Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/64

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид С.Цэрэнханд, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэбилэг,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,                                                  

Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Тд холбогдох эрүүгийн 1838008870434 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт амь хохирогч Ц.Б-тай маргалдаж, зодолдсоны улмаас нарийн гэдэсний урагдал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Б ах гарч яваад хэсэг байж байгаад эгч Ц-ийн хамт гэртээ нэг шил “Далай ээж” нэртэй архи барьсаар ирсэн. Тэр архийг ах бид хоёр хувааж уугаад сууж байтал ах агсам тавиад хэрэлдэж эхэлсэн. Тэгэхээр нь би боль гэж хориглосон чинь “чи юу гээд хуцаад байгаа юм бэ” гээд миний баруун талын нүд рүү гараа атгаж байгаад цохисон. Тэгээд би сандарч босоод зөрүүлээд нэг удаа Б ахын нүүр рүү нь цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаад авсан чинь эгч босч ирээд бид хоёрын дундуур ороод салгах гээд зууралдаж байтал ах намайг ална гээд дайраад байсан. Тэгээд бид хоёр дээр доороо ороод ноцолдсон...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Талийгаачийг харахад ухаангүй, зүүн талынх нь нүд хөхөрсөн байсан....Ц-ээс дахин юу болсон юм бэ, яагаад Б-ын нүд нь хөхөрчихсөн, нарийн гэдэс нь хоёр тасарчихсан байгаа юм бэ гэхэд дуугүй зогсоод байсан. Тэгээд Ц.Тг харсан чинь нүд нь бас хөхөрсөн байхаар нь би Б, Ц.Т хоёр хоорондоо маргалдсан юм байна гэж гадарлаад Б, Ц.Т хоёр хоорондоо маргалдаж, зодолдсон юм уу гэхэд Цэрэнхүү надад ярихдаа Бсогтуу ирчихээд намайг хэл амаар доромжлоод зодох гээд байсан чинь манай дүү намайг өмөөрөөд Б, Ц.Т хоёр барилцаж аваад хөл нүцгэн дээр доороо оролцоод нэг нэгнийхээ дээр гарах гээд гэрийн хойморт өнхрөөд байсан гэж ярьсан....” гэх мэдүүлэг,

Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц-ийн Бгэдэг хүн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед Цагаан-Үүр сумын эмнэлгийн машинаар манай яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэж ирсэн. Бирэхдээ биеийн ерөнхий байдал хүнд, шалтгаан тодорхойгүй, хэвлийн гялтан тас, үхлийн шок, олон эрхтний дутагдал гэсэн оноштойгоор ирсэн. ...22 цагийн үед яаралтайгаар хэвлийн хөндийг нээж шалгах мэс засал хийсэн. Тэгээд хагалгаанд орсноосоо хойш ярьж чадахгүй 8 хоногийн турш амьсгалын аппараттай байж байгаад өнөө өглөө 06 цагийн үед нас барсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 83-87 дугаар хуудас/,

Гэрч П.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...намайг мэс заслын тасагт орж өвчтөнг үзэхэд 40 орчим насны эрэгтэй хүн ирсэн байсан бөгөөд биеийн байдал тун хүнд, зовиур ихтэй, ухаан санаа самуурсан, үжлийн шоконд орсон, амь тэмцсэн байдалтай байсан хэвлийг нээж шалгахад хэвлийн хөндийгөөс нарийн гэдэсний агуулагдахуун /баас/ оргилон гарч ирж байсан бөгөөд нарийн гэдэс дунд хэсгээрээ хоёр хэсэг газар цоорчихсон байсан. Нарийн гэдсэн дээр үүссэн цооролт нь хоорондоо 10-15 сантиметрийн зайтай, нэг нь 1.5 сантиметр, нөгөө нь 1 сантиметрийн диаметртэй цоорсон байсан. Ингээд цоорсон нарийн гэдсийг оёж битүүлээд, хэвлийг маш сайн угааж цэвэрлэж гуурс тавиад хэвлийг буцааж оёж хагалгааг дуусгасан байгаа. ...бидний зүгээс талийгаачийн амь насыг аврах бүхий л арга хэмжээг авсан боловч хордлогоосоо шалтгаалаад олон эрхтний дутагдалд орж нас барсан. ...би тэр хоёр хүнээс юу болсон талаар асуухад ...хадам дүүтэйгээ маргалдаж ноцолдсон гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 93-97 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б-ын эхнэр Ц нь залгаад ахын чинь бие өвдөөд байна хүрээд ир гэсэн. Тэгээд би Бахын гэрт очоод эхнэрээс нь юу болсон юм бэ гэж асуухад Ганбаяр эмч ирж үзээд явлаа, олгой шинжтэй юм шиг байна гэсэн гэхээр нь Бахаас өөрөөс нь юу болсон талаар асуухад гэдэс рүүгээ заагаад, гэдэсний доогуур өвдөөд байна гэж хэлснээс өөр юм хэлээгүй...Т эмчээр ахлуулсан эмч нар хагалгаанд ороод гарч ирэхдээ нарийн гэдэс нь хоёр хэсэг газарт цоорсон байна. Мөн олгой нь үрэвсэлтэй байхаар нь олгойг нь авсан, одоогийн байдлаар биеийн байдал нь хүнд байна, эхнэр, хүүхэд, ар гэрийнх нь хүмүүсийг дууд гэсэн...Ингээд хагалгаанд орсноос хойш долоо дахь хоног дээрээ нас барсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 99 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Б нэлээд халамцуу, Ц.Т бага зэргийн архи үнэртүүлсэн байдалтай байсан. ...Б над руу агсраад “чи өөр хүний хүүхэд гаргаа биз дээ” гэх зэргээр олон юм яриад над руу дайраад байсан чинь Төрөө орноосоо босоод “ах боль боль” гээд бид хоёрын дундуур орсон. Тэгээд тэр хоёр барилцаж аваад талийгаач Баасанбат, Ц.Тгийн нүүр рүү гараа атгаж байгаад цохиод байсан. Мөн шалан дээр нэг нэгнийхээ дээр гарах гээд дээр доороо ороод өнхрөөд байсан. Тэгээд би “боль” гээд дундуур нь ороод, тэр хоёр тайвширч хоёр тийшээ болоод босоод ирсэн чинь талийгаачийн зүүн нүд нь хөхөрсөн, уруул хавдсан, уруулнаас нь юм уу, нүднээс нь юм уу цус гарч байсан. Харин Ц.Т-гийн нүд хөхөрсөн байсан...Б тайвшраад хэсэг унтаж байгаад шөнийн 03 цагийн үед “миний гэдэс рүү өвдөөд байна, би олгой тусчих шиг боллоо” гэхээр нь би Нягтаа руу залгаж ахын чинь бие өвдөөд байна гэнэ, чи хүрээд ирээч гэж хэлээд удаагүй байхад Нягтаа ирсэн....эмч ирээд талийгаачийн биеийг үзээд “та хүнтэй зодоон хийгээд гэдэс рүүгээ өшиглүүлчихээгүй юм байгаа биз дээ” гэж асуухад талийгаач “Ц.Т-тэй зодолдсон гэхдээ тийм сүртэй юм болоогүй” гэж хэлсэн. .......” гэх мэдүүлэг /хх-ийн 109-114 дүгээр хуудас/,

Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 04 цагийн үед очиж биеийн байдлыг нь үзсэн юм. ...дөрвөн хөллөөд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Бие өвдөөд байна, гэдсээр их өвчтэй байна гэж хэлсэн. ...би тэгээд юунаас болж өвдөж эхэлсэн юм бэ зодоон хийсэн үү гэж асуухад тийм сүртэй юм болоогүй толгой тархи руу нь хэд цохисон юм гэж хэлсэн. ...нүд нь хөхөрсөн өөр гэмтэл харагдаагүй. ...эхнэрээс нь асуухад онц зүйл хэлээгүй, хоорондоо л маргалдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 дугаар хуудас/,

Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн үед Б-ын хоёр хүүхэд нь манай гэрт хүрч ирээд ээж дуудаж байна аавыг үзээд өгөөч гэж ирэхээр нь гэрт нь орсон юм. Тухайн үед үзэхэд согтолттой бөөлжөөд, “шээс гарахгүй байна, Ганбаа ах нь үхлээ шүү дээ” гэж хэлээд үзүүлэхгүй байсан. ...талийгаач Б-ын нүд нь хөхөрсөн байсан. ...биеийн зүүн хэсэгт хөхөрсөн байсан....Надад Б-ын эхнэр Ц нь манай нөхөр зодолдсон гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хажуу айлын Бгэх хүний эхнэр Цэрэнхүү нь манай гэрт орж ирээд “манай нөхөр дүүтэй маань зодолдоод байна, та хоёр ороод салгаад өгөөч” гэхээр нь гэрт нь ортол тэр хоёр хүн зодолдохоо больчихсон, данх нь ширээн дээрээс нь уначихсан, гэр нь их замбараагүй, угаалгынхаа өрөөнд хамраас нь бага зэргийн цус гарсан байдалтай, футболк нь норчихсон сууж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Ц-гийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 168 дугаартай:

  1. Ц.Б нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангын тархмал идээт ялгадаст үрэвслээр нас барсан байна.
  2. Ц.Б-ын биед нарийн гэдэс 3 хэсэг газар урагдал /оёдол тавигдсан/, зүүн дээд зовхи, доод зовхи, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэг, чихний гэдэс, зүүн хөмсөг, хэвлийн зүүн хэсэг, дунд хэсэг, хэвлийн баруун дээд хэсэг, хажуу хэсэг, баруун шилбэний баруун дээд хэсэгт зулгаралт, баруун эгэмний доор, баруун цавь, хэвлийн гол хэсэгт хүйсний нүхийг дайруулсан, хэвлийн баруун доод хэсэгт, хэвлийн зүүн доод хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн нарийн гэдэсний урагдал, цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл, харин хэвлийн гол болон баруун зүүн хэсгийн шарх нь ир бүхий зүйлийн буюу мэс засал ажилбарын хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Нарийн гэдэсний урагдал бүхий гэмтэл нь үхлийн шалтгаан болсон байна. Цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нарийн гэдэсний урагдал бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  3. Ц.Б нь эмнэлгийн өвчний түүх ...-д бичигдсэнээр буюу тухайн цаг хугацаандаа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нас барсан байна.
  4. Ц.Б-ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  5. Ц.Бнь эмнэлэгт 8 хоног хэвтэж эмчлэгдэж байгаад нас барсан тул цусан спирт тодорхойлох шаардлагагүй гэх дүгнэлт /хх-ийн 144-147 дугаар хуудас/,

       Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 142-143, 148, 149 дүгээр хуудас/,

       Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаартай:

  1. Ц.Т нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй.
  2. Ц.Тгийн гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тогтоох боломжгүй.
  3. Ц.Т нь сэтгэцийн хувьд эрүүл өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай.
  4. Ц.Тд албадан эмчилгээ шаардлагагүй.
  5. Ц.Т нь сэтгэц мэдрэлийн хувьд эрүүл, болсон явдлыг үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
  6. Ц.Т хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /хх-ийн 158 дугаар хуудас/,

Шинжээч эмч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цус хуралт болон нарийн гэдэсний урагдал бүхий гэмтлүүд нь цохилтын нөлөөнөөс үүсэх боломжтой. Харин зулгаралт бүхий гэмтлүүд нь уналт болон цохилтын аль алинаас үүсэх боломжтой...Мухар олгойг мэс заслын аргаар авсан нь үхлийн шалтгаанд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй... Эмнэлэгийн тусламж хурдан шуурхай үзүүлж, оношилгоо зөв хийгдсэн, эмчилгээ зөв хийгдсэн боловч өвчний явц хүндрэл их байсан тул амь аврагдах боломж бага байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 128-129, 132-133, 136-138 дугаар хуудас/,

      Эд мөрийн баримт хураан авах прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 11-12-р хуудас/,

     Эд мөрийн баримтаар хэрэгт хураагдсан ... дугаартай өвчтөний түүхийн хуулбар /хх-ийн 13-76 дугаар хуудас/,

       Хохирогчийн хуульч ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын баримтууд /ХХ-ийн 191-192, 206-214 дүгээр хуудас/,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 182-184 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1838008870434 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт амь хохирогч Ц.Б-тэй маргалдаж, зодолдсоны улмаас нарийн гэдэсний урагдал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны  болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

          Гэрч С.Б-ийн /ХХ-ийн 83-87-р хуудас/, П.Т-ийн /ХХ-ийн 93-97-р хуудас/, Б.Б-ын /ХХ-ийн 99-р хуудас/, Ц.Ц-ийн /ХХ-ийн 110-114-р хуудас/, Д.Э-ийн /ХХ-ийн 117-118-р хуудас/, Д.Г-ын /ХХ-ийн 120-121-р хуудас/, Ч.Т-ын /ХХ-ийн 122-123-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Ц-ийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 168 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 144-147-р хуудас/, Эд мөрийн баримт хураан авах прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 11-12-р хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 142-143, 148-149-р хуудас/, Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 128-129, 132-133, 136-138-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Тхүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Т нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 184 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 6.602.010 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ц.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838008870434 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11567 дугаартай өвчтөний түүхийн хуулбарыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Т-гийн цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Т хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Т3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-гийн цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн 1838008870434 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан .... дугаартай өвчтний түүхийн хуулбарыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР

                                  ШҮҮГЧИД                                 С.ЦЭРЭНХАНД

                                                                            Д.АЗЖАРГАЛ