Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2016/0143

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2016/0143

Улаанбаатар хот

 “Монинжбар” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн, гуравдагч этгээд Д.Батбаатар,  Д.Дуламжав, Н.Цамбасүрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ч.Эрхэмбаяр, гуравдагч этгээд “Ханхөвших трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 646 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 86 дугаар магадлалтай, “Монинжбар” ХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга, гуравдагч этгээд “Ханхөвших трейд” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Монинжбар” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани 1982 оноос хойш Баянгол дүүргийн 20 дугаар хорооны үйлдвэрийн тойрууд үйлдвэр, авто баазын зориулалтаар газар эзэмшиж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд шинээр агуулах, үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулах, үйл ажиллагаа өргөжүүлэхтэй холбогдуулан талбай шаардлагатай болсон тул өөрийн үйлдвэрийн хашааны хаалганы залгаа байгаа, эзэмшилгүй байсан газрыг эзэмших хүсэлтээ дүүргийн Засаг дарга болон газрын албанд өгсөн. Ингэхэд “хогийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэсэн тохиолдолд газрыг эзэмшүүлж болно” гэсэн зөвлөмж өгсөний дагуу хогийг 40 гаруй сая төгрөгийн зардал гаргаж, цэвэрлэн, тэгшиж янзлаад газрын албаар шалгуулсны үндсэн дээр маргаан бүхий 3126 м.кв газрыг Баянгол дүүргийн Засаг дарга 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болно. Гэтэл Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “2012 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тайлан, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай” 4/02 дугаар тогтоолоор манай газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад үүрэг болгож, улмаар Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар манай 3126 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгон,  2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/273 дугаар захирамжаар иргэн Н.Цамбасүрэн, Д.Батбаатар, Д.Дуламжав нарт тус бүрт нь 1000 м.кв-аар эзэмшүүлсэн, дээрх иргэнд нь газраа ашиглалгүйгээр “Ханхөвших трейд” ХХК-д шилжүүлснийг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1099 дүгээр захирамжаар баталгаажуулсан байх тул эдгээр тогтоол, захирамжуудын холбогдох хэсгүүдийг  хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар "Монинжбар" ХК-д тус дүүргийн 20 дугаар хороо Улаанбаатар БҮК-ийн зүүн талд 3126 м.кв газрыг агуулахын зориулалтаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг ноцтойгоор зөрчсөн байсан тул Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арвангуравдугаар хуралдаанаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/239 дүгээр захирамжийн "Монинжбар" ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгасан болно" гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар "Монинжбар" ХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг тус тус зөрчин, тухайн оны дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад олгосон байсан. Иймд, уг захирамжийг хүчингүй болгосон. Баянгол дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий 3000 м.кв газрыг иргэн Н.Цамбасүрэн, Д.Батбаатар, Д.Дуламжав нарын газар эзэмших хүсэлт болон газрыг шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг үндэслэн Н.Цамбасүрэн, Д.Батбаатар, Д.Дуламжав нарт болон  “Ханхөвших трейд” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй.  Газрын тухай хууль болон бусад дүрэм, журмаар газар эзэмшигчээс газрын төлбөрийг урьдчилан авах тухай заагаагүй ба тус компанийн хувьд 2012 оноос өмнө тухайн газрыг гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсны нөхөн төлбөрт 4.4 сая төгрөг болон 2012 оны газрын төлбөр 0.6 сая төгрөг, нийт 5 сая төгрөгийг төлсөн байна” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Батбаатар, Д.Дуламжав, Н.Цамбасүрэн нар шүүх ирүүлсэн тайлбартаа: "...Иргэд бид 2014 оны 4 дүгээр сард дүүргийн Засаг даргын шийдвэрээр тус маргаан бүхий газрыг хүнсний ногоо тарих зориулалтаар хуулийн дагуу эзэмшсэн. Тухайн жилдээ өөрсдийн эзэмшил газрыг "Ханхөвших трейд" ХХК-д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн өгсөн. Газар эзэмших эрх олж авсан, шилжүүлсэн үйл явдал нь ямар нэгэн хууль журам зөрчсөн болно” гэжээ.

Гуравдагч этгээд "Ханхөвших трейд" ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "... Манай компани энэхүү газрыг иргэн Д.Дуламжав, Д.Батбаатар, Н.Цамбасүрэн гэсэн 3 иргэнээс шилжүүлэн авсан бөгөөд хуулийн дагуу эзэмшиж байна. Мөн уг газрыг эзэмшилдээ аван одоо бетоноор бүрэн хашаажуулж хөрөнгө мөнгөө гарган тохижуулсан байгаа болно" гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 646 дугаар шийдвэрээр 1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч "Монинжбар" ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолын "Монинжбар" ХК-д холбогдох хэсэг болон Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн "Монинжбар" ХК-д, 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/273 дугаар захирамжийн иргэн Н.Цамбасүрэн, Д.Батбаатар, Д.Дуламжав нарт, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1099 дүгээр захирамжийн "Ханхөвших трейд" ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга, тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус бүр 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 86 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “..."Монинжбар" ХК-д Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо "Улаанбаатар БҮК" ХХК-ийн зүүн талд агуулахын зориулалтаар 3126 м.кв газар олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг тус тус зөрчин тухайн оны дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар олгосон байсан. Дээрх зөрчлийг арилгуулахаар Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4/02 дугаар тогтоол гарч дүүргийн Засаг даргад газар эзэмших эрхийг цуцлахыг үүрэг болгосон. Үүний дагуу 2013 оны А/31 дүгээр захирамжаар "Монинжбар" ХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг баримтлан дүүргийнхээ нутаг дэвсгэрт хууль зөрчсөн үйлдлүүдийг таслан зогсоох, засаж залруулах зорилгоор хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захиргааны актыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. "Монинжбар" ХК тухайн газарт үүссэн байсан гэх хог хаягдлын талаар ямарч нотлох баримтгүй, /мэргэжлийн хяналтын байгууллагаас уг газрын байдлыг тогтоосон хянан баталгааг гаргасан байх ёстой/ мөн хогийг цэвэрлэсэн гэх тус компанийн ажилтны гэрчийн мэдүүлэг, тухайн үед газар эзэмших эрхгүй этгээдээс зөвшөөрөл авсан гэхээс өөр нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй юм. Хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс тухайн газрын хогийг цэвэрлэсэн, уг газар дээр байгууламж барихаар төлөвлөсөн гэх хувийн компаниудын кассын бэлэн мөнгөний орлого, зарлагын олон сая төгрөгийн баримт, гэрээ, барилга байгууламжийн зураг төсөл зэргийг гарган өгсөн ба хариуцагчийн зүгээс уг баримтуудыг холбогдох байгууллагуудаар шалгуулах нь зүйтэй гэсэн хүсэлтийг тавихад шүүх зарим баримтуудыг хэргээс хасаж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх бодит боломжийг алдагдуулсан. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн зөрчил гэж үзэж байна. Иймд, анхан болон давж  заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, "Монинжбар" ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Ханхөвших трейд” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Маргаан бүхий газрыг анх “Монинжбар” ХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гэтэл шүүх Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаагүй, харин 20 дугаар хорооны Засаг дарга байсан Д.Морхоогоос гэрчийн мэдүүлэг авч, түүний мэдүүлэгт үндэслэн “газрын хур хогийг цэвэрлэж тэгшилсний үндсэн дээр эзэмшсэн болох нь нотлогдож байна” гэж дүгнээд, уг газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д нийцсэн гэсэн нь үндэслэлгүй юм. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан ба үүний 1.5-д “нөхөн сэргээсэн” гэдэгт сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтгүй орхигдсон газрын эвдрэл элэгдлийг нөхөн сэргээх төсөл төлөвлөгөө боловсруулан аймаг, нийслэл, дүүргийн Газрын албатай урьдчилан  тохиролцож, гэрээ хийсний үндсэн дээр хөрсний үржил шимийг сайжруулсан, ургамлан нөмрөгийг сэргээсэн, газрын гадаргууг засаж тэгшилсэн ...зэргийг ойлгоно. Нөхөн сэргээсэн эсэхийг газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтээр тодорхойлно” гэж тайлбарласан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд ийм ажиллагаа хийгээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримтад үндэслээгүй, илт үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Маргаан бүхий газрыг анхнаасаа хууль бусаар эзэмшүүлсэн тул түүнийг хүчингүй болгосон бөгөөд гуравдагч этгээд нарт газрыг шинээр эзэмшүүлсэн байхад шүүх энэ бодит нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалт нь тухайн нөхцөл байдалд газрыг эзэмшүүлж болох зохицуулалт болохоос заавал эзэмшүүлэхийг үүрэг болгосон заалт биш юм. Гэтэл шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

      ХЯНАВАЛ

Шүүхүүд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус зөв тайлбарлан хэрэглэж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоол, тус дүүргийн Засаг даргын мөн өдрийн А/31 дүгээр захирамжийн “Монинжбар” ХК-д, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/273 дугаар захирамжийн Д.Батбаатар, Д.Дуламжав, Н.Цамбасүрэн нарт, мөн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1099 дүгээр захирамжийн “Ханхөвших трейд” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон байна.

Баянгол дүүргийн Засаг дарга 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар “Монинжбар” ХК-д тус дүүргийн 20 дугаар хороо УБ БҮК-н зүүн талд 3126 м.кв газрыг “хур хогийг цэвэрлэсэн” гэсэн үндэслэлээр 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5  дахь хэсэгт зааснаар хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болохоор заажээ.

Маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлснээс 8 сарын дараа буюу 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгагдаагүй газрыг хууль бусаар эзэмшүүлсэн, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4/02 дугаар тогтоол,  тус дүүргийн Засаг дарга А/31 дүгээр захирамж гарган, “Монинжбар” ХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагч уг газрыг анх нэхэмжлэгчид эзэмшүүлсэн нөхцөл, хууль зүйн үндэслэлийг анхаарч үзэлгүй, “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь буруу байхын зэрэгцээ, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан үндэслэлээр газрыг эзэмшүүлэхдээ тухайн элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг хэрэгжүүлэх” үндэслэлгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй газрыг эзэмшүүлсэн захиргааны байгууллагын үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй ба хариуцагч урьд гаргасан шийдвэрээ хуульд нийцүүлэхдээ  бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих эрхгүй юм.

“Монинжбар” ХК маргаан бүхий газрын хур хогийг цэвэрлэж, тэгшилсэн үйл баримт нь гэрч Д.Морхоогийн мэдүүлгээс гадна Б.Энхжаргал, Б.Осолгүйгэрэл нарын гэрчийн мэдүүлгээр давхар нотлогддог ба анхан шатны шүүх дээрх гэрч /20 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан гэрч Д.Морхоо/-ийн мэдүүлгийг үнэлсэн нь  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, энэ талаарх гуравдагч этгээдийн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

Шүүхүүд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн хүрээнд, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул уг актын үндэслэлд шууд хамааралгүй хариуцагчийн “газрыг нөхөн сэргээх төсөл хөтөлбөрийг эрх бүхий этгээдэд танилцуулж батлуулаагүй, өөрийн хөрөнгөөр цэвэрлэсэн, нөхөн сэргээсэн байдал нотлогдоогүй” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүйгээс гадна “Нэмэлт нотлох баримт цуглуулах тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 5945 дугаар захирамжид хариуцагч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаагүй атлаа тухайн ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хүлээн авах боломжгүй юм. 

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Ханхөвших трейд” ХХК, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нарын хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 646 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 86 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга, гуравдагч этгээд “Ханхөвших трейд” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь  заалтыг баримтлан гуравдагч этгээд “Ханхөвших трейд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН