Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1127

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 101/ШШ2016/03428 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХХд холбогдох,

 

2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 364 дүгээр шийдвэрээр 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гарсан өдөр хүртэлх цалин хөлсийг урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговороор тооцож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичихийг ХХХХХд даалгаж шийдвэрлэсэн.

2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6044 тоот захирамжаар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн. ХХХХанд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/33170 дугаар, Шийдвэр гүйцэтгэх газраас 2015 оны 10 дугаар сарын 09-ны 5/2057 дугаар албан бичгийг тус тус хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй.

Иймд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулж, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг холбогдох албан тушаалтанд даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХХХны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч Хг ХХХХны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчоор томилсон.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа Нислэлийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 364 дүгээр шийдвэр гарсан өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулах гэж тодруулж байна. Бусад шаардлага хэвээр гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Гадаад харилцааны яам нь ХХХХ болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолын 1б-д заасны дагуу тус яамны нэр, зарим чиг үүрэгт өөрчлөлт орж, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс нь Санхүү, эдийн засгийн хэлтэс гэж нэр нь өөрчлөгдөж, орон тоо 8-аас 5 болж хасагдсан болохыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт тогтоосон байдаг.

Засгийн газраас төрийн захиргааны бүх байгууллагад төсвийн зардлыг бууруулах, орон тоо нэмэхгүй байх бодлого баримталж байгаа тул тус яамны зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу цалинг олгох, холбогдох бичилт хийх, өмнө эрхэлж байсан мэргэжлийн чиглэлээр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газарт нягтлан бодогчийн албан тушаалд ажиллуулах саналыг Хд тавьсан, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Төрийн албаны салбар зөвлөлийн 08/15 дугаар хуралдаанаар авч хэлэлцэн томилсон боловч өөрөө ажиллахгүй, дуудсан ч ирэхгүй байсан болно. Энэ тухай яамны Төрийн нарийн бичгийн даргаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 02/6065 тоот албан бичиг явуулж, цаашид хэрхэх талаар зөвлөмж хүссэн зэргээс хариуцагч нь тухайн нэхэмжлэгчийг хохироохгүй байх талаар бүхий л арга хэмжээг авч ажилласныг харуулж байна.

ХХХХны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч Хг ХХХХны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчоор томилох тушаал гарч, нэхэмжлэгч одоо ажиллаж байгаа. 2015 онд бүтцийн өөрчлөлт орсон дүнгээр цалингийн төсөв батлагдсан тул ажилтан Хг цалинжуулах төсөв байхгүй болно гэжээ.

 

Шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 8 128 458 төгрөгийг ХХХХХас гаргуулж, нэхэмжлэгч Хд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хгийн 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг ХХХХХд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хгээс улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2611016809 дугаар дансанд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 145 005 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй. Шүүгчийн зүгээс хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ХХХХны зүгээс ажилтан Хг хохиролгүй болгох үүднээс удаа дараа Дипломат төлөөлөгчийн үйлчилгээ эрхлэх газарт нягтлан бодогчийн ажил санал болгосон,  өөрөө уг саналыг хүлээн авахгүй байсны улмаас ажилгүй 6 сараас 12 сарыг хүртэл явсан байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, бид ХХХХны Санхүү эдийн засгийн хэлтэст ажилд орох хүртэл нь ажилтай байлгах үүднээс санал тавьж байсныг нотлох баримт байсаар байтал шүүхээс алдаатай шийдвэр гаргасан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2015 оны 6 дугаар сарын 12-нд гарсан. Үүнээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаагүй бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болдог тул 6 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр хүчин төгөлдөр болсон. Үүнээс хойш бид ажилтныг хохироохгүйн тулд 10 дугаар сараас эхлэн ажилд орохыг удаа дараа санал болгож байсан. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ХХХХны Төрийн албаны салбар зөвлөлийн 08/15 дугаар хуралдаанаар ажилтан Хг ажилд авахаар шийдвэр гарч, өөрт нь энэ тухай мэдэгдсэн. Тэрбээр өөрөө мэдсэн атлаа ажилдаа ирэхгүй байсан нь ажилтны буруу болохыг шүүх харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь хэргийг бүх талаас нь шинжлэн судлаагүй, шүүгчийн зүгээс буруу дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

Бид ажилтныг ажилд авахаас өмнө түүнд төсвийн хүндрэлтэй байдлыг тайлбарлан ажил олгогчийн зүгээс 2015 оны 12 дугаар сард цалингаа тавьж чадахгүй байдалд хүрсэн тул дараа жилийн 1 дүгээр сард ажилд авна гэсний дагуу ажилд авсан. Тухайн үед нэхэмжлэгч “ажилдаа орж байвал миний зүгээс цалингаа нэхэмжлэхгүй” гэж мэдэгдэж, байдлыг ойлгон харилцан тохиролцсон байсан. Харин тушаал гарсны дараа нэхэмжлэлээ аваагүй тул хариуцагчийн зүгээс эвлэрэх санал тавьж, одоогийн байдлаар манай зүгээс 3 сарын цалинг олгох санал тавьсан. Улс орны санхүүгийн байдал хүнд байгаа, АСЕМ-ын өндөр дээд хэмжээний хурал зохион байгуулж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах үүргээ огт биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заасныг зөрчсөн шийдвэр болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар хагас дутуу дурдсан, зөвхөн баримтуудыг дурдан, зүйтэй байна гэсэн өөрийн үзэл бодлыг оруулсан нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай гарахад нөлөөлсөн.

Иймээс дээрх шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан ажил олгогч талын эрх ашгийг үл хайхарч алдаатай шийдвэр гаргасныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 128 458 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт  бичилт хийлгэхийг ХХХХХд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзвэл Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 364 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Хг ХХХХны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны Б/11 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож,  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор тооцож гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдсон байна.

/хх-ийн 4-9 дэх тал/

 

Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч ХХХХны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар Хг өмнөх ажилд эгүүлэн томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасантай нийцжээ.

/хх-ийн 26 дахь тал/

 

Нэхэмжлэгч Хгийн хувьд шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилох тушаал гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан “ажилгүй байсан бүх хугацаа” гэсэн ойлголтод нэхэмжлэлд дурдсан дээрх хугацаа хамаарах юм.

 

Шүүх нэхэмжлэгч Хгийн ажилгүй байсан хугацааг 6 сар 18 хоног гэж тооцоолж, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 8 128 458 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

 

Хариуцагч байгууллага нь “нэхэмжлэгч Хг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс ажилд авах шийдвэр гаргасан атал өөрөө ажилдаа ирэхгүй байсан нь тухайн ажилтны буруу байсан, үүнийг шүүх анхаараагүй” гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээр Хг Дитломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газарт нягтлан бодогчоор томилохоор санал оруулсан байх боловч тухайн албан тушаалд томилсон тушаал гаргаагүй байна.

 

Нөгөө талаар өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал цомхотгогдоогүй тохиолдолд ажилтанд өөр ажил санал болгосныг ажил олгогч тал шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны олговорыг ХХХХХас гаргуулахаар шийдвэрт заасан байх боловч 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2016/38027 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч ХХХХанд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/03428 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА