Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00520

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 15 210/МА2024/00520

 

 

А.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 00 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/00127 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: А.А

Хариуцагч: Б ХХК,

Хариуцагч: У

 

Нэхэмжлэлийн шаардлага: 29,516,630 төгрөгийн хөнгөлөлт авах эрхтэй болохыг тогтоолгох,

-Гэрээний үнийн үлдэгдэл 142,383,150 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчийн авах авлага болох 122,852,325 төгрөг, мөн уг гэрээний төлбөрийн хөнгөлөлт 29,516,630 төгрөг, нийт 152,368,955 төгрөгтэй харилцан тооцож, А.Агийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцуулах,

-Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Г гудамж, И барилгаас 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-гээр 8 дугаар давхарын 809 тоотод байрлах 213,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай ул хөдлөх эд хөрөнгийг, 00 тоот авто зогсоолын хамт,

-401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-гээр 4 дүгээр давхарын 00 тоотод байрлах 105 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 00 тоот авто зогсоолын хамт,

-402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-гээр 4 дүгээр давхарын 00 тоотод байрлах 82 м.кв талбайтай үйлчилгээний талбайн өмчлөгчөөр А.Аг тус тус тогтоолгож, А.Агийн өмчлөлд шилжүүлэхийг Б ХХК-д даалгах,

 

- 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу 8 дугаар давхарын 809 тоотод байрлах 213,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 00 тоот авто зогсоолын хамт 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-ний дагуу 4 дүгээр давхарын 00 тоотод байрлах 105 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 00 тоот авто зогсоолын хамт, 402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-ний дагуу 4 дүгээр давхарын 00 тоотод байрлах 82 м.кв талбайтай үйлчилгээний талбайг тус тус нэхэмжлэгч А.Агийн өмчлөлд бүртгэхийг Ут даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. р, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цо  хариуцагч  н хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 А.А нь 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б ХХК-тай 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Р гудамжинд байршилтай, 213,5 м.кв талбайтай орон сууцыг 674,446,500 төгрөгөөр, 0 дугаартай автомашины зогсоолыг 26,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон.

1.2 Мөн 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-ээр дээрх хаягт байршилтай, 105 м.кв талбайтай үйлчилгээний талбайг 368,550,000 төгрөгөөр, 26,32 м.кв талбайтай нийтийн эзэмшлийн талбайг 51,324,000 төгрөгөөр, 43 дугаартай автомашины зогсоолыг 26,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон.

1.3 Мөн 402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-ээр дээрх хаягт байршилтай, 82 м.кв талбайтай үйлчилгээний талбайг 287,820,000 төгрөгөөр, 21,38 м.кв талбайтай нийтийн эзэмшлийн талбайг 41,691,000 төгрөгөөр захиалан бариулахаар буюу нийт 1,475,831,500 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон.

1.4 Гэрээгээр гүйцэтгэгч Б ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулах, захиалагч А.А гэрээний төлбөрийн 90 хувийг төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, үлдэх төлбөрийг гэрчилгээ гаргуулан авснаар төлөхөөр авахаар тохиролцсон. А.А нь гэрээнд заасан төлбөрийн 90,35 хувь буюу 1,333,448,350 төгрөгийг 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлж, талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Үлдэх төлбөр болох 9,75 хувь буюу 142,383,150 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийг албан ёсоор хүлээн авсан өдөр төлснөөр гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай баримт бичгийг Б ХХК-аас гаргуулан авах ёстой байсан.

1.5 Гэтэл Б ХХК нь гэрээнд заасан хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02586 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 501 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/01387 дугаар тогтоолоор хариуцагч нь 00 тоот, 00 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг А.Ад хүлээлгэн өгөөгүйгээс учирсан хохирол 122,852,325 төгрөгийг Б ХХК-иас гаргуулж А.Ад олгож шийдвэрлэсэн.

1.6 Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 142,383,150 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа боловч дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Б ХХК нь А.Ад 122,852,325 төгрөгийн өглөгтэй.

