Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00384

 

 

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00384

 

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03805 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Ү д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 77,548,356 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Хариуцагч С.Ү нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ж ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 11,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан.

Улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, С.Ү , Д.Т нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 41 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах, 72.4 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 444.45 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 19 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах, 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 336 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаанд тавьсан.

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр авсан зээлийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийг 12 хугацаанд төлөхөөр тохирсон боловч 2017 оноос мөн адил төлөлт хийгээгүй.

С.Ү ыг шүүхээр 2021 оноос хойш эрэн сурвалжлуулсан боловч олдохгүй удаж 2023 оны онд хаягийг нь тодруулж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд хариуцагч С.Ү аас 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ0303170061 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 10,938,570 төгрөг, үндсэн хүү 21,957,276 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,494,508 төгрөг, нийт 36,390,356 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ0303170131 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 12,000,000 төгрөг, үндсэн хүү 25,088,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,929,600 төгрөг, нийт 41.017.600 төгрөг, хоёр удаа эрэн сурвалжлуулахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг буюу 77,548,356 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Дээрх хоёр зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байна.

Зээлийн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүү болон хэтэрсэн хугацааны хүүг ялгамжтай тодорхойлоогүй. Зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт тус тус хамаардаг тул эдгээрийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэл өөр байдгийг анхаарч шаардлага тус бүрийг тодруулах шаардлагатай.

Иймд эхний гэрээний үндсэн зээл 11,000,000 төгрөг, гэрээний хугацаан дахь үндсэн хүү 2,640,000 төгрөг нийт 13,640,000 төгрөгийг төлөх, хоёр дахь гэрээний үндсэн зээл 12,000,000 төгрөг, гэрээний хугацаа нь дахь үндсэн хүү 5,760,000 төгрөг, нийт 17,760,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан С.Ү аас 58,045,162 төгрөгийг гаргуулж Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,503,192 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд С.Ү , Д.Т нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 41 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах, 72.4 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт 444.45 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 19 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах, 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх, мөн хаягт байрлах 336 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс . төгрөг гаргуулж, Ж ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 615,891 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Ү аас 447,474 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон гаргуулж, түүнээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк. эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч С.Ү ын зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зогсох байсан.

Гэхдээ нэхэмжлэгч нь хариуцагчийг 2021 оноос хойш нийт 5 удаа эрэн сурвалжилсан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаараа дахин эрэн сурвалжлаад нэхэмжлэл гаргахдаа 10 сарын хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлэн тооцолгүйгээр нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 19,503,192 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 451.1, 453.3 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг 19,503,192 төгрөгөөр багасгаж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрүүтэй, үндэслэлгүй байна.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч С.Ү ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77,407,956 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 140,000 төгрөг, нийт 77,548,356 гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь гүйцэтгэх үүргийг 31,400,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Ж ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 11,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр 12,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар С.Ү ад тус тус зээлдүүлжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

3.1. Зээлийн гэрээний 3.1.3, 3.1.4-т заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

4. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгож буй зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөж дүгнэнэ.

4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 10,938,570 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 12,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул үүнд давж заалдах шатны шүүх дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

4.2. Нэхэмжлэгчийн шаардсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож, үүнээс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч урьд энэ талаар нэхэмжлэл гаргаж байсан нь түүний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг хязгаарлахгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй.

Иймд хариуцагчаас 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн хүү 21,957,276 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,494,508 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн хүү 25,088,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,929,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн зохицуулалтыг баримтлалгүй орхигдуулсныг залруулна.

4.3. Хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 140,400 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул үүний үндэслэлд давж заалдах шатны шүүх дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

Харин уг шаардлагыг хангахдаа шүүх гэрээ цуцалсны хохирол шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсныг хасч өөрчлөлт оруулна.

4.4. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр шүүх 2021 оны 03 дугаар сарын 04, 2022 оны 09 дүгээр сарын 05, 2022 оны 11 дүгээр сарын 29, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус тус хүлээн авахаас татгалзаж байсан, мөн хариуцагчийг 2021 оны 03 дугаар 29, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрүүдээр эрэн сурвалжилж байсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн байгааг дурдвал зохино.

5. Талууд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.Ү , Д.Т нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 41 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах 72.4 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 444.45 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,

мөн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн барьцааны гэрээгээр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 19 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 336 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж анхан шатны шүүх дүгнээд мөн хуулийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

5.1. Уг шийдлийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүх дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарыг бичээгүй, мөн найруулгын шинжтэй алдаа гаргасныг залруулж өөрчлөлт оруулна.

6. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн баримталбал зохих заалтыг нэмж оруулна.

6.1. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэр 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан болох нь хэрэгт авагдсан захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, хурлын тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байх бөгөөд шийдвэрт уг огноог 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулан дүгнэж байна.

Уг алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан шийдвэрийг хүчингүй болгох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй.

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03805 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ү аас 77,548,356 төгрөгийг гаргуулан Ж ХХК-д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар С.Ү , Д.Т нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220200**** дугаартай Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 41 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах, 72.4 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-220200**** дугаартай 444.45 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

улсын бүртгэлийн Ү-220200**** дугаартай Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 19 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах, 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-220200**** дугаартай 336 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 615,891 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ү аас 615,891 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,466 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Т.БАДРАХ