр ирүүлжээ.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах, түүнчлэн хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

4.2 Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн төлөөлөгч Т.Б-ыг Б.Б гэж, өмгөөлөгч Б.М-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тодорхойлж бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд уг алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй.

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03813 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,136,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Т.БАДРАХ