Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтох Гандиймаа |
Хэргийн индекс | 103/2023/00467/И |
Дугаар | 210/МА2024/00419 |
Огноо | 2024-03-01 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2024/00419
Хасу-Эрчим ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 103/ШШ2023/00631 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Хасу-Эрчим ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Багануур ХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохирол, алданги 833,907,343 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, алданги 311,858,685 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Хасу-Эрчим ХХК нь Багануур ХК-иас зарласан 110/6кВ-н Уулын дэд станцыг шинээр барих, хуучин станцыг буулгаж тоноглол шилжүүлэх ажил-ын тендерт шалгарч уг ажлыг хийж гүйцэтгэхээр, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр №19/03-09 БНХК-ийн 110/6кВ-н Уул станцыг шинээр барих шилжүүлэх ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан.
1.2. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээгээр хийх ажлыг 4,997,735,343 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр тохирсон боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал, гэрээт ажлын үе шатны ажлын дундын санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй зэрэг нөхцөл байдлын улмаас манай компанийн зүгээс БНХАУ-аас нийлүүлэх төсөвт өртөгт заасан тоног төхөөрөмжийг хугацаа хоцроон нийлүүлснээс болж гэрээт ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 100 хувийн гүйцэтгэлтэй хийж дуусган, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 16/2022 дугаар Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт-ээр уг уулын дэд станцыг ашиглалтад оруулан Багануур ХК-д хүлээлгэн өгсөн.
1.3. Манай компанийн зүгээс эхний үе шатны ажлыг 50.2 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусган 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Багануур ХК-д актаар хүлээлгэн өгсөн боловч Багануур ХК нь ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т заасан дундын санхүүжилтийн 35 хувь буюу 1,749,207,370 төгрөгийг гүйцэтгэл хүлээлгэн өгсний дараа 5 хоногт багтаан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй, хугацаа хоцроож 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 12 удаагийн гүйлгээгээр 1,800,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь гэрээт ажлын төсөвт өртөгт заасан 1,702,260,959 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг БНХАУ-аас татан авах боломжгүй болж манай компанид уг тоног төхөөрөмжийн хадгалалтын зардалд бодитоор 975,213 юань буюу 461,218,777 төгрөг төлж хохирол учирсан, мөн БНХАУ-ын Иннер Монголиа Солон трейдинг компаниас худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэ 741,688 ам.долларын ханшийн зөрүүд 108,464,453 төгрөгийн алдагдал хүлээсэн байна.
1.4. Түүнчлэн, Багануур ХК нь ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар алданги төлөх үүрэгтэй. Уг гэрээнд заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор шилжүүлэх ёстой байсан эхний санхүүжилтын төлбөр 1,749,207,370 төгрөгийг хугацаа хоцроож, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 12 удаагийн гүйлгээгээр уг төлбөрийг шилжүүлсэн учир уг төлбөрөөс хоног тутамд 0.01 хувийн алданги тооцож нийт 264,224,113 төгрөгийн алданги үүссэн байна.
1.5. Иймд Багануур ХК-иас 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол болох тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалтын зардал 975,213 юань буюу 461,218,777 төгрөг, ханшийн зөрүү 108,464,453 төгрөг, алданги 264,224,113 төгрөг нийт 833,907,343 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хасу-Эрчим ХХК тендерт шалгарснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээг байгуулахдаа энэ ажлыг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр байгуулсан боловч гүйцэтгэгч нь гэрээнд заагдсан ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн.
Дээрх гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгаж, улмаар 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл дахин сунгасан.
2.2. Гэрээт ажлын төлбөр болох 4,997,735,343 төгрөгөөс 2019 оны 12 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 4,810,000,000 төгрөгийн гүйцэтгэлийн санхүүжилтийг ажил гүйцэтгэгчид олгосон ба гэрээнд заасны дагуу чанарын барьцаанд 249,000,000 төгрөгийг авч үлдэх байснаас 62,151,242 төгрөгийг Улсын комисс ажиллаагүй байхад Хасу эрчим ХХК-ийн хүсэлтийг үндэслэн хугацаанаас нь өмнө шилжүүлсэн.
