Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00378

 

Ч.Б*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/03219 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Б*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Утасны дугаарын үнэ 115,600,000 төгрөг гаргуулах тухай хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*******, хариуцагчийн өмгөөлөгч О.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК-иас 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр УБП ******* улсын дугаартай Mercedes Benz S350 маркийн автомашиныг барьцаалж, 15,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд хугацаандаа төлж чадаагүй. Энэ үед ******* ХХК-ийн захирал З.Б******* нь ******* дугаарыг миний нэр дээр шилжүүлж өг гэж шаардсаны дагуу дугаарыг З.Б*******ийн нэр дээр шилжүүлсэн. Бичгээр гэрээ байгуулаагүй.

1.2. 2016 онд ******* ХХК-иас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 34,341,000 төгрөгийг Ч.Б*******аас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд ******* ХХК нь 3,136,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 31,205 000 төгрөг болгож багасгасныг Ч.Б******* нь 2 хувааж төлөх, 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15,602,500 төгрөг төлбөл ******* ХХК нь ******* дугаарыг буцаан шилжүүлэх, үлдэх 15,602,500 төгрөгийг төлсөн тохиолдолд машиныг буцаан өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01129 дугаартай захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.3. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан ба уг ажиллагааны явцад буюу 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр З.Б******* нь ******* дугаарыг иргэн Б.Наранбаатарын эзэмшилд шилжүүлсэн учраас ******* ХХК-иас буцаан өгөх боломжгүй талаар мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон.

1.4. ******* дугаарын 2023 оны зах зээлийн үнэлгээг 115,600,000 төгрөгөөр үнэлсэн. ******* ХХК нь гэрээ хэлцэл хийхгүйгээр, үүрэг үүсээгүй байхад ******* дугаарыг өөрийн өмчлөлд шилжүүлж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан. Үүний үр дагаварт энэ дугаарын өмчлөгч нь дугаараа эзэмших, ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2, 9 дүгээр зүйлийн 9.4.2-т тус тус зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчихөөс өмнөх байдалд сэргээн тогтоож 2023 оны зах зээлийн үнэлгээгээр 115,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ч.Б******* нь ******* ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, УБП ******* улсын дугаартай, Mercedes Benz S350 маркийн автомашиныг барьцаалж, 15,000,000 төгрөг зээлж авсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар 2016 оны байдлаар нийт 34,341,000 төгрөг төлөх үүрэг үүссэн. Үүнийг ******* ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 181/ШШ2017/01129 дугаар захирамжаар талууд эвлэрсэн боловч уг захирамжийг биелүүлээгүй.

Дээрх захирамжид заасан үүргээ биелүүлэхгүй байсан учраас 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр З.Б*******ээс Ч.Б*******ын зээлийн төлөлтөд 30,000,000 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлж, 1,205,000 төгрөгийг авахгүйгээр 31,205,000 төгрөгийн зээлийг хааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. З.Б*******, Ч.Б******* нар нь хэрхэн тохиролцсоныг мэдэхгүй, энэ дугаар ******* ХХК-ийн нэр дээр байгаагүй.

2.2. Хэрэгт байгаа баримтаас үзвэл уг дугаар Ч.Б*******аас З.Б*******д шилжиж, дараа нь Б.Наранбаатарт шилжсэн байна. Хэрэв нэхэмжлэгч дугаарыг өмчлөх эрхийн хүрээнд шаардаж байгаа бол одоо дугаар эзэмшиж байгаа хүнээс шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлийн хүрээнд шаардаж байгаа бол утас манай нэр дээр шилжсэн байхыг шаардана. Хөрөнгө олж авсан этгээд нь ******* ХХК биш юм.

2.3. Шүүгчийн захирамжаар ******* ХХК нь дугаарыг шилжүүлнэ гэж байгаа, ингэж үзвэл Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээний үүрэг гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт хохирол шаардах эрхтэй гэж заасан. Харин Ч.Б******* нь үүргээ огт биелүүлээгүй, үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд энэ шаардах эрх үүснэ. Хуулийн энэ шаардлагыг хангаагүй тул шаардах эрх байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 26,595,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 89,295,925 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 735,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 290,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн ******* дугаарыг эзэмших эрхийг хариуцагч түүний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлж, уг дугаарыг эзэмших боломжгүй болсон. Гэтэл анхан шатны шүүх 2018 оны үнэлгээ болох 57,800,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн эрхийг сэргээсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.2 дахь заалтуудыг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь 2023 онд нэхэмжлэгч 9911 төрлийн дугаарын эзэмших эрхийг 57,800,000 төгрөгөөр өөртөө шилжүүлэн авах боломжгүй, харин 115,600,000 төгрөгөөр шилжүүлэн авах боломжтой болох нь хөрөнгийн үнэлгээний хоёр байгууллагын үнэлгээгээр нотлогдож байна.

4.2. Хариуцагч ******* дугаарын эзэмших эрхийг 30,000,000 төгрөгөөр иргэн Б.Наранбаатарт шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ шүүхэд баримтаар нотлоогүй. 2023 онд хариуцагч нь иргэн Б.Наранбаатараар дамжуулан ******* дугаарыг эзэмшиж байх боломжтой юм. Энэ үйл баримтад анхан шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй.

4.3. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т заасан үндэслэл буюу уг төлбөрийг нэхэмжлэгчээс авахаас татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч уг төлбөрийг нэхэмжлэгчээс шаардаагүй байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр уг төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй буюу үүнийгээ хууль зүйн үндэслэлтэй шийдвэртээ тайлбарлаж чадаагүй байна.

Ингэснээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчиж, хариуцагчийн хүсэл зоригоос гадуур буюу хариуцагчийн шаардаагүй төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэсэн. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч ******* ХХК нь Ч.Б*******ыг эрхийг зөрчөөгүй. ******* ХХК нь тухайн утасны дугаарыг эзэмшиж байгаагүй. 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар явагдаж, дуусгавар болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 10 дугаар талд ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцож байгаагүй гэсэн дүгнэлт хийсэн учраас шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайлбал, Б.Наранбаатарт шилжүүлж дамжуулан эзэмшсэн үйл баримт байхгүй.

5.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар ******* ХХК-иас гаргасан бичигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т заасан зохицуулалтын талаар дурдсан боловч үндсэн агуулга нь эвлэрлийн гэрээгээр Ч.Б******* нь төлбөрийг төлвөл утасны дугаарыг шилжүүлнэ гэсэн үүрэг хүлээсэн боловч ******* ХХК-д төлбөр төлөөгүй.

5.3. Ч.Б******* нь ******* ХХК-иас авсан зээлийн үүрэгт автомашин барьцаалсан. 30,000,000 төгрөг төлөгдсөн гэсэн үндэслэлээр тухайн автомашиныг буцааж өгсөн. Хэрэв төлөгдөөгүй байсан бол бид барьцааны зүйлийг гаргуулахаар шаардаж болох байсан. Ч.Б******* нь утасны дугаараа зарж төлүүлчихээд буцаагаад их хэмжээний мөнгө нэхэж шүүхэд хандсан нь шударга бус.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч Ч.Б*******ын эзэмшлийн ******* дугаарыг өөртөө шилжүүлэн олж авч байгаагүй болох нь Мобиком корпораци ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/2352 тоот албан бичгээр ирүүлсэн ******* дугаарын эзэмшигчийн шилжилт хөдөлгөөний лавлагаа тогтоогддог учир анхан шатны шүүх үндэслэлгүй хуулийн хэм хэмжээг сонгож, шийдвэр гаргасан.

