Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2016/00381

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын ** дүгээр багт оршин суух, Ш овогт Сы Сий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол болох 500000 /таван зуун мянган/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Б сумын** дүгээр багт оршин суудаг, Ш овогт Сы С намайг тус аймгийн прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2016 оны 02 дүгээр сарын 22-ны өдрийн Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай № 5/07 дугаар тогтоолоор яллагдагч С.Сд надад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дүгээр зүйлийн 208..1.2 дэх хэсэгт заасан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №05/07 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. Яллагдагч С.С би эрүүгийн хэргийг шалгах явцад мэргэжлийн өмгөөлөгч Я.Сийг хөлслөн авч хууль зүйн туслалцаа авч байсан ба түүнчлэн сэтгэл санааны дарамтад орж гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдан өөрөөр хэлбэл сэтгэл санааны ч хохирол амсаж байсан юм. Намайг хилс хэрэгт шалгагдаж байх үед Б сум даяар С.С хулгай хийсэн байна гэж шуугиан гарч байсан юм. С.С би энэхүү хүсэлтийг гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-д тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үндэслэлийг удирдлага болгов. Иймд яллагдагч С.С би хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн хөлс 300,000 /гурван зуун/ төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-т заасан үндэслэлээр, сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгах хохирол болох 200,000 /хоёр зуун мянган/ төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1, 391.2, 391.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нийт 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн хохирлыг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан Б сумын 4 дүгээр багт оршин суудаг, Монгол улсын иргэн, Ш овогт Сы С надад олгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.С би Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон төрийг төлөөлж иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч С.Сийг иргэн Саттигүлийн Б сумын соёлын төвийн тайзны үүдэнд байрлах тоглолтын хувцас солих өрөөнд тавьсан 115000 төгрөг, алт мөнгө, ээмэг, түрийвч, плаш зэрэг нийт 336000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайд алдагдсан хэрэгт холбогдуулан шалгасан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас төрөөс дараах хохирлыг нэхэмжилж байна. Үүнд: өмгөөллийн хөлс 300000 төгрөг, сэтгэл санааны хохирол 200000 төгрөг, нийт 500000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон иргэний хэргийн хавтаст хэрэгтээ танилцсан. С.Сийг бусдын эд зүйлийг хулгайлсан байж болзошгүй гэж үндэслэлээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцож шалгасан. Хулгайд эд зүйл алдагдсан газарт иргэн С.С нь орж, гарсан байдаг. Уг эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах 21 хоногт багтааж шалгасан. С.С нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдоогүй тул түүний үйлдэл холбогдлыг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн хэргийг аймгийн Цагдаагийн газарт түдгэлзүүлсэн байна. Хүсэлт гаргагч сэтгэл санааны хохирол болох 200000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Тэрээр хүсэлт гаргагч хүсэлтдээ Б сум даяар шуугиан гарсан гэж бичсэн байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа нууцын зэрэглэлд хамаардаг. Б сум даяар шуугиан тарьсан, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан зүйл байхгүй. Энэ нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Сэтгэл санааны хохирол учирсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд хүсэлт гаргагчийн сэтгэл санааны хохирол болох 200000 төгрөг нэхэмжилсэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь өөрийн өгсөн тасалбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Уг тасалбарыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Уг баримтаар хүсэлт гаргагчийн өмгөөллийн хөлс 300000 төгрөг нэхэмжилсэн хүсэлтийн шаардлагыг хангахад хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан тасалбарыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө бичээд өөртөө нотлох баримт болгож байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт Өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд банканд харилцах данстай байна гэж заасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч. Өмгөөлөгч өмгөөллийн хөлсийг дансаар дамжуулан авч зохих байгууллагад татвараа төлөөд явах ёстой. Я.С бэлнээр тооцоо хийсэн мэт тасалбар бичсэн байдаг. Я.С өмгөөлөгч нотлох баримтыг өөрөө бүрдүүлж буюу тасалбар бичиж, өөрт нь гаргуулж өг гэж хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр уг хэрэгт оролцож байгаа нь үндэслэлгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд тасалбар бичсэн өмгөөлөгч биш, хүсэлт гаргагч дээрх өмгөөллийн мөнгийг нэхэмжилж шүүх хуралдаанд оролцсон бол өөр асуудал байх байлаа. Хүсэлт гаргагч өмгөөлөгчид 300000 төгрөг төлж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн эсэх нь эргэлзээтэй байна. Я.С өмгөөлөгч хүсэлт гаргагч С.Сээс бэлнээр мөнгө авсан бол тухайн мөнгийг дансандаа хийсэн байна уу, үгүй юу гэдгийг тодруулахын тулд банкны лавлагаа авах ёстой. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу өмгөөллийн хөлсийг заавал дансаар дамжуулах тухай заасан. Өмгөөлөгч өмгөөллийн хөлснөөсөө зохих байгууллагад татвараа төлөх ёстой. Өмгөөллийн хөлс дансанд төлсөн баримт болон, Я.С өмгөөлөгчийн дансны хуулга байхгүй байна. Иймд хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөллийн хөлс 300000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сэд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 15:00 цагт болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ...намайг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье гэж шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/07 дүгээр тогтоолоор нотлогдож байна.

Хэдийгээр С.Сд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон боловч уг хэрэгт холбогдуулан С.Сийг шалгасны улмаас тэрээр сэтгэл санааны дарамтад орж гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдан, хилс хэрэгт шалгагдаж байх үед Б сум даяар намайг хулгай хийсэн байна гэж шуугиан гарч сэтгэл санааны хохирол амсаж байсан юм гэх боловч хавтаст хэрэгт С.Сий сэтгэл санааны улмаас хохирол амссан нь тогтоогдоогүйгээс гадна мөрдөн байцаагчийн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч С.Сий сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгахаар нэхэмжилсэн 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин С.Сийг сэжигтнээр тооцогдож байцаалт өгөхөд өмгөөлөгч Я.Сээс хууль зүйн туслалцаа авч, түүнд 300,000 төгрөг төлсөн болох нь Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөллийн хөлсөнд 300,000 төгрөг төлсөн талаарх Монголын өмгөөлөгчдийн холбооны 05, 24 дугаар тасалбар, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн санаачилгаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт очиж, С.Сд холбогдох 201604000015 тоот эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-ийг баримтлан Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 300000 төгрөг гаргуулан Сы Сд олгож, илүү нэхэмжилсэн 200000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү нэхэмжлэл нь Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