2.3. 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хасу Эрчим ХХК болон Багануур ХК-ийн хооронд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан "Багануур ХК-ийн 110 кВ-ын Уул станцыг шинээр барих, хуучин станцыг буулгаж, тоноглол шилжүүлэх ажил гүйцэтгэх гэрээ-ний биелэлтийг харилцан тохиролцож, гэрээ дүгнэх актыг үйлдэж, гэрээний талууд үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, үүрэг дуусгавар болсныг талууд харилцан тохиролцож дүгнэсэн.
Гэтэл Хасу Эрчим ХХК нь гэрээний үүргийн хэрэгжилт, төлбөр тооцоотой холбогдох харилцааг бүхэлд нь дүгнэж дуусгавар болгох үед тодорхойлон нэхэмжилж байгаагүй хохиролд 461,218,777 төгрөг, ханшийн зөрүү 108,464,453 төгрөг, алданги 264,224,113 төгрөг нийт 833,907,343 төгрөгийг гаргуулахаар хожим шүүхэд хандаж нэхэмжилж буй нь үндэслэлгүй.
Учир нь "Хасу-Эрчим" ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-ын Иннер Монголиа солон трейдинг компанитай байгуулсан худалдах, худалдах авах гэрээний төлбөр төлөх үүргээ хугацаандаа хэрэгжүүлж чадаагүйг манай байгууллагын буруутай үйлдэл мэтээр тайлбарлах нь хэт өрөөсгөл ойлголт бөгөөд манай байгууллагын зүгээс Хасу-Эрчим ХХК-ийн аливаа гуравдагч этгээдтэй байгуулж буй гэрээний харилцаанд оролцох, үүргийн гүйцэтгэлд нь дэмжин оролцох эрх, үүргийг хүлээгээгүй, эрх зүйн харилцааны хүрээнд ч нэхэмжлэгчийн тодорхойлж буй агуулга тохиолдох боломжгүй ойлголт юм. Мөн нэхэмжлэгчийн шаардаж буй хохирол нь гэрээний үүргийн хэрэгжилт, зөрчлөөс үүдэж бий болсон гэх шалтгаант холбоо, гэм буруутай үйлдэхүй байхгүй байх бөгөөд Хасу Эрчим ХХК нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай бие даасан эрх зүйн субъект болох үүднээс бусад гуравдагч этгээдтэй эрх зүйн харилцаанд орж гэрээ байгуулан хэлцлээр хүлээсэн үүргийг манай байгууллага хариуцах боломжгүй.
Түүнчлэн, үйлдвэрлэсэн бэлэн болсон материал тоног төхөөрөмжийн БНХАУ дахь хадгалалт хамгаалалтын зардал 461,218,777 төгрөг нь тендерийн баримт бичигт заасны дагуу гүйцэтгэгчийн хариуцах зардал тул Багануур ХК нь хариуцахгүй болно.
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт тендерийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол тендерийн үнэд татвар даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтааж тооцох бөгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол захиалагч тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ гэж заасан.
2.4. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т Захиалагч санхүүжилтийг гэрээгээр хүлээсэн хугацаанаас төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.01 хувийн алданги тооцно гэж харилцан тохиролцсон бөгөөд Хасу-Эрчим ХХК нь ажлыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэхэд дуусгаж хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан боловч 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 624 (2 жил 8 сар 19 хоног) хоногоор үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн. Тухайн ажлыг хийх явцад Цар тахал гарсан нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас захиалагч болон гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд гүйцэтгээгүй бол шаардлагатай хугацаагаар түүний гүйцэтгэх хугацааг сунгаж болно гэж харилцан тохиролцож 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрээг дүгнэх акт үйлдэхдээ талууд харилцан тооцолгүйгээр тооцоо нийлж, гэрээг дуусгавар болгосон.
2.5. Алдангийн хувьд уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д 110 кВ-ын Уул станц шинээр барих, хуучин станцыг буулгаж, тоноглол шилжүүлэх ажлын явц чанарын байдлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шалгаж гүйцэтгэлийг баталгаажуулна гэж заасан ба талуудын 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн барилга байгууламжийн үе шатны ажлыг дуусгаж хүлээлгэн өгсөн нэгдсэн акт нь мэргэжлийн байгууллагаар хянуулж баталгаажуулаагүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар гэрээт ажлын дундын гүйцэтгэлийг талууд баталгаажуулснаар тухайн ажлын төлбөрийг олгож болно гэсэн байх тул уг заалтын дагуу гэрээт ажлын гүйцэтгэлийн дагуу төлбөр төлөх үндэслэл үүсээгүй тул алданги төлөх нөхцөл бүрдээгүй.
Гэрээ дүгнэсэн актыг баталгаажуулж, гэрээ хүчин төгөлдөр болж байгаа учраас гэрээ дүгнэсэн актад ямар ч алданги тооцоогүй тул түүнд ямар ч алданги, хадгалалт хамгаалалтын зардал, ханшийн зөрүүний асуудал яригдаагүй. Иймд Хасу-Эрчим ХХК-ийн гаргасан 833.907,343 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. Гүйцэтгэгч гэрээнд заагдсан ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн. Ажил гүйцэтгэх хугацаа 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгаж, улмаар 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл дахин сунгасан.
3.2. Багануур ХК нь гэрээт ажлын төлбөр болох 4,997,735,343 төгрөгөөс гүйцэтгэгчид 2019 оны 12 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 4,810,000,000 төгрөгийн гүйцэтгэлийн санхүүжилтийг олгосон ба гэрээнд заасны дагуу чанарын барьцаанд 249,886,767 төгрөгийг авч үлдэх байснаас 62,151,242 төгрөгийг Улсын комисс ажиллах гэж байгаатай холбогдуулан "Хасу-Эрчим" ХХК-ийн хүсэлтийг үндэслэн хугацаанаас өмнө шилжүүлсэн. Чанарын барьцааны үлдэгдэл болох 187,735,343 төгрөгөөс баталгаат хугацаанд доголдол гарсныг арилгуулах зорилгоор 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 22,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 15,000,000 төгрөгийг захиалагчаас гүйцэтгэгчид олгосон. Үлдэх чанарын баталгааны барьцаа хөрөнгө болох 150,735,343 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өгч ажлын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.
3.3. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 6.2-т Гүйцэтгэгч хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.01% -ийн алданги тооцно гэж харилцан тохиролцсон бөгөөд Хасу-Эрчим ХХК нь ажлыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэхэд дуусгаж хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан боловч 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 624 /2 жил 8 сар 19 хоног/ хоногоор үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн. Иймд Хасу-Эрчим ХХК-иас гэрээний 6.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн 624 хоногт хамаарах алданги төлбөрт 311, 858,685 төгрөг гаргуулж өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
4.1. Манай компаниас гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар хугацаа хэтэрсэн 624 хоногт хамаарах алданги 311,858,685 төгрөгийн тооцоолол нь яаж гарсан, ямар хугацаагаар, ямар үнийн дүнгээр тооцоод байгаа нь тодорхойгүй тул тайлбар өгөх боломжгүй байна.
4.2. Хэрэгт авагдсан баримтаар талуудын гэрээ дүгнэсэн акт байгаа, энэ актад талууд 2 удаа гүйцэтгэлийн акт гаргасан. Эхний актыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 50,2 хувийн гүйцэтгэлтэй, дараагийн актыг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 79,9 хувийн гүйцэтгэлтэй гэж гарсан. Энэ ажлыг хүлээж аваагүй гэж маргаад байгаа юм уу? ямар үнийн дүнгээс тооцоод байгаа нь ойлгомжгүй. Иргэний хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцно гэж заасан. Хариуцагч нийт төсөвт заагдсан 4,9 тэрбум төгрөгөөс ямар ч үндэслэлгүй 0,01 хувиар тооцсон байна, уг нь гүйцэтгээгүй үнийн дүн буюу 20 хувиас тооцох ёстой, яагаад ингэж тооцоод байгааг нь ойлгомжгүй байгааг шүүх анхаарна уу.
4.3. Гэрээгээр ажлыг 3 сарын хугацаатай гүйцэтгэх байсан ч амжихгүй гээд хугацаа сунгасан үйл баримт дээр маргахгүй.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Багануур ХК-иас 47,182,607 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хасу-Эрчим ХХК-д олгон, үлдэх 786,724,736 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч Хасу-Эрчим ХХК-иас 311,858,685 төгрөг гаргуулах тухай хариуцагч Багануур ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хасу-Эрчим ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,327,487 төгрөг, хариуцагч Багануур ХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,717,250 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Багануур ХК-иас 393,863 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хасу-Эрчим ХХК-д олгож, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 103/ШТ2023/00005 дугаартай Захирамжид өөрчлөлт оруулах тухай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Хасу-Эрчим ХХК нь Багануур ХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний 3.2-т Гэрээт ажлын дундын гүйцэтгэлийг талууд баталгаажуулснаар тухайн ажлын төлбөрийг олгож болно. Үүнд үед шатны ажлын хуваарийн дагуу дүгнэн ажлын гүйцэтгэл 50%-д хүрсэн үед санхүүжилтийн 35% буюу 1,749,207,370 төгрөгийг гүйцэтгэл хүлээлгэн өгсний дараа ажлын 5 хоногт багтаан гүйцэтгэгч талд шилжүүлнэ. 20% буюу 999,547,068 төгрөгийг ажлын гүйцэтгэлийг 100% хүлээлгэн өгсний дараа ажлын 5 хоногийн дотор гүйцэтгэгч талд шилжүүлнэ. Гэрээний үлдэгдэл төлбөр 40% буюу 1,999,094,137төгрөгийг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан шилжүүлнэ. Чанарын баталгааны барьцаа хөрөнгө болох гэрээний үнийн дүнгийн 5% буюу 249,886,767/ төгрөгийг ашиглалтанд өгснөөс хойш 6 сарын дараа гүйцэтгэгчид шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн.
6.2. Манай компанийн зүгээс эхний үе шатны ажлыг 50.2 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусган 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн боловч "Багануур" ХК нь ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлээгүй буюу дундын санхүүжилтийн 35 хувь буюу 1,749,207,370 төгрөгийг гүйцэтгэл хүлээлгэн өгсний дараа 5 хоногт буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй, уг дундын санхүүжилтыг хугацаа хоцроож 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 12 удаагийн гүйлгээгээр 1,800,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг төлбөрийг хугацаа хоцроон шилжүүлснээс болж манай компани нь төсөвт өртөгт заасан 1,702,260,959 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг БНХАУ-аас татан авах боломжгүй болж манай компанид уг тоног төхөөрөмжийн хадгалалтын зардалд бодитоор нийт 975,213 юань буюу 461.218,777 төгрөгийн, ханшийн зөрүүний алдагдал 108,464,453 төгрөгийн хохирол учирсан.
Гэтэл, анхан шатны шүүхээс ...талууд гэрээндээ санхүүжилтийн мөнгөөр тоног төхөөрөмжөө худалдан авахаар харилцан тохиролцоогүй,... Иннер Монголиа солон трейдинг компани, Хасу-Эрчим ХХК-ийн хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээ, хадгалалтын гэрээний харилцаанд Багануур ХК тодорхой үүрэг хүлээхээр гэрээнд тусгагдаагүй тул тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалтын зардал, ханшийн зөрүүг гаргах шаардлагыг хангах боломжгүй юм" гэж дүгнэсэн байна.
Маргаан бүхий гэрээт ажлын нийт төсөвт өртөг 4,997,735,343 төгрөг, үүнээс материалын зардал нь 1,702,160,959 төгрөг бөгөөд уг материалын зардлыг Багануур ХК нь гэрээт ажлын дундын санхүүжилтаар төлөх үүрэг хүлээсэн. Энэ нь хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №1 "Барилга байгууламжийн үе шатны ажлыг дуусгаж хүлээгэн өгөх нэгдсэн акт"-аар тогтоогддог. Уг актад Хасу-Эрчим ХХК нь 50.2 хувийн ажлын гүйцэтгэлийг гаргахдаа материалын зардалд 946,758,201 төгрөгийн үнэ бүхий зардлыг гаргасныг Багануур ХК хүлээн зөвшөөрч, хүлээн авсан байдаг. Гэтэл, анхан шатны шүүхээс Багануур ХК-ийг гэрээгээр материалын төлбөр төлөх үүрэг үүсээгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Манай компанийн зүгээс Багануур ХК нь хөлс төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй учир өөрт учирсан хохирлоо нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс энэхүү үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй байна.
6.3. Түүнчлэн, анхан шатны шүүхээс "...гэрээний 6.3-т заасны дагуу нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй байна" гэж дүгнэсэн боловч алдангийг тооцооллыг хийхдээ 2019 оны 4 дүгээр улирлаас хойш буюу 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож 47,182,607 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Учир нь, маргаан бүхий гэрээний 3.2-т "...ажлын гүйцэтгэл 50%-д хүрсэн үед санхүүжилтийн 35 хувь 1,749,207,370 төгрөгийг гүйцэтгэл хүлээлгэн өгсний дараа ажлын 5 хоногт багтаан гүйцэтгэгч талд шилжүүлнэ..." гэж заасан бөгөөд бид алдангийн тооцооллыг хийхдээ эхний ажлын гүйцэтгэлийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн учир 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тооцсон. Анхан шатны шүүхээс бодсон аргачлалаар алдангийн тооцооллыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тооцвол 61,183,320 төгрөг болж байна.
6.4. Иймд Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 103/ШШ2023/00631 дугаар шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Багануур ХК-иас гэрээнээс учирсан хохиролд тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалтын зардал 975,213 юань буюу 461,218,777 төгрөг, ханшийн зөрүү 108,464,453 төгрөг, алданги 264,224,113 төгрөг нийт 833,907,343 төгрөгийг гаргуулж Хасу-Эрчим ХХК-д олгож өгнө үү.
7. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан. Хариуцагчийн зүгээс алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Багануур ХК нь 2023 оны 5 дугаар сард талууд харилцан тохиролцож, гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн.
7.2. Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар үүргийн харилцаа холбоо дуусгавар болсон. Талууд харилцан тохиролцож, хадгалалт хамгаалалтын зардлыг нэхэмжлээгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Хасу-Эрчим ХХК нь хариуцагч Багануур ХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлс төлөх үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүйгээс учирсан хохирол, алданги 833,907,343 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ...ажлыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр 624 хоногийн хугацаа хэтрүүлсэн алданги 311,858,685 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Багануур ХК болон Хасу-Эрчим ХХК-ийн хооронд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр БНХК-ийн 110/6кВ-н Уул станцыг шинээр барих, хуучин станцыг буулгаж тоноглол шилжүүлэх ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч Хасу эрчим ХХК нь Уулын 110/6 кВ-ын дэд станцыг шинээр барих, хуучин станцыг буулгаж тоноглол шилжүүлэх ажлыг гүйцэтгэх, уг ажлыг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд гүйцэтгэх, захиалагч Багануур ХК нь ажлын хөлс 4,997,735,343 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 9-29 дүгээр тал/
Дээрх гэрээгээр гэрээт ажлын дундын гүйцэтгэлийг талууд баталгаажуулснаар тухайн ажлын төлбөрийг олгох бөгөөд ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрсэн тохиолдолд санхүүжилтийн 35 хувь 1,749,207,370 төгрөгийг гүйцэтгэл хүлээлгэн өгсний дараа ажлын 5 хоногт багтаан гүйцэтгэгч талд шилжүүлэх, санхүүжилтийн 20 хувь 999,547,068 төгрөгийг ажлын гүйцэтгэлийг 100 хувь хүлээлгэн өгсний дараа ажлын 5 хоногийн дотор гүйцэтгэгч талд шилжүүлэх, гэрээний санхүүжилтийн үлдэгдэл 40 хувь 1,999,094,137 төгрөгийг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан шилжүүлэх, чанарын баталгааны барьцаа хөрөнгө болох гэрээний үнийн дүнгийн 5 хувь 249,886,767 төгрөгийг ашиглалтад өгснөөс хойш 6 сарын дараа гүйцэтгэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцож, санхүүжилтийн хуваарийг гэрээний хавсралтаар баталсан. /хх-ийн 9, 32 дугаар тал/
3.2. Талууд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Барилга байгууламжийн үе шатны ажлыг дуусгаж хүлээлгэн өгсөн нээгдсэн акт №1-г үйлдэж ажлын гүйцэтгэл 50.2 хувь болохыг, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Барилга байгууламжийн үе шатны ажлыг дуусгаж хүлээлгэн өгсөн нэгдсэн акт №2-г үйлдэж ажлын гүйцэтгэл 79.9 хувь болохыг тус тус баталж, хүлээлцсэн баримтууд хэрэгт авагджээ. /1-хх-ийн 33-34 дүгээр тал/
Улмаар 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт гарч ажлыг хүлээн авсан. 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зохигч 110/6Кв-ын Уул станцыг шинээр барих, хуучин станцыг буулгаж, тоноглол шилжүүлэх 19/03-09 (БНХК/201907061) тоот гэрээ дүгнэсэн акт-ийг үйлдсэн байна. /1-хх-ийн 64-66, 67-68 дугаар тал/
3.3. Хариуцагч Багануур ХК нь 2019 оны 12 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 4,810,000,000 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн, ажил гүйцэтгэсэн хугацаа болон гэрээний хугацаа сунгасан үйл баримтад талууд маргаагүй. Харин талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн эсэх, үүргийн хугацаа хэтрүүлсэн зөрчлийн улмаас хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болжээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Түүнчлэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв, харин гэрээний хохиролтой холбоотой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн алдааг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.1. Талууд гэрээний 3.2-т ажлын хөлсийг ажлын гүйцэтгэлээр төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт нийцнэ. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь ажлын гүйцэтгэл 50%-д хүрсэн үед санхүүжилтийн 35% буюу 1,749,207,370 төгрөгийг 2019 оны 4 дүгээр улиралд төлөх үүргээ уг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон.
Ийнхүү хариуцагч байгууллага гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүйг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчил гэж үзнэ.
Анхан шатны шүүх талуудын тохирсон хөлс төлөх хуваарь, хариуцагч талын хөлс төлсөн хугацаа, алдангийн тохиролцоо зэргийг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн алдангийг тооцож 47,182,607 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцнэ.
Нэхэмжлэгч тал санхүүжилтийн хуваарийг гаргаж, уг хуваарийг гэрээний хавсралтаар баталж, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон. Иймд шүүхээс алданги тооцох хугацааг гэрээний хавсралтаар тогтоосон хугацаагаар, хуульд заасан журмаар, тооцооллын алдаагүй тодорхойлсон байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино. /хх-ийн 32 дугаар тал/
4.2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Энэхүү шаардах эрх нь үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зөрчил, үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой нөхцөлд хэрэгжих боломжтой.
Талууд ажлын хөлсийг Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасан журмаар төлөхөөр тохирсон бөгөөд энэхүү зохицуулалт нь ажлыг тодорхой хэсгээр гүйцэтгэж, тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгснөөр ажил гүйцэтгэгчид зохих хөлс авах эрх үүснэ гэж ойлгоно.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч эхлээд ажлыг гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй, хариуцагч тухайн ажлын үр дүнд тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчийн 2019 оны 4 дүгээр улиралд төлөх 1,749,207,370 төгрөг нь нэхэмжлэгч байгууллагын хийж гүйцэтгэсэн 50 хувийн ажлын гүйцэтгэлд төлж буй ажлын хөлс юм.
Харин нэхэмжлэгчийн БНХАУ-ын Иннер Монголиа Солон трейдинг компанитай байгуулсан гэх худалдах, худалдан авах гэрээний дагуу авах тоног төхөөрөмж нь хариуцагчтай байгуулсан гэрээний хувьд хийгдээгүй ажил бөгөөд тухайн тоног төхөөрөмжийн үнийг хугацаандаа төлж чадаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Иймд тоног төхөөрөмжийн хадгалалтын зардал, ханшийн зөрүүний алдагдлыг гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх хугацаа хэтрүүлсэн зөрчлийн улмаас үүссэн хохирол гэж үзэхгүй тул хохирол 569,683,230 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болжээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх энэ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
4.3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг шүүх хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт нийцэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хассан өөрчлөлтийг оруулна.
5. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй учир энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуулын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 103/ШШ2023/00631 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 гэснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасаж, тогтоох хэсгийн 4 гэснийг 3 гэж, 5 гэснийг 4 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуулын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,091,573 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.ГАНДИЙМАА