| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0074/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/74 |
| Огноо | 2019-03-25 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагвадоржийн Л.Бд холбогдох эрүүгийн 1938000060002 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Л.Б нь Г.Н-тай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Буянт” гэх газраас иргэн А.Хүрэлбаатарын 65 тооны адууг хулгайлж 23.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Г.Н-тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Буянт” гэх газраас иргэн Д.С-ын 58 тооны адууг хулгайлж 22.950.000 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би найз Н-ын хамт 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд Орхон аймаг буюу Эрдэнэт хотоос явсан. ...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Мөрөнд очиж нэг хоносон юм. 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн үдээс хойш бид хоёр Арбулаг сум руу явсан. Бид хоёр хоорондоо хулгай хийе гэж яриад Арбулаг сумын Буянтын булаг гэх газраас 22 цаг өнгөрч байхад мотоциклийн гэрэлд адууны нүд орж ирэхээр нь очиж 2 азарга адуу байхад нь хулгайлсан. Нэг нь борлог азаргатай 50 орчим тооны 14 унагатай, нийт 60 гаруй тооны адуу, нөгөө нь шар хээр азаргатай, 40 гаруй тооны мөн 13-14 орчим тооны унагатай, нийт 50 гаруй ижилтэй адууг хулгайлан авсан юм. Нийт 120 орчим адуу болсон. Бид Орхон аймгаас гарахдаа 2 эмээл ганзагалж явсан юм. Ингээд адуунаас барьж аваад уг хоёр азарга адууг туусан юм. Мотоциклио Эрхэлийн баруун талд Ширгэвэрийн хиргэсүүр гэх газар хаясан. Ингээд бид хоёр адуунуудыг ...Булган аймгийн Тэшиг суманд хүргэсэн. Ингээд бид хоёр адуунаас хольж холын зам даах чадвартай гайгүй гэсэн 30 адууг ялган авч үлдэгдэл 80-90 адууг Булган аймгийн Тэшиг сумын Тавтын голд ууланд шахаж орхиод явсан. ...бид хоёр 30 адууг аваад ...Тэшигээс гараад замдаа нийт 7 хоносон. Адуу хулгайлснаас хойш нийт 12 хонож байж Эрдэнэт орсон юм. Нямжаргал Эрдэнэтийн төв орсон хойгуур би ганцаараа адуугаа харж байгаад цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Х-ын мөрдөн шалгах ажилллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 09-ний орой манай адуу Арбулаг сумын Хядгийн рашаан гэх газар орой байсан юм. 2018 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө манай 65 тооны адуу алга болсон байсан. Мөн манай адуутай хамт Сүрмандахын 58 тооны адуу алдагдсан байсан. Ингээд манай аав Аюур 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн байсан. Үүнээс нэг хоногийн дараа Цагдаагийн газраас над руу утсаар ярьж танай адуу байж магадгүй, олон адуу Орхон аймгийн чиглэлд туугдсан байна гэсэн юм. ...2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгаас Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид надтай утсаар ярьж танай адууг хулгайлсан хулгайч нар баригдсан. Ингэж явахдаа 30 гаруй тооны адууг авч явсан. Үүний 21 тооны адуу нь танай адуу байна. Үлдсэн адуу нь Булган аймгийн Тэшиг сумын нутагт байгаа юм байна. Та 2018 оны 06 дугаар сарын 23-ны өглөө бэлэн байж бай гэсний дагуу ирсэн юм. Ингээд цагдаагийн албан хаагч нартай хамтран адуу хулгайлсан хулгайч нараар заалган Булган аймгийн Тэшиг сумын Тавтын гол гэх газраас ууланд шахаж орхисон байсан адуугаа хүлээн авлаа. Манай 43 адуу, хохирогч Д.С-ын 45 тооны адуу, нийт 88 тооны адууг хүлээн авсан. Би нийт 65 тооны адуу алдсанаас 64 тооны адуугаа хүлээн аваад байна. Манай адуунд байсан хөл муутай бор даага зүсээрээ байхгүй байна. ...манай адуу ихэнх нь зөв гуяндаа + тамгатай, 6-7 адуу хөхүүрэн тамгатай байсан. Манай бүх адууны тамгыг өөрчилж хас тамга болгосон, хөхөл сойлгыг нь бүгдийг нь авсан байсан. ...дээрх адуунаас нэг тооны охин даага дутуу байгаа бусад нь тоо ёсоороо олдсон. ...би адуугаа хайхдаа 2.400.000 төгрөгийн зардал гаргасан. Нийт 2.700.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Хохирогч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 8 хоног өөрийн 58 тооны адуугаа өдөр шөнөгүй хайгаад олоогүй тул 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт адуугаа алдсан талаараа бүртгүүлж тэмдэглүүлсэн. Тэгээд алдсан адуугаа хайгаад Булган аймгийн Хялгант суманд явж байтал Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас явж байгаа хүмүүс байна. Та Орхон аймагт ирж алдсан адуугаа ав гэж нэг хүн над руу залгахаар нь Орхон аймагт ирж алдсан адуугаа авсан. Би дааганаас дээш том адуу 44, унага 14, нийт 58 тооны адуу хулгайд алдсанаас ...шар халтар зүсмийн азарган үрээ, хээр алаг зүсмийн нас нийлсэн сувай гүү, бор хээр зүсмийн шүдлэн үрээ, хүрэн зүсмийн охин унага гээд нийт 4 тооны адуу байхгүй болсон байсан. Бусад адуугаа тоо ёсоор нь хүлээн авсан. Тэгэхээр би алга болсон сувай гүүгээ 600.000 төгрөгөөр, хязаалан насны азарган үрээг 500.000 төгрөгөөр, шүдлэн насны үрээгээ 500.000 төгрөгөөр, унагаа 200.000 төгрөгөөр, ...адуу хайхдаа гаргасан 2.130.000 төгрөг, алга болсон адуунуудын өлтөг болох 1.800.000 төгрөгийг нэмэхээр нийт 3.930.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-35 дугаар хуудас/,
Гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би найз Л.Б-ийн хамт 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр түүний улаан өнгийн Мустанг-5 мотоцикльтой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд Орхон аймаг буюу Эрдэнэт хотоос явсан юм. Бид хоёр замдаа Булган аймгийн Хутаг-Өндөр сум өнгөрч хээр хоноод 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд очсон. 2018 оны 06 дугаар сарын 09-ний үдээс хойш бид хоёр Арбулаг сум руу үхрийн ханш судлахаар явсан юм. Бид хоёр Арбулаг сумын Мэргэний дөрөлж даваад хоорондоо хулгай хийе гэж яриад Арбулаг сумын Буянтын булаг гэх газраас 22 цаг өнгөрч байхад мотоциклийн гэрэлд адууны нүд орж ирэхээр нь очиж нийт 2 азарга адуу байхад нь хулгайлсан. Нэг борлог азаргатай 50 орчимтооны, 14 унагатай, нийт 60 гаруй тооны адуу, нөгөө нь шар хээр азаргатай 40 гаруй тооны 13-14 орчим унагатай нийт 50 гаруй ижилтэй адуунуудыг хулгайлан авсан юм. Бид хоёр Орхон аймгаас гарахдаа л эмээл ганзагалж гарсан юм. Ингээд адуунаас морь барьж авахдаа уг хоёр азарга адууг туусан юм. Л.Бийн мотоциклийг Эрхэлийн баруун урд Ширэвгэрийн хиргэсүүр гэх газар хээр хаясан. ...бид хоёр азарга адуунаас хольж нийт холын зам даах чадвартай гайгүй гэсэн 30 адууг авч үлдэгдэл 80 гаруй 90-ээд адууг Булган аймгийн Тэшиг сумын Тавтын гол хуучин алтны уурхай байсан газар ууланд шахаад орхиод явсан. ...30 гаруй тооны адууг туугаад 12 хоног явж Эрдэнэт орсон юм...“ гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Малд үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 3-19 дүгээр хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 60-61, 65-66 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн засаг даргын тодорхойлолтын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 99, 100,101, 104-105 дугаар хуудас/, эхнэр Н.Ш, хүүхдүүд Б.Б, Б.Бг, Б.Х нарын яаралтай тусламжийн хуудасны хуулбар 4 хуудас, хохирогч А.Х, Д.С нарын дансанд мөнгө шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын баримт 4 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 19380000600002 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Л.Б нь Г.Н-тай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Буянт” гэх газраас иргэн А.Х-ын 65 тооны адууг хулгайлж 23.800.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Г.Н-тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Буянт” гэх газраас иргэн Д.С-ын 58 тооны адууг хулгайлж 22.950.000 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Хохирогч А.Х-ын /ХХ-ийн 24-26-р хуудас/, хохирогч Д.С-ын /ХХ-ийн 31-35-р хуудас/, гэрч Б.Э-ын /ХХ-ийн 40-р хуудас/, гэрч Г.Н-ын /ХХ-ийн 46-47-р хуудас/ мэдүүлгүүд,
Малд үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 3-19-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 60-61, 65-66-р хуудас/,
Хохирогч А.Х, Д.С нарын дансанд мөнгө шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын баримт 4 хуудас зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Б бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Б нь урьд 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр хуудас/, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 108-109 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Харин хохирогч А.Х нь адуугаа эрж хайсны зардал 2.400.000 төгрөг, хохирогч Д.С нь адуугаа эрж хайсны зардал 2.130.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн адуугаа эрж хайсан зардлын тавин хувь буюу хохирогч А.Хнь 1.200.000 төгрөг, хохирогч Д.Снь 1.065.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Л.Б-ээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Л.Б нь ам бүл 5, эхнэр 1-6 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, эхнэр Н.Ш-ийн эрүү мэндийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Л.Бийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Н.Ш нэрээр Шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн .... дугаартай дансанд байршуулсан 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938000060002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б-ийн цагдан хоригдсон 110 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Б бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийн цагдан хоригдсон 110 /нэг зуун арав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 1938000060002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Хнь адуугаа эрж хайсны зардал 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, хохирогч Д.С нь адуугаа эрж хайсны зардал 1.065.000 /нэг сая жаран таван мянга/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Л.Б-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Л.Б-ийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Наранцэцэгийн Шинэцэцэг нэрээр Төрийн сангийн ... дугаартай дансанд байршуулсан 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР