Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2016/00382

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймаг дахь Х банкны салбарын нэхэмжлэлтэй Үийн Бг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Ү.Бг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргуулахыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Баян-Өлгий аймаг дахь Х банкны салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: болон шүүх хуралдаанд оролцсон банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Зээлдэгч Ү.Б нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Х Банкны Баян-Өлгий салбарын Ховд гол тооцооны төвөөс 2,835,040 /хоёр сая найман зуун гучин таван мянган дөчин/ төгрөгийн тэтгэврийн зээлийг 18 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч манай банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөхгүй өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний хугацааг хэтрүүлж байна. Банкны ажилтнууд зээлийг төлүүлэх талаар зээлдэгчтэй холбоо барих гэтэл зээлдэгчийн оршин суугаа газар, хаяг тодорхойгүй, Ха байгаа нь мэдэгдэхгүй байна. Банкны зүгээс Ү.Бгийн оршин суугаа газрыг тодорхойлохын тулд өөрийн боломжит бүхий л арга хэмжээг авсан боловч хаягийг тодруулж чадаагүй байгаа тул зээлдэгч Ү.Б-г эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 17-02/98 дугаартай Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын Баруун бүс дэх газрын даргын албан бичигт: Ү Б /РД:************, эмэгтэй/ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 104 дугаар зарлигаар харьяатаас гарсан байна гэх боловч Ү.Б нь Монгол Улсын хилийн боомтоор гарч явсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул түүнийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлт гаргагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын хүсэлтийг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэн Ү.Б нь Х банкны Баян-Өлгий салбарын Ховд гол тооцооны төвөөс 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2835040 төгрөгийн зээл авсан нь хавтаст хэрэгт авагдсан тэтгэврийн зээлийн өргөдлөөр нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Үийн Б нь урьд оршин суугаа хаягтаа байхгүй бөгөөд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт болон шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сийн тайлбараар нотлогдож байх тул Үийн Бг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Баян-Өлгий аймаг дахь Зургадугаар тойргийн Тахарын албанд даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Үийн Бг /Регистрийн дугаар ************/ эрэн сурвалжилсугай.

2.Үийн Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутагт амьдарч байсан болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-ийг баримтлан Үийн Бг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоохыг Баян-Өлгий аймаг дахь Зургадугаар тойргийн Тахарын албанд даалгасугай.

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

7. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