1.7 Гэрээнүүдийн 4.3(а)-д хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдрөөс хойш 4 сарын дотор албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгээс 0,01 хувийн хөнгөлөлтийг хугацаа хэтэрсэн хоног тутамд албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр хүртэл авах эрхтэй. Тухайн хөнгөлөлт нь гэрээний нийт дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байхаар заасны дагуу 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлж, 90 хувийн төлбөр төлснөөс хойш 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 7 жил 377,074,948 төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр байна. Харин гэрээний нийт дүнгийн 2 хувиас хэтрэхгүй гэсэн учир нийт гэрээний төлбөр болох 1,475,831,500 төгрөгийн 2 хувь нь 29,516,630 төгрөгийн хөнгөлөлт авахаар болж байна. Иймд А.Агийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 142,383,150 төгрөгөөс Б ХХК-ийн А.Ад өгөх төлбөр 122,852,325 төгрөгийг, мөн хөнгөлөлт 29,516,630 төгрөгийг тус тус хасвал А.А нь Б ХХК-д төлөх төлбөргүй болно.

1.8 Дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Г гудамж, И барилгын 8 дугаар давхрын 809 тоотод байрлах, 213,5 м.кв талбайтай орон сууц, 00 тоотод байрлах автомашины зогсоол, 4 дүгээр давхрын 00 тоотод байрлах, 105 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбай, 00 тоотод байрлах, автомашины зогсоол, 4 дүгээр давхрын 00 тоотод байрлах, 82 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр нэхэмжлэгч А.Аг тогтоож, өмчлөлд нь шилжүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Талуудын хооронд 2011 онд орон сууц захиалан байгуулах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Б ХХК нь үл хөдлөх хөрөнгийг барьж ашиглалтад оруулах, А.А тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглалтад оруулснаар үлдэгдэл 10 хувийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.

2.2 2018 онд А.Агийн хүсэлт, шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зурганд өөрчлөлт оруулаад засварын ажлыг бүрэн дуусгаад хүлээлгэж өгсөн. Гэвч тэрээр гэрээний үлдэгдэл төлбөр болох 10 хувийн төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэгч нь үлдэх төлбөрийг төлөөгүй байх хугацаандаа шүүхэд гэрээтэй холбоотой хохирол нэхэмжилсэн ба хохирлыг асуудлыг шүүх шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, тухайн үл хөдлөх хөрөнгөд ямар нэгэн байдлаар шилжилт, хөдөлгөөн хийгдээгүй.

2.3 А.А нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг хүлээж аваад ашиглах боломжтой байсан. Гэрээний үлдэгдэл төлбөр 142,383,150 төгрөг байгаа талаар маргахгүй. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг харилцан тооцуулах хүсэлт гаргадаг. Тухайн саналыг хариуцагч зөвшөөрөөгүй тул дан ганц нэхэмжлэгчийн саналыг үндэслээд харилцан тооцох боломжгүй.

2.4 Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үлдэх төлбөрөөс 29,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг төлснөөр хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөх ёстой. Төлбөр төлөгдөөгүй байгаа нөхцөлд бид тухайн үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхгүй. Мөн нэхэмжлэгч төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй тул тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Аийн хэлтсийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол /00000/ Р гудамж-22, 5200 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй /суурийн хэсэг/ дуусаагүй барилгыг 2012 оны 02 дугаар сарын 28-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-200000000 дугаарт, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эд хөрөнгийн хэмжээ, үнэ гүйцэтгэл өөрчлөгдөх үйлчилгээгээр зоорийн давхарын 1-2 давхар авто зогсоол, 4-16 давхрыг орон сууцны зориулалттайгаар 30585.2 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгө нь Худалдаа хөгжлийн банк-тай байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/79 тоот, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 170716007-4 тоот барьцаат зээлийн гэрээ тус тус бүртгэлтэй байна.

3.2 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/84 дугаартай дүгнэлтийг үндэслэн 5-16 дугаар давхрын орон сууцны зориулалттай хэсэг нь 96 айлтай, зоорийн В1-В2 давхарын хэсэг нь 104 авто машины зогсоолтойгоор эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна. Дээрх комиссын дүгнэлтэд 4 дүгээр давхрын хэсэг ороогүй бөгөөд комисс зөвхөн орон сууц, авто зогсоолын зориулалттайгаар барилгыг хүлээн авсан байна.

3.3 Б ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-200000000 дугаарт бүртгэлтэй 96 айлын орон сууц, 104 авто зогсоолыг захиалагч иргэдийн нэр дээр салгаж бүртгүүлэх тухай жагсаалт, мөн Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн зээлийн барьцааны гэрээнээс хэсэгчлэн чөлөөлсөн тухай албан бичиг бусад өмчлөх эрхтэйг нотолсон баримтыг үндэслэн захиалагч иргэдийн өмчлөлд салган бүртгэж байна. Б ХХК-аас ирүүлсэн орон сууцны жагсаалтад 809 тоот 213.5 м.кв талбайтай орон сууцыг иргэн А.А захиалсан гэрээнд тусгасан үнэ 674,446,500 төгрөг, төлсөн үнэ 607,001,850 төгрөг, авто зогсоолын жагсаалтад 32, 00 тоот 13.5 м.кв талбайтай авто зогсоолыг иргэн А.А захиалсан гэрээнд тусгасан үнэ 26,000,000 төгрөг, төлсөн үнийн хэсэг нь хоосон ирүүлсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасан нотлох баримтууд мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 10.7 дугаар хэсэгт зааснаар эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн /Худалдаа хөгжлийн банкны хэсэгчлэн чөлөөлөх албан бичиг/ зөвшөөрлийг тус тус үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэх боломжтой.

3.4 Дээрх барилгын 4 дүгээр давхарыг оффисын зориулалтайгаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2000000 дугаарт Б ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 4-156/12974 дугаартай албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд дээрх үйлчилгээний орон сууц, авто зогсоолын зориулалттай барилгыг дан орон сууц, авто зогсоолын зориулалттайгаар байнгын ашиглалтад авсан, мөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Б ХХК-аас 4 дүгээр давхарын үйлчилгээтэй хэсгийг захиалсан захиалагч иргэдийн нэрсийн жагсаалтыг манай байгууллагад ирүүлээгүй байх тул 401, 00 тоот үйлчилгээний зориулалттай хэсгийг хэн захиалсан талаарх мэдээлэл байхгүй байна.

3.5 Б ХХК нь 2023 оны 00 дүгээр сарын 04-ний өдрийн 23/01 дугаартай албан бичгээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2000000 дугаартай, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол /00000/, Р гудамж 00 дугаартай барилгын 4 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 2178 м.кв хэсгийг захиалагч иргэдийн өмчлөлд салган бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4-150/12974 дугаартай албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсныг тус газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1-240/23029 дугаартай албан бичгийг үндэслэн захиран зарцуулах эрхийг сэргээж захиалагч иргэдийн өмчлөлд салган бүртгэгдэж байна. Уг жагсаалтад маргаан бүхий 401, 00 тоотыг иргэн Э.Уртнасангийн өмчлөлд бүртгүүлэхээр ирүүлсэн байна. Дээрх Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол /00000/, Р гудамж 00 дугаартай барилгын 4 дүгээр давхрын 401, 00 тоотыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1-240/24358 дугаартай албан бичгийг үндэслэн жагсаалтад түдгэлзүүлэх тэмдэглэл хийсэн. Иймд нэхэмжлэгч А.А, хариуцагч Б ХХК-уудын хооронд хийгдсэн гэрээний асуудал нь манай байгууллагад хамааралгүй байх тул манайд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 238 дугаар зүйлийн 238.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.А, Б ХХК нарын хооронд байгуулагдсан Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Г гудамж, И барилгаас 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-нүүдийн 4.3-ын (а)-д зааснаар нэхэмжлэгч А.А 29,516,630 төгрөгийн хөнгөлөлт авах эрхтэй болохыг тогтоож, эдгээр гэрээнүүдийн үнийн үлдэгдэл нийт 142,383,150 төгрөгийн төлбөрийг, нэхэмжлэгчийн хариуцагч компаниас /шүүхийн шийдвэрээр/ авах авлага 122,852,325 төгрөг, гэрээний төлбөрийн хөнгөлөлт 29,516,630 төгрөг, нийт 152,350,955 төгрөгтэй шаардлагыг харилцан тооцож, А.Агийн Б ХХК-тай байгуулсан 3/гурван/ гэрээнүүдийн үүргийг дуусгавар болсонд тооцож, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо Олимп, гудамж, олимп, резидент барилгаас 840 дугаартай Орон сууц захиалга бариулах гэрээний 8 дугаар давхрын 809 тоотод байрлах 213,5 м.кв талбайтай орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 00 тоот авто зогсоолын хамт, 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээгээр 4 дүгээр давхарын 00 тоотод байрлах 150 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 00 тоот авто зогсоолын хамт, мөн 402 дугаартай Үйлчилгээний талбайг захиалан бариулах гэрээгээр 4 дүгээр давхарын 00 тоотод байрлах 82 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр А.Аг тогтоож, уг эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч А.Агийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б ХХК-д даалгаж, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо олимп гудамж, олимп резидент барилгаас 809 дугаартай гэрээний 8 дугаар давхрын 809 тоотод байрлах орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 00 тоот авто зогсоолтын хамт, 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний дагуу 4 дүгээр давхрын 00 тоотод байрлах 105 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 00 тоот авто зогсоолтын хамт, 402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний дагуу 4 дүгээр давхарын 00 тоотод байрлах 82 м.кв үйлчилгээний талбайг тус тус нэхэмжлэгч А.Агийн өмчлөлд бүртгэхийг хариуцагч Ут даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,276,715 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б ХХК-аас тэмдэгтийн хураамж 23,206,513 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Манай компанийн зүгээс А.Агийн хүсэлтийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 809 тоот үл хөдлөхийн зурагт өөрчлөлт оруулан, 2018 онд засварын ажлыг бүрэн дуусгавар болгож нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Манай компанийн зүгээс нэхэмжлэгч А.Ад удаа дараа гэрээний үлдэгдэл төлбөр болох 10 хувийг төлөх тухай шаардаж, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр энэхүү хоёр гэрээтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийг хүлээж авах, гэрээнд заасан төлбөрийг бүрэн барагдуулах тухай мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд гэрээний үүргээ нэхэмжлэгч бүрэн гүйцэтгээгүй тул гэрээнд зааснаар эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх боломжгүй.

5.2 А.А нь гэрээний үүргийг харилцан тооцуулж дуусгавар болох санал гаргасныг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. А.А гэрээний үлдэгдэл болох 112,866,520 төгрөгийг бодитоор төлөөгүй байхад шүүх харилцан тооцож дуусгавар болгосон үндэслэлгүй. Учир нь, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар урьдчилсан нөхцөлд зааснаар ижил төрлийн шаардах эрх биш бөгөөд нэхэмжлэгч А.Ад манай компаниас төлүүлэхээр заасан 122,852,955 төгрөг бол хохирол, бидний нэхэмжлэгчээс авах төлбөр болох 112,866,520 төгрөг нь гэрээний үүргийн үлдэгдэл буюу үндсэн гэрээний төлбөр. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний үүрэг буюу орон сууц захиалан бариулах гэрээний 4(Ь)-д зааснаар хүлээн авах үүргээ биелүүлээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр болох 112,866,520 төгрөгийг төлөөгүй тул бид эд хөрөнгийн бүртгэлийн газарт өргөдөл гаргах боломжгүй.

5.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр зохицуулсан. Гэвч энэхүү тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-ний үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх байсан.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д заасанд нийцэхгүй гэж үзэж хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, нийт улсын тэмдэгтийн хураамжид 23,276,715 төгрөг төлсөн байна. Хуульд зааснаар тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр эсвэл нийт гэрээний үнийн дүнгээр төлөх боломжтой байхад нэхэмжлэл гаргах үеийн зах зээлийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийн 90.75 хувийг төлсөн. Хариуцагч нь хугацаандаа үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулаагүй тул шүүхэд хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрээр хариуцагчийг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй, одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй байгаа нөхцөл байдалтай байна гээд 122,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс хойш хүлээлгэж өгөөгүй тул 2022 оны 09 дүгээр сард дахин нэхэмжлэл гаргахад Б ХХК-аас анх удаа гэрээ цуцалъя гэдэг байдлаар албан бичиг ирсэн. Төлбөрөө төлчихсөн, гэрээний үүргээ зөрчсөн зүйл байхгүй байхад гэрээг цуцлах санал нь үндэслэлгүй.

6.2 Гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийг албан ёсоор хүлээлгэж өгсөн өдөр 10 хувиа төлөөд улсын бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтуудыг захиалагчид гүйцэтгэгч өгнө гэж заасан. Гэтэл хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй байгаа.

6.3 Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Биелүүлэх хугацаа нь болсон үүргүүд байгаа, ижил төрлийн үүрэг, мөнгөн төлбөрийн үүрэг байсан. Хооронд нь тооцох эрх шүүхэд байсан учраас хооронд нь тооцож шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн шатанд манайх танайд 122,000,000 төгрөгийн өртэй, бид 10 хувийн төлбөрөө авмаар байна, харилцан тооцъё гэж 2023 оны 07 дугаар сард албан бичиг ирүүлж байсан. Өмгөөлөгчийн хувьд шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой мөнгөн төлбөрийн үүргийг гэрээний үүрэгт тооцож шийдвэрлэдэг эсэх талаар судалж үзсэн. Үүргийг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй.

6.4 Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг гэрээний үнийн дүнгээр тооцож төлсөн.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Аийн хэлтсийн тайлбарын агуулга:

7.1 Иргэн, компани хоёрын хооронд үүссэн харилцаа бөгөөд улсын бүртгэлийн байгууллагад хамааралгүй, хөндлөнгөөс оролцоогүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 29,516,630 төгрөгийн хөнгөлөлт авах эрхтэй болохыг тогтоолгох, гэрээний үнийн үлдэгдэл 142,383,150 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчийн авах авлага болох 122,852,325 төгрөг, мөн уг гэрээний төлбөрийн хөнгөлөлт 29,516,630 төгрөг, нийт 152,368,955 төгрөгтэй харилцан тооцож, А.Агийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцуулах, Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Г гудамж, И барилгын 809 тоотод байрлах, 213,5 м.кв талбайтай орон сууцыг, 00 тоотод байрлах автомашины зогсоолыг, 00 тоотод байрлах, 105 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 00 тоотод байрлах, автомашины зогсоолыг, 00 тоотод байрлах, 82 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр А.Аг тогтоож, өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч Ут холбогдуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг А.Агийн өмчлөлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

2.2 Хариуцагч Б ХХК шаардлага, үндэслэлийг ...А.Ад хүлээлгэж өгсөн боловч гэрээний үлдэгдэл төлбөр болох 10 хувийг төлөөгүй тул түүний өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх боломжгүй. Гэрээний үүргийг харилцан тооцох үндэслэлгүй. Гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үгүйсгэн маргасан.

2.3 Хариуцагч У ...нэхэмжлэгч болон хариуцагч Б ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний асуудал манай байгууллагад хамааралгүй гэж тайлбар гаргажээ.

3. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн байх нь нэхэмжлэгчид тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх шаардлагын үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлт авах эрхтэй болохыг тогтоох, гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцох нь өмчлөлд шилжүүлэх шаардлагын үндэслэл болсон байхад анхан шатны шүүх уг үндэслэлийг бие даасан шаардлага гэж үзэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд давж заалдах шатны шүүх үүнийг залруулж дүгнэнэ.

4. Гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлөх төлбөрийн хэмжээ буюу төлбөр төлөгдсөн эсэх болон гэрээний зүйлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.

5.1 Б ХХК болон А.А нарын хооронд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ тус тус байгуулагдсан. /1хх 17-28/ Гэрээгээр Б ХХК нь барилгын зурагт 401 гэж тодорхойлогдсон 105 м.кв талбайтай үйлчилгээний талбайг автозогсоолын хамт, 402 гэж тодорхойлогдсон 82 м.кв талбайтай үйлчилгээний талбай болон гаднах эзэмшлийн талбайг, 809 гэж тодорхойлогдсон 213,5 м.кв талбайтай орон сууцыг нийт 1,475,831,500 төгрөгөөр захиалан бариулахаар тохирсон.

5.2 Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт нийт 142,383,150 төгрөг төлөөгүй байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 29,516,630 төгрөг төлснөөр гэрээний үлдэх төлбөр 112,866,520 төгрөг үлдсэн.

5.3 Гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгө нь тус бүрдээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй буюу бүхэлдээ хариуцагч Б ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй.

5.4 Хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй.

5.5 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02586 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 501 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/01387 дугаар тогтоолоор дээрх гэрээний хохиролд хариуцагч Б ХХК-иас 121,875,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. /1хх 33-41/

6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

7. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн зүйлд зааснаар биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно. Дээрх 3 гэрээний хохиролд хариуцагчаас 121,875,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг ижил төрлийн харилцан шаардлага гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай бөгөөд шүүхийн шийдвэрээр үүссэн үүргийг гэрээгээр үүссэн үүрэгт харилцан тооцох нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт нийцэхгүй. Мөн талууд дээрх үүргийг харилцан тооцуулахаар тохиролцсон гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх дээрх 121,875,000 төгрөгийг нэхэмжлэгчийн үүргээс хассан нь буруу. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

7.1 Нэхэмжлэгч нь гэрээний нийт үнэ 1,475,831,500 төгрөгөөс 1,362,964,980 төгрөгийг төлж, үлдэх 112,866,520 төгрөгийг төлөөгүй байна. Дээрх 3 гэрээний 4.3/а/ тус бүрд Гүйцэтгэгч нь ...хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдрөөс хойш 4 сарын дотор албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 0,01% хөнгөлөлтийг хугацаа хэтэрсэн хоног тутамд албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр хүртэл авах эрхтэй. Тухайн хөнгөлөлт нь гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй гэж заажээ.

7.2 Гэрээнд хэдийгээр хөнгөлөлт гэж заасан байх боловч энэ нь Иргэний хуульд заасан анзын шинжийг агуулсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээнд заасан хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хүлээлгэн өгөх хүртэл гэрээний нийт үнийн дүнгийн 0,01 хувийг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах, уг үнийн дүн нь гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан байна.

7.3 Гэрээний хариуцлага болох анзын талаар нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаагүй байхад гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувь буюу 29,516,630 төгрөгийг нэхэмжлэгчийн гүйцэтгэх үлдэх үүргээс хасаж, харилцан тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гэрээний дагуу гүйцэтгэх үлдэх үүрэг 112,866,520 төгрөг байна. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 112,866,520 төгрөг буюу нийт үүргийн 7.6 хувийг гүйцэтгээгүй байх боловч хариуцагч Б ХХК-иас гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг шаардах эрхтэй. Учир нь, дээрх 3 гэрээний 3.1 /d/-д нийт төлбөрийн үлдэх 10 хувийг хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн өдөр нэхэмжлэгч төлөхөөр заажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нийт төлбөрийн 92,4 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг төлсөн тул хариуцагч нь гэрээнд зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй. Харин төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлснөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой баримтыг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсэхээр гэрээний 4.4 /а/, /d/-д тус тус заасан байх тул нэхэмжлэгчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох боломжгүй. Иймд шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

8.1 Анхан шатны шүүх маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн шаардах нэхэмжлэгчийн эрхийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгчийн шаардах эрх нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу буюу мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар үүссэн байна.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг төлөхөөр заасан байх тул нэхэмжлэгч нь дээрх гурван нэхэмжлэлийн шаардлагад нийт 210,600 төгрөг төлөхөөр байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,066,115 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

10. Анхан шатны шүүх Ут холбогдох, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг А.Агийн өмчлөлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэгч А.Агийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 00 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/00127 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Олимп гудамж, олимп резидент барилгаас 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-д заасан 8 дугаар давхрын 809 тоотод байрлах 213,5 м.кв талбайтай орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 00 тоот автомашины зогсоолын хамт, 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-д заасан 4 дүгээр давхарын 00 тоотод байрлах 150 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 00 тоот автомашины зогсоолын хамт, 402 дугаартай Үйлчилгээний талбайг захиалан бариулах гэрээ-д заасан 4 дүгээр давхарын 00 тоотод байрлах 82 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн А.Агийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Ут холбогдох, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, олимп гудамж, олимп резидент барилгаас 809 дугаартай гэрээнд заасан 8 дугаар давхрын 809 тоотод байрлах орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 00 тоот автомашины зогсоолын хамт, 401 дугаартай гэрээнд заасан 4 дүгээр давхрын 00 тоотод байрлах 105 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 00 тоот автомашины зогсоолын хамт, 402 дугаартай гэрээнд заасан 4 дүгээр давхарын 00 тоотод байрлах 82 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус нэхэмжлэгч А.Агийн өмчлөлд бүртгэхийг хариуцагч Ут даалгах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 40 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 23,276,715 төгрөгөөс 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 23,066,115 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,206,513 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН