Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 37

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

            Шүүгдэгч: Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш.О холбогдох 1935000940036 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 01-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Зүүнговь сумын эрүүл мэндийн төвийн угаагч ажилтай, ам бүл-5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй  Ш.О. РД:.

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Ш.О нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Эрүүл мэндийн төвийн ариутгалын өрөөнөөс хохирогч Н.С-н Хаувэй Ю-6 загварын гар утсыг хулгайлж 448.300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ш.О бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Ш.О нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Эрүүл мэндийн төвийн ариутгалын өрөөнөөс хохирогч Н.С-ийн Хаувэй Ю-6 загварын гар утас алга болсон байна.

Хохирогч Н.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өглөө би ажил дээрээ 08 цагийн уед ирээд ажил үүргийн хуваарийн дагуу ажлын хувцасаа өмсөөд ариутгалын өрөөнд багажаа ариутгаж байтал манай сумын ЗДТГ-н нярав Ц.О эгч миний гар утас руу залгаад “Чи хаана байна? Зарлагын нэхэмжлэл бичүүлж авмаар байна” гэж ярьсан. Тэгээд би ажил дээрээ байна гэж хэлчээд өөрийхөө суудаг өрөөнөөс бал авах гээд ороход гаднаас Ц.О эгч орж ирсэн. Би өрөөндөө ороод Ц.О эгчид зарлагын нэхэмжил бичиж өгөх гэхэд тооны машин хэрэг болохоор нь утасныхаа тооны машин гаргаж бодох гэтэл утас байгаагүй юм. Би утсаа ариутгалын өрөөнд орхисон байна гэж бодоод хажуу талын эх баригч эмч Баяраагийн өрөөнөөс тооны машин аваад зарлагын баримт бодож өгчөөд утсаа авах гээд ариутгалын өрөөнд ороход миний гар утас байхгүй байсан.  Би ариутгалын өрөөний хажууд байдаг О гэх хүнээс би гар утсаа нэг газар орхичихлоо хаана орхисон юм бол гэж асуугаад Ш.О эгч мэдэхгүй гэхээр нь гар утсыг нь аваад өөрийн утас руугаа залгахад миний утас дуудаж байсан юм.  Тэгээд суудаг өрөөндөө орхисон байх гэж бодоод очоод залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан юм. Тэр өдөр би ажлыхаа хүмүүст миний утсыг олж авсан бол гаргаж өгч тусална уу? гээд сураглаад олоогүй. Миний хулгайд алдсан гар утас хятад улсад үйлдвэрлэсэн Hyawei y-6 маркын гар утас юм. Би 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Мобикомын Улаангом дахь салбараас зээлийн нөхцлөөр 489,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр худалдаж авсан юм. Миний хохирлыг Ш.О бүрэн барагдуулсан, надад ямар нэгэн гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 50-51-р талд/,

Иргэний нэхэмжлэгч Л.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ш.О гэх хүн манай Ломбарданд орж ирээд энэ миний гар утас байгаа юм. Би эмнэлэгт үзүүлэх гэсэн юм, мөнгө хэрэг болоод байна. Би утсаа танай Ломбарданд тавих гэсэн юм гэж хэлээд Hyawei Y6 маркын гар утас гаргаж ирсэн юм. Тэгээд би гар утсын аваад ажиллагааг нь шалгахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй ар хэсэг нь шаргал өнгөтэй урьд хэсэг нь цагаан өнгөтэй утас байсан юм. Утасны зүүн дээд өнцөгний дээд хэсгээр буюу шилэн наалтны хэсэг газар жаахан сэтэрсэн байсан юм. Тэгээд би Ш.О гэх хүнд та энэ утасыг манай Ломбарданд тавих юм бол 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр тавьна гэж хэлэхэд 300,000 мянгад тавимаар байна гэж хэлсэн юм. Тэгээд би 250,000 төгрөгөнд л болно гэж хэлэхэд зөвшөөрөөд 250,000 төгрөгийн барьцаанд тавихаар болсон юм. Тэгээд бид хоёр хуулийн хүрээнд 7 хоногийн хугацаатай 4% хүүтэй гэрээ байгуулсан юм. Тухайн үед би гар утас, Ш.О гэх хүний иргэний лавлагаатай хамт зургийг нь дарж авсан юм. Тэгээд 7 хоногийн дараа гэрээний хугацаа дуусаж утас ломбарданд тавьсан Ш.О гэх хүн рүү залгаад гэрээ дуусаж байгаа талаар хэлэхэд “за за” гэж хэлсэн юм. Тэгээд дахиад хэд хоног хүлээхэд яриагүй болохоор нь Ш.О гэх хүн рүү дахин утастаж хэлэхэд Ш.О гэх хүн “Би наадах утсыг чинь авч чадахгүй. Чи зараад мөнгөө олж ав” гэсэн хариу надад хэлсэн. Би тухайн утсыг ашиглахгүйгээр өөртөө байлгаж байтал 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр цагдаагаас яриад хулгайд алдагдсан утас байж магадгүй гэдгийг хэлсэн юм. Анх Ш.О гэх хүн надад 250.000 төгрөгийн барьцаанд утсаа тавьсан тэгээд 7 хоногийн хүү 10,000 болсон.  Гэрээнд зааснаар хугацаа хэтэрсний торгууль 162,500/ 65 хоногийн хэтрэлтэй / нийт 422,500 төгрөгний хохирол надад учирсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11-р тал/,  

гэрч Х.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед Зүүнговь сумын Эрүүл мэндийн төвд ажил дээрээ ирээд ажлын үүрэг чиглэлийн дагуу хоёр сувилагчийн ажлыг хүлээлцээд ариутгагч Н.С-ийн ажлыг шалгасан. Н.С ариутгалын өрөөнд ажлаа хийж байсан. Би ариутгалын өрөө ороод шалгаад гарсан юм. Тэгээд нэг их удалгүй манай ажлын Н.С эгч утсаа гээчихлээ. Та нар авсан бол буцаагаад өгөөч гэж байсан. Тэгээд би утсыг нь хараагүй талаар хэлээд өрөөндөө орсон. Бид хамт ажилладаг, сүүлийн үеийн ухаалаг гар утас байсан.  Тэр өдөр би Н.С эгчийн гар утсыг хараагүй. Намайг ариутгалын өрөө ороход Н.С эгч ганцаарай байсан. Хажуугийн зэрэгцээ өрөөнд манай эрүүл мэндийн төвийн угаагч Ш.О эгч байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Н.С бид хоёр ажил дээрээ хамт ирсэн юм. Тэгээд манай эхнэр С хувцасаа солиод ариутгалын өрөө явсан юм. Би өрөөндөө ганцаарай байж байгаад амрах байр орчихоод эргээд ирэхэд манай эхнэр Н.С гар утсаа алга болгочихлоо гээд хайж байсан юм. Тэр өглөө манай эхнэр өөрийхөө гар утсаа гэрээс аваад гарсан юм. Би утсаа хаана орхисон талаар асуухад ариутгалын өрөө, ажлын өрөө хоёрын хооронд явсан. Өөр хаашаа ч яваагүй гэж байсан. Манай эхнэрийн барьж байсан гар утас хятад улсад үйлдвэрлэсэн Hyawei-Y6 маркын гар утас бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Мобикомоос зээлийн нөхцлөөр 489.000 /дөрвөн зуун наян есөн мянга / төгрөгөөр худалдаж авсан юм. Өнгө нь мөнгөлөг цагаан өнгийн гар утас байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...: Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хаана байсан талаар сайн санахгүй байна. Би Улаангом сум Зүүнговь сумын хооронд тээвэр хийдэг бөгөөд нэг өдөр өнжөөд аймаг явдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлын өдөр байсан бөгөөд Ш.О надтай хамт Улаангом сум орсон юм. Би тэрийг сайн санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өглөө 08 цагийн үед ЗДТГ-т ажил дээрээ ирээд зарлагын баримт бичүүлэх гээд Зүүнговь сумын Эрүүл мэндийн төв орсон юм. Би Н.С-ийн өрөө ороод баримтаа бичүүлж авсан юм. Тэгээд би ажил дээрээ ирээд байж байтал миний араас Н.С ирээд та миний утсыг харсан уу? би утсаа алга болгочихлоо гээд ажил дээр ирсэн юм. Тэгээд би хараагүй учир би чиний утсыг хараагүй гэдгээ хэлээд явуулсан юм. ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өглөө 08 цагийн үед ажил дээрээ очоод гал тогооны өрөөндөө хоолоо хийж эхэлж байтал манай өрөөний үүдээр Н.С эгч ариутгалын өрөө яваад буцаад явсан. Удалгүй Н.С эгч дахиад ирээд Угаагчийн өрөө ороод гар утсаар ярьж байгаа шинжтэй чихэндээ утас бариад өөрийхөө өрөө рүү явж байсан юм. Тэгтэл Н.С эгчийн утасны дуутай адилхан утасны дуу Ариутгалын өрөөнд дуугарах шиг болсон. Тэгээд би гараад хартал ариутгалын өрөөнөөс угаагч О эгч гарч ирж байсан юм. Тэр утас дахиад дуугарахаа больчихсон. Тэгээд байж байтал Н.С эгч “Би утсаа гээчихлээ” гэхээр нь би Н.С эгчид “Таны утас ариутгалын өрөөнд дуугарах шиг болсон” гэж хэлсэн юм. Тэгтэл дахиад гараад явсан юм. Манай өрөөны хажуу өрөө бол угаагч Ш.О эгчийн өрөө тэгээд Ариутгалын өрөөнүүд байдаг юм. Тийм ойрхон байсан тул би тэр утасны дууг сонссон юм. Н.С-ийн утас алга болох үед ариутгалын өрөөнд Н.С эгч, угаагч Ш.О эгч хоёр орсон өөр хүн ороогүй. Ш.О эгч ариутгалын өрөө ороод гараад ирэхэд Н.С эгчийн утасны дуутай адилхан дуу гарч байгаап дуугархаа больчихсон. Мөн О эгч ариутгалын өрөөнөөс гарч ирэхэд Н.С эгчийн утас холбогдохоо больчихсон. Тэр өдөр Ш.О эгч Улаангом явсан юм. Хэрэв ариутгалын өрөөнд орхисон бол Ш.О эгч авсан байж магадгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

