Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00345

 

Ц.Т*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/03193 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ц.Т*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны сарын 23-ны өдрийн 7*******тай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1264 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай тогтоолоор ******* ХХК-аас нийт 71,075,047 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. ******* ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд Т.У, Ц.Т******* нарын өмчлөлийн , Баянгол дүүрэг, ******* хороо, *******гийн гудамж, ******* дугаар байр, хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 56.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

1.3. Дээрх орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох хүсэлтээр Бэсгэ ХХК нь 145,061,921 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид зарын дагуу өөрийн байрны үнэлгээг судлахад 1 м.кв нь 3,500,000 төгрөг буюу манай байрны м.кв-тай ижил эсвэл жижиг талбайтай байрнууд 200,000,000 төгрөгөөр зарагдаж байна.

1.4. Хариуцагч байгууллагаас шүүхийн шийдвэр гарсан гэж хариуцагч компанийн гүйцэтгэх захиралд мэдэгдээгүй бөгөөд 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах талаар 2 өрөө орон сууцны зөвхөн нэг эзэн болох Ц.Т*******тэй л харьцсан. Ц.Т*******д мэдэгдэл өгөхдөө орон сууц хураах акт, зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацааны мэдэгдэл гэж ирсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь гарын үсэг зураагүй, тамга тэмдэг дараагүй шийдвэрүүд ирсэн байдаг. Байрны нэг эзэн болох Т.У нь 2017 онд гадаад улс руу явсан, одоо гадаадад байдаг, түүнд мэдэгдсэн зүйл байхгүй.

1.5. Байрныхаа үнийн саналыг өгөхгүй бол хураагдчихдаг гэж хэлсний дагуу би шийдвэр гүйцэтгэгчийн хэлснээр өрөөний хаалган доогуур нь Т.Уийн бичсэн үнийн саналыг хийсэн юм. Т.У өөрийнхөө и-мэйл хаягаар өөрөө цаасан дээр бичсэн бичгээ зургийг нь дараад нааш нь явуулсныг би энд аваад хэвлээд өгсөн. Мөн Т.Ут мэдэгдэл өгсөн гэж байгаа боловч Монгол улсад байдаггүй. Гүйцэтгэх захиралд мэдэгдэл өгсөн гэх боловч гүйцэтгэх захирал Т. нь ч мөн 2022 оны 2 дугаар сард гадаад улс руу явсан. Анх шүүхэд гаргасан Ц.Т******* шүүх хуралдаанд орж, энэхүү шийдвэрийг гаргуулсан байдаг.

1.6. Ц.Т******* нь Чингэлтэй дүүргийн хороо тоот хаягт амьдраагүй 4-5 жил болж байна. Газрын маргааны асуудлаас болоод хаяг нь албан ёсоор шилжээгүй, хаягаа өөрчлөөгүй байсан.

1.7. Эд хөрөнгө хураах тогтоолыг Ц.Т*******д өгөхдөө шийдвэр гүйцэтгэгч нь гарын үсэг зураагүй, тамга тэмдэг дарагдаагүй байсан. Энэ баримтыг хурааж буй манай байранд үлдээсэн байдаг. Ц.Т******* нь өөрөө компанийг төлөөлөх эрхгүй этгээд ба хөгжлийн бэрхшээлтэй, төлөөлөх чадваргүй хүн байсан.

1.8. Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр утсаар яриад, 18-ны өдөр ирж үзээд, 19-ний өдөр үнэлгээг гаргаж, манайд шуудангаар явуулсныг үнэлгээчин нухацтай судалгаа хийгээгүй, үнэлгээний хувьд 145,061,921 төгрөг, 130,000,000 төгрөг, 150,000,000 төгрөг гэх үнэгүй.мн сайт дээр тавьсан 3 байрны зарыг хуулбарлаж, дундаж үнэ оруулсан нь эргэлзээтэй. Тус орон сууц нь зах зээлийн үнэлгээгээр 180,000,000 төгрөг байхад энэ үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Үнэлгээний шинжээч томилох, шинжилгээ хийлгэх процесс нь нэхэмжлэгч Ц.Т*******гийн эрх ашгийг зөрчсөн учир Бэсгэ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны сарын 23-ны өдрийн 7******* шийдвэрээр төлбөр төлөгч ******* ХХК-аас 70,564,276 төгрөг гаргуулж, ******* ХК-д олгох шүүхийн шийдвэр гарсан. Төлбөр төлөөгүй тохиолдолд ******* ХК-ийн барьцаанд байгаа Баянгол дүүргийн ******* хороо хороолол *******- хаягт байрлах, орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. 2022 оны сарын 25-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 09, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрүүдийн мэдэгдлүүдээр шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгч ******* ХХК-д мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй. 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 22300610/168 дугаартай битүүмжлэх тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн.

Мөн 2023 оны сарын 20-ны өдрийн 22300610/124-02 тоот тогтоолоор орон сууцыг хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээний санал өгөхийг талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Ц.Т******* байсан, мөн орон сууцны өмчлөгч нь байсан. Ингээд орон сууцыг 420,000,000 төгрөгөөр үнэлж саналаа өгсөн. Мөн хөрөнгийн өмчлөгч Т.У бичгээр үнийн санал ирүүлсэн. ******* ХК нь орон сууцны үнэлгээг 82,582,000 төгрөгөөр үнэлж саналаа өгсөн.

