Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00391

 

 

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00391

 

 

А ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/04009 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.М, Н.Д нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 39,508,983 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

А ХЗХ нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 2109/18 тоот зээлийн гэрээний дагуу Ц.Мад 25,000,000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээл олгосон. Талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 2109/18 тоот барьцааны гэрээ байгуулж Н.Дгийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 09 дүгээр сард дуусгавар болсон боловч зээлдэгч нар гэрээ байгуулагдсанаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч үр дүн гараагүй.

Иймд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 22,846,667 төгрөг, зээлийн хүү 10,799,650 төгрөг, нэмэгдүүлсэн 2,159,930 төгрөг, нийт 35,806,247 төгрөгийг нэхэмжилсэн.

2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн хүүд 3,085,614 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 617,122 төгрөг буюу нийт 3,720,736 төгрөгөөр нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн тул 39,508,983 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 508,983 төгрөгийг хасч 39,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжтой.

Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.

2. Хариуцагч татгалзал, хариу тайлбар гаргаагүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А ХЗХ нэхэмжлэлийн шаардлагаас 508,983 төгрөг нэхэмжлэхээс татгалзсаныг баталж,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Маас 39,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХЗХ-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 39,000,000 төгрөгийг гаргуулж, А ХЗХ-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.

4. Хариуцагч Ц.Мын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

А ХЗХ-той 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг зээлж авсан тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдээд 39,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хариу тайлбарыг бичгээр гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй. Нэхэмжлэлийн шаардлага болон анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тодорхой тайлбар гаргаагүй. Тиймээс шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч А ХЗХ нь хариуцагч Ц.М, Н.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,508,983 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасанд хариуцагч нар тайлбар гаргаж маргаагүй.

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 508,983 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг шүүх баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

3. А ХЗХ нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 25,000,000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тухайн хоршооны гишүүн Ц.Мтай харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

3.1. Зээлийн гэрээний 2.1, 3.9-д заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

3.2. Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

3.3. Зээлдэгч нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээл, зээлийн хүүд 2,500,000 төгрөг төлсөн, үндсэн зээл 22,846,667 төгрөг, зээлийн хүү 13,885,264 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,777,052 төгрөг, нийт 39,508,983 төгрөгийн зээлийн үүргийг гүйцэтгээгүй гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй.

3.4. Шүүх хариуцагч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гардуулан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

3.5. Иймд анхан шатны шүүх үндсэн зээл 22,846,667 төгрөг, зээлийн хүү 13,885,264 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,777,052 төгрөг, нийт 39,508,983 төгрөгөөс нэхэмжлэгчийн татгалзсан 508,983 төгрөгийг хасч тооцон 39,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Маас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

4. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Н.Дгийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч нар гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд давж заалдах шатны шүүхээс дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

5. Дээрх үндэслэлээр хариуцагч Ц.Мын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/04009 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Т.БАДРАХ