Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 33

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,                        

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,

Шүүгдэгч: С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С холбогдох 1935000250015 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхлэсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, С

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

            Шүүгдэгч Увс аймгийн Түргэн сумын нутаг Живэрт гэх газраас 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ховор амьтан болох "Алтайн хойлог" шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтаны экологи, эдийн засагт 130.000 төгрөгний хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч С зохих зөвшөөрөлгүй ховор ан амьтан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С  нь 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Түргэн сумын нутаг Живэрт гэх нэртэй газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох "Алтайн хойлог" шувууг агнаж, амьтаны экологи эдийн засагт 130.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Түргэн сумын Рашаант багийн нутагт Живэрт гэдэг газарт Алтайн хойлог шувуу амьдардаг юм. Живэртийн зарим хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг, зарим хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. Алтайн хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолыг үндэслэж хоёр дахин нэмэгдүүлж хохиролыг нөхөн төлүүлдэг. Манай Засаг даргын тамгын газарт 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгний хохирол учирсан. 2018, 2019 онд манай байгууллагаас Алтайн хойлог шувуу агнах зөвшөөрөл олгоогүй. Аптайн хойлог шувуу ахуйн зориулалтаар агнах зөвшөөрөл олгодоггүй. Харин судалгаа шинжилгээний чиглэлээр байгаль орчны яамнаас зөвшөөрөл олгосны дагуу бичиг баримтуудыг үндэслэж зөвшөөрөл олгож болно. С  гэгч нь надаас хойлог агнах талаар зөвшөөрөл аваагүй. Хохиролыг нөхөн төлүүлж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,

Гэрч Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... Би 2019 оны 1 дүгээр сарын 07-ны орой би өөрийн эхнэр О-ийн хамтаар манай хадам С гэрт бууз боосон. Тэр үед хадам ах С “Нэг ширхэг хойлог шувуу байна. Зарж борлуулмаар байна. Мөнгөний хэрэг гарлаа” гэж хэлсэн. Би ямар шувуу байдаг юм гэхэд уулын шувуу байдаг юм гэж хэлсэн. С ах мал дээр байхдаа агнасан, тэгээд авчирсан гэж хэлсэн. Ямар нэртэй газраас хэнтэй хамт агнасан талаараа надад хэлээгүй. Хавхаар агнасан гэж хэлсэн юм. С ах агнасан Хойлог гэх шувуугаа хаана хадгалж байсан талаар би мэдэхгүй байна. Би С ахын гэрт бууж боож байхад С ах надад хойлог шувууны мах зарна гээд фасебүүк орчинд тавиад зарж борлуулмаар байна. Мөнгө олмоор байна гэж хэлсэн. Би хойлог шувууны мах авна гэсэн постны сэтгэгдэл хэсэгт хойлог шувууны мах байна гэж сэтгэгдэл үлдээсэн. Өөр ямар нэг мэдээлэл интернет цахим орчинд тавиагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,

Гэрч О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 07-ны орой би өөрийн төрсөн ах С-ын гэрт цагаан сарын баяраар хэрэглэх бууз чимхэж бэлдсэн. Тэр үеэр С ах эхнэртэйгээ хойлог нэртэй шувуу хөдөөгөөс агнаж авч ирсэн. Тэрийгээ зармаар байна, мөнгөний хэрэг гараад байна гэж ярилцаад сууж байсан. Би түүнийг сонсчихоод гэртээ ороод өөрийн нөхөр болох Ц-д хойлог гэж үнэтэй зарагддаг шувуу байдаг юм уу? С ах Түргэн сумаас авчирсан гэнэ, зарж борлуулмаар байна гэнэ гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр Ц тэр шувууны талаар мэдэхгүй, ямар хуу шувуу байдаг юм бол гэж хэлсэн. С ах сурагчдын хичээлийн амралт тарсны дараагаар Түргэн сумын нутаг руу хадам ээжийнхээ гэр лүү эхнэр хоёр хүүхдийнхээ хамтаар яваад 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ ирсэн. Тэр цаг хугацаанд шувууг агнасан байх. С ах агнасан Хойлог гэх шувуугаа хаана хадгалж байсан талаар би мэдэхгүй байна. Би урьд өмнө агнаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Намайг хойлог шувуу авах хүн байна уу, зарж борлуулмаар байна худалдаж авах хүн олоод өг гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,

Гэрч Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөр С болон хүүхдүүдийн хамтаар тус аймгийн Түргэн сум руу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яваад 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ирсэн. Би шувуу агнасан талаар мэдэхгүй байна. Манай нөхөр мал хариулж яваад хавхтай шувуу олж ирлээ гэж хэлээд нэг ширхэг шувуу харуулсан.   С надад тухайн шувууг хаанаас хэрхэн агнасан талаар хэлээгүй хавхтай шувуу байхаар нь авчихсан гэж хэлсэн. Манай нөхөр С тухайн шувууг гэрт хадгалсан, хашаан дотор байрлах амбаар дотор ууттай махны дээд талд тавиад хадгалж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,

Гэрч О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай хүргэн С нь эхнэр 2 хүүхдүүдийн хамтаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай гэрт ирээд 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Улаангом сум руу буцсан. Манайд байх хугацаандаа миний хүргэн С шувуу агнасан талаар надад мэдэх зүйл байхгүй. Шувуу агнасан, манай гэрт шувуу авч ирсэн зүйл байхгүй.  2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр манай гэрт ирэхдээ хойлог шувуу хавхаар агнасан, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаараа хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,

Гэрч Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Түргэн сумын Рашаант багийн нутагт Хөхөөн ам гэх газарт Алтайн хойлог шувуу амьдардаг юм. Хөхөөн ам гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй, орчны бүс газар гэж авч үздэг. Тухайн хойлог шувуунууд нь уулын дээд хэсэг, орой хэсгээр хад, асгатай газраар амьдардаг юм. Тухайн агнагдсан гэх шувууны экологи эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд Алтайн хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээг 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгөөр тогтоосон байдаг бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээг Амьтны тухай хуулийг үндэслэн хоёр дахин нэмэгдүүлж хохиролыг нөхөн төлүүлдэг. Манай Засаг даргын тамгын газарт 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгний хохирол учирсан гэж үзэж болно. Алтайн хойлог шувуу ахуйн зориулалтаар агнах зөвшөөрөл олгодоггүй. Шинжилгээ судалгааны чиглэлээр зөвшөөрөл авч агнаж болох боловч, манай сумаас зөвшөөрөл авч агнаж байсан удаагүй, зөвшөөрөл олгож байсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/,

Гэрч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Алтайн хойлог шувуу Түргэн сумын Рашаант багийн нутагт Хөхөөн ам гэх газарт  амьдардаг юм. Хөхөөн ам гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. Живэрт гэх газар, Хөхөөн ам хоорондоо уулын орой хэсгээрээ залгаа, уулын хоёр талын хэв, газар юм. Живэртын зарим хэсэг тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг, зарим хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. 2018, 2019 онд манай байгууллагаас алтайн хойлог шувуу агнах зөвшөөрөл олгоогүй. Алтайн хойлог шувуу ахуйн зориулалтаар агнах зөвшөөрөл олгодоггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,

Шүүгдэгч С мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би гэр бүлийн хамтаар замын унаагаар Түргэн сумын нутаг Живэрт гэх нэртэй газар луу яваад хадам ээж О гэрт очсон. Би өвөлжөөний амбаарт байсан хавхыг аваад 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хадам ээж О өвөлжөөнөөс зүүн тийшээ уулын оройгоор даваад 10 км орчим газар яваад хад асга, чулуу ихтэй газар очоод чулуун дээр төмөр материалаар хийсэн, суурь хэсгийг даавуун материалаар гадарласан хавх тавьж, хавхны дээгүүр хужир асгачихсан юм. Хавхны дээр асгасан хужрыг би хадам ээж О өвөлжөөн дэх амбаараас нийлэг материалаар хийсэн ууттай байхад нь авсан. Хавхан дээр хужрыг бага хэмжээгээр цацаж асгасан. Түүний дараа би 2019 оны дүгээр сарын 04-ны өдөр ойролцоогоор 15 цагийн үед сарлаг үхэр хайгаад явж байхдаа хавх тавьсан газартаа очиход хавханд хойлог шувуу ороод хөлдөөд үхчихсэн, нэг талын хөл нь хугарчихсан байдалтай, хавхны хэсэгт бага зэрэг цустай байсан юм. Хавх, шувуу хоёрыг аваад хадам ээж О гэрт очоод хавх, шувуу хоёрыг амбаарт хийсэн. Намайг хавх, шувуу хоёрыг хадам ээж О өвөлжөөн дахь амбаар луу хийх үед харсан, мэдсэн хүн байхгүй. Би шувуугаа аваад 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ ирсэн. Би тухайн шувууг авч ирээд хашаан дотор байрлах амбаарт хийж хадгалсан юмаа. Би тухайн шувууг Хойлог шувуу гэж шууд хараад мэдээгүй, би Сагил сумын нутагт явж байхдаа Хойлог шувууны ялгадас харж байсан бөгөөд шувууны хажууд байсан ялгадас нь миний урьд өмнө харж байсан Хойлог шувууны ялгадастай адилхан байсан учраас би Хойлог шувуу мөн байна гэж бодсон. Би анх удаа Хойлог шувуу агнасан урьд өмнө агнаж байгаагүй. Хавх тавиад, дээгүүр нь хужир цацаад асгачихаар нь хойлог шувуу амархан баригддаг гэж сонсож байсан. Би хойлог шувуу агнахдаа тусгай зөвшөөрөл аваагүй, тусгай зөвшөөрөл авдаг талаар мэдэхгүй. Угаасаа тэр орчмоор хойлог шувуу байдаг, урьд өмнө нь би гэр бүлийнхээ хамтаар Живэрт гэх газарт өвөлждөг байсан юм. Тиймээс би Живэрт орчмоор Хойлог шувуу амьдардагийг мэднэ. Би уг нь өөрөө хэрэглэх гэж агнасан юм. Тэгээд Улаангом суманд ирсэний дараагаар мөнгө хэрэгтэй болохоор тухайн шувууг зарахаар болсон. Би Ц-д хойлог шувуу 1 ширхэгийг зарж борлуулмаар байна гэж хэлж байсан. Ц интернет орчинд хойлог шувуу зарах талаар мэдээлэл тависан талаар би мэдэхгүй байна. Фасебоокээр хүн хойлог шувууны махыг авахаар боллоо гэж хэлсэн. Би тухайн хавхыг 2018 оны 08 дугаар сард тус аймгийн Түргэн сумын нутагт Н гэх нэртэй газраас мал хариулж байгаад олж авсан миний эзэмшлийн хавх юм. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9-р тал/,

Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Прокурорын тогтоол /хх-ийн 14-16-р тал/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, Шувуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13, 14-15-р тал/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, Төмөр хавханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19, 20-22-р тал/,

Интернэт цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургиын үзүүлэлтүүд / хх-ийн 23-26-р тал /

 Эд мөрийн баримт /шувуу, хавх/-аар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30-р тал /,

Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын мэргэжилтэн Т-ийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн “ Иргэн С хураан авсан шувуу нь тахиатны багийн шувуу байна. Уг шувуу нь Алтайн хойлог шувуу /Tetraogallus altaicus/ байна. Алтайн хойлог шувуу ховор амьтан. Нас хүйсийг тогтоох шаардлагагүй, Ан амьтны экологи, эдийн засгийн эдийн засгийн үнэлгээг батлах тухай Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын шувууны экологи эдийн засгийн үнэлгээнд эр эм, төл гэж ангилаагүй байна”  гэх 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60-р тал/,

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ж-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Түргэн сумын нутаг Хөхөөн ам /газарзүйн бүсчлэл координат өргөрөг 49°55' 52.5", уртраг 91°09' 33,5" / гэх нэртэй газар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.” гэх  01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69-р тал/-үүдээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1- даасан “Ховор амьтан” гэж Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ховор амьтны жагсаалтанд орсон амьтаныг ойлгоно.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоол нь хуульд нийцүүлэн , Засгийн газраас батлаж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ тогтоолын 1 дүгээр хавсралтын шувууны төрлийн 17-д нэр заагдсан Алтайн хойлог шувуу /Tetraogallus altaicus/ шувууг агнасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Ан амьтны экологи, эдийн засгийн эдийн засгийн үнэлгээг батлах тухай”  23 дугаар тогтоолоор Алтайн хойлог шувуу /Tetraogallus altaicus/ 130.000 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй байгаа тул шүүгдэгчийг амьтны экологи-эдийн засагт 130.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

 Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Алтайн хойлог шувуу /Tetraogallus altaicus/ экологи-эдийн засгийн үнэлгээ болох 130.000 төгрөгийг хоёр дахин өсгөж, 260.000 төгрөгийг Увс аймгийн Түргэн сумын Байгаль хамгаалан санд оруулсан нь үндэслэлтэй байна. 

            Шүүгдэгч С Түргэн сумын нутаг Живэрт гэх нэртэй газраас хавх тавьж  ховор амьтан болох Алтайн хойлогийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдэл нь хууль бусаар ан агнах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч С зохих зөвшөөрөл ховор ан амьтан болох Алтайн хойлог шувууг агнаж амьтаны экологи-эдийн засагт 130.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч П.С эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч С нь зохих зөвшөөрөлгүй, ховор ан амьтан агнах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

            Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С зохих зөвшөөрөлгүй, ховор амьтан болох Алтайн хойлог агнасны нөхөн төлбөр амьтны экологи-эдийн засагт учирсан 130.000 төгрөгийг хохирлыг 2 дахин өсгөж 260.000 төгрөгийг Түргэн сумын байгаль хамгаалах сангийн 100151455402 дугаартай дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авах боломжтой гэж дүгнэв.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ зашигласан нь тогтоогдож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Алтайн хойлог шувуу нэг ширхэг, төмөр хавх нэг ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.

 

3. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Алтайн хойлог шувуу нэг ширхэг, төмөр хавх нэг ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