2.3. Талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасны дагуу шинжээчээр Бэсгэ ХХК-ийг томилж, үнэлгээчин С.Мөнхжаргал орон сууцны үнэлгээг 145,061,921 төгрөгөөр тогтоосон. Шинжээчээр тогтоосон энэ үнийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдлүүдээр төлбөр авагч ******* ХК, төлбөр төлөгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т., өмчлөгч Ц.Т*******, Т.У нарт мэдэгдсэн, тухайн мэдэгдлүүдийг шуудангаар албан ёсны хаягаар хүргүүлсэн.

2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 зүйлийн 44.3, 44.4.-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гомдлоо гаргаагүй, урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлээгүй зөрчсөн. Хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээ хууль зөрчөөгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох, 2023.05.19-ний өдрийн Бэсгэ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Т*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхээс нэхэмжлэлд дурдсан шаардлагын талаар бүрэн бодитой хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Баянгол дүүрэг, ******* хороо, *******гийн гудамж, ******* байр, хаягт байрлах орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа дуудлага худалдаагаар худалдах гэж буй орон сууцны нэг хууль ёсны өмчлөгч болох Т.Ут дуудлага худалдаагаар худалдах талаар хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлж, үнийн санал аваагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дах заалтуудыг зөрчсөн бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа тухайн байрны өмчлөгчийн хууль ёсны эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн байхад энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

4.2. Дээрх асуудлаар давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, өмчлөгч Т.Ут мэдэгдэх хуудас хэрхэн хүргүүлсэн талаархи баримт хэрэгт авагдаагүй, мөн Т.У оршин суугаа хаягийн талаарх мэдээллээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа учраас анхан шатны шүүхээр ахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 03193 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудад хөрөнгийг хураах талаарх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Т******* нь хариуцагч *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/007******* шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1264 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/00058 дугаар тогтоолоор, ******* ХХК-иас 70,564,276 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, ******* хороо, хороолол , *******гийн гудамж, ******* дугаар байрны хаягт байршилтай, 56.1 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******т даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 40-6 тал/

3.2. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүйгээс шийдвэрт дурдсан Т.У, Ц.Т******* нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн ******* хороо хороолол *******гийн гудамж ******* дугаар байрны хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 56.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 22300610/168 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны сарын 20-ны өдрийн 22300610/124-02 тоот тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 5 зүйлд заасан зохицуулалтад нийцжээ. /хх-ийн 69-70, 75-76 дугаар тал/

3.3. Төлбөрт хураагдсан орон сууцны дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор тус хөрөнгийн өмчлөгч Т.Уээс орон сууцны үнийг 450,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т*******гээс 420,000,000 төгрөгөөр, төлбөр авагч ******* ХХК-иас 82,582,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг тус тус ирүүлжээ. Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5/195 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаярыг шинжээчээр томилж, шинжээч нь орон сууцны зах зээлийн үнэлгээг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 145,061,921 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 78, 110-111, 83-101 дүгээр тал/

Уг үнэлгээний талаарх мэдэгдлийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 4-126/10051, 4-126/10052, 4-126/10053 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч ******* ХХК, Ц.Т*******, барьцаа хөрөнгийн өмчлөгч Т.У нарт тус тус мэдэгдэж, дээрх 3 албан бичгийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шуудангийн байгууллагаар хүргүүлсэн. /хх-ийн 102-104-105 дугаар тал/

Дээрх ажиллагаанууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт нийцсэн байна.

4. Шинжээч нь үнэлэгдэж буй орон сууцны байдалтай танилцаж, хөрөнгийн хийц, бүтээц, шинж чанар, доторх байдал, насжилт, инженерийн байгууламж, байршил зэргийг үндэслэн жишиг хөрөнгийг дээрх үзүүлэлттэй ижил түвшний, зах зээл дээр худалдан борлуулахаар санал болгосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг сонгож, эдгээр хөрөнгүүдийн ижил болон ялгаатай байдалд зохих тохируулгыг хийж үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт нийцнэ.

Хөрөнгийг үнэлсэн дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

5. Түүнчлэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээний зорилгод тохируулан хөрөнгийн үнэ цэнийн суурийг тодорхойлж, зохих үзүүлэлтүүдийг харгалзан, түүний тохируулго, тооцооллыг үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад заасан аргачлалаар хөрөнгийн үнэлгээг тогтооно. Өөрөөр хэлбэл, зах зээлд худалдан борлуулахаар санал болгосон зарын үнийг дангаар үндэслэхгүй тул орон сууцны үнийн зар бүхий баримтаар тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн үнэлгээг үгүйсгэж чадахгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн.

6. Төлбөрт хураагдсан орон сууцны өмчлөгч Т.У нь үнийн саналаа цахим шуудангаар ирүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүх дүгнэлт үндэслэлтэй, үнийн саналыг өмчлөгчөөс аваагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иймд орон сууцны өмчлөгч Т.Ут үнэлгээг мэдэгдээгүй, түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

8. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан орон сууцны өмчлөгч Т.У нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эсэх нь өөрийнх нь эрх хэмжээнд хамаарна. Иймд түүнд мэдэгдэх хуудас хэрхэн хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, оршин суугаа хаягийн мэдээллээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн эсэх нь тодорхойгүйгээс анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/03193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА