Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2016/00380

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын *** дугаар багт оршин суух, К овогт Ты Кий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: прокурор Х.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол болох 500000 /таван зуун мянган/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Т.Кшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суудаг, К овогт Ты Кнамайг тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтээр шалгасан боловч Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай сэжигтэн Т.Кнадад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №5/19 дүгээр тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. Сэжигтэн Т.К би эрүүгийн хэргийг шалгах явцад мэргэжлийн өмгөөлөгч Я.Сийг хөлслөн авч хууль зүйн туслалцаа авч байсан ба түүнчлэн сэтгэл санааны дарамтад орж гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдан өөрөөр хэлбэл сэтгэл санааны ч хохирол амсаж байсан юм. Энэхүү хилс хэрэгт шалгагдаж байгаад гэрээс аймгийн төвд аймгийн Цагдаагийн газарт олон удаа ирж байсан юм. Т.К би энэхүү хүсэлтийг гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-д тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үндэслэлийг удирдлага болгов. Иймд сэжигтэн Т.К би хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн хөлс 300,000 /гурван зуун/ төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-т заасан үндэслэлээр, сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгах хохирол болох 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1, 391.2, 391.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нийт 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн хохирлыг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан Бугат сумын 2 дугаар багт оршин суудаг, Монгол улсын иргэн К овогт Ты К надад олгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Намайг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан ба надад холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сарын 31-ны өдөр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.С гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг маань хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ. Хэрэгт холбогдон шалгагдах явцад эрүүгийн хэрэгт туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлсөлж авч, өмгөөллийн хөлсөнд 300000 төгрөг төлж байсан ба тухайн үед надад гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан гэжээ. Түүнчлэн тухайн үед сэтгэл санааны дарамтад дахин дахин ирж буцсан гэх үндэслэлээр өөрт учирсан сэтгэл санааны хохирлыг 200000 төгрөгөөр үнэлж, нийт 500000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгөх тухай нэхэмжлэлийг гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлтэй танилцахад Т.Кийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах хангалттай үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Тухайн хэрэгт холбогдуулан шалгахад адууг Т.Кустгасан гэх нь хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй учир нэхэмжлэгчид ашигтай нөхцөл байдал үүсч үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Т.Кд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эрхийг нь боогдуулсан асуудал байхгүй. Т.Кд гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Эрх нь зөрчигдсөн гэх үндэслэл иргэний хэргийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Иймд нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирол болох 200000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид төлсөн гэх хөлс нь гар баримтаар тасалбарыг иргэний хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Уг хөлсийг өмгөөлөгч үйл ажиллагаа явуулдаг албан ёсны дансанд орж гарсан гэх нотлох баримт иргэний хэргийн хавтаст хэрэгт авагдаагүй. Уг хөлсний зохих хувийг Өмгөөлөгчийн холбоонд төлсөн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч өмгөөлөгчид 300000 төгрөг төлсөн гэдэг нь иргэний хэргийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй тул хүсэлт гаргагчийн 500000 төгрөг гаргуулахыг хүссэн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сэд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 15:30 цагт болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ...намайг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье гэж шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь, нэхэмжлэгч Т.Кд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай 5/19 дүгээр тогтоолоор нотлогдож байна.

Эдгээр нотлох баримтаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-т тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд мөн хуулийн 388 дугаар зүйлийн 388.1-д зааснаар хохирлыг төлүүлэх эрх нэхэмжлэгч Т.Кд үүссэн байна.

Хэдийгээр Т.Кд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон боловч уг хэрэгт холбогдуулан Т.Кийг шалгасны улмаас сэтгэл санааны дарамтад орж гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдан, хилс хэрэгт шалгагдаж байгаад гэрээс аймгийн төвд аймгийн Цагдаагийн газарт олон удаа ирж байсан гэх боловч хавтаст хэрэгт Т.Кий сэтгэл санааны улмаас хохирол амссан нь тогтоогдоогүйгээс гадна мөрдөн байцаагчийн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч Т.Кий сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгахаар нэхэмжилсэн 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин Т.Кийг сэжигтнээр тооцож байцаалт өгөхөд өмгөөлөгч Я.Сээс хууль зүйн туслалцаа авч, түүнд 300,000 төгрөг төлсөн болох нь Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөллийн хөлсөнд Я.Сийн Төрийн банкан дахь 103300558003 дугаар дансанд 150,000 төгрөг төлсөн талаарх орлогын мэдүүлэг, 150000 төгрөг төлсөн Монголын өмгөөлөгчдийн холбооны 22 дугаар тасалбар, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн санаачилгаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт очиж, Т.Кд холбогдох 201604000023 тоот эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-ийг баримтлан Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 300000 төгрөг гаргуулан Ты Кд олгож, илүү нэхэмжилсэн 200000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү нэхэмжлэл нь Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