6.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн захиарамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар дээрх захирамжаар талууд эвлэрэхдээ нөхцөл заасан байдлаар утасны дугаарыг шилжүүлэхээр тохирсон болохоос ямар ч тохиолдолд Ч.Б*******ын нэр дээр шилжүүлэх үүргийг хүлээгээгүй. Уг захирамжийн дагуу Ч.Б******* нь Бумандусал ББСБ ХХК-д 15,602,500 төгрөгийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлсэн тохиолдолд ******* ХХК нь ******* утасны дугаарыг Ч.Б*******ын нэр дээр шилжүүлэх үүрэг үүсэх юм.

Харин Ч.Б*******ын хувьд дээрх захирамжаар баталгаажсан эвлэрлийн гэрээний үүргээ одоог хүртэл биелүүлээгүй учир ******* ХХК-ийн хувьд ******* дугаарыг Ч.Б*******т шилжүүлэх талаар ямар нэгэн үүрэг бий болоогүй, мөн буцаан шаардах эрхгүй.

6.3. Анхан шатны шүүх ******* ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь өөрөө үндэслэлгүй хэдий ч ийнхүү Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд мөн хуулийн 492.2 дахь хэсэгт заасан бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй нөхцөлүүдийг шалгах шаардлагатай. Гэтэл үгүйсгэгдэх нөхцөл байдлуудыг шалгалгүйгээр хэт нэг талыг барьж, хариуцагчийн эрх ашиг сонирхлыг илтэд зөрчсөн.

Хэдийгээр ******* ХХК нь Ч.Б*******ын ******* гар утасны дугаарыг нэр дээрээ шилжүүлж аваагүй ч анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол уг дугаарыг худалдан борлуулсан орлогыг Ч.Б*******ын зээлийн төлбөрт манай байгууллага суутгасан нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь нэхэмжлэгч Ч.Б******* нь аль ч үед зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг сайн дураар төлж байгаагүй.

6.4. Ч.Б*******ын хууль болон зээлийн гэрээний үүргээ зөрчсөн хууль бус үйлдлээс шалтгаалж ******* ХХК-ийн хувьд хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохирч байсан бөгөөд ийнхүү 3.Б*******ээс ******* гар утасны дугаарыг худалдан борлуулсан төлбөр 30,000,000 төгрөгийг шилжүүлэхэд нь Ч.Б*******ын өр төлбөрт тооцон суутгасан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн үйлдэл тул нэхэмжлэгч нь ******* гар утасны дугаар болон уг дугаарын үнийг шаардах эрхгүй.

6.5. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...талууд 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэгчийн мобикомын үүрэн телефоны ******* дугаар эзэмших эрхийг зээлдүүлэгчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцож Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээг бичгээр байгуулаагүйн дээр 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд дээрх дугаарыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцож заагаагүй байх тул хариуцагч талын тайлбарыг хүлээн авах боломжгүй юм гэж болсон үйл явдлыг болоогүй мэтээр худал дүгнэлт хийжээ. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1. ******* дугаарыг 2014 онд ******* ХХК-ийн захирал З.Б*******д шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэл З.Б******* нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа.

Тухайн үед нэхэмжлэгчийг шахаанд оруулах байдлаар утасны дугаарыг гэрээ, хэлцэлгүй шилжүүлж авсан. Тухайн утасны дугаар ******* ХХК-д шууд болон шууд бусаар хадгалагдаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. З.Б*******ээс төлбөр төлөгдсөн баримт хангалттай байгаа. Талууд эвлэрсэн боловч шүүгчийн захирамж биелэгдэхгүй болсны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын зээлийг хаасан тухай тушаал гарсан. Уг тушаал нь утасны дугаартай холбоотой сонирхол байсан учраас банк бус санхүүгийн байгууллага хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагууд нь гаргасан.

7.2. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т зааснаар төлбөр авахаас татгалзлаа гэсэн үндэслэлийг тодорхой зааж өгөөд уг үндэслэлээр тогтоол гарч хаагдсан. Тийм учраас хариуцагч талын яриад байгаа хугацаа заасан боловч тодорхой шалтгааны улмаас биелэх боломжгүй байсан ч нэгэнт төлбөр авахаас татгалзсан учраас утасны дугаараа буцааж авах эрх нь үүссэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.

Нэгэнт төлбөр авагч төлбөр авахгүй болсон, мөн эвлэрлийн гэрээнд төлбөр төлөгдсөн тохиолдолд буцааж өгнө гэсэн агуулга байгаа. Гэхдээ утасны дугаарыг бусад этгээдэд шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг эвлэрлийн гэрээ болон бусад байдлаар бичгээр баталгаажуулаагүй. Хоёр иргэн хоорондоо яриад утасны дугаар шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж тайлбарлаад байна. Хэрэгт тийм үйл баримт, нотлох баримт байхгүй.

7.3. Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй талаар анхан шатны шүүх тодорхой дүгнэлт хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээг хариуцагчийн зүгээс фидуцийн гэрээ гэж тайлбарлаж байгаа. Хариуцагч тал банк бус санхүүгийн байгууллага учраас фидуцийн гэрээний талаар ойлголтгүй байна гэж байхгүй.

7.4. Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой зээл, зээлийн харилцаа хууль, тогтоомжийн хүрээнд зохицуулагдсан. Гэтэл яагаад ёс суртахууны хэм хэмжээ баримтлаад шүүхийн шийдвэрийн тодорхой хэсгийг тайлбар хийж, гомдол гаргаад байгаа нь ойлгомжгүй. Энэ тайлбар нь илт үндэслэлгүй. Хариуцагч талаас гаргаж байгаа тайлбар нь нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй учраас хариуцагчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* дугаарын үнэ 115,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч утасны дугаар иргэн З.Б*******ийн нэр дээр байх тул хариуцах этгээд биш, хоёр иргэний хоорондын тохиролцоонд хариуцагч хамааралгүй, талуудын эвлэрснийг баталсан шүүгчийн захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Ч.Б******* нь ******* ХХК-иас 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй зээлж, УБП ******* улсын дугаартай Мерседес бенц эс-350 /Mercedes Benz-S350/ маркийн автомашин барьцаалсан гэрээ байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан асуудлаар зохигч маргаагүй.

Энэ гэрээний үүрэгт Ч.Б******* 34,341,000 төгрөг төлөхөөс ******* ХХК нь 3,136,000 төгрөгийг авахаас татгалзаж, үлдсэн 31,205,000 төгрөгийг Ч.Б******* төлөхийг хүлээн зөвшөөрч, үүнээс 15,602,500 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төлөх, энэ төлбөрийг хугацаандаа төлсөн тохиолдолд ******* ХХК нь ******* дугаарыг Ч.Б*******т шилжүүлэх, үлдэгдэл төлбөр 15,602,500 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төлсөн тохиолдолд Мерседес бенц Эс-350 маркийн ******* УБП улсын дугаартай автомашиныг Ч.Б*******т шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсоныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01129 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 5-6, 160-161 дүгээр тал/

3.2. Улмаар дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 17280927 дугаар тогтоолоор үүсгэж, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21/701 тоот албан бичгийг үндэслэн төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21/12-1045 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ч.Б*******т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. /хх-ийн 8-11 дүгээр тал/

3.3. Мөн Ч.Б*******т 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ГХ2020/00838 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас олгосны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01129 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21/12-1035 дугаар тогтоолоор төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ. /хх-ийн 63 дугаар тал/

3.4. Түүнчлэн, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/36 дугаар тушаалд Ч.Б*******ын зээл болон зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 31,205,000 төгрөгөөс ******* дугаарыг худалдан борлуулсны 30,000,000 төгрөг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр З.Б*******ийн данснаас ******* ХХК-ийн дансанд төлөгдөж, үлдэгдэл төлбөр 1,205,000 төгрөгийн алдагдал хүлээснийг зээлийн эрсдэлийн сангаас хааж зээлийн дансыг хаасан агуулга бүхий баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 196 дугаар тал/

3.5. Талуудын маргаж буй ******* дугаарын эзэмших эрх тухайн үед ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан З.Б*******ийн нэр дээр 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд, одоо өөр этгээдийн эзэмших эрхэд бүртгэлтэй байна. /хх-ийн 50 дугаар тал/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг гэж буруу тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс үйл баримтыг зөв тогтоогоогүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний улмаас үүсэх үүргийн гол нөхцөл нь үүрэг үүсээгүй, эсхүл хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүрэг үүссэн байх, үүний үндсэн дээр хөрөнгөжсөн байх учиртай. Ийм нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх шаардах эрхийн үндэслэлийг буруу тогтоосон.

4.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийг тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тохиолдолд ******* дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт гэж заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцсэн.

4.2. Түүнчлэн, талуудыг зээлийн гэрээний асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулах үед утасны дугаарын эзэмших эрх ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Б*******ийн нэр дээр бүртгэлтэй байсан нь хариуцагчийн үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдалд хамаарахгүйгээс гадна дээрх тохиролцоог шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хариуцагч үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

4.3. Шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд мөнгөн төлбөрийн үүргийг Ч.Б******* биелүүлээгүй нь утасны дугаарын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх эрх хариуцагчид үүсэхгүй, мөн нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Учир нь, гэрч З.Б*******ийн утасны дугаарыг бусдад шилжүүлэхийг Ч.Б******* зөвшөөрсөн гэх агуулга бүхий мэдүүлгийг хэргийн бусад баримтаар нотлоогүй байх тул үүргийн гүйцэтгэл боломжгүй болсонд хариуцагч буруугүй гэдгээ нотолж чадаагүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.4. Хариуцагч нь З.Б*******ээс 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг Ч.Б*******ын зээлийн үүрэгт тооцож хүлээн авснаар зээлийн дансыг хаасан, түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21/12-1045 дугаартай тогтоолоор төлбөр авагч ******* ХХК-ийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, нэхэмжлэгчийн шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргийг дуусгавар болгожээ.

5. Иймд хариуцагчид хуулийн дагуу үүрэг үүссэн, энэхүү үүргээ гүйцэтгээгүйг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй үүргийн зөрчил гэж үзнэ. Улмаар хариуцагч нь үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон, ийм нөхцөл байдал үүссэнд хариуцагч буруугүй гэдгээ нотолж чадаагүй байх тул үүргийн гүйцэтгэлийн оронд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хохирол шаардах эрх үүссэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ч.Б******* төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчид үүрэг үүсээгүй, утасны дугаар болон үнийг буцаан шаардах эрхгүй, З.Б*******ээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Ч.Б*******ын зээлд тооцсон нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн гэх гомдол хангагдахгүй.

6. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Хэрэгт маргаан бүхий хөрөнгийг үнэлсэн үнэлгээний компанийн хоёр үнэлгээ авагдсан байх ба шүүх Итгэлт-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас 2018 оны үнийг үндэслэн үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх үүрэг дуусгавар болсон байхад нотлох баримтыг буруу үнэлж, 31,205,000 төгрөгийг хассан нь үндэслэлгүй болсон.

Шүүхийн шийдвэрт зааснаар нэхэмжлэгч 15,602,500 төгрөгийг төлснөөр хариуцагчид үүрэг үүсэх тул үүрэг дуусгавар болсон хугацаагаар утасны дугаарын үнийг тодорхойлж, хохирлыг тогтоох нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцнэ.

Иймд 2023 оны үнэлгээг үндэслэн нэхэмжлэгчийн эрхийг сэргээх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

7. Дээрхийг нэгтгэн, хариуцагчаас утасны дугаарын үнэ 57,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Мөн хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/03219 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 гэснийг ...219 дүгээр зүйлийн 219.1 гэж, ...26,595,000 гэснийг ...57,800,000 гэж, ...89,295,925 гэснийг ...57,800,000 гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...56.1 гэснийг ...56.2, 290,925 гэснийг 446,950 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 290,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн 602,975 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.ГАНДИЙМАА