Шүүгдэгч Ш.О-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЭМ-ийн төвд 07 цаг 40 минутанд ажил дээрээ очсон юм. Тэгээд би ажлын хувцасаа өмсөөд цагаан хэрэглэл угаах ажлаа хийж эхэлсэн юм. Тэгээд өрөөндөө байж байтал миний хажуугийн өрөө буюу ариутгалын өрөөнд манай ажлын Н.С орж ирээд байж байсан. Тэгээд нэг их удалгүй гараад явсан. Удалгүй Н.С орж ирээд “О эгч та гар утасаа өгч байгаач би гар утсаа хаана орхисноо мэдэхгүй байна” гэж хэлээд миний гар утас аваад гараад явсан юм.  Би араас нь гарахад Н.С ажлын өрөө лүүгээ явж байсан.  Би өрөөндөө байж байтал утас дуугарахаар өрөөнөөсөө гараад харахад манай өрөөны хажуу өрөөнд буюу ариутгалын өрөөнд утас дуугарч байсан юм. Тэгээд би Ариутгалын өрөө ороход ямарч хүн байхгүй болохоор би тэр утсыг аваад унтраагаад ариутгалын өрөөнд даавуун дор хийгээд орхчихоод өрөөндөө ороод байж байтал Н.С орж ирээд миний утсыг надад өгчихөөд гараад явсан. Би тэр өдөр Улаангом сум явж эмчид үзүүлэх ажилтай байсан тул манай ажлын эрхлэгч эмч А.У эмчид хэлээд 1 өдрийн чөлөө аваад өрөөндөө очоод ажлын хувцасаа тайлаад гарах замдаа Ариутгалын өрөө ороод  Н.С-гийн утсыг аваад гарсан юм. Б.Б гэх жолоочийн машинд суугаад Улаангом явсан юм. Тэр өдөр Улаангом суманд өөрийхөө төрсөн дүү Д-д хоноод маргааш нь Нэгдсэн эмнэлэгт биеэ үзүүлээд явж байтал төв эмийн сангийн хажууд "Ломбард" байхаар нь би Н.С-аас хулгайлж авсан утсаа Ломбарданд 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн барьцаанд  7 хоногийн хугацаатай тавьсан юм. Тэгээд би сумруугаа буцсан юм. 7 хоногийн дараа ломбарнаас над руу утсаар залгахад би наадах утсыг авч чадахгүй мөнгө төгрөг байхгүй гэж хэлсэн юм. Тэгээд дахиж би яриагүй юм. Н.С утсаа гээдэг өдөр надаас асуусан юм. Би тухайн үед жаахан тоглож байгаад гаргаж өгье гэж бодоод мэдэхгүй гэж хэлээд гаргасан юм. Анх би утас авахдаа тоглож аваад тэр өдөр Улаангом сум явах ажил гараад, дээрээс нь бас урьд нь Н.С-ийн нөхөр намайг гомдоож байсан зүйл бодогдоод  утсыг нь аваад явчихсан юм. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг, эд мөрийн баримт /гар утас/ хураан авсан тэмдэглэл, эд зүйл /гар утас/-д үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдээр хохирогч Н.С-ийн Хаувэй Ю-6 загварын гар утсыг шүүгдэгч Ш.О нууц, далд аргаар авсан болох нь  нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Ш.О-ийн хулгайлсан хохирогч Н.С-ийн “Huawei-Y6 маркийн гар утас нь 448.250 төгрөгийн үнэтэй болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ий 2019 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн 75 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-р тал/-ээр тогтоогджээ.    

