Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 469

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Анармаа,                           

улсын яллагч М.Үүрийнтуяа,

шинжээч С.Чулуунсүх,

шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч Ё.Энхбулган нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ДЖ.У-д холбогдох эрүүгийн 1806085460131 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Ж.У, 1969 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 30-47 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Ж.У нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан шонхор” оёдлын үйлдвэрт Д.Гандалайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар баруун далан тус газар цохиж, түлхэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ж.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр өглөө Ариунзаяа над руу утасдаад өглөө цагдаагийн хантааз бэлдээрэй гэж хэлсэн. Би өглөө 8.30 минутанд ажил дээрээ ирэхэд Гандалай хийх ажлын тухай ариун цэврийн цаасан дээр бичсэн байсныг хараад би бичгийн цаасан дээр бичихгүй, яагаад 00-н цаасан дээр бичиж байгаан гэж хэлсэн. Энэ хүний хариуцсан ажил байсан. Хохирогч намайг ингэж хэллээ гэж хэл амаар доромжилсон. Би өрөөндөө буцаад орсон . Дахиж гарж ирэхэд дахин хэл амаар доромжилж над руу дайраад байхаар нь би биеэ барьж дийлэхгүй Гандалайг 3 удаа цохих гэж оролдсон. Эхний удаа цохихдоо баруун бугалга руу нь цохьсон. Зүүн хөл рүү нь цохиогүй. Миний баруун гар хугарсан байсан болохоор тийм ч хүчтэй цохиогүй. Гандалай хэлэхдээ “гэр бүлийн хүнтэйгээ маргалдсан асуудлаас болж намайг цохисон” гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Гандалай “уучлаарай” гэж хэлээд гараад явсан. Миний цохиолтыг бугалганы шөрмөсийг урагдтал цохисон, шөрмөсийг тасартал цохисон гэдэгт үнэмшихгүй байна. Дараа нь Гандалай үдээс хойш шинээр хувцас өмсөж үзээд “Уугий эгчээ үүнийг авах уу” гэж хэлээд асууж байсан хүн. 09 дүгээр сарын 22-нд ажил дээрээ жижиг хайчаар цагдаагийн хувцасны үсэг хайчилбар хийж байсан хүн гарын шөрмөс гэмтсэн гэхэд би итгэхгүй байна. Энэ хүний гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Шинжээч эмч С.Чулуунсүх мэдүүлэхдээ: “Хохирогчийн баруун бугалбар яс, эгэмний яс, мөрний холбоосыг бүрхэж байдаг том булчинг лаброны ургадал гэдэг. Энэ гэмтэл нь цохих, унах үед аль алинд нь үүсэх боломжтой. Энэ гэмтлийг авснаар гарын хүч сулрах, хүнд өвдөлт өгөх, зовиуртай байдал мэдрэгддэг. Мөрний хэсэгтээ гэмтэл авсан тохиолдолд сарвууны хөдөлгөөнөөр юм хийж болно. Хүнд юм өргөхөд хүндрэлтэй өргөнө. Хамгийн сүүлд хийсэн үзлэг оношилгоогоор, бүтцийн хувьд өөр өөрчлөлт байна гэж харагдаж байна. 10 дугаар сарын 26-нд ийм онош байгаа талаар мэргэжлийн эмч нар тодорхойлсон байна. Тухайн 09 дүгээр сарын 21-ний өдөр гэмтэл аваад, 25-ны өдөр эмчид үзүүлсэн байдаг. Бичиг баримтаас үзэхэд сар гарангийн өмнө энэ гэмтэл нь үүсэх боломжтой гэж үзэж байна. Лаброны энэ урагдалд ямар эмчилгээ хийгдэх талаар мэргэжлийн эмч биш учраас тайлбарлах боломжгүй. Харин тасарсан учраас мэс засал хийгдэх шаардлагатай байсан гэж хариулмаар байна. Тухайн 09 дүгээр сарын 25-нд үзүүлэхэд эрхий хуруу тулсан байдалтай байсанг харж болно. Шөрмөс нь бүрэн урагдалтай гэсэн оноштой байсан” гэв.

Хохирогч Д.Гандалай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шонхор” оёдлын үйлдвэрт ажилдаа ирэхэд нярав У-ыг ирэхээр нь дарга У-д үлдээсэн цаасан дээр бичсэн үүрэг даалгаврыг нь өгсөн... тэгсэн У хоолны мөнгө гэж бичсэнийг хараад уурлахаар нь мэдэхгүй ээ дарга өг гэсэн зүйлийг танд өгч байна гэж хэлсэн тэгээд над руу уурлаад хэрүүл хийгээд...над руу чанга орилоод миний мөрөн тус газар гараа атгаж байгаад чанга цохисон. ...Тэрний дараа миний баруун талын мөрнөөс доош бөөр рүүгээ цанх татсан юм шиг өвдөөд байхаар нь... эмнэлэгт үзүүлж 2018 оны 09 дүгээр 24-ний өдөр хэвтсэн. ...Миний баруун мөрний хэсэгт нярав Ж.У гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх10-12/,

Гэрч Д.Дарамбазар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө ажил эхлэх үед байсан байхаа намайг эсгүүрийн өрөөнөөс гараад коридороор явж байхад эмэгтэй хүн орилох чимээ гарсан тухайн үед хэн нь орилсон юм мэдэхгүй байна. Юу болоод байна гэж  хэлтэл манай ажилчин Ундрах, Гандалай 2 зодолдож байх шиг байна гэж хэслсэн...Хэрэг болсноос хойш Гандалай ажилдаа баруун гараа сойсон зодуулаад гар өвдөөд байна гээд яваад байсан” гэх мэдүүлэг /хх 25-27/,

Гэрч Ө.Туяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө... У, Гандалай 2 зодолдож байх шиг байна гэж хэлсэн...Хэрэг болсноос хойш Гандалай ажилдаа баруун гараа сойсон зодуулаад гар өвдөөд байна гээд яваад байсан” гэх мэдүүлэг /хх 25-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12976 дугаартай дүгнэлт:

1. Н.Гандалайгийн биед баруун бугалганы шөрмөс, баруун лабрумын урагдал, баруун гарын эрхий хуруу, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна

5. Дээрх гэмтэл нь 2018.09.21-ний өдөр үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-22/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-31/, Хохирлын баримтууд /хх-33-36/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-47/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-48/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ж.У нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан шонхор” оёдлын үйлдвэрт Д.Гандалайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар баруун далан тус газар цохиж, түлхэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Гандалайгийн: “...нярав У-ыг ирэхээр нь дарга Ундрахад үлдээсэн цаасан дээр бичсэн үүрэг даалгаврыг нь өгсөн... тэгсэн Ундрах хоолны мөнгө гэж бичсэнийг хараад уурлахаар нь мэдэхгүй ээ дарга өг гэсэн зүйлийг танд өгч байна гэж хэлсэн тэгээд над руу уурлаад хэрүүл хийгээд...над руу чанга орилоод миний мөрөн тус газар гараа атгаж байгаад чанга цохисон. ...Тэрний дараа миний баруун талын мөрнөөс доош бөөр рүүгээ цанх татсан юм шиг өвдөөд байхаар нь... эмнэлэгт үзүүлж 2018 оны 09 дүгээр 24-ний өдөр хэвтсэн” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Дарамбазарын: “...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө ажил эхлэх үед байсан байхаа намайг эсгүүрийн өрөөнөөс гараад коридороор явж байхад эмэгтэй хүн орилох чимээ гарсан тухайн үед хэн нь орилсон юм мэдэхгүй байна. Юу болоод байна гэж  хэлтэл манай ажилчин У, Гандалай 2 зодолдож байх шиг байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ө.Туяагийн: “...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө... У, Гандалай 2 зодолдож байх шиг байна гэж хэлсэн...Хэрэг болсноос хойш Гандалай ажилдаа баруун гараа сойсон зодуулаад гар өвдөөд байна гээд яваад байсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ж.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.У-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хохирогч Д.Гандалайд хавтаст хэрэгт авагдсан гэрийн хаягаар шүүх хуралдааны тов, мөн биеийн байцаалтад авагдсан утсаар холбогдон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хэрэгт авагдсан хаягаасаа нүүсэн, гар утас нь холбогдох боломжгүй байсныг тэмдэглэж, шүүх нь шүүх хуралдааны товыг мэдэгдэх талаар боломжит ажиллагааг хийсэн болохыг дурьдах нь зүйтэй. Харин хохирогч Д.Гандалай нь хэрэгт авагдсан гэрийн хаяг болох түрээсийн байрнаасаа нүүсэн, гар утасны дугаараа сольсон талаар шүүхэд мэдэгдээгүйг дурьдав.

 

Хохирогч Д.Гандалай нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлж байсан ба хавтаст хэргийн 34-36 дугаар талд авагдсан нотлох баримтаар шүүх 433.823 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ж.У нь шүүх хуралдаанд хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хуульд заасан завсарлага авсан ба эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр хохирогчид 434.000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Иймд шүүгдэгчийг хавтаст хэрэгт авагдсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Гандалай нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлээ эмчлүүлэхэд гарсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгч Ж.У-д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж.У-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.У-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.У нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, Ж.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хохирол төлбөрт 434.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

5. Хохирогч Д.Гандалай нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР