Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 27

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

            Хохирогч: Я.О,

            Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Б-д холбогдох 1935000750031 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 21-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ХАА-н хүнд механизмын жолооч, засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, аав, дүүгийн хамт .... оршин суух, Нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дгуаар сарын 02-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 615 нэгж буюу 615.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б.Б/РД /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 2 дугаар сарын 16-ны шөнө хохирогч Я.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх  гэмт хэрэгт холбогджээ.

 

                1. Шүүгдэгч Б.Б-гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 2 дугаар сарын 16-ны шөнө хохирогч Я.О-ыг зодсон болох нь хохирогч Я.О-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр адуугаа харахаар гэрээсээ гарсан. Ч бид адуугаа харчихаад гүүрийн хөндийд уулзаад айлд очиж цай ууж дулаацах гээд Б гэх айлд очсон. Тэр айлд Б байсан. Б чиний хайж явсан морь чинь ижилдээ ирээд нийлчихсэн байна гэж хэлэхээр нь очиж үзье гээд гарах гэж байтал Б, Э хоёр орж ирсэн. Тэгээд Б-ын гэрт 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи ууж дуусаад морио очиж харчихаад бид нар Б-ын машинтай З ахын гэрт очиж 0.75 литрийн Тэргүүн, 0.5 литрийн хар хөх шилтэй 2 шил архи хувааж уусан. Тэндээс гарахад З ахын өгч явуулсан нэг шил архийг Б-ын гэрт ирээд ууж дуусгаад одоо гэр лүүгээ явна гээд Э бид хоёр гараад морио эмээллээд явах болоход Ч гарч ирэхэгүй болохоор би буцаж ороод Ч-ийг одоо харьяа гэхэд “За тэгье. Би морио эмээллье” гээд Э-тэй хамт гарсан юм. Б, Б-ын эхнэр Б, Б бид нар гэрт үлдсэн. Б, Э та хоёр “Ж-ны пизда” гэж хэлсэн. Би “Ж байхаар чи яадаг юм бэ?” гэсэн чинь Б босож ирээд намайг орон дээр дарж байтал Б бид хоёрыг салгасан. Би зүүн талын орон дээр сууж байгаад “Хэрэггүй үгнээс болж намайг дарж яах гэж байгаа юм бэ?” гэж хэлээд баруун талын орон дээр суухар явж байтал Б гэнэт босож ирээд миний нүүр хэсэгт гараараа цохисон чинь шүд янгинаад аман дотор юм унах шиг болсон. Амаа нээгээд гараа тостол шүд унаад ирсэн. Тэгээд Б-г чи миний шүд хуга цохичихлоо яагаад ингэж байгаа юм бэ? гээд маргалдаад хоёулаа гадаа гарч ярилцъя гээд хамт гарсан. Тэгээд дахин барьлцалдаад нэг нэгнээ цохихгүй дарж байгаад босоод гэрлүү оръё гээд явж байтал намайг хавирч унагаагаад нүдэн дээр гараараа цохиход нүд хавдсан. Гэрт орж ирээд маргалдаж байгаад би Б-г мөргөж хамраас нь цус гаргасан. Б надад шүд хийлгэж өгнө боловч одоо болтол шүд хийлгэж өгөөгүй. Би хоёр үүдэн шүд хийлгэж авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05-р талд/,

 Гэрч Р.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Я.О орон дээр сууж байтал Б гэнэт босоод орон дээр дараад авахаар нь би очиж салгасан. Би Б-г зүүн талын орон дээр суулгаад хоолны шкафны хажууд юм хийж байтал О чи миний шүдийг хуга цохичихлоо гэсэн. О миний шүд унчихлаа гээд гараараа тоссон чинь 2 шүд унаад ирсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

Гэрч Б.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “....Э бид хоёр морио эмээллэчихээд орж ирэхэд О шүдээ барьчихсан Б-г чи миний шүдийг хугалчихлаа гээд сууж байсан. Тэгээд О Б хоёр хоорондоо маргалдаж байгаад гарсан. Буцаад Б-ын гэрт орж ирэхэд О-ын баруун нүд хавдчихсан байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

Гэрч Я.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч бид хоёр гадаа тамхи татаад би утсаар ярьж байгаад О ахыг аваад авъя гээд гэрт ороход О миний шүдийг хуга цохичихлоо гэсэн шүдээ барьчихсан суусан. О Б-г чи миний шүдийг хугалсан гээд хоорондоо маргалдаж байгаад гэрээс гарсан удалгүй хоёулангынхан хувцас цас болчихсон, О-ын баруун нүд хавдчихсан орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р тал/,

Гэрч Ш.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хувьд нэлээн их согтчихсон гэртээ ирсэн юу болсныг сайн санахгүй байна. Шөнө 04 цагийн үед ухаан ороод гадаа гарч морио өвсний хашаанаас гаргаад буцаад гэрт ороод ирсэн чинь Б зөрөөд гарсан. Юу болсон бэ гэхэд хамраас цус гарсан гэж хэлсэн. О, Б хоёр зодолдож О-ын шүд хугарсан гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

 

Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Б ахын гэрт унтаж амрахаар болоод О, Э, Ч нар гэрлүүгээ харихаар болсон. Батзул ах бид хоёр манай Тэс суманд Б, Ж гэж байдаг гэсэн гээд ярилцаад сууж байтал гаднаас О ах орж ирээд Ж гээд юу яриад байгаа пиздаа бэ чи гээд над руу уурласан. Тэгээд бид хоёр маргалдаад эхэлсэн. Тэгээд О ах намайг орон дээр дарж аваад миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Би буцаагаад О ахын нүүр тус газар гараараа нэг удаа цохисон чинь Б эгч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд О ах чи миний шүдийг хугалчихлаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал гаднаас Э, Ч хоёр орж ирсэн. О ах хоёулаа гаръя гэхээр нь би дагаад гарсан. Тэгээд гадна гараад чи миний шүдийг хугалчихлаа гаад над руу дайраад намайг заамдаж аваад газар унагаагаад хэсэг хоорондоо ноцолдж байгаад босоод гэр лүү орох гэж байтал О ах намайг мөргөхөөр нь би хавсарч унагаагаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Би О ахаас уучлалт гуйгаад эвлэрсэн. 300.000 төгрөгөөр шүд хийлгэхээр тохиролцсон боловч одоо надаас 1.500.000 төгрөг нэхээд байгаа. Би ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би О ахын шүдийг хийлгэж өгнө”  гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Я.О-ыг зодсоны улмаас хохирогчийн  дээд үүдэн /22-р/ шүд булгарч унасан хажуугийн /21-р/ шүд 4-р зэргийн хөдөлгөөнтэй, тархи доргилт, баруун нүдний доод зовхи хар хөхөрсөн хавдартай, салстад цус харвалттай, дээд уруулын дотор талын салст улайлт, зөөлөн эдийн гэмтэлүүд үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Я.О-ын эрүүл мэндэд дээд үүдэн 22-р шүд булгарч унасан, 21-р шүд 4-р зэргийн хөдөлгөөнтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул дээрх 2 ширхэг шүдийг шинээр хийлгэхэд зардал гарах нь тодорхой бөгөөд хохирогч гэм хорын хохирол нэхэмжлэж байгаа боловч хэрэгт хохирлын талаар баримт авагдаагүй тул хохирогч 2 ширхэг шүд хийлгэхтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирлоо нэхэмжлэхийг эрхийг нээлттэй үлдээх зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Я.О нь гэм хэргийн улмаас өөрт учирсан хор уршигийн талаар нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