Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 241

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016.06.30                                               Дугаар 241                                   Баруун- Урт 

 

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4-р баг, сумын төвд оршин суух Л.Баттуяагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4-р баг, сумын төвд оршин суух ЛБ85092413 регистртэй, Очир овогт Бямбадоржийн Амарсанаад холбогдох “уурын зуухны яндангийн үнэ 410.000 / дөрвөн зуун арван мянга / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 06-р сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Баттуяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2012 онд манайх уурын зуухандаа хийхээр хүнээс 600.000 төгрөгөөр яндан худалдаж аваад Баяндэлгэр суманд хашааныхаа гадаа буулгасан. Б.Амарсанаа нь би тэд нартай тохиролцоно гээд биднээс асуулгүй аваад явсан байсан. Дээр үеийн зузаан яндан байсан. 2014 онд нам даралтын зуухны яндан цоороод нөгөө яндангаа авчруулахыг бодоорой гээд сарын дараа яндангаа авахаар очиход байхгүй байсан. Хүнээс авч өгнө гээд явсан ямар хүн юм гэхэд миний таньдаг хүн танай янданг чинь би худагт хийлгэсэн оронд нь турба өгнө гэсэн гэж хэлсэн. Худгийнх нь хүнтэй ярихад надад хамаагүй гэсэн. Би Амарсанаагаас 600.000 төгрөг нэхээгүй. Түрүү яндангаас арай нимгэн яндан аймгаас 380.000 төгрөгөөр авч зардалд нь 30.000 төгрөг өгсөн. Зөвхөн энэ мөнгөө авна. Бидний зөвшөөрөлгүй авчихаад 2-3 жил нэхэл дагал болоод өгөхгүй байна. Иймд Б.Амарсанаагаас 410.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Амарсанаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2013 оны зун гүн өрмийн худагт ашиглагдах 6 м урт турбог иргэн Алтанхуягаас / эхнэр нь Баттуяа / авч тус турбоны үнийг төлөөгүй байгаа нь үнэн. Иймд иргэн Алтанхуяг, Баттуяа нарыг хохиролгүй болгоно. Тус яндангийн үнэ 410.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Баттуяа нь хариуцагч Б.Амарсанаагаас уурын зуухны яндангийн үнэ 410.000 / дөрвөн зуун арван мянга / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Амарсанаа нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12.950 төгрөгийн 50 хувь болох 6475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал  хувь болох 6475 төгрөгийг хариуцагч Б.Амарсанаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Баттуяад олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Л.Баттуяагийн нэхэмжилсэн уурын зуухны яндангийн үнэ 410.000 / дөрвөн зуун арван мянга / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Амарсанаа төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12.950 төгрөгийн 50 хувь болох 6475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал  хувь болох 6475 төгрөгийг хариуцагч Б.Амарсанаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Баттуяад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                        Ш.ОЮУНГЭРЭЛ