            Шүүгдэгч Ш.О нь Н.С-гийн гар утсыг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй бөгөөд, Хаувэй Ю-6 загварын гар утасны үнэ 448.250 төгрөг буюу “бага хэмжээний хохирол”-оос илүү байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ш.О хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Н.С-ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан талаарх Авто шийдэл ХХК-ний Solution барьцаалан зээлдүүлэх төвийн захирал Л.Л-ийн хүсэлт /хх-ийн 57-р тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

            Шүүгдэгч Ш.О гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ш.О эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ш.О бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.О-ийн хувийн байдлын талаар гэрч Г.Ж: “Манай эхнэр Ш.O З сумын эрүүл мэндийн төвд угаагч ажилтай манай хүүхдүүд сургуульд сурч байгаа, би одоохондоо эрхэлсэн тодорхой ажил байхгүй манай гэрийн амьжиргааны орлого манай эхнэр Ш.О цалингаараа болгоод явдаг. Манай энхэр Ш.О гэнэн цайлган сэтгэлтэй ямар нэгэн хар бор санах зүйл байдаггүй гэр бүл болон хүнд тусархуу гэртээ их цэвэрч нямбаа хүн гэр бүлдээ болон хамт олондоо нэр хүндтэй хүн. Ямар нэгэн муу зуршил гээд зүйл байхгүй хаяа ууралсан үедээ их гомддог жаахан зөрүүд өөр ямар нэгэн муу зуршил байхгүй үр хүүхэддээ хайр халам ихтэй. Хүнд их санаа зовдог явдал ажиглагддаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/, гэрч А.У-н: “...Ш.О нь ажлын хамт олон дунд нэр хүндтэй, цэвэрч нямбаа, ажлын хариуцлага сайтай өгсөн үүрэг даалгавар сайн биелүүлдэг ажилтан юм. Ямар нэгэн муу зуршил байхгүй ажлын хариуцлага алдаж байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/, гэрч Б.Б-ийн: “...Манай О эгч төлөв даруу зантай нэг их зүйл дугараад байдаггүй, даруухан зантай хүн. Манай Ш.О эгч ямар нэгэн муу зуршлын талаар надад тийм зүйл ажиглагдаж байгаагүй бид хоорондоо нийтэч зантай бараг өдөр болгон нэг нэгэнтээгээ харьцдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ш.О-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ш.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Ш.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.

3. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

            4. Шүүгдэгч Ш.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